| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2026/0267/З |
| Дугаар | 221/МА2026/0616 |
| Огноо | 2026-08-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0616
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.4-т заасны дагуу нэхэмжлэгчтэй 2024 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 647 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, өмгөөлөгч Б.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0267/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.4-т заасны дагуу нэхэмжлэгчтэй 2024 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 647 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг баримтлан “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... “М” ХХК-ийн бизнесийн хэвийн үйл ажиллагаа ковид цар тахал, хилийн хорин, улс оронд үүссэн эдийн засгийн хямралын улмаас тасалдаж, харилцагч компаниудаас авах авлага хойшилсон, банкны зээл хугацаа хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас компанийн санхүүгийн байдал хүндэрч, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөр хуримтлагдсан. Компанийн санхүүгийн тайлан алдагдалтай гарч төлбөрийн чадвар муудсан тул нийгмийн даатгалын шимтгэлийн үүссэн өр төлбөрийг нэг дор төлөх боломжгүй нөхцөл үүссэн юм.
Иймд бидний зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт заасныг үндэслэн өр төлөх нарийвчилсан хуваарийн дагуу гэрээ үйлдэн баталгаажуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт удаа дараа хүргүүлсэн юм.
Гэтэл Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас дээрх хүсэлтийг хангаагүй бөгөөд компанийн удирдлагатай уулзалт хийгээгүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын 6.6.4 дэх хэсэгт заасны дагуу шимтгэлийн өрийг хуваарийн дагуу төлөх тухай гэрээ байгуулах талаар шийдвэр гаргахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэл мөн гэж бид үзэж байна.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заасан ба дараах байдлаар шат дараалсан арга хэмжээг зохицуулсан. Үүнд уг журмын 6.6.4 дэх хэсэгт “181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулах, Санамж: 1.Гэрээг 12 хүртэл саарын хугацаагаар байгуулна”, 6.7 дахь хэсэгт “...энэ журмын 6.6.4-т заасан гэрээг 6 хүртэл сарын хугацаагаар нэг удаа сунган шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байдаг.
Дээрх зохицуулалтаас харахад ажил олгогчийн шимтгэлийн өрийг төлөгдөөгүй хугацаагаар нь ангилахаар заасан бөгөөд журмын 6 дугаар зүйлийн 6.6.4 дэх хэсэгт “181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулна” гэж нийгмийн даатгалын байгууллагын авах арга хэмжээг маш тодорхой заасан байна.
Гэтэл хариуцагчийн зүгээс шүүхэд тайлбар өгөхдөө дээрх журмын зохицуулалтыг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй гэсэн байдлаар тайлбарлаж, их хэмжээний өр төлбөр, алдангийг нэг дор төлүүлэхээр хүчилж байх бөгөөд үүний улмаас ажил олгогч байгууллагын эрх, ашиг хөндөгдөж, эрх зүйн байдал нь дордоход хүрээд байна.
Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журам, энэ хуулийн 7.15-д заасан гэрээний загварыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан бөгөөд уг зохицуулалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 сарын 25-ны өдөр А/199 дүгээр тушаал гарч “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг гаргаснаар шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж байгууллага өр төлбөрийг нэг доор бус хуваарийн дагуу хуваан төлж барагдуулах боломжийг олгосон зохицуулалт юм.
Тийм учраас манай компанийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч болон нэхэмжлэгчийн хооронд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулахыг баталгаажуулах талаар нийтийн эрх зүйн харилцаа үүсэх ёстой байсан эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн юм. Учир нь уг асуудлыг тогтоолгосноор манай компанийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг тодорхой хуваарийн дагуу хувааж төлөх, энэ хугацаанд бусад өр төлбөр буюу банкны зээлийн өр, харилцагч компаниудын өр төлбөрийг төлөх боломж үүсэх бөгөөд ингэснээр компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал хэвийн болох нөхцөл үүсэх юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9-д “Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М ХХК нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн өр үүсгэсэн болох нь тогтоогдсон тул шимтгэлийн өрийн насжилтыг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн тооцно”, 10-д “Иймд, М ХХК-ийн нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн өрийн насжилтыг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн тооцвол 2024 оны 7 дугаар сарын байдлаар 970 хоногийн шимтгэл төлөх өрийн насжилттай байх тул ... журмын зохицуулалтыг хэрэглэх харилцаа үүсэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
Анхан шатны шүүхийн энэхүү үндэслэл хуульд нийцэхгүй байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам” нь Нийгмийн даатгалын шинэ хууль 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шинээр баталсан журам бөгөөд 2024 оноос өмнөх шимтгэлийн өр төлбөрийн асуудлыг 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулж ирсэн.
Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн ... энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, мөн хуулийн 6.15-д “нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17 ... хэсэгт заасан зөрчил” гэж заасан.
Бид 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 сар хүртэл үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг дээрх хуулиудын дагуу зохицуулагдана гэж үзэж байх бөгөөд энэ хугацааны шимтгэлийн өрийг хариуцагчаас нарийвчилсан хуваарь, гэрээ үйлдэн баталгаажуулах ёстой гэж маргаагүй болно.
Гагцхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам” нь 2024 онд шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор журмын 6.6.4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 1 дүгээр сараас 270 хоногийн /9 сар/ хугацаанд хамаарах шимтгэлийн өр төлбөрийг өр төлөх нарийвчилсан хуваарь, гэрээ үйлдэн баталгаажуулах зохицуулалтыг хэрэглэх харилцаа үүсэх боломжтой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ийн 6.4-т “Шимтгэлийн өрийн насжилтыг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан хугацааны дараагийн сарын 01-ний өдрөөс эхлэн тооцно” гэж зааснаар шимтгэлийн өрийн насжилтыг хэрхэн тооцох талаар зохицуулсан байна.
Тодруулбал, “М” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сард үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн насжилтыг тооцохдоо дараагийн сарын буюу 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн насжилтыг тооцохоор байна.
Ингээд 2024 оны 02 сарын 01-ний өдрөөс 270 хоногийг тоолоход 2024 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд журмын 6.6.4-т заасан өр төлөх нарийвчилсан хуваарь, гэрээ үйлдэн баталгаажуулах зохицуулалт хэрэгжихээр байна.
Гэтэл хариуцагч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар нь дээрх хугацаа дуусаагүй байхад “М” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сард үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг гаргуулахаар 2024 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь журмын 6.6.5-д “271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ” гэх заалтыг зөрчсөн юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.4-т заасны дагуу нэхэмжлэгчтэй 2024 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.6.4-т заасны дагуу нэхэмжлэгчтэй 2024 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нарийвчилсан хуваарь тогтоож, гэрээ байгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... “М” ХХК нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн өр үүсгэсэн болох нь тогтоогдсон тул шимтгэлийн өрийн насжилтыг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн тооцно, ... 2024 оны 7 дугаар сарын байдлаар 970 хоногийн шимтгэл төлөх өрийн насжилттай байх тул хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрыг журмын 6.6.4-т ... заасны дагуу шимтгэлийн өрийг хуваарь гарган төлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах, мөн журмын тус зохицуулалтыг хэрэглэх харилцаа үүсэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
2.3. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын 6.6-д “Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:”, 6.6.4-д “181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулах” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам” нь 2024 онд шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор журмын 6.4-т зааснаар тус компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн насжилтыг тооцохдоо дараагийн сарын буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор байна, ингээд 270 хоногийг тоолоход 2024 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд журмын 6.6.4-т заасан өр төлөх нарийвчилсан хуваарь, гэрээ үйлдэн баталгаажуулах зохицуулалт хэрэгжинэ” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй.
2.4. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2021 оны 11 сараас эхлэн ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутган авсан нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 11 дүгээр сар хүртэл нийт 970 хоног нийгмийн даатгалын санд төлөөгүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын 6.4-д “Шимтгэлийн өрийн насжилтыг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хугацааны дараагийн сарын 01-ний өдрөөс эхлэн тооцно” гэж заасны дагуу тус компанийн шимтгэлийн өрийн насжилтыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр тоолж эхлэх, улмаар тус хугацаанаас өмнөх хугацаанд шимтгэлийн өр төлбөргүй байсан гэж үзэх боломжгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН