Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 308

 

“А” ХК-ийн гүйцэтгэх захирал

Ч.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0407 дугаар магадлалтай, “А” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А” ХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дугаар гэрчилгээний “А” ХК-ийн захирлаар Х.Б-ыг томилсон өөрчлөлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0407 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

  1. Ч.Ц-ын захирлын бүрэн эрх хэвээрээ байгаа тухайд: 2003 онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль шинээр батлагдаж, энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор дараахь баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ”: 28.3.1.хуулийн этгээдийн нэр, 28.3.2.үүсгэн байгуулагчийн мэдээлэл, 38.3.3.тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаал, иргэний үнэмлэхний болон түүнтэй адилтгах бусад баримт бичгийн дугаар гэж заасан байгаа. Гэтэл Ч.Ц нь 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шйидвэрээр тус компанийн захирлаар томилогдон бүртгэл хийлгэсэн байсан боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэсэн эрхээ эдэлж, уг хуулийн 28.3-д заасан үүргээ биелүүлэлгүй 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл явж ирсэн. Мөн Ч.Ц-ын 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “А” ХК-ийн захирлаар томилогдсон хурлын материал, бусад өөрчлөлт оруулсан шийдвэр болон “А” компанитай холбоотой хувийн хэрэг аймгийн Татварын хэлтэст байхгүй /Татварын хэлтсийн даргын албан тоот х.х 135 х/, 2009 оны 12 дугаар сард Татварын хэлтсээс Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн хувийн хэрэг шилжүүлж өгөхөд “А” ХК-ийн хувийн хэрэг гэх ямар нэгэн бичиг баримт шилжүүлж өгөөгүй. Санхүүгийн зохицуулах хорооны ҮЦГ-ын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Л.Энхбаяр, хянан шалгагч, улсын байцаагч Ш.Түмэнбаяр нарын “А” ХК-ийн үйл ажиллагаанд 2010 онд хийсэн шалгалтын тайланд тус “А” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийснээс хойш ямар нэгэн хурал зарлан хуралдуулаагүй, компанийн дүрмийг 1999 онд батлагдсан Компанийн тухай хуульд нийцүүлэн шинэчлээгүй бөгөөд ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх нь 1999 онд дуусгавар болсон байна” гэж дүгнэсэн нь 1999 онд батлагдсан /шалгалт хийх үед энэ хуулийг мөрдөж байсан/ компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан “Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна. Энэ хугацаанд ээлжит хурлыг зарлаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх дуусгавар болж хувь нийлүүлэгчдийн хурал зарлах бүрэн эрх хяналтын зөвлөлд шилжинэ” гэж заасан заалттай нийцэж Ч.Ц нь 1997 онд захирал болсноос хойш 2012 оны 09 сарын 24-нд бүртгэл хийх хүртэл 15 жил хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, бүрэн эрх нь дуусгавар болсон байхад шүүх Ч.Ц-ыг гүйцэтгэх удирдлага хэвээрээ байгаа гэж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна. 2011 онд шинэчлэн батлагдсан Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиодолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно.” гэж дээрх заалт хэвээрээ байна. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” /энэ заалт 1999 оны Компанийн тухай хуульд байхгүй/ гэж заасан болохоос гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ гэж заагаагүй байна.
  2. Нэхэмжпэл гаргасан хугацааны тухайд: Нэхэмжлэгч Ч.Ц нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /нэхэмжпэл гаргах үед мөрдөж байсан 2002 оны хууль/-ийн 6.1, 12.1 дэх заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явууллаа. “А” ХК-ийн шинэчилсэн бүртгэл хийгдсэн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш Ч.Ц нь Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ховд аймгийн Цагдаагийн газар зэрэг газруудад бүртгэл хийсэн байгаа тухай гомдол гаргаж байсан ба энэ талаар тус улсын бүртгэлийн хэлтэст тухайн газруудаас албан тоот ирж байсан юм. Тухайлбал: Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/3849 тоот “Буян хувьцаат компанийн тухай” албан бичиг /х.х 144/, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/314 тоот “Хувийн хэргийн хуулбар авах “ албан бичиг /х.х 145/, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/127 тоот “Хувийн хэргийн хуулбар авах” албан бичиг /х.х 146/, Ховд аймгийн Прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай” прокурорын тогтоол /х.х 147/, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Бат-Олзвойн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт хүргүүлэх тухай тогтоол” /х.х 146/, Д.Намжил, Х.Бактияр нарын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Ховд аймгийн прокурор Б.Ганбаатар, Цагдаагийн газрын дарга Ж.Дөлбадрах нарт бичсэн ’’Иргэн Ч.Ц-ын гомдолд өгөх тайлбар” /х.х 148/, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/5761 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” /х.х 194/ албан бичиг зэрэг материалуудаас харахад Ч.Ц нь “А” ХК-ийн шинэчилсэн бүртгэлийг хийгдсэн үеэс эхлэн мэдэж байсан боловч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад 2015 оны 01 дүгээр сарын 24-ний огноотой бичсэн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээж авсан албан бичигт уг бүртгэлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-нд мэдлээ гэж бичин ирүүлж улмаар захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6.1, 12.1 дэх заалтыг зөрчиж байгаа эсэхийг хянан тогтоож уг хэргийг шийдвэрлэхэд анхаарч үзнэ үү. Ч.Ц нь Улсын бүртгэлийн хэлтсийн даргад ирүүлсэн албан бичигтээ “Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн бол Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...захирлаар Х.Б-ыг томилсон өөрчлөлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нь хоёр өөр ойлголт байхад шүүх нэг ойлголтоор хүлээн авч хэргийг шийдвэрлэлээ.
  3. Нэхэмжлэгч Ч.Ц нь “А” ХК-ийн бүртгэл хийгдсэн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш Цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад гомдол гаргаж явсаар эцэст нь гүйцэтгэх захирлын бүртгэлээ хүчингүй болгуулах Х.Бактиярыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсны дараа /нас барсны лавлагаа/ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргаж байгаа нь үхсэн хүн босч ирээд үг хэлэх биш гэдэг болж байна. Х.Б-тай хамт “А” ХК-ийн хурлыг хийлгэж, хурлын материалд гарын үсэг зурж, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон, хуучин хүнсний үйлдвэрийн дарга байсан мөн бүртгэл хийсний дараа Цагдаагийн газарт үүссэн хэрэгт Ховд аймгийн прокурор Б.Ганбаатар, Цагдаагийн газрын дарга Ж.Дөлбадрах танаа гэж хаяглан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэн Ч.Ц-ын гомдолд өгөх тайлбар”-т гарын үсэг зурж байсан Д.Намжил нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралд ганцаараа оролцож өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн нь эргэлзээ төрүүлж байна. 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын ирцийн бүртгэлд Х.Б-ын эзэмшдэг 8208 ширхэг хувьцаа Х.Б-ын нэрээр биш Х.Б-т хувьцаагаа шилжүүлж өгсөн нэр бүхий 16 хүний нэрээр бүртгэлтэй байхад хурлын ирцэнд давхардаж орсон гэж Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх дүгнэж шийдвэрээ гаргасан байна. Нэхэмжлэгч Ч.Ц нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан /нас барсны лавлагаа х.х 2-115/ ба нас барсан Х.Б-ын оронд нас барсан Ч.Ц-ын бүртгэлийг оруулах боломжгүй юм.

              Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0407 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “А” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдуулан ““А” ХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дүгээр гэрчилгээний “А” ХК-ийн захирлаар Х.Б-ыг томилсон өөрчлөлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаар шийдвэрээр “А” ХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр, гүйцэтгэх захирлаар Х.Б-ыг томилсон шийдвэр, шинээр хийлгэсэн компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүхийн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл Х.Б-ыг “А” ХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх үндэслэл болсон “А” ХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байх тул зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгэлд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой юм.

Нэгэнт маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болсон үйл баримтыг хууль бус болохыг шүүхээс тогтоож, шийдвэрийг хүчингүй болгосон байх тул анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр...байгаа” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0407 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “А” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “А” ХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дугаар гэрчилгээний “А” ХК-ийн захирлаар Х.Б-ыг томилсон өөрчлөлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН