Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

2020               4            09                                       2020/ДШМ/446

 

Б.Бид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Э.Үнэнсайханы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Бид холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бын Б, 1995 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, “...” СӨХ-д харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, эгч, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.Б нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” худалдааны төвийн баруун замд 2019 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 2 цаг 10 минутын үед “Тоёота Приус-20” загварын ...УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Я, Э.Б нарыг мөргөж, Э.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Яын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бын Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, В ангиллын 1238948 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрөө бүхэн барагдуулсан. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тухайн осол гарсан. Нэн даруй Б нь эмнэлэг рүү түргэн дуудаж хохирогчийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн, байнга эм тариа, үзлэг оношилгоо, хоол унд, бусад мөнгөн тусламжийг өөрийн зүгээс шаардлагатай үед нь нэн даруй үзүүлсэн байдаг. Хохирогч нарын зүгээс эмчилгээтэй холбоотой баримт мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өгөөгүй ч Б эмчилгээнд дансаар 490.000 төгрөг, бэлнээр 377.350 төгрөг төлж нийт 867.350 төгрөгийг хохирол төлсөн. Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Харин тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-т зааснаар торгох ялыг оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Учир нь миний үйлчлүүлэгч Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал нь “...” сууц өмчлөгчдийн холбоо ХХК-д 24/48 цагаар харуулын ажил эрхэлдэг бөгөөд ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэн хийснээр эхнэр А.Сайнжаргал нь 2020 оны 2 дугаар сарын 6-нд амаржсан бөгөөд, анхны хүүхдээ цаашид өсгөж хүмүүжүүлэхэд, санхүүгийн хувьд дэмжлэг болох мөн хохирогч нарт санхүүгийн туслалцааг үзүүлэхэд чухал ач холбогдолтой зэрэг миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч байсан 2 явган зорчигчийг мөргөж нэг хохирогчид хүндэвтэр, нөгөөд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын зүгээс 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Учир нь, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй. Гэхдээ Б.Б гэмшсэндээ 867.300 төгрөг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр Б.Б нь “би ажил, хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой” гэсэн учир прокурорын зүгээс хувийн байдлыг нь харгалзан үзэж торгуулийн ял оногдуулах санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс торгуулийн ял оногдуулах нь үндэслэлгүй гэж шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан байсан. Иймээс анхан шатны шүүхээс шүүгдэгчид хамгийн багаар буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг торгох ялаар солихгүй” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 02.10 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” худалдааны төвийн баруун замд “Тоёота Приус-20” загварын ...УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Я, Э.Б нарыг автомашинаар мөргөж, хохирогч Э.Бийн эрүүл мэндэд баруун умдаг ясны доод салааны сэлтэрсэн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, баруун нүдний зовхи, хацар, шанаанд цус хуралт, баруун хацарт шарх, зулгаралт, баруун, зүүн тахим, шилбэ, баруун өсгийнд цус хуралт, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, иргэний хариуцагч Э.Яын эрүүл мэндэд зүүн өвдөгний тойг ясны цууралт, өвдөгт цус хуралт, духны зүүн хэсэгт шарх, зулгаралт, дээд уруул, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Бийн “...Бид хоёр хамгийн ард нь явж байсан. Би тухайн үед нөхрийнхөө гараас хөтлөөд чирэгдэх маягтай ард нь явж байхад миний баруун гар талаас нэг гэрэл орж ирээд машинд мөргүүлсэн. Тэгээд юу болсноо санахгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...” гэх /хх 13-14/,

иргэний нэхэмжлэгч Э.Яын “...Тэгээд би эхнэрийнхээ гараас хөтлөөд араасаа дагуулаад алхаж байхад замын урдаасаа хойшоо чиглэлийн 3 дугаар эгнээний машин зам тавьж өгөөд зогсохоор нь бид хоёр цаашаа алхтал замын 2 дугаар эгнээгээр гэнэт нэг машины гэрэл тусаад машин ороод ирэхээр нь ирээд зогсох байх гэж бодоод гараа урдаа аваад зогстол түс тас гээд нөгөө машин эхнэр бид хоёрыг мөргөсөн юм. Тэгсэн би замын нэгдүгээр эгнээнд боржур мөргөөд уначихсан. Манай эхнэр замын хоёрдугаар эгнээнд хэвтэж байсан. ...” гэх /хх 18/,

шүүгдэгч Б.Бийн “...Тэгээд 13 дугаар хорооллын уулзвараар зүүн гар тийшээ эргээд Сансарын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд замын нэгдүгээр эгнээгээр 35-40 км/цагийн хурдтай явж байхад миний зүүн гар талаас буюу замын хоёрдугаар эгнээнээс нэг машин над руу дараад замын хоёрдугаар эгнээ рүү орох үед явган хүний гарц ойртчихсон, тухайн гарцаар хоёр хүн ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гарч таарсан юм. Тэгээд би тулаад ирчихсэн байсан учраас тоормос гишгээд зогсож амжилгүй тэр хоёр хүнийг автомашиныхаа урд хэсгээр мөргөсөн. ...” гэх /хх 57-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “...1. Э.Бийн биед баруун умдаг ясны доод салааны сэлтэрсэн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, баруун нүдний зовхи, хацар, шанаанд цус хуралт, баруун хацарт шарх, зулгаралт, баруун, зүүн тахим, шилбэ, баруун өсгийнд цус хуралт, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 8658 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “...1. Э.Яын биед зүүн өвдөгний тойг ясны цууралт, духны зүүн хэсэгт шарх, зулгаралт, дээд уруул, эрүүний оочинд зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Зүүн өвдөгний тойг ясны цууралт, духны зүүн хэсгийн шарх гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруул, эрүүний оочны зулгаралт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 1546 дугаартай дүгнэлт /хх 143-144/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнийг тухайн зүйлд зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайханы гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгчид оногдуулбал зохих ялын төрөл, хэмжээний талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгааг, мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох хэсэгт шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй  заалт бичигдсэн байгааг энэхүү магадлалд анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ