| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00624/И |
| Дугаар | 153/ШШ2020/00612 |
| Огноо | 2020-09-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 153/ШШ2020/00612
| 2020 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2020/00612 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар ын нэхэмжлэлтэй, ............. багт оршин суух, ....... овогт .............-ын Н- д холбогдох, төрд учирсан хохирол 7,080,400 /долоон сая наян мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00624/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга М.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Х.Н нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарахдаа олгодог буцалтгүй мөнгөн тэтгэмжид нийт 15,830,000 төгрөгийг 2017 оны төсөвт суулган 2017 оны 5 дугаар сард авсан ба тухайн оны 12 дугаар сарын 28-ны өдөр дахин хүсэлт гаргаж илүү 7,080,400 төгрөгийн мөнгөн тэтгэмж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, төрд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг үлдээж шийдвэрлэсэн. Ингээд Х.Нээс төрд учирсан хохирол 7,080,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Х.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 115,200 төгрөгийг өгсөн тул үлдэгдэл 6,265,200 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Н нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Х.Н миний бие нь Ховд аймаг БСУГ-ын нэхэмжилж байгаа 7,080,400 төгрөгөөс 115,200 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 6,965,200 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У би Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын нэхэмжлэлтэй иргэн Х.Нд холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророор оролцож хариуцагчийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газар нь хариуцагч Х.Н-д холбогдуулан төрд учирсан хохирол 7080400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 115200 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 6,965,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж 126,393 /нэг зуун хорин зургаан мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 126,393 төгрөгийн тал хувь болох 63,196.5 /жаран гурван мянга нэг зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Х.Нээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Х.Н нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын нэхэмжлэлтэй, Х.Нд холбогдох төрд учирсан хохирол 7080400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 115200 төгрөгийг төлсөн, үлдэх 6,965,200 /зургаан сая есэн зуун жаран таван мянга хоёр зуу/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж 126,393 /нэг зуун хорин зургаан мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 126,393 төгрөгийн тал хувь болох 63,196.5 /жаран гурван мянга нэг зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Х.Н-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ