Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0649

 

 

 

 

 

Д.Сугармаагийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд

Нэхэмжлэгч: Р.Сугармаа

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0594 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцогт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0487/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 42,982,544 /дөчин хоёр сая есөн зуун наян хоёр мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0594 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: ...Р.Сугармаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0592 дугаар шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолтын хуудас ёсоор 1974070575473 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн дагуу тэтгэвэр олгож эхэлсэн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны өндөр насны тэтгэврийг бодож, нөхөн олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нэхэмжилсэн тэтгэврийн мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох-оор тус тус шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмэндээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Р.Сугармаа нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан. Тухайн үед нэхэмжлэгч нь 50 насанд хүрсэн, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн төрүүлсэн болон 3 хүртэл насанд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэлгүй, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан.

Уг татгалзлыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0592 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын Р.Сугармаад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зохих журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/0728 дугаар магадлалаар хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Р.Сугармаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анх хүсэлт гаргах үедээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан бөгөөд хариуцагчийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйл ажиллагаа хууль бус байсан болохыг нэгэнт тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0594 дугаар шийдвэртээ "маргаантай байсан эрх нь шүүхээр нэгэнт тогтоогдож, шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн тэтгэврээ тогтоолгон авах эрх үүссэн" гэж дүгнэн, нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс буюу өмнөх шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид тэтгэвэр авах эрхийг шинээр бий болгосон эрх үүсгэгч акт биш, харин нэхэмжлэгчид өмнө нь нэгэнт үүссэн байсан эрхийг хариуцагч захиргааны байгууллага хууль бусаар хүлээн зөвшөөрөөгүй, хэрэгжүүлээгүй болохыг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээсэн шийдвэр юм.

Өмнөх захиргааны хэргийн маргааны зүйл нь Р.Сугармаад тэтгэвэр авах эрхийг шүүхээс шинээр бий болгох асуудал байгаагүй бөгөөд харин 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хариуцагч хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн эсэх, тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх асуудал байсан.

Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч анх хүсэлт гаргах үедээ тэтгэвэр тогтоолгох нөхцөл, шаардлагыг хангасан болон хариуцагчийн татгалзал хууль бус байсан үйл баримт нэгэнт тогтоогдсон байхад түүний тэтгэвэр авах эрхийг шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс шинээр үүссэн мэтээр дүгнэсэн нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн агуулга, эрх зүйн үр дагаварт нийцэхгүй байна.

Мөн энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна.

Хэрэв хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтийг тухайн үед нь хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч тухайн үеэс өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах бүрэн боломжтой байсан.

Харин хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, тэтгэвэр авах ёстой байсан хугацаанд тэтгэврээ авч чадаагүй. Иймд хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа болон нэхэмжлэгчид үүссэн эд хөрөнгийн сөрөг үр дагаврын хооронд шууд шалтгаант холбоо байна.

Хариуцагчийн хууль бус татгалзлыг шүүхээр тогтоолгоход зарцуулсан хугацааг нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийн хугацаанаас хасаж, тэтгэврийн эрхийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тооцох нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг эрх нь зөрчигдсөн иргэнд өөрт нь үүрүүлсэнтэй адил үр дагаварт хүргэж байна.

Хууль бус захиргааны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхдээ тухайн хууль бус үйл ажиллагаа гараагүй байсан бол иргэн ямар эрх зүйн байдалд байх байсан, тэр байдлыг бодитоор сэргээх агуулгаар асуудлыг шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч анхны хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн бол 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авах боломжтой байсан тул хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан тэтгэвэр авч чадаагүй хугацааны үр дагаврыг нэхэмжлэгчид хариуцуулах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эрхийг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хугацаа алдсан, эсхүл идэвхгүй хандсан нөхцөл байдал байхгүй.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/0728 дугаар магадлал бичгийн хэлбэрээр албажин гарч, хариуцагч байгууллага уг магадлалыг гардан авч, хуульд заасан хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуусаж, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлт гаргасан.

Уг хүсэлтдээ нэхэмжлэгч өөрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор анх хүсэлт гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тогтоож, нөхөн олгохыг тодорхой шаардсан.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг бүрэн биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин хүсэлт гаргасны дараа тэтгэврийн хувийн хэрэг нээж, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олгож эхэлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өөрийн тэтгэвэр авах эрхээ тасралтгүй хэрэгжүүлэхийг хүсэж, хариуцагчийн хууль бус татгалзлыг шүүхээр тогтоолгон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц түүнийг биелүүлэхийг шаардсан байхад шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдсэн хугацааг нэхэмжлэгчийн эрхийн гадна үлдээсэн нь зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээсэн гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сарын тэтгэврийг 2,686,410 төгрөгөөр тооцож, 16 сараар үржүүлэн 42,982,544 төгрөгийн хохирол шаардсан тооцоог бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэтгэврийн хэмжээ тухайн хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор өөрчлөгдөх боломжтой гэж дүгнэсэн.

Гэвч тэтгэврийн хэмжээг тухайн хугацааны шимтгэл, хуульд заасан аргачлалын дагуу дахин тооцох шаардлагатай эсэх нь нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх хэзээнээс үүссэн болон хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас ямар хугацаанд тэтгэврээ авч чадаагүй болохыг тогтоох асуудлаас тусдаа юм.

Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээг тогтоохдоо тухайн хугацаанд нэхэмжлэгчийн авах байсан тэтгэврийн хэмжээг нарийвчлан тооцох шаардлагатай байж болох боловч энэ нь хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авч чадаагүй гэх шалтгаант холбоог үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийг өмнөх шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс үүссэн гэж дүгнэсэн нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг буруу тайлбарласан бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээгүй, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлын хугацааг үндэслэлгүйгээр хязгаарласан байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 0594 дүгээр шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хэсэгт өөрчлөлт оруулж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Р.Сугармаад учирсан хохиролд 42,9852,544 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2.1. Нэхэмжлэгчээс өмнө нь ... захиргааны байгууллагын өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан, анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0592 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн Р.Сугармаад өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Сугармаад өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зохих журмын дагуу тогтоохыг даалгаж ... шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0728 дугаар магадлалаар нэхэмжлэгч Р.Сугармаа нь ...төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэх шаардлагыг хангаж байх ба энэ үндэслэлээр өөрөө хүсэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан байхад хариуцагч байгууллага түүний хүсэлтийг хүлээн аваагүйг хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Р.Сугармаа нь өөрөө 3 хүүхэд төрүүлсэн ба С.Галмаргадыг 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу 6 сартайд нь үрчлэн авч улмаар ... үрчлэлтийг хүчингүйд тооцох хүртэлх 11 жилийн хугацаанд өсгөн хүмүүжүүлсэн, энэ нөхцөл нь хуулийн 5.1.3-д заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна ... Энэ тохиолдолд, хариуцагч захиргааны байгууллага хожим буюу С.Галмаргадыг үрчлэн авснаас хойш 11 жилийн дараа 2022 онд үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангахгүй гэж шууд дүгнэн нэхэмжлэгч Р.Сугармаагийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох хүсэлтийг хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй ... хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч Р.Сугармаагийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зохих журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй ... гэж дүгнэн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

2.2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгчээс анх 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахад хүлээн авч өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй нь хууль бус, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байна.

 

2.3. Гэтэл нэхэмжлэгчийг анх тэтгэвэр тогтоолгохоор 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хандах үед захиргааны байгууллага тэтгэвэр тогтоож өгөөгүй татгалзаж буцаасан нь хууль бус эс үйлдэхүй болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосныг хариуцагчаас үгүйсгээгүй атлаа тухайн эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлын тухайд шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн тооцож олгохоор маргасан нь үндэслэлгүй байна.

2.4. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0592 дугаар шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид тэтгэвэр авах эрхийг шинээр бий болгосон эрх үүсгэсэн акт биш, харин нэхэмжлэгчид өмнө нь үүссэн байсан эрхийг захиргааны байгууллага хууль бусаар хүлээн зөвшөөрөөгүй, хэрэгжүүлээгүй болохыг тогтоосон, нэхэмжлэгчийн зөрчигдсөн тэр эрхийг сэргээсэн шийдвэр юм захиргааны байгууллагын нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоохоос татгалзсан хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, тэтгэвэр авах ёстой байсан хугацаанд тэтгэврээ авч чадаагүй, хариуцагчийн хууль бус татгалзлыг шүүхээр тогтоолгоход зарцуулсан хугацааг нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийн хугацаанаас хасаж, тэтгэвэр авах эрхийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тооцох нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг эрх нь зөрчигдсөн иргэнд өөрт нь үүрүүлсэнтэй адил үр дагаварт хүргэж байна гэх гомдол үндэслэлтэй байна.

2.5. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс тэтгэвэр тогтоолгохоор 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хандахад хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан эс үйлдэхүйн шинжийг агуулсан, хууль бус, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0592 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/0728 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх шууд хариуцагчийг буруутгах боломжгүй, хэн алиных нь хувьд маргаантай байсан нэхэмжлэгч нь нийт 16 сараар тооцон хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ... шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн 5 сарын хугацаанд хамаарах тэтгэврийг нөхөн гаргуулах нь зүйтэй ... шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн тэтгэврээ тогтоолгон авах эрх үүссэн гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

2.6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 10 дугаар зүйл Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа, 10.1-д Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно гэж тэтгэврийг эрх үүссэн өдрөөс эхлэн олгохоор зохицуулсан тул шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 09 дүгээр сараас биш, анх хүсэлт гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нөхөн тооцож, олгогдоогүй хугацааны нийт тэтгэврийг нэг мөр гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах нь зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээх шүүхийн зорилгод нийцэхээр байна.

 

2.7. Иймд нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэхгүй татгалзаж буцаасан хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, захиргааны байгууллагын уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж гаргасан өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн олгох хуулиар хамгаалагдсан тэтгэвэр тогтоолгон авах эрх 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тасалдаж, тэтгэвэр тогтоолгон авч чадалгүйн улмаас санхүүгийн болон мөнгөн хохирол хүлээсэн үр дагаварт хүргэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйгээс иргэнд учруулсан хохирлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

2.8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ... сарын тэтгэврийг 2,686,410 төгрөгөөр тооцож, 16 сараар үржүүлэн 42,982,544 төгрөгийн хохирол шаардсан тооцооллын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаагүй нь буруу байх боловч тэтгэврийн хэмжээ тухайн хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор өөрчлөгдөх боломжтой гэж дүгнэсэн нь зөв байна.

2.9. Хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх хугацаандаа хэрэгжээгүй үйл баримт тогтоогдсон тул түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхдээ тэтгэврийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих журмаар тооцож нөхөн олгох нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрт 42,982,544 төгрөг гаргуулж олгуулах өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.10. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс анх хүсэлт гаргасан өдөр буюу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолтын 19740705755473 дугаар хуудсаар тэтгэвэр тогтоож олгож эхэлсэн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны өндөр насны тэтгэврийг зохих хууль, журмын дагуу бодож нөхөн олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0594 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохоор анх хандсан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолтын 19740705755473 дугаар хуудсаар тэтгэвэр тогтоож олгож эхэлсэн 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны өндөр насны тэтгэврийг зохих журмын дагуу бодож нөхөн олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ