Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 01841

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М.... сумын ... дугаар баг 12-17 тоотод оршин суух, А.овогт Н. Д./РЭ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М. сумын . дүгээр баг 19-13 тоотод оршин суух, Б.овогт Б.П./РЭ.../-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Н.Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нармандах овогтой Дагийсүрэн нь 2011 онд нөхөр Б.П.-.танилцаж, үерхэж эхэлсэн. 2013 оноос нөхөр Б.П. хамтын амьдралаа эхлүүлсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр охин Д.Ц., 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү П.М., П.С.нар төрсөн. Нөхөр Б.П.амьдрах хугацаанд бусадтай хардаж зоддог байсан. Энэ байдлаас болж 2015 оны хавраас тусдаа амьдардаг болсон ба нөхөр Б.П.2017 онд уучлалт гуйж цаашид чамтайгаа амьдарна, зодож цохихгүй гэж хэлэхэд нь итгэж хамт амьдрах болсон. Гэтэл 2018 онд хоёр ихэр хүүхэд минь төрчихөөд байхад хашаа байшингаа зараад хот руу биднийг орхиод алга болсон. Миний зүгээс нөхөр Б.П.маш их гомдолтой байгаа. Учир нь гурван  хүүхэддээ анхаарал огт хандуулж байгаагүй, эцэг хүний үүргийг үл ухамсарлаж явдагт нь гомдолтой байна. Нөхөр Б.П. нь бусадтай хамтын амьдрал зохиосон бөгөөд өмнөх шүүх хуралдаан дээр гэрлэлтээ цуцлуулахгүй, эвлэрмээр гэсээр хугацаа авсан бөгөөд шүүх хурлаас хойш бидэнтэй огт холбоо бариагүй ба сураг сонсоход хамтран амьдардаг эхнэр хүүхэд рүүгээ явсан байсан.  

Иймд нөхөр Б.П.бид хоёрын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн

гэрлэлтийг цуцалж, охин Д.Ц., хүү П.М., П.С. нарыг эх миний асрамжинд үлдээн, эцэг Б.П. тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.П.шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие эхнэр Н.Д.й 2012 онд танилцан үерхэж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдөр охин Ц., 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр М., 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү С.нар мэндэлсэн юм. Хамтын амьдралын хугацаанд бидний дунд маргах зүйл байсан боловч би эхнэртээ гар хүрч, зодож байсан тохиолдол байхгүй. Харин намайг элдэв бусаар хэлж доромжилдог байсан. Мөн намайг хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй гэж нэхэмжлэлдээ дурдсан нь худлаа. Миний зүгээс хүүхдүүддээ анхаарал халамж, санхүүгийн асуудалд хариуцлагатай ханддаг байсан. Хашаа байшин зарсан тухайд бол гэр зарсан. Хашаа байшин бол биш. Гэхдээ хамт амьдарч байхдаа гэрээ зараад явсан зүйл байхгүй. Тусдаа амьдарснаас хойш болсон асуудал юм.

Иймд би гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийнхээ эцэг нь мөн. Би ажилгүй, эцгийгээ асардаг, орох гэргүй, 3 хүүхдийн тэтгэлэг төлөхөд бэрхшээлтэй байх учир 2 хүүхдийн тэтгэлэгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д. нь хариуцагч Б.П. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2014 онд гэр бүл болж, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь 6701000158 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр охин Д. Ц.төрсөн болох нь 6701000395 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү П.С.төрсөн болох нь 6701000391 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү П.М.төрсөн болох нь 6701000392 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон

шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 9 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хариуцагч Б.П. оролцоогүй, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдэд эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн боловч зохигчид энэ хугацаанд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.Ц , 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү П.С, П.М нарыг хүүхдэд тавих эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, мөн тэдний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцлийг харгалзан эх Н.Д асрамжид үлдээх нь зүйтэй дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Д.Ц, П.М, П.С нарыг эх Н.Д асрамжинд үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Б.П хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгч Н.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Б.П эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Ц 7 настай, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү П.С, П.М нар 2 настай байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000  төгрөгийн тал хувь болох 103.000 төгрөгийг  хариуцагч Б.П нь хүүхэд тус бүрт сар болгон төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар  охин Д.Ц, хүү П.С, П.М нарт тус бүрт төлөгдөх тэтгэлэг 103.000 төгрөгийг нэг жилээр тооцоход 1.236.000 төгрөг ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг болох ба гурван хүүхдэд нийт 34.214х3=102.642 төгрөгийг, нийт 70.200+102.642=172.842 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Б.П шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Ач хариад овогт Н.Д /РЭ......../, Б овогт Б.П /РЭ....../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.Ц., 2018 оны 05  дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү П.С., П.М.нарыг эх Н.Д.н асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.Ц., 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү П.М., П.С.нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.П. сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй гэсэн болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.П. с 172.842 /нэг зуун далан хоёр мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.П., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Д.н нарт тус тус даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН