Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч: Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн С овогт Г-ийн Г-т холбогдох эрүүгийн 2435000000008 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................... Увс аймгийн ...................... суманд төрсөн, .........настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ........................ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ...................... сумын .......................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Г-ийн Г-, (регистрийн дугаар: ..............................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Увс аймгийн ...................... сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “........” үйлчилгээний төв дээр албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Д-гийн нүүрний хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөж, хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г- нь 2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ...................... сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “........” үйлчилгээний төв дээр албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Д-гийн нүүрний хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөж, хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал);

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-10 дахь тал);

4. Хохирогч Г.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би ..... аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан эргүүлийн томилгооны дагуу 19:00-01:00 цагийн хооронд......................... сумын 3,7,12 дугаар багийн нутагт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цаг 10 минутын орчимд цагдаагийн газрын жижүүрээс “...................... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” үйлчилгээний төвийн гадна хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн, ...Бид нар уг дуудлага хүлээж аваад тухайн дуудлагад 2-3 орчим минутын дараа ........ үйлчилгээний төвийн гадна очиход уг газарт шинэ жилийн хүлээн авалт болоод тарж байсан бөгөөд ........ үйлчилгээний төвийн гадна зогсоол дээр 2 хүн маргалдаж байсан ба хажууд нь тэднийг салгах гээд 8-9 хүн нэгнээ заамдалцаж, ноцолдсон байдалтай байсан. ...харин дэд ахлагч М.Б бид хоёр гадна үүдэнд маргалдаж байсан хүмүүсийг салгаж байсан бөгөөд тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, нэгэнтэйгээ маргаж байсан тул тухайн хүмүүсийг салгаад дуусаж байтал хар өнгийн өвлийн савхин хүрэм, дотор талаараа хөх өнгийн хослол, цагаан цамц, улаан ороолттой 35-37 орчим насны үл таних эрэгтэй хүн М.Б бид хоёрт ойртож ирээд бидэнд хандаж “энд юу ч болоогүй байхад цагдаа нар олуулаа ирлээ, та нар ажлаа хийж чадахгүй гөлөгнүүд” гэж үг хэлээр доромжилсон, тухайн үед би уг иргэнд хандаж “та архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байна, гудамж талбай, олон нийтийн газарт танхайрч болохгүй, одоо хариад амарчих” гэсэн шаардлага тавихад “та нар арчаагүй гөлөгнүүд, пязда нар” гэж хэлээд толгойгоороо миний уруул хэсэгт нэг удаа хүчтэй мөргөсөн бөгөөд дахиад намайг цохих гээд дайраад байхад хажууд нь зогсож байсан хүмүүс тэр эрэгтэйг салгаж аваад ...машинд суулгасан. Тэр хүмүүс намайг цохисон эрэгтэйн нэрийг Г- гэж дуудаж байсан. Уг хүн намайг мөргөсний дараа миний дээд уруул язарч цус гарсан, үүдэн шүднүүд өвдөж байсан... Г.Г- нь миний уруул хэсэгт нэг удаа хүчтэй мөргөсөн, өөр ямар нэгэн байдлаар миний биед халдаагүй. Одоогоор миний уруул язарсан байдалтай, уруул жоохон өвдөж байна...Би уг дуудлага, мэдээлэлд очихдоо энгэрийн камер ашиглаагүй бөгөөд надад энгэрийн камер байдаггүй...Г.Г- нь надаас уучлалт гуйсан тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би түүнээс ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөг авсан зүйл байхгүй, мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-24 дэх тал);

5. Гэрч С.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан эргүүлийн томилгооны дагуу 19:00-01:00 цагийн хооронд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Бийн хамтаар албаны ......... УВА улсын дугаартай автомашинтай ...................... сумын нутагт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн... ахлагч Г.Д-г хөдөлгөөнт эргүүлдээ татаж хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цаг 20 минутын орчимд цагдаагийн газрын жижүүрээс “...................... сумын 3 дугаар багийн нутагт “........” үйлчилгээний төвийн гадна хүмүүс хоорондоо зодолдоод байна” гэсэн дуудлага ирж байна, дуудлагад яваад оч” гэж хэлсэн. ........... төвийн гадна зогсоол дээр 2 хүн маргалдаж байсан ба хажууд 8-9 хүн нэгнээ заамдалцаж, ноцолдсон байдалтай байсан. Дэд ахлагч М.Б, ахлагч Г.Д- нар тухайн хүмүүсийг салгахаар тэдэн дээр очсон,... би явж очиход дунд нь ахлагч Г.Д-гийн уруулаас нь цус гарч, уруул нь язарсан шархтай байсан бөгөөд Г.Д- ээс юу болсныг тодруулахад “Г- гэгч согтуу эрэгтэй хүн шаардлага эсэргүүцэж, намайг мөргөчихлөө, энэ талаар жижүүрт дуудлага өгчихсөн байгаа” гэж танилцуулсан,...Г.Г- нь Г.Д-гийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж түүнийг мөргөсөн гэх бөгөөд ахлагч Г.Д- нь тухайн хүний биед халдаж зодсон зүйл байгаагүй...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал);

            6. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Д- бид хоёр гадна хүмүүс маргалдаж байсан болохоор тухайн хүмүүстэй уулзахад тэр хүмүүс “бид нар одоо гэр гэр лүүгээ харилаа” гэж хэлээд тараад дуусаж байтал араас хар өнгийн өвлийн савхин хүрэмтэй, дотор талаараа хөх өнгийн хослол өмссөн үл таних эрэгтэй хүн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Д- бид хоёрт ойртож ирээд бидэнд хандаж "энд юу ч болоогүй байхад цагдаа нар олуулаа ирлээ, та нар ажлаа хийж чадахгүй гөлөгнүүд юу хийж яваа юм” гэж үг хэлээр доромжилсон. Тухайн үед эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Д- уг иргэнд хандаж "та архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байна, гудамж талбай, олон нийтийн газарт танхайрч болохгүй, одоо хариад амарчих" гэсэн шаардлага тавихад тухайн иргэн "Та нар арчаагүй гөлөгнүүд" гэж хэлээд эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Д- лүү ойртож ирээд толгойгоороо нүүр хэсэгт нэг удаа хүчтэй мөргөсөн...эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Д-гийн дээд уруул нь язарч цус гарсан бөгөөд үүдэн шүд нь өвдөж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал);

7. Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01  дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай “Үзүүлэгч Г.Д-гийн биед дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.6 -д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал);

8. Шүүгдэгч Г.Г-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсноор хохирогч цагдаагийн дэд ахлагч Г.Д-г хууль сахиулагч гэж үзнэ.

Хохирогч Г.Д- нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь цагдаагийн дэд ахлагч Г.Д-г томилсон тушаал, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын томилгоо, албаны үнэмлэхийн хуулбар гэх баримтуудаар (хавтаст хэргийн 12, 15-16, 18 дахь тал), мөн дуудлага өгсөн тухай хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд прокуророос Г.Г-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Г-ийг “Хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Г.Г-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Хохирогч Г.Д- нь “...Г.Г- нь надаас уучлалт гуйсан тул миний бие гомдолгүй...” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г-оос гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Г.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй  гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Г- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 84 дэх тал);

3. Шүүгдэгч Г.Г- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж, прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Г.Г-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Г.Г-т танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Г.Г-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Г- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г-оос гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА