Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00774

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00774

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Буянтын боргио 1-12 айл, 10 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Шарнууд овогт Түдэвийн Мөнх-Ундрахын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Мөнх-Ундрах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1970 оны 10 дугаар сарын 21-нд Түдэвийн 2 дахь охин болж төрсөн. 1979 онд сургуульд орж, 1988 онд 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. Улмаар 1988 онд Барилга угсралтын трестийн 7 дугаар бригадад нормчноор ажилд орж 1994 оныг хүртэл ажилласан. Тухайн үеийн боловсон хүчний буруутай үйл ажиллагааны улмаас миний ажилд орсон болон гарсан тушаал дээр миний эцгийн нэрийг Пүрэв гэж бичсэн байна. Иймд миний бие тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1988 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын тресстэд 5 жил 10 сар 7 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Т.Мөнх-Ундрах нь 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц Т.Мөнх-Ундрах нь 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1850 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 329 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 263 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт,

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай компанийн ажиллагчаас халах тухай тушаалын хуулбар, хавсралт, цалингийн түүвэрийн хамт

Хүсэлт гаргагчийн 570297 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар,

0703945 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000866 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

1989 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн 311317 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Иргэн Ж.Цэцэгжаргалын ...Миний бие Т.Мөнх-Ундрахтай 1988 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Ч.Нинжбадгарын ... Миний бие Т.Мөнх-Ундрахтай 1988 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Мөнх-Ундрахын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шарнууд овогт Түдэвийн Мөнх-Ундрахыг 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ