Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн З овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 2435000000018 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..................... Увс аймгийн ................ суманд төрсөн, .......настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................ сумын ............... багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, З овогт Б-гийн Б-, (Регистрийн дугаар: ................................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Увс аймгийн ................ сумын 2 дугаар багийн нутаг “................” гэх нэртэй газарт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан С.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Увс аймгийн ................ сумын 2 дугаар багийн нутаг “................” гэх нэртэй газарт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан С.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал);

2. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай “...Үзүүлэгч С.Г-ын биед тархи доргилт, зүүн зулайн хуйх, хамрын нуруунд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, зүүн зулайн хуйх, хамрын нуруунд язарсан шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19:53 минутад үүсчихсэн талаар Увс аймгийн ................ сумын сум дундын эмнэлгийн мэс заслын тасгийн N2023-616 өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Тархи доргилт, зүүн зулайн хуйх, хамрын нуруунд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал);

3. Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим 2 дугаар багийн төв “................” гэх газар А-ийн О гэх айлд ганцаараа очсон юм. Би сумын төвөөс гарахдаа 2.5 литрийн 2 лааз пиво авч явсан ба О- ахын гэрт очоод байж байхдаа 1 лааз пиво ганцаараа уучхаад орой 20 цагийн орчим байх багийн шинэ жилийн арга хэмжээг үзэхээр явсан юм. Багийн шинэ жил дээр юм үзэж байгаад манай багийн Б.Б- гэх ахтай тааралдаад Б.Б- ахтай 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи, 2.5 литрийн 1 сав пиво хувааж уусан ба тухайн пиво архийг багийн төвийн байшингийн гадаа машин дотор уусан бөгөөд архи ууж байхдаа Б-д та багийн иргэдээс Э-ийн цахилгаан станцын эсэргүүцэх хөдөлгөөнд зориулж 13 орчим сая төгрөг цуглуулж авчхаад яг юунд зарцуулсан талаар тайлангаа тавихгүй байна, хэрэв тэр мөнгөө зарцуулаагүй бол өгсөн иргэдэд нь буцааж өгөх ёстой гэж хэлсэн. Түүнээс болоод бид хоёр маргалдаад тэгж байтал Б- намайг машинаас буугаад ир гээд бид хоёр хамт буугаад багийн төвийн шинэ жил рүү ороод бүжиглэж байгаад Б- намайг хамт гаръя гэсэн, тэгэхээр нь би хамт гараад явж байтал Б гэх айл руу орсон ба тухайн үед бид нарын хойноос манай эхнэр С, Б-гийн эхнэр О нар орж ирсэн. Тэнд хэсэг сууж байтал Б- дахин намайг хоёулхнаа уулзъя гээд дагуулж гараад “................” төвийн урд байх хадны баруун талд дагуулж очоод би Б-гийн ард талд явж байтал Б- миний урд талд явж байгаад гэнэт эргээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход миний толгой манараад газар дээш хараад унасан. Би Б-д хандаж та яаж байгаа юм бэ,би одоо таныг дийлэхээс өнгөрсөн, дахин битгий намайг зодоорой гэхэд Б- миний цээжин дээр сандаалж сууж байгаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохичхоод газраас чулуу аваад миний толгойн зүүн чамархай хэсэгт 2 удаа чулуугаараа цохичхоод дахин миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохичхоод миний дээрээс босохдоо хөлөөрөө нэг удаа миний цээж рүү дэвсчхээд боссон юм. Тэгээд би арай гэж босоод Б-тай хамт яваад О- гэх ахын гэр лүү ороод тэдний гэрт хонохоор үлдсэн юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-10 дахь тал);

4. Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой манай багийн шинэ жил ................ багийн төв дээр болсон. Тухайн үед манай төрсөн ахын залуу С.Г-а хөдөөнөөс шинэ жилд орохоор ирсэн байсан ба надтай таарсан. Тэр үед С.Г-тай таарахад эрүүл саруул биед нь болон нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Тэгээд би шинэ жилээс 11 цагийн орчим ирээд гэртээ амарсан юм. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 08 цаг өнгөрч байхад миний утас руу Г-ын ээж нь хотоос яриад С.Г-а Б.Б- гэх хүнээр зодуулсан байна. Наад багийн төв дээр хэн гэдэг айлд байгааг олоод өгөөч гэхээр нь би гарч хайж байгаад О- гэх ахын гэрт байгааг олсон. Намайг О- ахын гэрт ороод С.Г-тай уулзахад С.Г-ын нүүр нүд, хамар, хацар чих нь цус болоод хатчихсан хавдаж хөхөрсөн, зодолдсон шархтай мөн толгойг нь үзэхэд 4-5 газар хуйх нь язарсан байсан мөн өмсөж явсан хувцас нь цус болсон байсан. О- ахаас хэн С.Г-ыг зодсон бэ гэж асуухад Б.Б- зодсон гэж байсан ба шөнө Б.Б- С.Г-ыг манай гэрт оруулж өгчхөөд яваад өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд би багийн төвөөс гуйж машинаар нь С.Г-ыг гэрт нь хүргүүлээд тэндээс С.Г-а эмнэлэг дуудаж эмнэлгийн машинаар сум орсон. Би С.Г-аас чамайг хэн зодсон бэ гэж асуухад Б.Б- зодсон гэхээс өөр зүйл хэлээгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-15 дахь тал);

5. Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...би А.О- гэх айлын гэрээс С.Г-ыг авахад С.Г-ын нүүр нь хавдаж, хөхөрсөн, хамар нүүр хэсгээр нь зулгарчихсан байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал);

6. Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Тэгээд өглөө босоод С.Г-а надад хэлэхдээ шөнө Б.Б- намайг унагааж байгаад зодсон гэж хэлсэн ба нүүр нүд нь хавдаж хөхөрч, чих рүү нь цус орж хатсан, хамар дээр нь зурагдсан шарх, мөн толгойн хуйх хэсэгт 4-5 ширхэг язарсан шархтай байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал);

7. Хохирогч С.Г-ын Увс аймгийн ................ сумын сум дундын эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчлүүлэгчийн картын хуулбар (хавтаст хэргийн 74-85 дахь тал);

8. Шүүгдэгч Б.Б- өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г-ын эрүүл мэндэд “Тархи доргилт, зүүн зулайн хуйх, хамрын нуруунд язарсан шарх” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Б.Б-гийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Б-, хохирогч С.Г-а нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч С.Г-а нь мөрдөн байцаалтын шатанд “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Б.Б- ах надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлгийг өгсөн нь хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан байх тул хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-аас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж,  уг ялыг эдэлж дуусгавар болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Б-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Б-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА