Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д ,

Шүүгдэгч: Н.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Х овогт Н-гийн П-д холбогдох эрүүгийн 2435002340007 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........................... Увс аймгийн ................ суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Увс аймгийн ................ сумын ............................................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Н-гийн П, регистрийн дугаар: ..........................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.П нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны орой Увс аймгийн ................ сумын 8 дугаар багийн нутаг “....................” гэх газарт ................ улсын дугаартай “Nissan Note” загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, мал тууж явсан иргэн Б.У-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.П нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны орой Увс аймгийн ................ сумын 8 дугаар багийн нутаг “.....” гэх газарт ................ улсын дугаартай “Nissan Note” загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас мал тууж явсан иргэн Б.У-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харилцаа холбооны хэрэгслээр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал);

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 4-12 дахь тал);

3. Насанд хүрээгүй хохирогч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн үед өөрийн төрсөн эх А.А-ын хамт Увс аймгийн ................ сумын 8 дугаар багаас ................ сумын төвийн чиглэлд бог мал явган тууж явсан ба ямар нэртэй газарт мал тууж явсан болохыг мэдэхгүй байна. Бид нарын араас буюу ................ сумын 8 дугаар багаас ................ сумын чиглэлд автомашин ирж байсан учир ээж А.А- бид хоёр тууж явсан бог малаа замын зүүн тал руу шахаж, автомашиныг баруун талаараа зөрүүлье гэж ярилцаад тууж явсан бог малаа замын зүүн тал руу тууж байсан. Араас ирж байсан автомашин их хурдтай ирж намайг мөргөсөн...автомашинд мөргүүлсний дараа миний баруун хөлийн өвдөг хэсэг, баруун хөлийн шагай хэсэг өвдөж зовуурилдаг болсон...миний сэтгэцийн эрүүл мэндэд  ямар нэгэн хохирол учраагүй, тул хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... охин Б.У- бид хоёр бог малаа авто замын зүүн тал руу тууж байхад араас ирж байсан автомашин хурдтай ирж, охин Б.У-ыг мөргөсөн. Уг ослын улмаас Б.У-ын баруун хөлийн өвдөг хэсэг, шагай хэсэгт гэмтэл учирсан...зам тээврийн осол гарах үед гадна үзэгдэх орчин харанхуй байсан, охин Б.У- автомашинд мөргүүлснээс болж айж сандраад тухайн автомашины марк, улсын дугаар, өнгийг сайн хараагүй учир одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал);

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 499 дугаартай "...Б.У-ын биед баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдалт, баруун өвдөг, шилбэ, шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдалт, баруун өвдөг, шилбэ, шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдалт, баруун өвдөг, шилбэ, шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дахь тал);

6. Шүүгдэгч Н.П-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-72 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Н.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан бөгөөд  “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.

2. Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул гэмт хэрэгт тооцох ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж ойлгохоор заасан тул Н.П-г зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

   Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.

   Шүүгдэгч Н.П нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны орой Увс аймгийн ................ сумын 8 дугаар багийн нутаг “.............” гэх газарт ................ улсын дугаартай “Nissan Note” загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, мал тууж явсан явган зорчигч Б.У-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 499 дугаартай "...Б.У-ын биед... баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдалт, баруун өвдөг, шилбэ, шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байх бөгөөд уг гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлтээр  Н.П-гийн гаргасан зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогджээ. (хавтаст хэргийн 24-26 дахь тал);

4. Иймд шүүгдэгч Н.П-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

5. Шүүгдэгч Н.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгч Н.П-гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

6. Шүүгдэгч Н.П-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон ба насанд хүргээгүй хохирогч Б.У-ын хууль ёсны төлөөлөгч А.А- шүүх хуралдаанд биечлэн оролцож, “...Н.П нь охин Б.У-ын эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг өгсөн. Цаашид Улаанбаатар хотод очиж дахин шинжилгээ хийлгэхэд 1.200.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Иймд нэхэмжлэх зүйлгүй, хохирол, гомдолгүй” гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд мөн гомдол, санал байхгүй гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 91 дэх талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.П-гээс гаргуулах хохирол, төлбөргүй, харин шүүгдэгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч Б.У- болон түүний хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулахаар тохиролцсоныг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Н.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 84 дэх тал);

Шүүгдэгч Н.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.600.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлүүдэд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Н.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Н.П-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Түүнчлэн шүүгдэгч Н.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Н.П-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-д 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Н.П-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгч Н.П-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пд 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Н.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н-гийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-д 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Шүүгдэгч Н.П нь торгох шийтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.П нь гэмт хэргийн хор уршигт 1.600.000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А- нь цаашид насанд хүрээгүй хохирогч Б.У-ын эмчилгээнд гарах зардлыг шүүгдэгч Н.П-гээс тухайн үед нь гаргуулж авахаар талууд тохиролцсоныг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шүүгдэгч Н.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА