| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б,
Шүүгдэгч: Б.Д, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-ийн Д, Х овогт Б-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2435000000015 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ........................... Увс аймгийн ................ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................ сумын ..................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ийн Д (регистрийн дугаар:..........................);
2.Монгол Улсын иргэн, ........................... Увс аймгийн ................ суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................ сумын .........................суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Х овогт Б-ийн Б, (регистрийн дугаар:...................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Увс аймгийн ................ сумын ........................ нутагт иргэн Д.Г-ыг таксины мөнгө нэхсэн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Увс аймгийн ................ сумын ..................... нутагт иргэн Д.Г-ыг таксины мөнгө нэхсэн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн харилцаа холбооны хэрэгслээр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай “...Д.Г-ын биед баруун хөмсөгт язарсан шарх, хоёр хөмсөгний гол хэсэг, баруун чихний дэлбээ, баруун хацар, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, хамрын баруун нүхний харалдаа, хамрын зүүн угалз, духны зүүн хэсэг, зүүн хацар, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун хөмсөгт язарсан шарх, хоёр хөмсөгний гол хэсэг, баруун чихний дэлбээ, баруун хацар, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, хамрын баруун нүхний харалдаа, хамрын зүүн угалз, духны зүүн хэсэг, зүүн хацар, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлсэн тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун хөмсөгт язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хоёр хөмсөгний гол хэсэг, баруун чихний дэлбээ, баруун хацар, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, хамрын баруун нүхний харалдаа, хамрын зүүн угалз, духны зүүн хэсэг, зүүн хацар, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал);
4. Хохирогч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой ..23 цаг 50 минутын үед төв эмийн сангийн зогсоол дээр такси үйлчилгээнд явах гээд зогсож байтал шар өнгийн куртиктэй, намхан залуу, хар өнгийн куртиктэй хоёр залуу согтуу миний машины арын суудалд сууж барилгын хороо явна гэж хэлсэн. Би тухайн хоёр залууг суулгаж ................ сумын 5 дугаар багийн нутаг "..............." дэлгүүрийн урд замаар ".................." тал руу явж байтал гэнэт шар өнгийн куртиктэй залуу зогс, зогс гэж хэлэхээр нь би тухайн газарт зогстол хар өнгийн куртиктэй залуу түрүүлж буусан, харин шар өнгийн куртиктэй залуу хэсэг сууж байгаад араас нь буугаад явчихсан юм. Би тухайн үед машинаас бууж шар өнгийн куртиктэй залуугаас таксины мөнгөө өг гэж хэлтэл шар өнгийн куртиктэй залуу би мөнгөө өгөхгүй гэж хэлээд миний нүүрэн тус хэсэгт гараараа нэг удаа цохиход би газарт унасан. Тэр үед хар өнгийн куртиктэй залуу модны мөчир хугалж ирээд миний хөмсөг орчим 1-2 удаа цохисон, мөн намайг газарт уначихсан байхад тухайн хоёр залуу ээлжлэн миний цээж хэвлий толгой хэсэгт модны мөчир болон гараараа цохисон юм. Би түлхэж босож тэр хоёр залуугаас зугтааж машиндаа сууж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. ...Миний баруун хөмсөгний дээд хэсэгт 3-4 см орчим язралт үүссэн, тухайн хэсэгт 3 оёдол тавьсан, мөн дээд уруулын дотор талд язралт, зүүн гар бага зэрэг хавдсан, нүүр хэсэгт олон тооны жижиг шарх сорви үүссэн, толгой бага зэрэг хөндүүрлэн өвдөж байна. ...Б.Д, Б.Б нар нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-35 дахь тал);
5. Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед хоол ундаа идээд гэрээсээ ганцаараа гарч явсан ба 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Шар өнгийн өвлийн куртик, хөх өнгийн ноосон малгай, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн годон гуталтай гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал);
6. Гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Б.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед гэрээсээ ганцаараа гарч явсан ба 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цаг 30 минут өнгөрч байхад гэртээ ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. ...Миний нөхөр Б.Д 2024 оны 01 сарын 05-ны орой 22 цагийн үед гэрээсээ дэлгүүр орж тамхи авна гэж хэлээд гараад эргэж орж ирээгүй ба 22 цаг 30 минутын үед нөхөр Б.Д руу залгаж хаана байгаа талаараа асууж тодруулахад грашид Б.Б-тай 1 шил архи хувааж ууж дуусаж байгаа талаараа хэлж ярьсан юм. ...Тухайн үед гэрээсээ хар өнгийн өвлийн куртик, цэнхэр өнгийн ноосон малгай, цайвар ногоон өнгийн цоохор өмд, хар өнгийн гуталтай гарсан. ...Манай нөхөр Б.Д нь нэлээд согтолттой байсан ба цэнхэр өнгийн малгай нь цус болчихсон даарч бээрсэн байдалтай орж ирсэн. Хаана, хэнтэй уусан талаараа хэлж ярьсан зүйл байхгүй, энэ талаар асууж тодруулсан зүйл байхгүй ба такси барьж ирсэн талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал);
7. Шүүгдэгч Б.Д, Б.Б нар өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. (хавтаст хэргийн 83-84, 94-95 дахь тал);
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд учирсан “Баруун хөмсөгт язарсан шарх” бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан бөгөөд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Иймд шүүгдэгч Б.Д, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул тэдгээрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Д, Б.Б нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Д, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Г-од 1.500.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Д.Г- нь “...Б.Д, Б.Б нар надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо ямар нэг гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, холбогдох баримтыг гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 119 дэх талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д, Б.Б нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нь Б.Д, Б.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 106, 130 дахь тал);
Шүүгдэгч Б.Д, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хохирогч Д.Г-од 1.500.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Б.Д, Б.Б нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Б нарын тус бүрд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Д, Б.Б нар болон өмгөөлөгч Д.Б нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Б.Д, Б.Б нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн Соёрхол архины шил, улаан өнгийн сэнжтэй аяга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, 4 ширхэг гарын мөрийг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Д, Х овогт Б-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Б нарын тус бүрд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь гэмт хэргийн хор уршигт 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, тэдгээрээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн Соёрхол архины шил, улаан өнгийн сэнжтэй аяга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, гарын мөр 4 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА