Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00608

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00608

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ............ тоотод оршин суух, .........овогт Р-ийн Н-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00656/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хүсэлтдээ: Хорхон овогт Рангаагийн Н нь 1970 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж байгаад 1978 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд тус сумынхаа Оч нэгдэлд эцэг, эхийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэл тарж нэгдлийн суурь дээр ХК байгуулагдахад мөн ажиллаж байсан ба ХК тарахад хувиараа мал маллаж эхэлсэн. 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ц.Алтангэрэлтэй гэр бүл болсон ба нөхрийн хамт одоог хүртэл тус сумандаа мал маллан амьжиргаагаа залгуулан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Миний бие нь хөдөө ууланд зусландаа гарчихсан байгаа ба мал хардаг хүн байхгүй учраас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Ныг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1443 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1988-1991 оны 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 8-11 дүгээр тал/

2.Гэрч Ц.Баяраагийн... Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд 1978-1989 онд сураад, 1986-1988 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийг төгсөөд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ний өдрийг дуустал Мөнххайрхан сумын оч нэгдлийн Алаг бригадын Улиаст хэсэгт малчнаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сумын соёлын төвд уран сайханч, дуучнаар ажиллаж байсан. Р.Н бид хоёр 1986 онд 8 дугаар анги төгсөөд хамт Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуульд суралцахаар болсон боловч Нын ээжийнх нь бие мууддаад ар гэрийг гачигдлаар сумандаа үлдэж би Манхан сумын 10 жилд суралцахаар явсан. Н нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд эцэг, эхийнхээ туслах малчнаар тасралтгүй ажилласан. Р.Н нь айлын ганц охин байгаа юм эх нь их бие муутай хүн байсан өвчний улмаас нас барсан. Н нь эцэг, эхдээ туслаад малчнаар ажиллаж байгаад Ц.Алтангэрэл гэдэг хүнтэй гэр бүл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/

3.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991 оны 7,8,11,12 дугаар сарууд, 1993-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 28 дугаар тал/

4.Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 193 дугаартай албан бичгийн дагуу Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Р.Нын ХААТР-21, ХААТР-1 маягтад Р.Ныг 1986 оноос хоньчиноор ажилд орсон гэх зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Р.Ныг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлаг, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Н-ыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ОТГОНЖАРГАЛ