Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.Мөнхөө, өмгөөлөгч Д.Б, Б.Ц,

Шүүгдэгч: Д.Ш-, С.Г-, Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-гийн Ш-, Б овогт С-ийн Г-, Ш овогт Э-ийн Н- нарт холбогдох эрүүгийн 2335001800264 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ........................... Увс аймгийн ......... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Д-гийн Ш-, (регистрийн дугаар:.................);

2. Монгол Улсын иргэн, ........................... Увс аймгийн ......... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, яс үндэс баяд, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын ...........................тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт С-ын Г-, (регистрийн дугаар: .......................);

3. Монгол Улсын иргэн, .......................... Увс аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, яс үндэс баяд, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Э-ийн Н-, (РД:..................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь бүлэглэж,  2021 оны 1 дүгээр сард Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус багийн иргэн П.Б-ийн 1 тооны тэмээг хулгайлж, түүнд 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь бүлэглэн 2021 оны 1 дүгээр сард Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус багийн иргэн П.Б-ийн 1 тооны тэмээг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Хохирогчийн алдсан малаа хайхад зарцуулсан зардал буюу гэмт хэргийн хор уршиг 681.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох саналтай байна.

С.Г-, Д.Ш- нар Д.Ш-ын гэрийн гадна 30 гаруй тэмээ тууж авч ирээд дотроос нь 1 тооны тэмээ барьж аваад бусдыг нь явуулсан байдаг. С.Г-, Д.Ш- нар тэмээг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжтой газар авч ирснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж зүйчлэхээр заасан байдаг. Э.Н- нь Д.Ш- руу утсаар залгаж, 1 тооны тэмээг зүсээр нь хэлж, тууж авч ирээд С.Г- Д.Ш- нар нядалж, бэлдсэний дараа Э.Н- Д- нар авч явж зарж борлуулсан болох нь тогтоогдож байгаа. Д- нь мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа махыг нь худалдан борлуулах үйл ажиллагаанд оролцсоныг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. А-гийн хувьд хулгайн мал нядалж авч ирснийг мэдэж байсан гэх асуудлыг өмгөөлөгч нар ярьж байна. А- гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж яллагдагчаар татаж шалгах гэхээр хэрэг 2021 оны 1 дүгээр сард үйлдэгдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг юм. Хөнгөн ангиллын гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй” гэх дүгнэлтийг;

2. Хохирогч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 12 дугаар сард Ш-, Ч.Д- гэх залуугийн хамт манайд согтуу орж ирээд архи нэхэж, улсын сайн малчин байж гуриа амьтан, чамайг машинаар дайрч ална гэж сүрдүүлж тохуурхаж байгаад явсан. Би 2021 оны 1 дүгээр сард 1 тооны тэмээ, 2022 оны 1 дүгээр сард 1 тооны тэмээ, 2022 оны 3 дугаар сард хавар дахин 1 тооны тэмээ алдсан. 2022 оны 5 дугаар сарын сүүлээр 2 тооны тугалтай үхрийг ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс алдсан. 2019-2023 оны хооронд адуу, тэмээ, үхрээ алдсан хүмүүс манай багт их байгаа. Тэдгээр малыг хэн хулгайлсан бэ гэж эрэл сураг болоод байж байтал шүүгдэгч Э.Н- согтуу байхдаа манай хүү Б.Б-од 2021 онд алдсан танай аавын тэмээг Д.Ш-, Э.Г- нар хулгайлж авч, А- гэдэг махны ченжид өгсөн гэж хэлсэн байсан. Тэгээд А-тай очиж уулзахад ......... сумын төвд шөнө гарын цус нь  арилаагүй шахуу хэдэн залуучууд тэмээний мах авч ирж өгч байсан, хулгайн мал гэж бодож байлаа гэж хэлсэн. Өөрсдөөс нь асуутал Э.Н- нь таны тэмээг би аваагүй, өөрсдийн тэмээг нядалсан гэж над руу том дуугарсан. Э.Н-г 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хөнгөн ял авахын тулд үйлдсэн хэргээ гэрчилсэн гэж үзэж байна. Би Э.Н-гаас Д.Ш- С.Г- нарын үйлдсэн хэргийг яагаад гэрчлэх болов гэж асуухад хариуд нь “надаас 7-8 тооны мал нэхэх гээд байхаар нь би гэрчилсэн юм” гэж хэлсэн байдаг. Яагаад хамтран үйлдсэн хэргээ гэрчилсэн талаар шүүхээс тодруулж өгнө үү. Д.Ш- Э.Н- нарт маш их гомдолтой байна. Миний урьд алдагдсан олон тооны мал, мөн манай нутгийн малчдын малыг энэ 3 залуу авч дуусгаж байгаа тул шалгаж өгнө үү. Манай нутгийн малчид малаа алдаад дуусаж байгаа тул намайг малын хулгайг өөгшүүлж, эдгээр залуучуудаас их мөнгө аваад энэ хэргийг шалгуулахгүй орхиж байна гэж буруугаар бодож, би маш их дарамтад орж байсан. Иймд энэ хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж өгнө үү. Д.Ш- алга болсон малын талаар мэдэхгүй байна гэж байхгүй. Миний 1 тооны тэмээний хохирол төлөгдсөн. Харин тэмээ алга болох үеэр миний хүү Б.Б-а Баян-Өлгий аймгаас машинтай ирж, мал эрж, хайж байгаад буцсан тул үүнтэй холбогдох бензиний зардлыг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,

3. Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч П.Б-ийн 1 тооны тэмээг С.Г-, Д.Ш-, Э.Н-, Ч.Д- нар бүлэглэн хулгайлсан байхад Ч.Д- гэх хүний үйлдлийг энэ хэрэгт шалгахгүйгээр орхигдуулсан байдаг. Ч.Д- нь энэ гэмт хэрэгт хамгийн их оролцоотой этгээд бөгөөд тухайн үед А- түүнээс өр зээлээ нэхэх үед махаар юм уу, эсхүл малаар өрөө дарна гэж хэлсэн байдаг. Үүний дараа Ч.Д- нь сумын төвд явж байгаад Э.Н-тай тааралдах үед  А- гэгч түүнээс ямааны өртөг болох 780.000 төгрөгөө нэхсэн байдаг. Тухайн үед Ч.Д- нь Э.Н-г Д.Ш-тай утсаар яриулсан. Ингээд Д.Ш- Э.Г- нар хохирогч П.Б-ийн 1 тооны тэмээг нядалж, авч ирж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. А- мэдүүлэгтээ “1 кг махыг 4000 төгрөгөөр бодож, 180.000 кг махыг 720.000 төгрөгөөр авч,  С.Г- Ч.Д- нарын өрөнд суутгаад надад өгөх өрнөөс 60.000 төгрөг үлдсэн” гэж мэдүүлдэг. Ч.Д- нь А-д тавьсан өр зээлээ төлөхийн тулд мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдож байгаа. Гэтэл хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж байна гэдэг байдлаар шүүгдэгч нар нэг хүнийг хэргээс аваад үлдчихье, Ч.Д-ын машин хураагдана гэдэг зүйл яригдсанаас болж шүүгдэгч нарын мэдүүлгүүд эргэлзээ бүхий байдалтай болж ирсэн нь  ажиглагдаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт Э.Н-, Д.Ш-, С.Г- нараас гадна Ч.Д-ыг гэм буруутай гэж үзэж байна. Иймд гэрч Ч.Д-ын асуудлыг энэ хэрэгт зайлшгүй шалгах шаардлагатай байна. Түүнчлэн хохирогчийн тэмээг нядалж зарснаар хэн хэдэн төгрөгийн ашиг олж байгаа нь тодорхой бус байх тул энэ асуудлыг заавал шалган тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Гэрч Ч.Д- нь тэмээний мах тээвэрлэсний хөлсөнд 160.000  төгрөг авсан гэдэг боловч энэ нь нотлогдохгүй байгаа. Д.Ш- мэдүүлэгтээ “Тэмээг Ч.Д-ын машинаар авч ирээгүй, би морь, тэмээгээр авч ирсэн” гэж мэдүүлсэн. Тэмээг юугаар тууж авч ирснийг нягтлан шалгаагүй байгаа. Хохирогч мэдүүлэгтээ “миний тэмээ догшин тэмээ байсан учир явганаар тууж ирэх боломжгүй” гэх мэдүүлэг өгсөн. Иймд шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, хэрэгт Ч.Д-ын үйлдэл оролцоо болон хохирогчийн 1 тооны тэмээг юугаар тууж, Д.Ш-ын гэрийн гадна авч ирснийг шалган тогтоож өгнө үү. Мөн шүүгдэгч гэрчүүдийн мэдүүлгийг зөрүүг арилгаж өгнө үү. Тэмээг нядалж зарсан мөнгөнөөс хэн хэдэн төгрөгийн ашиг олсон талаар шалган тогтоож өгнө үү. Хохирлын хувьд тэмээний үнэлгээгээр тогтоосон 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нар хамтран төлж барагдуулсан. Тухайн үед алга болсон тэмээг хохирогчийн хүү Б.Б-а Баян-Өлгий аймгаас ирж, Увс аймгийн ......... сум руу очиж эрж хайсан бөгөөд тул эрлийн зардалд 681.500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Иймд  шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “...С.Г-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг тайлбар гаргаж байсан. Улсын яллагчийн хувьд С.Г-, Э.Н-, Д.Ш- нарыг гэм буруутайд тооцох саналыг гаргаж, нотлох баримтын шатанд С.Г-ын мэдүүлгийг шинжлэн судалсан. Шүүгдэгч С.Г-, Э.Н-, Д.Ш- нарын мэдүүлгийг өөр хооронд нь харьцуулж үзэхэд С.Г- нь үнэн зөв мэдүүлэг өгсөн байна гэж дүгнэж байна. Хэргийг хэн захиалж, хэн гүйцэтгэж, хэн хамжсан талаарх асуудал яригдах бөгөөд захиалагчийг дурдах гэхээр С.Г- нь Д.Ш- Э.Н- нартай найзууд учир нэр зааж хэлж чадахгүй байна гэж үзэж байна. С.Г- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “тэмээг нядлаад махыг нь аваад явж байхад хулгайн мах гэдэг нь мэдэгдэж эхэлсэн бөгөөд тухайн үед би махаар өөрийн өрийг даруулахаар ярьж өр төлбөрөө суутгуулсан” гэж мэдүүлсэн. Хэргийн захиалагчийг дурдахгүй байгаа нь шүүгдэгчийн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хэрэгжилт хангагдаж байна гэж үзэж байна. С.Г-ын хувьд Д.Ш- Э.Н- нарын үйлдлийг цухас дурдаж, онцгойлон заах боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Д- нь энэ хэрэгт гэрчээр оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд Д- нь тэмээг машинаар авч ирж зарж борлуулсан зүйл тогтоогдоогүй. Д.Ш- мэдүүлэгтээ ямар нэгэн байдлаар машин техник ашиглаагүй гэж хэлсэн. С.Г-ын хувьд гэм буруугийн маргаангүй шүүх хуралдаанд оролцож байгаа тул өөрийн үйлдэл оролцоог үнэн зөвөөр мэдүүлж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г-, Э.Н-, Д.Ш- нар бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байна. Хохирогчийн зүгээс эрж хайсны зардалд 681.500 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч эрж хайсны зардлын шатахуун бензин авсан гэх е-баримтыг нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Эрж хайсны зардлын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Д.Ш-ын өмгөөлөгч Д.Бунжаа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Д.Ш- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “би Э.Н-гийн захиалснаар уг тэмээг зүсэлж, тууж ирэн гэрийн гадна нядалсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч С.Г-, Д.Ш- нарын мэдүүлгээс хамаарч шүүгдэгч  Э.Н-г зайлшгүй татаж шалгасан. Тэмээний махыг худалдан авсан гэх А-гийн гэрчийн мэдүүлгээр хэрэгт Э.Н- оролцсон болох нь тогтоогдож байна. Хохирогчийн мэдүүлэгт “С.Г-, Э.Н-, Д.Ш- нар Д.Ш-ын ээжийн хамт гэрт ирж уучлалт гуйж, хохирол төлбөр барагдуулахаа илэрхийлсэн” гэж мэдүүлдэг. Э.Н- хэрэгт хамааралгүй байсан бол хохирогчийн гэрт очиж уучлалт гуйж, хохирол төлж барагдуулах шаардлагагүй байх байсан. Гэрч А- мэдүүлэгтээ “Э.Н-, Ч.Д- нартай таараад ямааны мөнгөө нэхэхэд орой нь тэмээний мах авч ирж өр төлбөрөө дарсан бөгөөд хулгайн тэмээ авч ирэх шиг болсон” гэж мэдүүлдэг. Гэрч А- хулгайн тэмээ гэдгийг гадарлаж байсан боловч авч нуун дарагдуулсан байж болзошгүй зүйлс ажиглагдаж байна. Шүүгдэгч нар өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, найз нөхдийнхөө үйлдлийн талаар халхавчилж тайлбар гаргаж байна. С.Г-ын хувьд “Э.Н- нь Д.Ш- руу залгаад ийм зүсмийн тэмээг нядалж байгаарай гэж хэлсэн” гэдгийг мэдүүлсэн байгаа. Ч.Д- энэ хэрэгт хамааралгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Д.Ш-ын хувьд Э.Н-гийн хэлснээр зааж зүсэлж өгсөн тэмээг нь нядалж, бэлдэн, хүргэж өгснөөр гэм буруутай юм болов уу гэж бодоод хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн гэдгээ илэрхийлсэн байгаа. Хэрэг эцэслэн шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа тул хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэх хуулийн заалт байдаг учир хохирогчийн зүгээс урьд өмнө алга болсон малыг Д.Ш- хулгайлсан байх гэж таамаг байдлаар хүнийг эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Мал эрж хайсны зардал 681.500 төгрөгийн хувьд Баян-Өлгий аймгаас ......... сум хүртэл тэмээ хайж явсан уу? Юу хийж явсан талаар тогтоосон маршрут байхгүй учир хохирлыг төлөх боломжгүй юм. Иймд миний үйлчлүүлэгч Д.Ш-ыг гэм буруутай гэж шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Миний үйлчлүүлэгч Д.Ш- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2023 оны 8 дугаар сард Д.Ш- хохирогчоос очиж уучлалт гуйж хохирлыг 6 хоногийн дотор төлж барагдуулж байсан” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Э.Н- мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд би Д.Ш-, С.Г- нартай  бүлэглэж, хохирогчийн тэмээг хулгайлаагүй гэж мэдүүлсэн. Д.Ш-, С.Г- нар тийм зүсмийн тийм тэмээг нядлаад аваад очих гэж байна гэж ярьсан байдаг. С.Н- нь хохирогчийн 1 тооны тэмээг Д.Ш-, С.Г- нар хулгайлж нядалж зарсан талаар хохирогчийн хүүд хэлсэн. Шүүгдэгч Э.Н- нь хохирогчийн хүүтэй айлд таарахдаа танай аавын 1 тооны тэмээг би хулгайлаагүй бөгөөд Д.Ш-, С.Г- нар хулгайлж аваад нядлаад махыг нь махны худалдаачинд хүргэж өгсөн гэж хэлдэг. Э.Н- нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээгээгүй учир хохирол төлөгдөхгүй явж байгаад Д.Ш-, С.Г- нарын мэдүүлгээр өөрийгөө уг гэмт хэрэгт оролцоотой гэдгээ ойлгоод гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан байгаа. Э.Н- өөрийгөө уг гэмт хэрэгт оролцоотой учир гэм буруутай гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ мал хулгайлж, нядалсан үйлдэлд оролцоогүй боловч малыг тээвэрлэж хүргэж өгөхөд оролцоотой байсан талаараа тайлбарласан. А- мэдүүлэгтээ “Э.Н- нь надаас 3 ямааны үнэ зээлж аваад намар 3 ямаагаа өгсөн учир ямар нэгэн өр байхгүй” гэж мэдүүлдэг. Э.Н-гийн хувьд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Д- хэрэгт ямар нэгэн оролцоогүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогчоос малаа эрж хайсны зардал 681.500 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримт байдаггүй. Шүүхээс тухайн хохирлыг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэвэл төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна “ гэх дүгнэлтийг тус тус гаргав.

7. Шүүгдэгч С.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогч П.Б- ахад уучлаарай гэж хэлмээр байна. Би залуу хүний  хувьд алдаа гаргасан байна” гэв.

8. Шүүгдэгч Д.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

9. Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин алдаа гаргахгүй” гэв.

Шүүх хуралдаанаар эрүүгийн 2335001800264 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багт эхнэрийн хамт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 1 дүгээр сард “Таар” гэх газарт Б гэх айлын өвөлжөөний хажууд манай 30-аад тооны тэмээ байсан бөгөөд тухайн Ба гэх айлын өвөлжөөний хажууд ......... сумын 1 дүгээр багийн иргэн Д.Ш- гэх залуугийн гэр байсан юм. Тэгээд тухайн үед би алга болсон тэмээний араас хайж нутгийн хүмүүсээс асуухад манай нутгийн хүмүүс “Танай тэмээ Б-ийн өвөлжөөний хажууд байсан” гэж хэлсэн.Би тухайн үед олдох байх гэж бодоод цагдаад гомдол гаргаагүй. 2023 оны 05 дугаар сард манай нутгийн овооны баяр болсон  бөгөөд тухайн үед Э.Н- гэх нутгийн залуу манай хүү Б.Б-од “Танай аавын 1 тооны тэмээг 2021 оны 1 сард ......... сумын 1 дүгээр багт байх Д.Ш- гэх залуу хулгайлан авч, алаад махыг нь Х гэх нэртэй махны ченжид өгсөн” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би Д.Ш- гэх залуутай уулзаж, түүнд  “чи яагаад миний тэмээг хулгайлсан юм бэ?” гэхэд Д.Ш- “би аваагүй” гээд байсан юм. Тэгж байтал 2023 оны 8 дугаар сарын 12-ны шөнө Д.Ш- түүний ээж Д мөн манай нутгийн С.Г-, Э.Н- гэх 2 залуугийн хамт манай гэрт шөнийн 00 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд би орондоо орчихсон байсан, манай эхнэр О босоод “та нар харанхуй шөнө юу хийж яваа юм бэ? Манай нөхөр унтаж байна, ярих юм байвал маргааш ирж уулзацгаа” гэж хэлэхэд, Д.Ш- гэх залуугийн ээж Д нь “Манай энэ залуучуудыг үнэхээр уучлаарай” гээд уучлалт гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би “Та нар миний малыг авсан байж одоо ирээд байхдаа яах вэ дээ, та нар тэр цагдаа шүүхээрээ явж учраа ол” гэж хэлэхэд миний тэмээг авсан гэх 3 залуу тухайн шөнө гадаа машиндаа хонож,  Д гэх эмэгтэй манай гэрт хоносон. Өглөө босоод би малдаа явах гэж байтал Д гэх эмэгтэй Д.Ш-, С.Г-, Э.Н- гэх залуучуудыг дуудаж оруулж ирээд “За та нар П.Б- ахаас уучлалт гуйцгаа” гэж хэлэхэд тухайн гурван залуу “ёстой уучлаарай ах, бид гурав таны хохирлыг барагдуулна” гэж хэлсэн. Тэгээд Д.Ш- гэх залуугийн ээж Д “Та нар битгий дуугуй сууцгаагаад бай хурдхан уучлалт гуйгаад хохирлыг нь барагдуулна гэж хэл, П.Б- ахаа та дансаа өгчих, би энэ хэдэн залуучуудаас мөнгө аваад таны хохирлыг барагдуулна” гэж хэлээд тэр хүмүүс явсан юм. Тэгээд тухайн үйл явдлын дараа 8 сарын сүүлээр манай эхнэр О-ийн утас руу Д гэх эмэгтэй залгаад “манай хүү Д.Ш-ын мөнгө нь бэлэн байна, нөгөө Э.Н- болон С.Г- нар бас таны хохирлыг барагдуулах гээд давс гаргадаг газар ажил хийцгээж байна удахгүй өгнө” гэж хэлсэн юм. Тэгээд би хэд хоногийн дараа давс гаргадаг газар ямар хүмүүс байгаа талаар асуухад С.Г- болон Э.Н- гэх залуучууд байгаа гэсэн юм ...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би 2021 оны 01 дүгээр сард хулгайд алдсан 1 тооны тэмээгээ 5 настай атан тэмээ гэж андуурч мэдүүлэг өгсөн юм. Манайх 2021 оны 01 дүгээр сард тус аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 4 настай шар зүсмийн, буруу гуя, буруу хаан дээр акт олом тамгатай, атан тэмээ хулгайд алдсан юм. Миний 1 тооны тэмээг хулгайлж авсан гэх Д.Ш- гэх залуу миний эхнэр Н.О-ийн Хаан банкны данс руу 1.000.000 /нэг сая/ төгрөг хийсэн байсан ба би хохиролд өөр ямар нэг мөнгө төгрөг аваагүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12-17 дахь  тал);

2. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 1 сард манай аав П.Б- Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг, “Таар” гэх нэртэй газраас 1 тооны тэмээ хулгайд алдсан. Тухайн үед тэмээгээ хайсан боловч сураг нь гараагүй юм. 2023 оны 03 дугаар сард манай нутгийн малчин Э.Н- гэх залуу манай хажуу айл болох О-ын гэрт согтуу ирсэн байсан юм. Тэгээд би Э.Н-тай юм яриад сууж байгаад явах болохоор нь Э.Н-г моринд нь суулгах гэж байтал надад “танай аав П.Б-ийн 2021 оны 1 сард алдсан 1 тэмээг чинь Д.Ш- хулгайлж аваад маханд өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би тухайн зүйлийг аав П.Б-д хэлсэн, өөр хүнд хэлээгүй. Тухайн үед О-ын гэрт байж байгаад Э.Н- гэх залуу явах гэж байхаар нь би гаргаж өгөөд моринд нь мордуулах үед надад хэлсэн тул бидний хооронд болсон яриаг О гэх хүн сонсоогүй, гэртээ байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал);

3. Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр П.Б- 2021 оны 01 дүгээр сард, өдрийг нь сайн санахгүй байна, тус аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 1 тооны тэмээ хулгайд алдаад 2 жил гаруй сургийг нь гаргаж чадахгүй байж байсан. Гэтэл саяхан хүү Б.Б- нь бидний 2021 онд алдсан тэмээг манай сумын иргэн Д.Ш- гэх залуу авсан гэж байна гэж нөхөр бид хоёрт хэлсэн. Манай нөхөр Д.Ш- гэх залуутай сүүлд тэмээнийхээ талаар ярилцсан бололтой байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 12-ны орой манай гэрт Д.Ш- гэх залуу ээж Д болон Э.Н-, С.Г- гэх залуучуудын хамт ирцгээж, манай нөхөр П.Б-иас уучлалт гуйсан боловч манай нөхөр П.Б- орноосоо босоогүй юм. Тухайн манайд ирсэн хүмүүс манай гэрийн гадна машинтайгаа хоносон ба өглөө нь манай нөхрөөс уучлалт гуйж, танай тэмээнээс 2021 онд 1 тооны тэмээ хулгайлж авсан, бидний буруу гэж хэлсэн. Д.Ш- гэх залуугийн ээж Д гэх хүн “Энэ хэдэн залуучууд буруу зүйл хийсэн байна, танд учирсан хохирлыг бүрэн барагдуулж 4 сая төгрөг өгнө, энэ залуусыг уучлаарай ах” гэж хэлж байсан юм. Тухайн үед манайд ирсэн хүмүүс нь миний Хаан банкны ..................... тоот дансны дугаар аваад явсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний Хаан банк дахь  ..................... тоот дансанд тэмээний хохиролд 1.000.000 төгрөгийг Д.Ш- гэх утгатайгаар хийсэн байсан. Би дансны хуулгаа цагдаагийн алба хаагчдад гаргаж өгсөн юм....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал);

4. Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Увс аймгийн Улаангом сумын ............ багт эхнэр 2 хүүхдийн хамтаар оршин суудаг бөгөөд 2019 онд байх хурим найраа хийсэн юм. Тус аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт хадам аав Д.Д-ийнд манай хэдэн үхэр мал байсан ба би үе үе малаа эргэж тойрдог байсан. Би сүүлд буюу 2021 оны 01 дүгээр сард байх, өдрийг нь сайн санахгүй байна, хадам аавын гэрт хэсэг байсан. Тухайн үед манай хадам аав Д.Д- нь намайг сумын төв ороод ирье гэж хэлээд миний цагаан өнгийн Allion маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслээр надтай хамт сумын төв орж, би хадам аавыг сумын захиргааны үүдэнд буулгачхаад жаал жуул ажил амжуулан сумын төв дотор явж байтал Э.Н- гэх найз надтай тааралдаж, надтай мэнд ус болсон. Тэгээд сонин сайхан ярьж байгаад нэг малын мах байна, чи ачаад өгөөч гэж хэлэхэд нь би Э.Н- гэх найзаасаа ямар учиртай малын мах ачуулах гэж байгаа талаар асуухад нь Э.Н- нь  Д.Ш-ын малын мах гэж хэлсэн. Тэгж байтал найз  Э.Н-гийн гар утас нь дуугарч утсаар ярьж байгаад чамтай Д.Ш- яримаар байна гэнэ гээд надад утсаа өгөхөд нь би утсыг нь аваад ярьсан чинь манай найз Д.Ш- байсан ба надтай мэнд ус болсны дараагаар нэг малын мах оруулаад өгөөч би бензин тосны чинь мөнгийг өгье гэж хэлэхээр нь би чамд өөр унаа машин олдохгүй юм уу, миний машин чинь жижиг машин шүү дээ гэж хэлэхэд нь Д.Ш- гэх найз миний мах сүртэй том бишээ, чиний машинд багтчих байх гэхээр би зөвшөөрч хэзээ ачуулах юм бэ гэж дахин асуухад одоо оруулаад өгчихмөөр байна гэхээр нь би ингэсгээд яваад очьё гээд утсаа тасалсан юм. Тухайн үед Э.Н- гэх найз надтай хамт явахаар болж унаж явсан мотоциклоо айлын хашаанд үлдээчхээд миний машинд суусан юм. Тэгээд буцаад харих дөхчихсөн байсан учир хадам аав Д.Д-г сумын захиргааны үүднээс суулгаж аваад гэрт нь буулгачхаад хадам аав Д.Д-д манай найз Д.Ш- намайг нэг малын мах сумын төв оруулаад өг гээд байна, би яваад ирье гэж хэлчхээд Э.Н- бид хоёр хамт явсан юм. Тэгээд шууд Д.Ш-ын гэрт явж очиход Д.Ш-, мөн манай найз С.Г- хоёр байсан ба бид хэд гэрт нь ороод цай уучхаад би яарамтай явж байгаа учир эртхэн явья гээд махаа ачихаар болсон. Д.Ш- гэх залуугийн ачуулах мах нь гэрийн гадна гялгар цаасанд ороочихсон байсныг нь өөрийнхөө машинд ачаад С.Г-, Д.Ш-, Э.Н- бид дөрөв хамтдаа сумын төв явсан. Тэгээд оройхон сумын төв орсон ба Д.Ш-, Э.Н- нар утсаар ярьж байгаад шууд мал мах худалдан авч зарж борлуулдаг ченж Хараа буюу Ж.А- гэх хүний гэрийн гадна очиж тухайн хүнийг дуудаж гаргаж ирээд тэмээний махаа өгсөн юм. Мах өгчихөөд буцаж найз нараа гэр гэрт нь хүргэж өгсөөр байтал үүр цайчихсан байсан юм. ...Э.Н- бид хоёр анх Д.Ш- гэх хүний гэрт очиход Д.Ш-, манай найз С.Г- нар байсан. Харин Д.Ш-ын ээж Д-а гэж хүн байсан эсэхийг би сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Д.Ш-, манай найз С.Г- хоёр байсан юм. Би Д.Ш- гэх найзын гэрт анх явж очиход зөвхөн нэг тэмээний мах байсан ба ямар нэг арьс, толгой, шийрийг нь хараагүй. Тухайн үед Д.Ш-, С.Г-, Э.Н- бид 4 нь Ж.А- гэх хүнд мах өгөхдөө мөнгө төгрөг өгөлцөж авалцсан талаар би сайн мэдэхгүй байна. Би тухайн үед машины хог шороогоо янзлаад анзаараагүй. Тэмээний мах өгсний дараа Д.Ш-, С.Г-, Э.Н- нар надад бензин тосны мөнгө гэж 160.000 төгрөг бэлнээр өгсөн. Би тухайн найзуудаас өөр ямар нэг мөнгө төгрөг аваагүй. Би Ж.А- гэх хүнийг таньж байна. Тэр манай сумын мал мах худалдан авдаг ченж бөгөөд миний хувьд Ж.А- гэх хүнд урьд өмнө болон одоо ч гэсэн өр авлагатай зүйл байхгүй. Тухайн үед Д.Ш- гэх найз өөрийнхөө тэмээг зарж байна гэж хэлж байсан. Мөн хажууд явсан Э.Н- мөн Д.Ш- нь нэг тэмээний мах зарна гэж байна гэж хэлж байсан учир би найз Д.Ш-ыг өөрийнхөө тэмээгээ зарж байгаа юм байна гэж бодож тусалсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал);

5. Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр С.Г-тай тус аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Давсан гэх газар ажиллаж байх хугацаанд өдрийг нь сайн санахгүй байна, тус аймгийн ......... сумын цагдаа нар манай нөхөр С.Г-, нөхрийн найз Э.Н-, Д.Ш- нартай уулзаад явсны дараагаар Д.Ш-ын ээж Ю.Д-а гэх хүн манай нөхрийг гэртээ дуудсан. Манай нөхөр С.Г- нь тухайн айлд очоод буцаж оройхон гэртээ ирэхэд нь би нөхөр С.Г-ас ямар шалтгаанаар дуудсан талаар асууж тодруулахад Ю.Д-а гэх хүн манай нөхөр С.Г-, Э.Н-, Д.Ш- нараас та нар П.Б- гэх хүний тэмээ хулгайлж авсан бол очиж уулзаж уучлалт гуйх ёстой гэж хэллээ гэж ирсэн. Маргааш оройхон Ю.Д-а гэх хүн манай нөхрийн утас руу ярьж, одоо П.Б- гэх хүний гэр лүү явах гэж байна хүрээд ир гэхээр нь би гэртээ ганцаараа үлдэхгүй гээд нөхөр С.Г-ыг дагаж Ю.Д-а гэх хүний гэрт очиж, тэдний гэрээс Д.Ш-ын машинтай Ю.Д-а, Э.Н-, Д.Ш- манай нөхөр С.Г- бид тавуулаа хамт явж П.Б- гэх хүний гэрт оройхон очсон юм. Тухайн орой бид нар 01, 02 цагийн үед очсон байх, П.Б- гэх хүн унтаж байсан учир бид нартай уулзаагүй. Тэгээд манай хэд тухайн хүний гэрийн гадна машиндаа хоноод маргааш өглөө нь П.Б- гэх хүний гэрт орж уулзаж, манай нөхөр С.Г-, Д.Ш- хоёр П.Б- гэх хүнд бид тэмээг тань хулгайлж авсан, бидний буруу учир нийлж таны тэмээний хохирол бүрэн төлж барагдуулна гэж уучлалт гуйсан. Э.Н- гэх залуу хажууд нь дуугүй доошоо хараад сууж байгаад бид нарын буруу гэж хэлж байсан. Харин Ю.Д-а гэх хүн хажуугаас нь энэ залуучууд танай тэмээний хохирлыг барагдуулж өгнө гэж П.Б- гэх хүнд хэлж байсан. Уг айлд уучлалт гуйх гэж нэг удаа очсон, дахин очсон зүйл байхгүй. ... П.Б- гэх хүнтэй нэг нутгийн хөрш зэргэлдээ бууж, айл саахалт байдаг учраас таньж байна. Би нөхөр С.Г-ыг дагаад Д.Ш-ын машинтай Ю.Д-а, Э.Н-, Д.Ш- нартай 2023 оны 08 дугаар сарын 11-ний үед очсон байх, тухайн өдрийг муухан санаж байна. ...Манай нөхөр С.Г- нь П.Б- гэх хүний тэмээний талаар надад ярихдаа би 2021 оны 01 дүгээр сард тус аймгийн ......... сумын нутаг дэвсгэрээс гэрийн мод хийх гэж 7 хоног яваад ирэхдээ мод түүж байгаад Д.Ш-ын гэрт очсон чинь Д.Ш- нь Э.Н- надтай ярилаа, манай тэмээн дотор бага тэмээ байгаа, тэр тэмээг барьж аваад алж бай гэж хэллээ гэж Д.Ш- хэлэхэд нь манай нөхөр С.Г- нь Д.Ш-тай хамт нөгөө тэмээг алалцсан ба сумын төвөөс Э.Н-, Д.Д- хоёр хамт ирээд тэмээний мах ачиж аваад сумын төвд Хараа гэх мал махны ченжид өгсөн гэж хэлж байсан. Өөр надад тухайн асуудлын талаар мэдэх юм байхгүй байна ...Манай нөхөр С.Г- 2020 оны намар байх, яг сар өдрийг нь санахгүй байна. Нөхөр С.Г- бид хоёрт тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хашаа худалдаж авсан ба тухайн үед тог  тавиулах гээд ойр зуурын мөнгөний хэрэг гараад Ж.А- гэх ахаас манай нөхөр С.Г- 300.000 мянга орчим төгрөг зээлдэж авчирсан зүйл байгаа. Тухайн хүнд түүнээс өөр ямар нэг зээл байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дахь тал);

6. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Манай аав П.Б- нь 2021 оны 01 дүгээр сард тус аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 1 тооны тэмээгээ хулгайд алдсан ба уг хулгайд алдсан тэмээ нь 2021 онд 4 настай буруу гуяндаа аагт олом,шар зүсмийн тэмээ байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал);

7. Гэрч Ж.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сард тус аймгийн ......... сумын иргэдээс 10 гаруй тооны тэмээ болон тэмээний мах авч байсан. Жишээлбэл тус аймгийн ......... сумын иргэн Л.Л, Л.Ж, Л, Д.Ш-, С.Г- гэх хүмүүсээс худалдан авч байсан, бусад хүмүүсийг сайн санахгүй байна. 2020 оны намар С.Г-, Ч.Д- гэх залуус надад 7 тооны сэрх ямаа өгнө гэж хэлээд мөнгө зээлдэж авсан ба тухайн залуус надад хэлсэн ёсоор ямаагаа авчирч өгөөгүй удсан. 2021 оны 01 дүгээр сард тус аймгийн ......... сумын төв дээр явж байтал Д.Ш-, С.Г-, Ч.Д-, Э.Н- гэх 4 залуу надтай таарахад би надаас мөнгө зээлдэж авсан 2 залуугаас мөнгөө авах талаар ярихад С.Г-, Э.Н- нар нь танд өгөх мөнгөний оронд мах аваад ирье гэж хэлээд салсан. Тэр орой харанхуй бүрий болж байтал Ч.Д-ын цагаан өнгийн жижиг суудлын тэрэгтэй С.Г-, Д.Ш-, Э.Н-, Ч.Д- нар нь 1 тэмээний мах авчирсан ба би тухайн залуучуудаас ямар учиртай малын мах юм бэ гэж асуухад таны өрнөөс салах гэж Д.Ш-аас 1 тооны тэмээ зээлдэж махлаад ирлээ гэж хэлсэн тул би уг тэмээний махыг С.Г-, Э.Н- нараас авах ёстой өрөндөө авсан юм. ...Ч.Д-ын машинтай Э.Н-, С.Г-, Д.Ш- 4 хамт явж байхад нь таарсан. ...С.Г-ыг Э.Н- нь надтай танилцуулж хамт ирээд надад ямаа өгнө гэж хэлээд бэлэн мөнгө зээлсэн юм. Харин Ч.Д-аас мөнгөө нэхэхээр “Э.Н- надад өртэй, та Э.Н-аас авчих” гэж хэлсэн. Би Э.Н-гийн машины түлхүүрийг булааж, барьцаалж авсан зүйл байхгүй, Харин Ч.Д-ыг надаас зээлсэн мөнгөө авч ирж өгөөд машинаа ав гэж хэлсэн. С.Г-, Д.Ш-, Э.Н- нар Ч.Д-ын машинтай хамт яваад буцаж 1 тооны тэмээний мах өрөндөө өгөхөөр авч ирлээ гэж хэлээд авч ирсэн. Д.Ш-, С.Г-, Э.Н-, Ч.Д- нар 180кг мах надад авч ирж өгсөн. Тухайн махыг 1 кг-н 4000 төгрөгөөр бодож авсан бөгөөд 720.000 төгрөг болсныг Ч.Д-, С.Г- нарын өрнөөс хассан. Ч.Д-, С.Г- нар надад нийлээд 780.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд тухайн махны мөнгийг хасаад 60.000 төгрөгийн өртэй үлдсэн. Надаас махны мөнгө гэж Д.Ш-, С.Г-, Э.Н-, Ч.Д- нар аваагүй. Тэднээс хаанаас, ямар учиртай мах авч ирсэн бэ гэж асуухад Э.Н- “би Д.Ш-аас 1 тооны тэмээ зээлдэж авч ирж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-34, 50-51 дэх тал);

8. Гэрч Ю.Д-агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын дундуур байх, яг өдрийг нь сайн санахгүй байна. Б- гэх айлд би болон миний хүү Д.Ш-, найз Э.Н-, С.Г- түүний эхнэр гэх хүмүүс хамт очиж, 2021 оны 01 дүгээр сард П.Б- гэх хүний 1 тооны тэмээ алга болсон талаар уулзсан. Би тэднийг дагаж очсон. Манай хүү Д.Ш-, түүний найз  Э.Н-, С.Г- нар нь П.Б- гэх хүний 1 тооны тэмээг хэн нэгэнд мэдэгдэхгүй авсан талаараа хэлж, П.Б-аас уучлалт гуйгаад хохирлыг нь  төлж барагдуулна гэж хэлээд ирсэн. Дахиад П.Б- гэх айлд очсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-43 дахь тал);

9. Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүргэн Д.Д-ын цөөхөн хэдэн үхэр манайд байдаг ба 2021 оны 1 дүгээр сард хэсэг манайд ирж үхрээ маллаж эргэж тойроод явж байсан. ..Манай гэрт Д.Д-тай хамт Э.Н- гэх залуу ирсэн. Манай хүргэн Д.Д- надад манай найз Д.Ш- малын мах сумын төв оруулаад өг гэж гуйгаад байна, би яваад ирье гэж хэлээд Э.Н- гэх залуутай хамт яваад маргааш өглөөгүүр ирсэн. Тухайн үед манай хүргэн Д- нь Д.Ш-ын ямар малын мах оруулж өгсөн талаар надад ямар нэгэн юм хэлээгүй, би ч ямар нэгэн юм асууж шалгаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-46 дахь тал);

10. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дугаартай “...2021 оны 01 дүгээр сарын байдлаар 4 настай атан тэмээний үнэ цэнийн баримжаа 1.500.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 70 дахь тал);

11. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, мөн Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол, (1 дэх хавтаст хэргийн 89-93, 105-107, 110-114, 126-128, 131-135 дахь тал);

12. Шүүгдэгч Д.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Намайг  Э.Н-тай утсаар ярьж байхыг найз С.Г- сонсож байсан. Тэгээд би Г-ын хамт Н-гийн хэлж байгаа тэмээг алаад байж байя гэж хэлээд гэрээс гараад голын хажууд байсан тэмээнүүдийг бөөгнүүлж байгаад Э.Н-гийн хэлсэн тэмээг барьж, манай гэрт нядалсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108-102 дахь тал);

13. Шүүгдэгч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд Д.Ш-, Э.Н- хоёрыг утсаар ярьж байхад би хажууд нь сонсож байсан бөгөөд Э.Н- хүнд өртэй болчихлоо, миний машины түлхүүр булаагаад авчихсан байна, наад гэрийн хажууд чинь “аагт олом” тамгатай тэмээ байгаа, тэр тэмээг гаргаж байж бай, би ......... сумын төвөөс гарах гэж байна” гэж хэлж байсан. Д.Ш-, Э.Н хоёр утсаар ярьж дууссаны дараа Ш- бид хоёр гэрээс гараад голын хажууд очиход Н-гийн хэлж байсан тэмээ байсан. Тухайн голын хажууд байсан тэмээг Ш- бид хоёр гэрийн хажууд авч ирээд хашиж байгаад барьсан. Н-гийн хэлж байсан тэмээг бариад Ш-ын гэрт нядалж, махалсан.Тэмээ гаргаж дуусаад Ш-ын гэрээс гараад ганцаараа мод түүж байгаад орой 17 цагийн орчим ирэхэд тэднийд Н- нь  Д- гэх хүний машинтай ирсэн байсан. Тэгээд Н- нь Ш- бид хоёрыг ......... сумын төв рүү хамт яваад мах оруулж өгчхөөд гараад ирье гэж хэлсэн. Тэгээд Д-, Н-, Ш- бид 4 ......... сумын төвд орж ирээд Хараа /А-/ гэх хүнд тухайн тэмээний махыг өгсөн. Тэмээний мах хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Махаа өгчхөөд буцаад Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багт байрлах Их гол гэх газар уруу яваад буцаж Ш-ын гэрт ирээд  маргааш нь гэртээ харьсан. ...Н- тухайн тэмээний им, тамгыг хэлээд нядлаад махалж бай, би оройхон яваад очъё гэж байсан. Тэгээд Ш- тэр тэмээг хамт гаргаад өг гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм... ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-125 дахь тал);

14. Э.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139-143 дахь тал);

15. Э.Н-гийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн прокурорын шатанд “Э.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт, түүнийг хангахаас татгалзсан Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 233-236 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав хэргээс:

1. Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Ж.А- гэх хүнийг таньж байна. Тухайн хүн манай сумын мал мах худалдан авдаг ченж хүн юм. Би Ж.А- гэх хүнд урьд өмнө болон одоо ч гэсэн өр авлагатай зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал);

2. Гэрч Ж.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Г-ыг Э.Н- нь надтай танилцуулж хамт ирээд надад ямаа өгнө гэж хэлээд бэлэн мөнгө зээлсэн юм. Харин Ч.Д-аас мөнгөө нэхэхээр “Э.Н- надад өртэй, та Э.Н-аас авчих” гэж хэлсэн юм. Би Э.Н-гийн машины түлхүүрийг булааж, барьцаалж авсан зүйл байхгүй, харин Ч.Д-ыг надаас зээлсэн мөнгөө авч ирж өгөөд машинаа ав гэж хэлэхэд “бид нар яваад мал, мах ч юм уу, мөнгийг нь ч юм уу зохицуулаад ирье” гэж хэлээд С.Г-, Д.Ш-, Э.Н- нар Ч.Д-ын машинтай хамт яваад буцаж 1 тооны тэмээний мах өрөндөө өгөхөөр авч ирлээ гэж хэлээд авч ирсэн. Д.Ш-, С.Г-, Э.Н-, Ч.Д- нар 180 кг мах надад авч ирж өгсөн. Тухайн махыг 1 кг-н 4000 төгрөгөөр бодож авсан бөгөөд 720.000 төгрөг болсон. Тухайн тэмээний махыг Ч.Д-, С.Г- нарын өрнөөс хассан. Ч.Д-, С.Г- нар надад нийлээд 780.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд тухайн махны мөнгийг хасаад 60.000 төгрөг үлдсэн. Надаас махны мөнгө гэж Д.Ш-, С.Г-, Э.Н-, Ч.Д- нар аваагүй. Тухайн  үед тэмээний махыг хаанаас авчирсан бэ, хэний мал вэ Э.Н-аас асуухад Э.Н- “би Д.Ш-аас 1 тооны тэмээ зээлдэж авч ирж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч Б.Цагцалмаа хэргээс:

1.Э.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “....Намайг сумын төвд байх хугацаанд Ш- над руу утсаар холбогдоод “Д- сумын төв дээр байна гэнэ, олоод уулзаад надтай яриулчих” гэж хэлсэн. Би сумын төвд Хаан банкин дээр явж очих үед Д- тус банкны үүдэнд надтай тааралдахад би түүнийг “чамтай Ш- утсаар ярья гэж байна” гэж хэлээд өөрийн гар утсаар яриулсан. Д- миний гар утсаар Ш-тай ярьсны дараа надад “Ш- намайг хүрч ирээд мах ачаад сумын төв оруулаад өг гэж байна” гэж хэлсэн. Би Д-ыг Ш-тай утсаар яриулчхаад өөрийн гар утсаа аваад ах Н-ын гэр лүү явсан. Намайг Н ахын гэр лүү явах замд Д- миний араас хүрч ирээд “Би ганцаараа явах гэж байна. Ш- ирээд нэг тэмээний мах ачаад өг гэж хэллээ, надад хань болоод яваад өг” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Д- намайг аваад Ш-ын гэр рүү Д-ын машинаар 16 цагийн орчим явсан. Д- бид хоёр Ш-ын гэрт 18 цагийн орчимд очсон санагдаж байна. Тэгээд Ш-, Г-, Д- бид нар Ш-ын гэрийн гадна байсан тэмээний махыг Д-ын машинд ачиж яваад 23 цагийн орчим сумын төв орж, А- гэх хүний гэрт очоод Ш-ын гэрийн гаднаас ачиж ирсэн тэмээний махыг бид 4 машинаас буулгаж А- гэх хүнд оруулж өгсөн. А- гэх хүн малын мах авдаг хүн бөгөөд тухайн тэмээний мах нь 200 кг байсан санагдаж байна. Би хэдэн төгрөг болсныг мэдэхгүй, малын махны мөнгө гэж бид нарт өгөөгүй. Г- нь А- гэх хүнд “танд өгөх өрөндөө тэмээний мах авч ирлээ” гэж хэлээд өгсөн. А- ах “Би энэ тэмээний махыг өрөндөө авлаа” гэж хэлж байсан. Тэгээд Ш-, Г-, Д- бид дөрөв шөнийн 00 цагийн орчим буцаад Д-ын машинтай гэр лүүгээ явсан. Би буцах замдаа Ш-аас “А- ахаас яагаад мөнгө авахгүй байгаа юм бэ?” гэж асуухад Ш- “Г-ын ямааны өр гэж надаас 1 тэмээ авч, өрөндөө өгч байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд бид Д-аар гэртээ хүргүүлж авсан. Хэд хоногийн дараагаар Б- гэх хүн “тэмээ хайж явна гэж” голын хөвөөд надтай таарсан. Тэгээд дараагаар нь би Ш-тай архи уугаад сууж байгаад "Б- ах нэг тэмээ алга болгосон түүнийгээ хайж байна” гээд надтай тааралдсан гэж хэлэхэд Ш- нь “Дээр бид нарын А- ахад хүргэж өгсөн тэмээний мах чинь Б- гэх хүний тэмээний мах” гэж хэлж байсан. Түүнээс хойш жилийн дараа Б-ийн залуу Б- гэх хүнтэй О-ийн гэрт таарсан. Тэгээд би Б-той гадна гарч тусад нь уулзаж “Танай аав алдсан тэмээгээ намайг хулгайлсан гэж хүмүүст ярьж  байна гэж сонссон. Би танай аавын тэмээ аваагүй. Харин Ш- надад би Б-т ахын тэмээг авсан гэж хэлсэн, түүнийхээ учрыг олоорой” гэж Б-од хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140-141 дэх тал);

2. Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Э.Н- нь одоогоор эхнэр аваагүй аав, ээжийн хамт ......... сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг. Манай дүү Э.Н- нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүнд тусархаг хүн юм. Э.Н- нь хөгшин аав, ээждээ тусархаг...Манай аав, ээжид хань болж, тусалж, мал маллаж байгаа ганц сайн дүү минь юм. ......... нутгийн хүмүүс манай дүүгийн талаар ярихдаа үг дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй гэж ярьдаг. Миний хажууд болон аав, ээжийн хажууд архи ууж харагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал);

3. Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Н- нь тус аймгийн ......... суманд аав, ээж дүүгийн хамт мал маллаж амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруухан, илүү дутуу зан аашгүй, ажилсаг хөдөлмөрч, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ээж, аавынхаа өөдөөс ямар нэг зүйл хэлдэггүй, хэрүүл маргаан хийж байгаагүй, тусархуу, тамхи татдаггүй архи уудаггүй, ямар нэг муу зуршилгүй, гэр бүлдээ халамжтай залуу байгаа юм. Аж амьдралын хувьд: Тус аймгийн ......... сумын нутагт өөрийн аав, ээжид тус болж амьдардаг. Эдийн засгийн хувьд: Эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн хувьд: Э.Н-гийн биед өвддөг зүйл байхгүй, урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй. Сэтгэцийн хувьд эрүүл....” гэх мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал);

4. Э.Н-гийн иргэний үнэмлэхний лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 205 дахь тал);

5. Увс аймгийн ......... сумын Баян-Овоо багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 118 дугаартай “...Э-э овогтой Н- нь 1996 онд төрсөн. Ам бүл-5. Манай багийн иргэн мөн болно” гэх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал);

6. Э.Н-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн  218 дахь тал);

7. Мал тооллогын А дансны хуулбар  (1 дэх хавтаст хэргийн 214-217 дахь тал);

8. Шүүхийн шатанд хохирогч П.Б-д 230.000 төгрөгийн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ш-ын өмгөөлөгч Д.Бунжаа хэргээс:

1. Гэрч Ө.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Ш- нь 1996 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн ......... сумын нутагт төрсөн. Айлын бага залуу, дээрээ 1 ах, 1 эгчтэй. Д.Ш- тусдаа гараад 2 жил болж байгаа бөгөөд эхнэр 1 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Хүүхэд нь 1 нас 4 сартай. Д.Ш- нь ......... сумын ерөнхий боловсролыг 11 дүгээр ангид төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Д.Ш- нь одоо тус аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг. Аж амьдралын хувьд: Тус аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн гэсэн 8 ханатай эсгий монгол гэрт мал маллаж амьдардаг. Прада 95 маркийн тээврийн хэрэгсэлтэй, нэлээн хэдэн тооны бог, бод малтай. Өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй, сэтгэцийн хувьд эрүүл....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн  56-57 дахь тал);

2. Д.Ш-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(1 дэх хавтаст хэргийн  160 дахь тал);

3. Увс аймгийн ......... сумын Нуур багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай “...Д.Ш нь манай багийн иргэн мөн бөгөөд зан байдлын хувьд элдэв муу зуршилгүй, нутаг усандаа төлөв даруу залуу гэдгийг хавь ойрынхон  нь мэддэг...” гэх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн  163 дахь тал);

4. Шүүхийн шатанд хохирогч П.Б-ийн эхнэрийн дансанд 228.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч М.Мөнхөө хэргээс:

1. Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Манай нөхөр С.Г- нь 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Айлын дунд хүүхэд бөгөөд 1 ах, 1 эгч, 2 дүүтэй. С.Г- нь бүрэн дунд боловсролтой,  тэрээр барилга дээр туслахаар ажилладаг. Манайх 0-5 насны 4 хүүхэдтэй, би өөрөө гэрээр гутал оёдог юм. Манайх Улаангом сумын 9 дүгээр багт хашаандаа 8 ханатай Монгол гэрт амьдардаг, суудлын машинтай өөр эд хөрөнгө байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал);

2. Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Г- нь Улаангом сумын....... багийн нутагт эхнэр, 4 хүүхдийн хамт, хувиараа ажил хөдөлмөр эрхлэн амьдардаг............... онд Завхан аймагт цэргийн алба хамт хаасан. Ямар нэгэн муу зуршилгүй, гэр бүлдээ халамжтай залуу юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал);

3. С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-130 дахь тал);

4. Шүүхийн шатанд хохирогч П.Б-д 228.000 төгрөгийн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч П.Б- болон шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт:

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Д.Ш-, С.Г-, Э.Н- нарт холбогдсон хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.

1. Хохирогч П.Б- нь 2021 оны 01 дүгээр сард Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг “Таар” гэх газарт, н.Б гэх айлын өвөлжөөний хажууд байсан 30 гаруй тооны тэмээнээс 1 тооны, шар зүсмийн, буруу гуя, буруу хаан дээрээ аагт олом тамгатай, 4 настай, атан тэмээгээ хулгайд алдаж, 1 жил гаруй хугацаанд тэмээгээ сураглаж байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаагүй байна.

-Улмаар 2023 оны 3 дугаар сарын үед шүүгдэгч Э.Н- нь н.О гэх хүний гэрт согтуу ирээд буцахдаа хохирогч П.Б-ийн хүү Б.Б-од “Танай аав Б-ийн 2021 оны 01 дүгээр сард хулгайд алдсан тэмээг Д.Ш- хулгайлж аваад махыг нь махны ченж Х (Ж.А-)-д өгсөн” гэж хэлснийг гэрч Б.Б- нь өөрийн аав П.Б-д хэлсний дараа хохирогч П.Б- нь 2023 оны 6 дугаар сард “...................”-ийн овоо тахилгын баярын үеэр мал махны худалдаа эрхэлдэг Ж.А-тай тааралдаж, 2021 онд Д.Ш-аас тэмээний мах худалдаж авсан эсэхийг тодруулахад гэрч Ж.А- нь “2021 оны 1 дүгээр сард Д.Ш-, С.Г-, Э.Н-, Ч.Д- нараас 1 тооны тэмээний мах авсан” гэж хэлснээр энэ гэмт хэргийн сэжүүр илэрч, улмаар 2023 оны 08 дугаар сарын 12-ны орой шүүгдэгч Д.Ш- болон түүний ээж Ю.Д, шүүгдэгч С.Г- болон түүний эхнэр Г.М-, шүүгдэгч Э.Н- нар Увс аймгийн ........................ сумын “Гурмасны голын үзүүрийн элс” гэх газарт намаржиж байсан хохирогч П.Б-ийн гэрт очиж, түүний 1 тооны тэмээг шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар хулгайлан авч, захиран зарцуулсан талаар хэлж, уучлалт гуйн, учирсан хохирлыг шүүгдэгч тус бүр төлж барагдуулахаа илэрхийлж, шүүгдэгч Д.Ш- нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч П.Б-ийн эхнэр Нингэр овогтой О-ийн ХААН банк дахь ........................ тоот дансанд “Ш” гэх гүйлгээний утгаар тэмээний хохиролд 1.000.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна.

Тодруулбал: 2021 оны 1 дүгээр сард шүүгдэгч С.Г- нь  Увс аймгийн ......... сумын 1 дүгээр баг, Таар гэх газарт өвөлжиж байсан шүүгдэгч Д.Ш-ын гэрт байх үед шүүгдэгч Э.Н- шүүгдэгч Д.Ш-тай утсаар холбогдож “Би сумын төв дээр байна. А- гэх хүнээс хэдэн малын мөнгө авчихсан байсан нэхээд байна. Танай гэрийн ард байгаа тэмээн дотор шар зүсмийн аагт олом тамгатай тэмээ байгаа, тэр тэмээг алаад байж бай, би яваад очъё” гэж ярьсны дагуу Д.Ш-, С.Г- нар нь Д.Ш-ын гэрийн ойролцоо, голын хажууд байсан 30 гаруй тооны тэмээнээс Э.Н-гийн зүсэлж хэлсэн шар зүсмийн, аагт олом тамгатай тэмээг нядалж, махыг нь бэлдэж янзалсан байна.

Шүүгдэгч Э.Н- нь тухайн өдөр ......... сумын төв, ХААН банкны ойролцоо гэрч Ч.Д-тай тааралдаж, түүнд “Нэг малын мах ачаад төв оруулаад өгөөч, хөлс мөнгийг нь өгнө. Д.Ш-ын малын мах байгаа юм” гэж гуйсан, мөн Ч.Д-ыг Д.Ш-тай утсаар яриулахад Д.Ш- нь Ч.Д-д “Нэг малын мах сумын төв оруулаад өгөөч, хөлс мөнгийг нь өгье, би өөрийн тэмээгээ зарж байгаа юм” гэж гуйсны дагуу Ч.Д- зөвшөөрч, шүүгдэгч Э.Н-, гэрч Ч.Д- нар Ч.Д-ын эзэмшлийн цагаан өнгийн, “Allion” маркийн, ............... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ......... сумын төвөөс тус сумын 1 дүгээр багийн нутаг, Таар гэх газарт байх шүүгдэгч Д.Ш-ын гэрт очиж, Д.Ш-, С.Г- нарын бэлтгэж тавьсан 1 тооны тэмээний махыг тээврийн хэрэгсэлд ачиж, шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь Ч.Д-ын машинаар ......... сумын 1 дүгээр багаас сумын төв яван, мал, махны худалдаа эрхэлдэг Ж.А-гийн гэрт очиж, 1 кг тэмээний махыг 4000 төгрөгөөр бодож, 180 кг тэмээний махыг 720.000 төгрөгт тооцон өгч, Ж.А-д өгөх өр төлбөрөө барагдуулж, хохирогч П.Б-ийн 1 тооны тэмээг захиран зарцуулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх хэргийн үйл баримт нь хуульд заасан  үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн нотлох баримтууд болох хохирогч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 10-17 дахь тал), гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, түүний ХААН банк дахь ...................... дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 08, 18, 30-31 дэх тал), гэрч Б.Б-, Ц.Д, Н.Ж, Б.Б-а, Ж.А-, Ю.Д-а, Ч.Д-, Г.М- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, яллагдагч Д.Ш-, С.Г- нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 20-21, 22-24, 25-27, 28-29, 32-34,41-43, 47-49, 50-51,52-53, 100-104, 109, 124-125 дах тал),

Нотлох баримтын үнэлгээ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д зааснаар хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

2. Шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон ба улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй гэж үзлээ.

3. Тодруулбал:  Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь бүлэглэж, 2021 оны 1 дүгээр сард Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Таар гэх газраас тус багийн иргэн П.Б-ийн 1 тооны тэмээг хулгайлж, түүнд 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Ш-, С.Г- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ илэрхийлсэн.

4. Харин шүүгдэгч Э.Н- нь гэм буруугийн асуудлаар маргаж, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ”Би 2021 оны 01 дүгээр сарын дундуур, өглөө 09 цагийн үед банкны зээл төлөх зорилгоор, өөрийн мотоциклиор ......... сумын төв рүү явсан, намайг сумын төв дээр явж байхад Д.Ш- над руу утсаар яриад “Ч.Д- сумын төв дээр байна гэнэ, олж уулзаад надтай яриулчих” гэж хэлсэн. Тэгээд би сумын төвд ХААН банкин дээр очих үед банкны үүдэнд Ч.Д-тай тааралдаж, “Ш- чамтай утсаар ярья гэж байна” гэж хэлээд Д.Ш-, Ч.Д- нарыг утсаар яриулчхаад ах Н-ын гэр лүү явсан. Намайг Н ахын гэр лүү явах замд Ч.Д- миний араас хүрч ирээд “Ш- намайг ирээд 1 тэмээний мах ачаад өг гэж байна, би ганцаараа явах гэж байна, надад хань болоод яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч, Ч.Д-ын машинаар Д.Ш-ын гэрт очиж, гэрийн гадна байсан тэмээний махыг ачаад Д.Ш-, С.Г-, Ч.Д- бид дөрөв Ч.Д-ын машинаар сумын төв орж ирээд А- гэх хүний гэрийн гадаа очиж, С.Г- нь А- гэх хүнтэй уулзаж, танд өгөх өрөндөө тэмээний мах авч ирлээ гэж хэлээд тэмээний махаа түүнд өгсөн. ...Хэд хоногийн дараагаар Б- гэх хүн тэмээ хайж явна гэж голын хөвөөнд надтай тааралдсан. Тэгээд дараагаар нь би Д.Ш-тай архи уугаад сууж байгаад “Б- ах нэг тэмээ алга болсон, түүнийгээ хайж байна гээд надтай тааралдсан гэж хэлэхэд Д.Ш- нь “Дээр бид нар А- ахад хүргэж өгсөн тэмээний мах чинь Б- гэх хүний тэмээний мах” гэж хэлж байсан. Д.Ш-ын гэрийн гаднаас очиж авсан тэмээний махыг хулгайн гэдгийг би мэдээгүй, Д.Ш- олон тэмээтэй учраас өөрийнхөө тэмээг нядалж, махлаад А-д зарсан гэж бодсон. Зун Б- ахын гэрт очсон шалтгаан нь Д.Ш-, түүний ээж, С.Г-, түүний эхнэр нь намайг Б-ийн гэрт очиж уулзана, зам заагаад өг гэж дагуулж явсан. Би Д.Ш-, С.Г- нарын махалсан тэмээг хулгайн гэдгийг огт мэдээгүй” гэж мэдүүлжээ. (1 дэх хавтаст хэргийн 140-144 дэх тал),

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох боловч, мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол  тухайн мэдүүлгийг дангаар нь  нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Шүүгдэгч Э.Н- нь “Шүүгдэгч Д.Ш-, С.Г- нарын нядалж, бэлтгэж тавьсан 1 тооны тэмээг хулгайн гэдгийг мэдээгүй, тухайн үед Д.Ш-ыг өөрийн тэмээг нядалж зарж байгаа юм байна гэж ойлгосон, Д.Ш- нь Ч.Д-тай утсаар ярьж гуйсны дагуу би Д-тай хамт Ш-ын гэрт очсон. ... Дараа нь би зөвхөн Г-, Ш- нарт П.Б- ахын гэрийг зааж өгөх зорилгоор очсон, би П.Б- ахын гэрийн гадаа очсон боловч ороогүй, уучлалт гуйгаагүй, П.Б- ахын тэмээ авсан асуудалд би ямар ч хамаагүй, гэм буруугүй” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг  нь хохирогч П.Б-ийн “2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө манай гэрт Д.Ш-, С.Г-, Э.Н- гэх 3 залуу, хажууд нь Д.Ш-ын ээж Ю.Д-агийн хамт ирж, 2021 оны 01 дүгээр сард миний 1 тооны, 4 настай атан тэмээг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж, хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Гэрч Н.О-ийн “2023 оны 08 сарын 12-ны шөнө манай гэрт Д.Ш-, С.Г-, Э.Н- нар Д-а гэх хүний хамт ирээд, Д-а гэдэг хүн манай нөхөрт хандаж Б- ахаа та босоод ирээч, энэ 3 залуу танаас уучлалт гуйж байна, таны тэмээний хохирлыг барагдуулмаар байна гээд гуйгаад байсан, ...С.Г-, Д.Ш-, Э.Н- гэх 3 залуу юм ярьж чадахгүй, уучлаарай ах гээд байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал),

Гэрч Ц.Д-ын ”2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хонь хариулж яваад Б- ахтай тааралдаад өчигдөр танайд машинтай ямар хүмүүс ирсэн юм бэ гэж асуухад “Ш-, Г-, Н-, Д-а нар ирээд миний 1 тооны тэмээг хулгайлаад маханд өгсөн, уучлаарай, бид таны хохирлыг төлж өгнө гээд явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч Н.Ж-ын “2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Э.Н- гэх залуу манайд ирээд Б- ахын гэр хаана байдаг юм бэ, дүүдээ заагаад өгөөч гэхээр нь энэ урд байгаа гээд чиглүүлээд явуулсан, маргааш нь буюу 2023 оны 08 сарын 13-ны өдөр Б- ахын эхнэр О-тэй айлын найран дээр тааралдахад тэр надад өчигдөр шөнө Ш-, Г-, Н-, Д-а нар манайд ирээд тэмээ хулгайлж авсанд уучлаарай гэж Б-аас уучлалт гуйгаад манай гэрт хоноод явлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Гэрч Ж.А-гийн “...Э.Н-, С.Г- нар нь танд өгөх мөнгөний оронд мах аваад ирье гэж хэлээд салсан. 2021 оны 01 дүгээр сард С.Г-, Э.Н- нар таны өрнөөс салах гэж Ш-ын тэмээ махлаад ирлээ гэж хэлээд тэмээний мах авчирч өгснийг би С.Г-, Э.Н- нараас авах ёстой мөнгөний өрөндөө суутгаж авсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Гэрч Ю.Д-агийн “Манай хүү Д.Ш-, түүний найз Э.Н-, С.Г-  нар  Б- гэдэг хүний 1 тооны тэмээг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр авсан талаараа хэлж, Б-аас уучлалт гуйгаад хохирлыг нь төлж барагдуулна гэж хэлээд ирсэн” гэх мэдүүлэг(1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Гэрч Ч.Д-ын “Тухайн үед би хадам аав Д-гийн хамт сумын төвд ажил амжуулаад явж байтал найз  Э.Н- надтай тааралдаад надад нэг малын мах ачаад өгөөч, Ш-ын малын мах байгаа юм, бензин тосны чинь мөнгийг өгье гэж хэлээд гуйсан. Тэгээд би хадам аав Д-г сумын захиргааны үүднээс гэрт нь хүргэж өгчхөөд Э.Н-гийн хамт Ш-ынд очиж, Ш-, Г-, Н- нарын хамт 1 тэмээний мах ачиж, төв оруулж ирээд А- гэх хүний гэрт хүргэж өгсөн. Надад бензин тосны мөнгө гэж бэлнээр 160.000 төгрөг өгсөн. Э.Н- нь надад Ш- өөрийн тэмээгээ зарж байгаа гэж хэлсэн, Ш- ч бас надад тухайн тэмээний махыг өөрийнх нь тэмээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Гэрч Г.М-ийн “Манай нөхөр С.Г- нь надад “Ш-тай Э.Н- яриад манай тэмээн дотор байгаа бага тэмээг барьж аваад нядлаад байж бай гэж хэллээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр С.Г- нь Ш-тай хамт нөгөө тэмээг нь гаргалцаж өгсөн бөгөөд сумын төвөөс Н-, Д- нар ирээд махыг ачиж, хамт яваад Х гэх мал махны ченжид өгсөн гэж хэлсэн. ....Дараа нь Б- гэх хүнээс манай нөхөр С.Г- болон найз Ш- нар уучлалт гуйсан ба Э.Н- гэх залуу тэднийд хамт очоод дуугүй хажууд нь доошоо хараад сууж байгаад бид нарын буруу гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал),

Шүүгдэгч Д.Ш-ын яллагдагчаар өгсөн “С.Г- бид хоёр Э.Н-гийн захиалснаар уг тэмээг нядалсан. Э.Н- нь 2021 оны 1 дүгээр сард манайхыг ......... сумын 1 дүгээр баг, Таар гэх газарт байхад надруу яриад танай гэрийн ард байгаа шар зүсмийн аагт олом тамгатай тэмээг алаад байж бай, би очно гэж хэлсэн. Тэр үед С.Г- надтай хамт манайд байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал),

Шүүгдэгч С.Г-ын яллагдагчаар өгсөн:”...Ш-ын гэрт ороод цай уугаад сууж байтал Э.Н- гэх залуу Д.Ш- руу залгаад “Хүнд өртэй болчихлоо, наад гэрийн чинь хажууд аагт олом тамгатай тэмээ байгаа, нядалж бай, би ......... сумын төвөөс гарах гэж байна гэж хэлсэн. Би тэр хоёрын яриаг сонсож байсан. Тэгээд Ш- бид хоёр Э.Н-гийн зааж өгсөн тэмээг нядалсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал) зэрэг баримтуудаар няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, мал хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлсэн боловч тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг хангалттай зааж чадаагүйгээс гадна түүний мэдүүлэг үнэн зөв эсэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд эргэлзэх бодит үндэслэл тогтоогдож байх тул Э.Н-гийн мэдүүлгийг дангаар нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй,

Харин шүүгдэгч Д.Ш-, С.Г- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хохирогч П.Б-, гэрч Ю.Д-а, Г.М-, Н.О-, Ж.А-, Ч.Д- нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Д.Ш-, С.Г- нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн тэмээг Э.Н- зүсэлж, зааж өгч, нядалж, махны худалдаа эрхэлдэг Ж.А-д өрөндөө өгсөн” гэх мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Хохирогч П.Б-ийн 1 тооны тэмээг шүүгдэгч Э.Н-гийн хүсэлтийн дагуу шүүгдэгч Д.Ш-, С.Г- нар гэрийнхээ гадаа авч ирж, нядалсны дараа гэрч Ч.Д- нь Э.Н-, Д.Ш- нарын гуйлтаар тухайн тэмээний махыг ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс сумын төв хүртэл өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, гэрч Ж.А-гийн гэрт хүргэсэн үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.Ш-, С.Г- нар нь шүүгдэгч Э.Н-гийн зүсэлж зааж өгсөн 1 тооны тэмээг нядалсан, шүүгдэгч Э.Н- нь хохирогч П.Б-ийн шар зүсмийн, 1 тооны атан тэмээг Д.Ш-, С.Г- нарт зааж өгч, нядлуулж, махыг нь Ж.А-д өгсөн атлаа гэрч Ч.Д-, Ж.А- нарт тухайн тэмээг, шүүгдэгч Д.Ш-ын тэмээ мэтээр ойлгуулснаас үзэхэд шүүгдэгч Э.Н-гийн “Би тухайн тэмээг Э.Ш-ын тэмээ гэж бодсон” гэх, шүүгдэгч С.Г-, Д.Ш- нарын “Тухайн үед Э.Н-г өөрийн тэмээг зааж өгч нядлуулж зарж байгаа гэж бодсон, өөр хүнийх гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлгүүд үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.   

Хууль зүйн дүгнэлт:

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Д.Ш-, С.Г-, Э.Н- нарыг бүлэглэж, 2021 оны 1 дүгээр сард Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус багийн иргэн П.Б-ийн 1 тооны, 4 настай, атан тэмээг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан, улмаар прокурорын  2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байх бөгөөд бүлэглэж бусдын малыг хулгайлсан бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тогтоожээ.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг, нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг юм.

Тиймээс хууль тогтоогчоос уг гэмт хэргийг нийгмийн хор аюулын хэр хэмжээг нь харгалзан хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэмт этгээд бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч болон эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулснаар гэмт хэрэг төгсдөг байна.

Шүүгдэгч Э.Н- нь 2021 оны 01 дүгээр сард шүүгдэгч Д.Ш-тай утсаар холбогдож, хүнд өгөх өр нэхэгдсэн тул гэрийнхээ ойролцоо байгаа шар зүсмийн, аагт олом тамгатай тэмээг нядалж бай гэж хэлсний дагуу Д.Ш-, С.Г- нар нь Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг, Таар гэх газарт байсан хохирогч П.Б-ийн 30 тооны тэмээнээс 1 тооны тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Ш-ын гэрийн гадаа нядалсан нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг хохирогч П.Б-ийн 1 тооны тэмээг шүүгдэгч Д.Ш-, С.Г- нар нядалснаар төгссөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нар нь хохирогч П.Б-ийн 1 тооны тэмээг хохирогчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нар нь  урьдаас үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч Т.Б-ийн 1 тооны тэмээг хулгайлсан нь тогтоогдсон тул тэдгээрийг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нарыг Мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх шинжээр буруутгасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д” гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Э.Н- нь хохирогч П.Б-ийн 1 тооны тэмээг зүс, им тамгаар нь зааж өгч, шүүгдэгч Д.Ш-, С.Г- нар нь уг тэмээг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, Д.Ш-ын гэрийн гадаа нядалсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Н-г уг гэмт хэргийн зохион байгуулагчаар, шүүгдэгч Д.Ш-, С.Г- нарыг мал хулгайлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийн 1 тооны малыг амар хялбар аргаар өр төлбөрөө төлөх зорилгоор, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар эзэмшилдээ авч, өөрсдийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тэдгээр нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж, хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн сэдэлт, зорилго хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарын хууль бус шинжтэй, гэм буруутай үйлдэл хохирогч П.Б-д учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Д.Ш-, С.Г-, Э.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Бүлэглэж, бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарын амар хялбар аргаар мөнгө олох  шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

4. Гэрч Ч.Д- нь мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарын хүсэлтээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр 1 тооны тэмээний махыг Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багаас сумын төв хүртэл тээвэрлэсэн нь “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжгүй байх тул энэ талаар маргасан хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважавын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь бүлэглэн, хохирогч П.Б-ийн 4 настай, атан тэмээг хулгайлж нядлан, махыг нь бусдад худалдан борлуулсан нь тогтоогдсон бөгөөд Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дугаартай дүгнэлтээр 2021 оны 1 дүгээр сарын байдлаар Увс аймгийн ......... суманд 4 настай атан тэмээ 1.500.000 төгрөгийн үнэ цэнэтэй байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарыг гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-д 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Ш- нь хохирогчийн 1 тооны тэмээний өртөгт 1.000.000 (нэг сая) төгрөг төлсөн нь 1 дэх хавтаст хэргийн 08 дахь талд авагдсан иргэн Н овогтой О-ийн ХААН банк дахь .............................. дугаартай дансны хуулга болон хохирогч П.Б-, шүүгдэгч Д.Ш- нарын мэдүүлгээр,

Шүүгдэгч Э.Н- нь хохирогчийн 1 тооны тэмээний өртөгт 500.000 (таван зуун мянга) төгрөг төлсөн нь 2 дахь хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан хохирогч П.Б-ийн тодорхойлолт, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Н-гийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б- нь гэмт хэргийн хор уршиг буюу малаа эрж хайсан шатахууны зардалд  681.500 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

Тодруулбал: Хохирогч П.Б- нь 2021 оны 1 дүгээр сард 1 тооны, атан тэмээгээ хулгайд алдах үед түүний хүү Б.Б-а өөрийн эзэмшлийн .............. улсын дугаартай “Land criuser 100” маркийн тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгаас Увс аймгийн ......... суманд ирж, 1 тооны тэмээг эрж хайж, шатахууны зардалд 681.500 төгрөг зарцуулсан нь Б.Б-ын наториатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хохирогч П.Б-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд үүнийг Д.Ш-, С.Г-, Э.Н- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-д учирсан хор уршиг гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлэг нь нотлох баримт гэх ойлголтод хамаарах тул П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүний хүү Б.Б-ын наториатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар үнэлж, хохирогчоос шүүх хуралдааны үеэр нэхэмжилсэн малаа эрж хайсан зардал болох 681.500 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Ш-аас 227.167 төгрөг, шүүгдэгч С.Г-ас 227.167 төгрөг, шүүгдэгч Э.Н-аас 277.167 төгрөг тус тус гаргуулж, хохирогч П.Б-д олгож шийдвэрлэх нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулж, хохирогч П.Б-д олгохоор шийдвэрлэсэн 681.500 төгрөгөөс шүүгдэгч Д.Ш- 228.000 төгрөг, шүүгдэгч С.Г- 228.000 төгрөг, шүүгдэгч Г.Н- 230.000 төгрөг, нийт 686.000 төгрөгийг хохирогч П.Б-д төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Д.Ш- нь гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-д учирсан хохирол буюу 4 настай, атан тэмээний хохиролд 1.000.000 төгрөг, эрлийн зардалд 228.000 төгрөг, нийт 1.228.000 төгрөг,

Шүүгдэгч Э.Н- нь гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-д учирсан хохирол буюу 4 настай, атан тэмээний хохиролд 500.000 төгрөг, эрлийн зардалд 230.000 төгрөг, нийт 730.000 төгрөг,

Шүүгдэгч С.Г- нь гэмт хэргийн хор уршиг буюу эрлийн зардалд 228.000 төгрөгийг, нийт 2.186.000 төгрөгийг хохирогч П.Б-д тус тус төлж барагдуулснаар хохирогч П.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь атан тэмээний хохиролд 1.500.000 төгрөг, эрлийн зардалд 686.000 төгрөг, нийт 2.186.000 төгрөгийн хохирол төлж өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нараас гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Бүлэглэж, бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.Г-, Э.Н- нарт тус бүрт нь 3 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Ш-т 2 жил 8 сарын хорих ял шийтгэх, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Н-, С.Г-, Д.Ш- нараас хохирогч П.Б-ийн нэг тооны тэмээг зарж борлуулж, олсон ашиг болох 720.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, гэмт хэргийн хохирол төлөгдсөн тул улсын төсөвт шилжүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч П.Б- нь  2021 оны 1 дүгээр сард 1 тооны тэмээгээ хулгайд алдаж хохирсон. Шүүгдэгч нар нь  тэмээний хохиролд 1.500.000 төгрөг, тэмээг эрж хайсны зардалд 681.500 төгрөгийг хохирогч П.Б-д төлж барагдуулсан тул хохирогчийн талаас шүүгдэгч нарт ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд шүүгдэгч нарт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4.  Шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...С.Г-ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлгийг өгч байсан. Мөн хохирлын хувьд бодит хохирол, мал эрж хайсны зардлыг төлж барагдуулсан байгаа. С.Г- нь хувийн байдлын хувьд 10 сартайгаас 5 нас хүртэлх 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр нь гэрээр гутал оёдог бөгөөд С.Г- зуны улиралд барилгад туслах ажил хийх, давсны уурхайд ажиллаж амьжиргаагаа залгуулж амьдардаг залуу гэр бүл юм.  Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой нөхцөл байдал байгаа. Иймд шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж  өгнө үү. С.Г-ын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй боловч аймгийн төвд барилгын ажил хийж, давсны уурхайд бас ажилладаг тул зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхдээ тойргийг нь томсгож, Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Д.Ш-ын өмгөөлөгч Д.Бунжаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч Д.Ш- нь гэр бүлтэй болоод 1 жил болж байна. Нялх хүүхэдтэй залуу гэр бүл учир эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цаашдын амьдралыг нь харгалзан үзнэ үү. Д.Ш- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ялын доод хэмжээг хэрэглэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч Б.Цагцалмаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч Э.Н- хохиролд 500.000 төгрөг, мөн тэмээг эрж хайсны зардалд 230.000 төгрөг, нийт 730.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч Э.Н- нь хувийн байдлын хувьд эмээ, аав ээж, дүүгийн хамт мал маллаж амьдардаг. Энэ хэрэг нь 2021 оны 1 дүгээр сард үйлдэгдсэн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байх тул Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ялын доод хэмжээг оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

7. Шүүгдэгч С.Г- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн тэмээг авсан нь үнэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Д.Ш- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би Увс аймгийн ......... суманд ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ийш тийшээ явах хэрэг гарах учир зорчих эрх хязгаарлах ялын тойргийг томсгож өгнө үү” гэв.

9. Шүүгдэгч Э.Н- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна тэдний хувийн байдлыг харгалзан үзэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заажээ.

-Шүүгдэгч С.Г- нь хувийн байдлын хувьд .......... онд төрсөн, .... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын .................... оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй, урьд 2 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, шүүхээс торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 172-177, 180-185 дахь талд авагдсан баримтуудаар,

-Шүүгдэгч Д.Ш- нь хувийн байдлын хувьд ............. онд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, Увс аймгийн ......... сумын ............. багт гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 1051.3мхэмжээтэй газар өмчилсөн, Toyota land cruiser prado загварын тээврийн хэрэгсэлтэй, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр (оноо 409-ээс дээш), анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 152-162 дахь талд авагдсан баримтуудаар,

-Шүүгдэгч Э.Н- нь ..... онд төрсөн, ..... настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын ............ багт оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр (оноо 409-ээс дээш), хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй, урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдон, торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 205-212 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Тодруулбал: Шүүгдэгч С.Г- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, ялаа эдэлж дуусгавар болсон, (1 дэх хавтаст хэргийн 186-202 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал),

- Шүүгдэгч Э.Н- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болсон нь шүүгдэгч Э.Н-гийн мэдүүлэг, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбараар тус тус  нотлогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 218-224 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал),

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Г-, Э.Н- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.Ш- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал);

Мөн шүүгдэгч С.Г-ын хувийн зан байдлын талаар гэрч Г.М-, Б.Н нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-55 дахь тал),

Шүүгдэгч Д.Ш-ын хувийн зан байдлын талаар гэрч Ө.Д, Б.В нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-59 дэх тал),

Шүүгдэгч Э.Н-гийн хувийн зан байдлын талаар гэрч Э.Н, Б.Н нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг өгсөн (1 дэх хавтаст хэргийн 60-63 дахь тал) тус тус тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нар нь гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 2.186.000 төгрөг төлж барагдуулсныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийн хор уршгийг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарын тус бүрт 2 (хоёр) жил хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүрт оногдуулсан 2 (хоёр) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “Хууль хэрэглэх журам”-ыг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж,

-12.12 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж тус тус заажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-д “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

Мөн зүйлийн 7 дугаар зүйлийн 7.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,

12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж, мөн хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 1 дүгээр сард 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан  “Бүлэглэж, мал хулгайлах” гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцогдож, тус бүртээ 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, тэдгээрийн холбогдсон “Мал хулгайлах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д  заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэмт хэрэгт хамаарч байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нар нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, байнга оршин суух газрын хаягтай буюу шүүгдэгч Д.Ш- нь Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багт, шүүгдэгч Э.Н- нь Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багт, шүүгдэгч С.Г- нь Увс аймгийн Улаангом сумын ...................... тоотод байнга оршин суудаг зэрэг нөхцөл байдал нь шүүхээс тэдгээрт  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг хэрэглэх урьдач нөхцөлийг хангаж байна.

 Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.4, 12.12, 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарын тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил хорих ялыг өршөөн, мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс,

Шүүгдэгч С.Г-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын ............. багийн нутаг дэвсгэрээс,

Шүүгдэгч Э.Н-г зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ......... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй буюу шүүгдэгч Д.Ш-, С.Г- нар нь “Тухайн тэмээг Н-гийн тэмээ гэж бодсон, хулгайн гэж мэдээгүй” гэж, шүүгдэгч Э.Н- нь “Би Д.Ш-, С.Г- нарт тэмээ зааж өгөөгүй, П.Б-ийн 1 тооны тэмээг хулгайлж нядлахад би оролцоогүй. Намайг сумын төвд явж байхад Ч.Д- тааралдсан, Д.Ш- Ч.Д-тай ярьж, тэмээний мах сумын төв оруулаад өг гэж хэлсэн байсан. Тэгээд би Ч.Д-ын гуйлтаар түүнтэй хамт явсан” гэх мэтээр маргаж, цагаатгуулах хүсэлт гаргаж байсан нөхцөл байдал, энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил гаруй хугацааны дараа илэрсэн, шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Бусад асуудлаар:

1. Шүүгдэгч Д.Ш-, С.Г-, С.Н- нар нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Д.Ш-, С.Г-, С.Н- нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийтгэсэн тул шүүгдэгч Д.Ш-, С.Г-, С.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах...”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Ш-, Э.Н-, С.Г- нар нь бүлэглэн, 2021 оны 1 дүгээр сард Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус багийн иргэн П.Б-ийн 1 тооны тэмээг хулгайлж, уг тэмээг нядалж, махны худалдаа эрхэлдэг (ченж гэх) Ж.А- гэгчид 1 кг махыг 4000 төгрөгөөр тооцож, 180 кг  тэмээний махны үнэ 720.000 төгрөгийг урьдын өр төлбөртөө тооцон өгч, өөрсдөдөө эдийн засгийн ашигтай байдлыг хууль бусаар бий болгосон нь шүүгдэгч Д.Ш-, С.Г- нарын мэдүүлэг,гэрч Ж.А-гийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 720.000 (долоон зуун хорин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Ш-аас 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг, шүүгдэгч  С.Г-ас 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг, шүүгдэгч Э.Н-аас 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох эд хөрөнгөөс тус тус албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол, хор уршиг төлөгдсөн тул улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-гийн Ш-, Б овогт С-ийн Г-, Ш овогт Э-ийн Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Бүлэглэж, бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарын тус бүрт 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н- нарын тус бүрт оногдуулсан  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Ш- нь гэмт хэргийн хор уршигт 1.228.000 (нэг сая хоёр зуун хорин найман мянга) төгрөг, шүүгдэгч Э.Н- нь гэмт хэргийн хор уршигт 730.000 (долоон зуун гучин мянга) төгрөг, шүүгдэгч С.Г- нь гэмт хэргийн хор уршигт 228.000 (хоёр зуун хорин найман мянга) төгрөг тус тус төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах, хохирол, хор уршиггүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 720.000 (долоон зуун хорин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Ш-аас 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг, шүүгдэгч  С.Г-ас 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг, шүүгдэгч Э.Н-гаас 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлаас  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.12, 12.14 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт,  4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Д.Ш-, С.Г-, Э.Н-  нарт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс,

Шүүгдэгч С.Г-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ......................сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс,

Шүүгдэгч Э.Н-г зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ......... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, С.Г-, С.Н- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч Д.Ш-, С.Г-, С.Н- нар нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Д.Ш-, С.Г-, С.Н- нарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.БОЛОРМАА