| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00539/И |
| Дугаар | 153/ШШ2020/00609 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 153/ШШ2020/00609
| 2020 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00609 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар ..............тоотод оршин суух, ........ Б.Ө -ын нэхэмжлэлтэй, ............... тоотод оршин суух, Б.М-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00539/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Ө , хариуцагч Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Б.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Ө миний бие 2012 онд М-тэй танилцан хамтран амьдрах болж, улмаар 2015 оны 7 сарын 20-нд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд 2015 оны 7 сарын 01-ний өдөр хүү М.Б төрсөн. Гэр бүл болон хамтран амьдрах хугацаанд нөхөр болох М нь архи ууж, агсам согтуу тавих, гар хүрэх, хэрэлдэж маргалдах тааламжгүй байдал үүсч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхдээ асууж нэг ч удаа яриагүй анхаарах халамж тавиад байдаггүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулан өгнө үү...гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Б.М нь эхнэр Өтай 2014-2015 онд хамт амьдарсан. Нэг хүүтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө нь Б.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №1125850468 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Б төрсөн болох нь №1125002449 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 2,4-5 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Б.М нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Б-н нас, өссөн орчин болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Б.Өын асрамжинд үлдээн, эцэг Б.Мэс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.Б-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Мэс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Б-ыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Мөнх-Эрдэний хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.М Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Б.Ө нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба хүү Б.Б-ыг Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч Б.М төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Б-д сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,220,400 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,840 төгрөг, гэрлэлт цуцлуулах 70,200 төгрөг, нийт 104,040 төгрөгийг хариуцагч Б.Мэс гаргуулан нэхэмжлэгч Б.Өт олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Өт , хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Мд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар .......... Ө, ........ М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Б-ыг эх Б.Ө-ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Мэс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Ө нарт тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мэс улсын тэмдэгтийн хураамж нийт 104,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өт олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Өт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Мд тус тус мэдэгдсүгэй.
8. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ