| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
улсын яллагч Т.Нансалмаа
шүүгдэгч Ц.Цогбадрах
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан Ван овогт Цэдэнбалжирын Цогбадрахад холбогдох эрүүгийн 2331002540208 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг Бугант тосгон 2-р байр 22 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, Дархад Ван овгийн Цэдэнбалжирын Цогбадрах, регистрийн дугаар:МТ66032513,
Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Цогбадрах нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “35-н ам” гэх газарт Хюндай 3000 LC-7 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 979,076 төгрөгийн шууд хохирол, 2,937,229,төгрөгийн хор уршиг учруулсан”,
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “35-н ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.6 дахь хэсэгт заасан “Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг эхийн нэр, өөрийн нэр төрсөн он сар өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ. Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлах тухай” А/122 тушаалын 2 дугаар зүйлийн 2.1.6.6 “бүх төрлийн үнэт металл гар аргаар олборлох үйл ажиллагаа”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь дараах үүрэгтэй. 28.1.3-т хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх гэх заалтуудыг зөрчсөний улмаас туслах ажилтнаар ажиллаж байсан 15 настай А.Баттөр нь ус татах насос ажиллуулж байх үедээ ашигт малтмалын олборлолтын явцад үүссэн тогтоол усанд унаж нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Цогбадрах нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “35-н ам” гэх газарт Хюндай 3000 LC-7 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 979,076 төгрөгийн шууд хохирол, 2,937,229,төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Ц.Цогбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 25-ны өглөө Ариунболд, Дэлгэрдалай, Батука гэж хүүхдийн хамт 35 гэх газар луу очоод зөвшөөрөл нь ирэх дөхсөн учир ажиллах төхөөрөмжүүдээ бэлдээд байж бай гэж хэлээд тэгээд би буцсан. 10 сарын хэдэнд билээ жилийн эрхтэй уул уурхайн сертификат олгох 48 цагийн сургалтад 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой гэхээр нь ажиллах 9 хүнээ олоод сургалтад суугаад сертификатаа аваад газрын зөвшөөрөл хийж байгаа айх аюулгүй ерөнхийдөө бэлдэж бай гэж байсан. Тэгэхээр нь би хавар зээл аваад техниктээ сэлбэг аваад ажиллах бол саад тогтворгүй ажиллуулах санаатай бэлдсэн. Тэгээд өөрөөсөө гадна 2 хүн цалинжуулаад техник болон бүх зүйлд засвар хийсэн. Тэгээд засвар хийгээд Бугантынхаа баярыг өнгөртөл зөвшөөрлөө хүлээгээд байж байсан. Тэгсэн дарга зөвшөөрөл ер нь өнөө маргаашгүй гарчихна гэж хэлсэн. Бид аймгийн дарга руу ороход өнөө маргаашгүй гарна жоохон хүлээж бай гэсэн. Манай эхнэр “...энэ аягүй бол бүтэхгүй юм байна. Шал дэмий хүлээж байхаар өөр газар луу явъя...” гэж хэлсэн. Би хүүхдээ болон хүргэнээ дуудаад урд өдөр нь экскаватороо ЗИЛ-131 дээр ачаад модон дотор шорооны хажууд нуугаад явсан.
Маргааш нь хамаг юм алга болчих юм болов уу гэж бодоод хүүхдүүдээ аваад очсон. Тэгэхэд амь хохирогчийг аваад очсон. Тэр хүүхдийг манай хүү 17-нд авчраад та энэ хүүхдээр туслах ажил хийлгэ гэхээр нь би насанд хүрээгүй хүүхэд байна наадах чинь дэмий яршиг яршиг насанд хүрээгүй хүнийг ажиллуулахгүй гэж хэлсэн. Тэгээд миний хүү наад хүүгээ аваад яв надад хэрэггүй гэж хэлэхэд би тэр үед засвар хийж байсан. Маргааш нь засвар хийж байхад тэр хүүхэд багаж хураагаад, хашаа хороонд байгаа муу муухай юмыг цэвэрлээд яваад байсан. Тэгээд л манай эхнэр “...наад хүүхдээ авчхаад гэхээр...” гэж хэлхээр нь явуул гэхэд “...чи ямар сонин юм сургалтын төлбөр болон сургуульд орохдоо хичээл номоо бэлдэнэ өнчин өрөөсөн хүүхдэд тусал...” гэж хэлсэн. Тэгээд би анзаараагүй манай хүүхдийн биллиардад эгч нь ажилладаг. Эгч нь бас дүүгээ ажил төрөлтэй болгож хичээл номынхоо мөнгийг өөрөө олог гээд байхаар нь би тэг гэж хэлээгүй чимээгүй орхичихсон.
Тэр хүүхэд сонин сүүдэрт утсаа оролдоод л суугаад байдаг. Тэгээд би цай ууж байх хоорондоо одоо чи яв гэхээр миний багажийг аягүй гоё боогоод тавьчихдаг. Тэгээд би ажилд идэвхтэй юм байна байж л байг гээд хөөхөө больчихсон. Тэгээд тэр уурхайн талаар бол одоо зөвшөөрөл нь ирчих байх яагаад гэвэл бид нараас 9 хүний сургалтын төлбөр болох 900,000 мянга дээр нь замын зардал, хүн болгоныг хоногийн 100,000 мянгаар буудалд 2 хоног хоол унд, тамхи нь бараг 3-4 сая төгрөгийн зардал гаргаж сургалтад суусан. Тэгээд би одоо 7 сар гарчихсан юм чинь одоо 8,9 сар тэгээд л 10 сар гээд л хүйтэрчихнэ.
Би өрөө дарахын тулд эртхэн шиг 1 газар очоод миний хүү машин болохгүй байна гэж хэлээд яваад өгсөн төвд очоод орой ярихад аав энэ экскаваторын гидрийн шингэн бага байна. Тэгээд тагийг нь аваад үзэхэд 80-100 литр орох юм байна гэхээр нь маргааш өглөө эрт Дархан ороод, нөгөөдөр нь 26-ны өглөө би очсон. Тэгээд ажиллаагүй хэсэгхэн ажиллуулж байгаад больчихсон гээд бүх юмаа зогсоочихсон байсан. Угаасаа гидрийн шингэнгүй битгий ажилла гэж хэлсэн. Би Дарханаас гидрийн шингэн 100 литрийг авчраад 80 литрийг нь хийсэн чинь яг хэмжээндээ хүрээд хүргэн болох Далайг чи наадхаа ажиллуулж үз ерөөсөө сайн ажиллуулж үзээгүй байгаа жигдэрсэн үгүйг сайн мэдэхгүй байна жил гаран зогсчихсон гэж хэлсэн. Халуун өдөр болохоор нь Баттөрийг дагуулаад горхи дээр очоод би усанд ороод ахын дүү усанд ор гэхэд уснаас гарахгүй суугаад л байсан. Тэгээд хүүхдийг шавдуулаад яах вэ гэж бодсон. Тэд нарыг ууланд байрлах майхан барь гэсэн чинь бариагүй байсан. Тэд нар нэг хонохдоо экскаваторын дээр гараад унтчихсан байсан. Тэгээд би та нар ингэж техниктэй ойрхон байж болохгүй гал түймэр гарна өөрсдөө майхан савныхаа юмыг цэгцэлж байгаад талбай олж барьдаг юм уу гэж бодсон. Хүргэнээ болохоор жоохон ажиллуулаад үз гэсэн. Тэгээд манай хүргэн дадлагажаагүй байсан учир жоохон дадлагажуулсан. Энэ хуучин ухаж байсан нүх байна энийг жоохон үргэлжлүүлэх маягтай ух хүн ухаж байсан юм чинь бодвол алт гарж байсан байж магадгүй энэ нүх рүү жоохон дэлгээд 2,3 метр сунга гээд ухуулсан.
Талийгаач ил буулгасан юмны хажууд байж байсан. Майхан, тогоо, шанага, жижиг зуух тавьчихсан тэрнийхээ ойролцоо сууж байсан. Тэгээд би ойрхон харагдахаар газар байгаарай харагдахаар газар байхгүй бол араатан амьтан баавгай ер нь ихтэй шүү гэж хэлчхээд нэг харсан шланк эвхээд байсан тэгэхээр нь байж л байна биз ямар хамаатай юм? гэсэн талийгаач над дээр хүрээд ирсэн би өмнө нь техник хэрэгсэл рүү дөхөж ирвэл холоос зогсож бай гэж хэлж байсан тэгсэн “...ахаа танд нойлын цаас байна уу?...” гэж хэлхээр нь би байх ёстой гээд халаасандаа үзсэн байдаггүй тэгээд экскаваторын ард харсан чинь нойлын цаас боодолтой байсан тэгээд цаас өгөхөд нилээн авч байснаа надад өгөөд үлдээсэн. Тэгэхээр нь бие засах гэж байгаа юм болов уу гэж бодоод харахад шланк ороочихсон зогсож байсан. Тэгээд манай хүргэн ирээд олигтой юм яриагүй.
Манай хүргэн анзаараагүй хүрч ирээд “...талийгаач хаачсан юм..” гэж хэлхээр нь за чи сууж бай цаа чинь бие засах гээд явсан 10,20 минут боллоо энэ хаашаа явчихав гээд тэр хавийн бүх юм харагддаг өндөр шороон дээр гарсан. Тэгээд харсан чинь юу ч харагддаггүй хүн амьтан байдаггүй. Тэгэхээр Дэлгэрдалай дээр хүрч ирээд би 30-аад минут хайлаа миний хөл өвдөөд доголоод болдоггүй гэж хэлсэн. Тэгээд хүргэн дээр ирээд чи яваад хайдаа гэхэд за гээд хүргэн залуу болохоор ийшээ нэг гүйгээд л тийшээ нэг гүйгээд л хайсаар байгаад олсонгүй гээд хүрээд ирэхээр нь би ерөөсөө явж наадхыг чинь хайя гээд доошоо явахад зам ангийн экскаватор зам янзалж байсан юм.
Тэр дээр очоод “...энүүгээр доошоо хүүхэд яваагүй биз явган нэг залуу...” гэхэд “...үгүй үгүй юу ч яваагүй...” гэхээр нь “...чи хэдийнээс ажиллаж байгаа юм...” гэхэд “...би бараг 11 цагаас хойш ажиллаж байна...” гэхээр нь энэ доошоо ямар ч байсан яваагүй юм байна гэж бодоод би хүүхэд рүүгээ утсаар хэлсэн.
Нөгөө Батука чинь алга болчихсон гэхэд та наагуураа л хай гэхээр нь үгүй ээ наадах чинь аягүй бол Бугант руу нь явчихсан юм уу гэхэд Ариунболд ирээд “...та тэгээд хол хайгаад байгаа юм уу?...” гэж хэлсэн би хол л хайгаад байсан. Тэгсэн манай банди ирээд “...наа чинь ийм хол явахгүй уснаас айдаг юм билээ...” гэж хэлсэн. Хүү “...Ерөө гол руу дагуулж яваад усанд орох гэсэн чинь орохгүй айгаад байсан...” гэж хэлсэн би тэрийг нь бол сайн мэдээгүй. Хүү “...тэгсэн наадах чинь холдоогүй байгаа...” гэж хэлсэн. Тэгээд явж байхад хүү “...та 2 яг хаана хамгийн сүүлд харсан юм...” гэж асуусан. Тэгэхээр нь би энэ хавьд жижигхэн 4х6 харьцаатай нэг нүх байсан юм. Тэр нүхний хавьд хамгийн сүүлд харагдсан.
Гэтэл хүү түрүүлээд явж байснаа “...усны гуталтай байсан энэ нүх рүү халтираад орчихсон юм биш үү...” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь юу гэж дээ наадах чинь арай ч биш юм шиг байна гэж хэлсэн. Яг тэр хооронд аадар бороо ороод өнгөрчихсөн. Борооны дараа сайн ажихад хүн халтираад уначихсан юм шиг мөр байсан. Тэгэхээр нь 2 насосоороо 4 цаг соруулахад ус нь дундрахгүй байсан тэгэхээр нь экскаватороо дөхүүлж ирээд экскаватор нэг хутгалтаараа 300 литр ус авах учир гурвуулаа нийлж ухаад 3 цагийн дараа манай 2 хүүхэд “...аав энэ гар нь байна яг нөгөө газар луу чинь уначихсан юм шиг байна...” гэж хэлсэн.
Би экскаватороос бууж ирээд харсан чинь нээрээ гар тохой нь байхаар нь яршиг наадах чинь уначихсан юм байна цагдаа дуудъя үнэн зөвийг нь олно биз гэж хэлэхэд манай банди явж цагдаа дуудаад маргааш нь цагдаа ирээд хальтирч унасан байдлыг нь олох ажиллагаа болсон...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болормаагийн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт “35-н ам” гэх газар ертөнцийн зүгээр зүүн урд зүгт байрлах газар нутагт хамаардаг. Ц.Цогбадрахыг Бугант тосгоны иргэн гэдгээр нь мэднэ тухайн иргэн нь Бугант тосгонд гэр бүлийн хамтаар олон жил ажиллаж амьдарч байгаа иргэн. ...байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ариунболдын: 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай хүргэн болох Б.Дэлгэрдалай, талийгаач А.Баттөр нарын хамтаар Бугант тосгоны “35 ам” нэртэй газар луу 31 маркийн тээврийн хэрэгслээр алт олборлох зорилгоор явсан. “35-н ам" нэртэй газар очоод тухайн газар модон дунд нуусан байсан Хюндай маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг гаргаж ирээд байрлуулсан. Ингээд тухайн газар нүх ухаж алт олборлох ажлаа эхэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өглөө би тухайн газраас Бугант тосгоны төвд ирсэн бөгөөд надтай зөрөөд манай аав болох Цогбадрах “35-н ам”-руу явсан. ...Тухайн газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох санаачилгыг манай аав Ц.Цогбадрах гаргасан. ...Тухайн газарт 2023 оны 07 дугаар сарын 25-с 27-ны хооронд 2 хоног ажиллаад алт угаах төхөөрөмж дээр 3 удаа 100 орчим шанага шороо хийж угаасан. Гэхдээ тухайн шорооноос огт алт олоогүй. Тухайн газарт манай аав Цогбадрах экскаватораа жолоодоод заримдаа Дэлгэрдалай бид 2-оор ээлжлүүлээд жолоодуулж байсан. Гэхдээ ухах газрыг аав зааж өгч байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Б.Дэлгэрдалайн: “Би 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн хадам аав болох Цогбадрахын гэрт ирсэн. Ингээд маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай хадам ах болох Ц.Ариунболд, талийгаач А.Баттөр нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны “35 ам” нэртэй газар руу алт ухах зорилгоор явсан юмаа. Бид Бугант тосгоноос өглөө 08 цагийн орчимд “35 ам” нэртэй газар руу 31 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Бид “35 ам” нэртэй газар 09-10 цагийн орчимд очсон бөгөөд Ц.Ариунболд моднууд дундаас өмнө нь тухайн газар нуусан байсан бололтой шар өнгийн Хюндай маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг гаргаж ирээд байрлуулсан. Ингээд бид тухайн газар нүх ухаж алт олборлох ажлаа эхэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өглөө манай хадам ах болох Ц.Ариунболд тухайн газраас Бугант тосгоны төв рүү явсан ба түүнтэй зөрөөд манай хадам аав болох Цогбадрах ирсэн. Би ер нь бол би тухайн алт олборлох ажилд хадам ах Ц.Ариунболд, хадам аав Цогбадрах нарын хамтаар экскаваторын операторчоор, талийгаач А.Баттөр ус татах насос ажиллуулж байсан юмаа. Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр экскаватороо жолоодоод газар ухаж байгаад гар утсаар ярих гээд сүлжээ ордог газар руу явсан бөгөөд тухайн үед талийгаач цаана ус татах насосын шланк хурааж байсан. Би цаашаа яваад сүлжээ ордог овоолсон шороон дээр гараад хадам ээж Энхжаргалтай ярчхаад буцахдаа замд байсан цэнгэг усанд нүүр, гараа угаагаад, толгойгоо шавшаад буцаад алт ухаж байсан газраа ирсэн. Би буцаад иртэл талийгаач харагдахгүй байсан бөгөөд би нээх тоолгүй тухайн үед экскаватор жолоодож байсан хадам аав Цогбадрахтай солигдоод суугаад экскаватороо үргэлжлүүлэн жолоодож эхэлсэн. Би экскаватороо ажиллуулаад 30-40 орчим минутын дараа хадам аав Цогбадрах над дээр ирээд “Батука /талийгаач А.Баттөрийн дууддаг нэр/ байхгүй байна. Чи нэг хайгаадхаач” гэж хэлсэн. Ингээд би экскаватороосоо буугаад тухайн газраар хайсан боловч олдоогүй. Би ойролцоогоор 30-40 минут орчим хайгаад олохгүй байсан учир буцаад хадам аав руу очоод хэлтэл хадам аав өөрөө экскаватороосоо буугаад хайхаар болсон. Тухайн газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох санааг манай аав Ц.Цогбадрах гаргасан. ...Тухайн газарт 2023 оны 07 дугаар сарын 25-с 27-ны хооронд 2 хоног ажиллаад алт угаах төхөөрөмж дээр 3 удаа 100 орчим шанага шороо хийж угаасан. Гэхдээ тухайн шорооноос огт алт олоогүй. Тухайн газарт манай аав Цогбадрах экскаватораа жолоодож ухах газрыг аав зааж өгч байсан. Талийгаач Баттөр ойр зуур помп асаах, шланк салгаж, залгах зэрэг ажилд л тусалж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Энхжаргалын: “...тэгээд би тусгай зөвшөөрөлтэй уурхай юм уу зам ангид түрээслэх санаатай хөөлцөлдөж байх хойгуур манай нөхөр “35-н ам” гэх газар луу аваад явсан байна лээ. Би өөрөө Дарханд ажил хөөцөлдөөд ерөнхийдөө тэндээ амьдардаг болохоор хууль бус үйл ажиллагаа явуулсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
“Нуман-Алтай” ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №1/73 ж\- дугаартай “...тухайн талбайн байгаль орчинд 979,076 төгрөгийн хохирол учруулсан байна. Эвдэгдсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 453,647 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын нөхөн төлбөрийн нийт дүн нь 2,937,229 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 63-91 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэцэцэгийн “...Би хүүтэйгээ хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сарын 24-ний орчим уулзсан. Тухайн үед манай хүү “Би Бугант тосгон руу ажилд явлаа. Бугант тосгоны 35-н ам нэртэй газар руу ажилд явна гэж хэлж байсан. Тэгээд дахиад уулзаагүй.Би өөрөө хөдөлмөр эрхлэх боломжгүй бөгөөд манай том охин Дархан-Уул аймгийн Дархан хотод ажил хийдэг юм аа. Ер нь бол намар хувцас бэлдэх гээд л ажил хийдэг байсан. Талийгаач надад Би ажил хийх гэж байгаа. Бугантад хийх ажил байна гэж байсан.Би эхэндээ татгалзаж байсан боловч өөрөө гуйгаад байсан учир зөвшөөрч хөнгөн ажил хийгээрэй гэж хэлсэн юмаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ариунболдын “...Би гэртээ өөрийн тээврийн хэрэгслийг янзлаад байж байтал манай хүргэн Дэлгэрдалай над руу залгаад Батука /талийгаач/ алга болчихлоо. Чи замаараа зөрж байгаа машинуудаас асуугаадхаач гэж хэлсэн. Ингээд би өөрийн машинаар Бугант тосгоноос 35-н ам гэх газар руу явсан. Замаараа зөрсөн хүн машин болгоноос асуусан алхаж байгаа хүн хараагүй, мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд алт олборлож байсан газар очиход хайгаад олоогүй ба бид талийгаачийг хуучин ухсан нүх рүү орчхоогүй байгаа гэж бодоод тухайн хэсэгт байдаг хамгийн гүн карьерын усыг насосоор татаж үзэхэд ус багасахгүй байсан тул экскаватороор хутгаж эхэлсэн. Бид усыг нэлээн шавхаж байгаад цагдаа дуудахаар болсон. Би Дарханд биллиард ажиллуулдаг ба талийгаачийн эгч нь манайд худалдагчаар ажилладаг бөгөөд манай дүүд хийчих ажил байна уу олоод өгөөч гэж гуйсан. Би тухайн хүүхдийг харахад нас бага хүүхэд байсан тул ажиллуулах дургүй байсан боловч эгч Сарнай нь хичээл орох болсон хувцас хичээлийн хэрэгсэл авах хэрэгтэй байна гээд гуйгаад байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Сарнайн: “...Миний дүү А.Баттөр 2023 оны 06 сарын 17-ны өдөр Бугантад Ариунболд гэдэг хүний аавын гэрт ирсэн учир энэ айлд туслах ажил хийхээр ирсэн. 2023 оны 07 сарын 28-ны өглөө Монголжин аниа Баттөр олдохгүй байгаа цагдаад мэдэгдсэн, чи том хүн дагуулаад хүрээд ир гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар Бугант тосгонд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ирээд 4-5 хоног энд Ариунболдын аавынх нь хашаанд туслахаар янз бүрийн ажил хийж байгаад 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд тэр 35-н ам нэртэй газарт очиж алт угаадаг төхөөрөмжид шороо зөөдөг ажил хийсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-205 дугаар хуудас/,
Гэрч А.Монголжингуагийн “...Сарнай дүүгээ аваад яваач гээд гуйгаад байна гэж байсан тэгээд л бид хоёр талийгаачийг Бугант тосгонд 2023 оны 06 дугаар сарын 18-ны орой авчирсан ирэх замдаа талийгаач Бугант гэж ой мод ихтэй мөн ажиллах газар чинь нүх овоолсон шороо ихтэй газар тул болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн. Тэгээд хадам аав Цогбадрах дээр ирээд аав шууд талийгаачийг хараад ийм жаахан хүүхэд ажиллуулахгүй гэхэд Ариунболд эгч нь гуйгаад байгаа юм хичээл ортол ажиллана гэж хэлээд үлдээсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Ган-Эрдэнийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай “...талийгаач А.Баттөрийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач А.Баттөрийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач А.Баттөр нь механик амьсгал бүтэлт, живэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас/,
Шинжээч Т.Биндэръяагийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай “...Хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг гэж заасан тул үйлдвэрлэлийн осолд тооцогдоно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142.6 Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг эхийн нэр, өөрийн нэр төрсөн он сар өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ. Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлах тухай А/122 тушаалын 2 дугаар зүйлийн 2.1.6.6 “бүх төрлийн үнэт металл гар аргаар олборлох үйл ажиллагааг” гэх заалтууд зөрчигдөж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт "...хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна. 28.1 Ажил олгогч нь дараах үүрэгтэй. 28.1.3 хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх гэх заалтууд зөрчигдсөн” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батзаяагийн: “...Энэ оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шөнө байсан санагдаж байна Б.Дэлгэрдалай гэх залуу орж ирээд манай аав Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны 35 ам гэх нэртэй газар экскаватор ажиллуулан газар ухаж байсан тэгсэн аав дээр ажилладаг 16 настай залуу алга болчихлоо. Өдөр нь ажлаа муу хийгээд байхаар нь аав загначихсан юм тэгээд уурлаад явчих шиг боллоо тэр хавиар хайгаад олсонгүй тэгээд ажиллаж байгаа газрын хажуугийн хиймэл нуур буюу ухсан карьерын усанд уначихсан юм шиг байна одоо экскаватороороо усыг шүүгээд дийлэхгүй байна гэсэн мэдээллийг надад өгсөн. Шөнө оройн цаг болсон болохоор би уг мэдээллийг цагдаагийн газрын удирдлагад танилцуулж ажлын хэсэг юутай ч гаргасан нь дээр юм шиг байна хувиараа алт олборлодог иргэд өөрсдөө бол зөвшөөрөл байгаа гээд байгаа юм зөвшөөрөлтэй эсэхийг очиж байж мэднэ ямартай ч тухайн бригадын ажилтан насанд хүрээгүй хүүхэд нас барсан байж болзошгүй юм шиг байна гэж мэдээллийг өгсөн. Тэгэхэд цаг шөнийн 03-04 цаг болж байсан байхаа. Тэгээд өглөө эртхэн Зил-121 маркийн тээврийн хэрэгсэл олоод нөгөө мэдээлэл өгсөн залуу Дэлгэрдалайг дагуулаад хэргийн газарт очсон. Очиход “35 ам” гэх газарт 2900 байсан байхаа шар өнгийн экскаватор хажууд нь алт угаах төхөөрөмж буюу гитарын буу, помп зэрэг эд зүйлс байсан. Миний бие экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад М.Билгүүний хамтаар явсан бөгөөд бригад ахалж байсан гэх Цогбадрахтай уулзаж болсон асуудлын талаар тодруулахад "Би энд ирээд хэсэг ажилласан юмаа анх ирэхдээ гурвуулаа ирсэн, манай хүргэн түлш зөөж өгдөг юм. Бидний энэ ажиллаж байгаа газар хуучин ухагдсан байсан газар хүргэний танилцуулсан 16 настай хүүг ажиллуулчих гээд гуйгаад байхаар нь ажилд авсан юм тэр хүү ойр зуурын помп энээ тэрээ хийгээд явдаг. Өчигдөр ажил төрлөө сайн хийхгүй байхаар нь ажлаа сайн хий гээд загнах нь загнасан юм тэгээд би ч экскаватороо ажиллуулаад бас гитарын буу энэ тэрээ гээд байж байтал нөгөө 16 настай хүү олдохгүй байсан юм хүргэн бид хоёр хайж хайж байгаад арай энэ ухсан нүх рүү орчихсон юм биш биз дээ гэж бодоод экскаватороороо болон хоёр помпоороо усыг нь шавхаж үзтэл нөгөө хүү живээд нас ба байсан тэр хүүгийн гар хэсэг нь харагдаж байсан. Тэр ухсан нүх нь нэлээн шавар лаг ихтэй 4-5 орчим метр гүнтэй болов уу талийгаач хүү урт түрийтэй усны гутал өмсчихсөн байсан ус руу унаад гутал руу нь ус ороод, лаг шаварт зууралдаад гарч чадаагүй болов уу. Талийгаач яг өндөр эргийн хажуугаар явж байгаад унасан юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Б.Дэлгэрдалайн яллагдагчаар өгсөн: Дээрх хэрэг болох үеэр би хууль бусаар бичил уурхай эрхэлж байгаа талаах мэдээгүй юм. Би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуульд математикийн багш ажилтай бөгөөд хэрэг болох үеэр сургуулийн зуны амралт эхэлсэн байсан мөн тухайн үед хадам аав болох Ц.Цогбадрах бичил уурхай эрхлэх сургалтад хамрагдаж бичил уурхай эрхлэх зөвшөөрөлтэй болсон гэж хэлээд намайг дуудсан. Тэгээд л би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ирж аавын хамтаар бичил уурхайд ажиллаж байсан. Ер нь бол би аавыг бичил уурхай эрхлэх зөвшөөрөлтэй гэж ойлгоод л хамт ажиллаж байсан юмаа” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...дээрх хэрэг гарах үед би өөрийн хүргэн Б.Дэлгэрдалайг дуудаад бичил уурхай хамт эрхэлж байсан юмаа. Ер нь бол би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бичил уурхай эрхлэх сургалтад суугаад зөвшөөрөл гарч байсан юмаа. Ингээд зөвшөөрөл удахгүй гарах байсан учир би 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хүргэн Б.Дэлгэрдалайг Улаанбаатар хотод зүгээр байж байхаар ирж жаахан ажиллаж мөнгө олог гэж бодоод л дуудсан юмаа. Тэгээд би хүргэндээ бичил уурхай эрхлэх зөвшөөрөл гарсан гэж хэлээд хамт ажиллаж байсан. Харин манай хүү Ариунболд тухайн бичил уурхай эрхлэх үйл ажиллагаанд оролцоогүй. Сүүлд хамт ажиллаж байсан А.Баттөр алга болчихсон учир би Ц.Ариунболдыг гар утсаар дуудсан юмаа. ...би уурхай эрхлэхээр гарахдаа талийгаач А.Баттөрийг хөнгөн ажил хийлгэх, юм зөөх гэх мэт ажилд туслуулах гээд л аваад явсан юмаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг болно.
-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,
-Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 04-13, 176-181 дүгээр хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-189 дүгээр хуудас/,
-Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-17 дугаар хуудас/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар хуудас/
-“Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/73 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...солбицол бүхий талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гараагүй, зөвшөөрөлгүйн талбайн хэмжээ 90.8 метр квадрат буюу 0.01 га байна. Тухайн талбайгаас ургамлын аймагт 8.383 төгрөг, усан орчинд 756,473 төгрөг, газарт 72 төгрөг, газрын хэвлийд 150.837 төгрөг, хөрсөнд 63.312 төгрөгийн хохирол учруулсан. Солбицол бүхий талбайд урьд өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын байдлаар үйл ажиллагаа явуулаагүй эрүүл газар байсан ба ямар нэг ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөлгүй талбай байна. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 9.979.076 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 453.647 төгрөг байна. тус газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын нөхөн төлбөрийг тооцоолбол эдэлбэр газар 3, газрын хэвлий 2, хөрс 3, ургамал 5, усан орчин 3 дахин тус тус нэмэгдүүлснээр байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн нийт дүн нь 2.937.229 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
-Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/29-01/070/33 дугаартай улсын байцаагчийн актаар “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 2.803.160 /хоёр сая найман зуун гурав нэг зуун жаран/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 82-83 дугаар хуудас/
-Ашигт малтмал гарын тосны газраас Ц.Цогбадрахад тусгай зөвшөөрөл олгогдсон эсэх лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/,
-Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 119 дүгээр хуудас/,
-Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 106-113 дугаар хуудас/,
-Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 111 дугаар хуудас/,
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 112 дугаар хуудас/,
-Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/,
-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар хуудас/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 133-139 дүгээр хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 140 дүгээр хуудас/,
-Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 141-р хуудас/
-Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 170-р хуудас/
-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 172-р хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн талаар:
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч Ц.Цогбадрах нь дээрх хууль, журмыг зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “35-н ам” гэх газарт Хюндай 3000 LC-7 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж байгаль экологид 979,076 төгрөгийн шууд хохирол, 2,937,229,төгрөгийн хор уршиг учруулжээ. Тус газар нь Монгол Улсын гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамааралтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ц.Цогбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ний шинжээч дараах байдлаар дүгнэлт гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Нийт үнэ, төгрөг |
| 1 | Эдэлбэр газар | 72 төгрөг |
| 2 | Газрын хэвлий | 150,837 төгрөг |
| 3 | Хөрсөн бүрхэвч | 63,312 |
| 4 | Ургамалын нөмрөг | 8,383 |
| 5 | Усан орчин | 756,473 төгрөг |
| 7 | НИЙТ ДҮН | 979,076 төгрөг |
| Нөхөн сэргээх ажлын зардал 453,647 төгрөг болно. | ||
Шүүгдэгч Ц.Цогбадрах нь гэмт хэргийн улмаас байгаль экологид 979,076 төгрөгийн шууд хохирол, 2,937,229 төгрөгийн хор уршиг учруулсан ба шүүгдэгч шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн талаар:
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Цогбадрах нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “35-н ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.6 дахь хэсэгт заасан “Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг эхийн нэр, өөрийн нэр төрсөн он сар өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ. Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлах тухай” А/122 тушаалын 2 дугаар зүйлийн 2.1.6.6 “бүх төрлийн үнэт металл гар аргаар олборлох үйл ажиллагаа”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь дараах үүрэгтэй. 28.1.3-т хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх гэх заалтуудыг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас туслах ажилтнаар ажиллаж байсан 15 настай А.Баттөр нь ус татах насос ажиллуулж байх үедээ ашигт малтмалын олборлолтын явцад үүссэн тогтоол усанд унаж нас барсан нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ц.Цогбадрах нь дээрх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон, түүний улмаас насанд хүрээгүй А.Баттөр нь ашигт малтмалын олборлолтын явцад үүссэн тогтоол усанд унаж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 -д “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ц.Цогбадрахыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэдсэн хохирол хор уршиг учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж, хохирол хор уршиг нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч Ц.Цогбадрах амь хохирогчийн оршуулгын зардал болон ар гэрт нийт 15.826.000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.Цогбадрах нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэх санал гаргасныг зарим хэсгийг хүлээн авах боломжтой гэж шүүх тус тус дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Цогбадрахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, түүний насны байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цогбадрахыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн Ц.Цогбадрахын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Цогбадрахад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг түүнийг хорих ангиас суллагдсан үеэс эхлэн тоолох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Цогбадрахын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai робекс 3000 LC” маркийн 47-93 УН улсын дугаартай экскаватор нь иргэний нэхэмжлэгч Дөрвөд овогт Цэрэндашийн Энхжаргалын өмчлөлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 39, 43 дугаар тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд “Hyundai робекс 3000 LC” маркийн 47-93 УН улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Дөрвөд овогт Цэрэндашийн Энхжаргалд /МТ70061601/ буцаан олгож, түүний үнэ болох 14.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Цогбадрахаас гаргуулж улсын орлогод оруулж, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхийн алт угаах төхөөрөмж гитарын буу 1 ширхэг, ус татах насос помп 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчээс гаргуулж устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтыг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Цогбадрахаас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Цогбадрах нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархад Ван овогт Цэдэнбалжирын Цогбадрахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт, 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Дархад Ван овгийн Цэдэнбалжирын Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогбадрахад оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цогбадрахыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг хорих ангиас суллагдсан үеэс эхлэн тоолох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогбадрахад тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цогбадрах нь хохирогч талд 15.826.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогбадрахын хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai робекс 3000 LC” маркийн 47-93 УН улсын дугаартай экскаваторыг иргэний нэхэмжлэгч Дөрвөд овогт Цэрэндашийн Энхжаргалд /МТ70061601/ буцаан олгож, түүний үнэ болох 14.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Цогбадрахаас гаргуулж улсын орлогод оруулж, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхийн алт угаах төхөөрөмж гитарын буу 1 ширхэг, ус татах насос помп 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчээс гаргуулж устгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар ус татах насос /помп/, алт угаах төхөөрөмж зэргийг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Цогбадрахаас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Шүүгдэгч Ц.Цогбадрах нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ