Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 112/ШШ2022/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

            Нэхэмжлэгч: “У А”Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газрын дарга Э.Э 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм, М.Энхзаяа

            Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******, Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Х, Ц.Б  нарын хоорондын аймгийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36,472,282.92 төгрөгийн нөхөн төлбөр, 14,588,913.17 төгрөгийн торгууль, 2,626,004.37 төгрөгийн алданги нийт 53,687,200.46 төгрөгийн төлбөр тогтоосон актанд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А /цахимаар/, А.Х, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Бямбадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “У А”Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газрын дарга Э.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн                НА-05210000012 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36,472,282.92 төгрөгийн нөхөн төлбөр, 14,588,913.17 төгрөгийн торгууль, 2,626,004.37 төгрөгийн алданги нийт 53,687,200.46 төгрөгийн төлбөр тогтоосон актанд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэв.

 2. “У А”Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн газрын дарга Э.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  үндэслэлдээ: “У А”Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газар нь Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаар бүхий Нөхөн Ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймгийн ******* нь тус нөхөн ногдуулалтын актаар Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг болон бусад журам аргачлалыг үндэслэн 37.485.519.29 төгрөгийн нөхөн татвар, 14.902.862.26 төгрөгийн торгууль, 2.790.417.08 төгрөгийн алданги, нийт 55.178.798.63 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Манай байгууллага нь Есөнбулаг сумын хүн ам, аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангаж, тэр орлогоосоо төсөв бүрдүүлж ажилчдынхаа цалин хөлс болон бусад үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Усны газар дүгнэлт гаргасан боловч манай байгууллагын нийт олборлосон усны хэмжээгээр бохир усны дүгнэлтийг гаргаж хөнгөлөлт эдлэх аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн хэрэглээг хасалт хийлгүйгээр үндэслэлгүйгээр 36.472.828.92 төгрөгний татвар ногдуулсан байдаг. Уг төлбөрийг манай байгууллага хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад гомдол хүсэлт гаргаж байсан. Улмаар дахин Усны газраас гомдлыг хянаж шийдвэр гарган 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/1019 тоот албан бичгээр хаягдал усны дүгнэлтээр бохирдуулсан усны төлбөрт 6.781.498.89 төгрөг болсон. Энэ талаар мэргэжпийн байгууллагын гаргасан дүгнэлт болон тайлбарыг Усны газраас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 01/1093 тоот бичгээр Говь-Алтай аймгийн *******т тайлбар хүргүүлсэн. Тус тайлбарт “У-А” Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн газарт ногдох 6.781.492.89 төгрөгийг төлүүлэхээр арга хэмжээ авч ажиллана уу гэдэг.

  Усны хэмжээ яагаад хоёр өөр байна вэ? гэхээр эхний явуулсан мэдээ нь манай олборлосон усны хэмжээгээр мэдээ явуулсан. Гэр хорооллын айл өрхүүдийн тоо мэдээг хасаж явуулсан. Шугам, сүлжээнд холбогдсон байгаа мэдээллийг явуулсан  сүүлийн явуулсан мэдээ. Энэ холбоотой асуудлаар Улаанбаатар хотод бүх салбар яам, аймгуудын бүх нийтийн аж ахуй байгууллагуудын удирдлагуудын  зөвлөгөөн болсон юм. Энэ дээр манай аймгийг  бүх газруудад жишээ болгож ярьж байна гэж байна. Манайхаас өөр татвар төлөөд маргаан үүсгээд шүүх цагдаа дээрээ тулсан ийм байгууллага 3 сарын байдлаар нэг ч байгаагүй бүгд төлбөрөө төлөх юм уу? үгүй юм уу? гэдэг дээрээ эргэлзээтэй байдалд орсон. Тухайлбал Ус сувгийн уудирдах газар нь 9 тэрбумын төлбөр тавигдсан байсан. Энийг ямар ч төлөх боломжгүй учраас энэ асуудлыг яах вэ? татварын ерөнхий газрын хүмүүс, байгаль орчны яам зэрэг газруудын бүх хүмүүс тэр хурал дээр зөвлөлдсөн. Ус бохирдуулсны төлбөр төлөх журам нь үнэхээр учир дутагдалтай байна. Ямар зүйлээрээ ялгаатай байна гэхээр зарим бодис дээр төлбөр тавина гээд зарим бодис дээр нь тавихгүй гэдэг. Нийтийн аж ахуйн байгууллага гэдэг нь эдийн засгийн чадавхын хувьд сул дорой газруудаар нэмж төлбөр тавиад байна гэж байгаа. Манайд 56,000,00 төгрөгийн төлбөр тавьж байгаа нь танай цэвэрлэх байгууламжид зарцуулагдах юм гэдэг тайлбарыг татварын байцаагч нар хэлдэг. Энэ шийдвэр нь одоо өөрөөс нь аваад өөрт нь буцаагаад өгч байгаатай адил гэж үзэж байна. Энэ төлбөр ногдуулсны үр дүнд манай ажилчид 10-11  дүгээр сарынхаа цалингаа авч чадаагүй. Манайд ямар хүмүүс ажилладаг гэхээр зорилтод түвшингийн хамгийн бага цалинтай амжиргааны түвшин хамгийн доогуур хүмүүс ажилладаг юм. Энэ хүмүүс нь хоёр сар цалингаа авч чадахгүй байгаа нөхцөл үүссэн. Дээрээс нь манай байгуулллага усны шинэ эх үүсвэртэй болсон. Энэ эх үүсвэр нь  өртөг, зарлага өндөртэй төсвөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй. Тэгээд ийм хүн байгууллагыг ойлгоо ч гэдэг зүйлийг Барилга хот байгуулалтын яамнаас Татварын газарт хандсан мөн байгаль орчны хүмүүс хэлсэн. Энэ байгууллага үнэхээр хэцүү байна гэдгийг хэлсэн. Ганцхан Говь-Алтай аймаг энэ ус бохирдуулсны төлбөрийг төлсөн байна. Энэ асуудал дээр баг гарган ажиллах та бүхэн энэ асуудал дээр саналаа өг гэдэг асуудлыг зөвлөгөөн дээр ярьсан. Энэ төлбөрийг манай дээр тавих юм бол иргээд манай байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл нь алдагдахаар байгаа юм.

 Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ус бохирдуулагч нь бохирдуулах бодисыг хаягдал усны стандарт заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийг хоёроос тав дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж бохирдуулсан бодис бүрээр тогтооно гэж заасан бөгөөд Усны газар нь Есөнбулаг сумын байгаль орчны улсын байцаагч Н.О-ийн хянаж, баталгаажуулсан хаягдал усны хэмжээг тогтоосон актыг үндэслэн Усны газраас 2021 оны 58 дугаартай “Хаягдал усны дүгнэлт” гаргаж У-А” Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газар, Х н- З г-ын сав газрын захиргаа, Говь-Алтай аймгийн *******т хүргүүлсэн. Мөн хавтас хэргийн материалд Говь-Алтай аймаг, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 74 дүгээр албан тоотоор “Байгаль орчны шинжилгээний лаборатори нь итгэмжлэлд хамрагдаагүй тул дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн албан тоот ирсэн байдаг.

  Үүнээс дүгнэхэд дүгнэлт гаргах эрхгүй этгээдийн гаргасан дүгнэлтэд үндэслэж Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг зөрчиж Говь- Алтай аймгийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36,472,282.92 төгрөгийн нөхөн төлбөр, 14,588,913.17 төгрөгийн торгууль, 2,626,004.37 төгрөгийн алданги нийт 53,687,200.46 төгрөгийн төлбөр тогтоосон акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7 дугаар зүйлд заасан тухайн актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус акт байх тул холбогдох хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

  3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Говь-Алтай аймгийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэг буюу ус бохирдуулсны төлбөр тооцсон нөхөн төлбөр торгууль, алданги тогтоосон нийт 53,600,000 төгрөгийн төлбөр тогтоосон акт нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ямар учраас илт хууль бус юм бэ? гэхээр Есөнбулаг сумын аж нэгж, иргэд, байгууллагыг цэвэр усаар хангадаг ба тэр орлогоосоо төсвөө бүрдүүлж явуулдаг ийм байгууллага. Гэтэл энэ их хэмжээний оногдуулж байгаа 53,600,000 төгрөгийн нөхөн төлбөрийг бол бодит байдалд биелүүлэх боломжгүй байгууллага юм. Хариуцагч байгууллагын хоёр байцаагч нь бид нар бол нөхөн ногдуулалтын акт тогтоосон гэж хэлж байна. Ингэж тогтоохдоо усны газраас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 58 дугаартай усны дүгнэлтийг үндэслэж татвар ногдуулсан гэж байна. Энэ талаар удаа дараа асуусан боловч хариулж чадсангүй. Акт дээрээ бичихдээ  усны тухай хуулийн 25.2 гээд бичсэн байсан ба тайлбар өгөхдөө 24.2 үндэслэл болгосон гэж ярьж байгаа боловч 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ус бохирдуулсан тухай усны газрын дүгнэлт нь өөрөө ус бохирдуулсны төлбөрөөс тухайн хуулийн 8.1, 8.3 дахь хэсэгт зааснаар бол нийт олборлосон усны хэмжээгээр бохир усны хэмжээ болон хөнгөлөлт эдлэх айл өрхүүдийг хасахгүйгээр дүгнэлтийг гаргаад  төлбөр ногдуулсан нь хэргийн материалд харагдаж байна. Нэхэмжлэгч байгууллага нь дээд шатны байгууллагад хандаад  дахиад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтээр хасаж тооцоод 6.700,000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулах дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Усны газраас Татварын ерөнхий газар луу 6,700,000 төгрөгийг төлүүлэх арга хэмжээг авч ажиллана уу гэдэг. Энийг Татварын газраас тоож авч хэлэлцээгүй бид нар анх тогтоосон акт дээрээ л хариуцлага болон төлбөрийг авна гэдэг асуудлыг өмнөөс хэлдэг. Хавтаст хэргийн нотлох баримтын хүрээнээс харах юм бол 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр усны газрын шүүхэд гаргаж өгсөн тайлбар байдаг. Энэ хоёр дүгнэлтийн талаар тайлбарыг тодорхой бичээд өгсөн байдаг. Салбар эрх зүйгээрээ, усны тухай хуулиараа тодорхой заагаад бичээд өгсөн байдаг. Энэ дүгнэлтийг гаргах эрх бүхий субьект нь усны газар байдаг. Тухайн газар өөрөө манайх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн энэ дүгнэлт нь хүчинтэй юм гэдэг тайлбараа бичиж өгсөн. Энэ татварын газрын үндэслэл болгоод байгаа 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 58 дугаартай дүгнэлт нь эрх зүйн үйлчлэлгүй, хүчингүй болсон Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн үйлчлэлгүй дүгнэлт болоод байгаа. Илт хууль бус болох үндэслэлийн талаар хэлэх юм бол. Захиргааны үйл ажиллагааны зарчимд захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд хуульд үндэслэсэн байх ёстой гэж заасан байсан. Гэтэл ямар хуульд яаж үндэслэж байгаа юм гэхээр манай байгууллага нь хуульд үндэслээгүй усны газрын дүгнэлтийг бариад нөхөн төлбөр, акт тогтоосон гэдэг. Хяналт шалгалт хийсэн байцаагч нар нь хэлэхдээ бид нар бүх санхүүгийн болон бусад бичиг баримтыг нь шалгаж үзээд нөхөн ногдуулалтын актыг тавьсан гэж хэлдэг. Тухайн нөхөн ногдуулалтыг актыг тавихаасаа өмнө 2021 оны 04 сарын 16-ны өдрийн акт дээр танай байгууллага хяналт шинжилгээгээ явуулаад дүгнэлтээ гаргаж байж акт тавих ёстой байсан.

 Усны тухай хуулийн 25.2 дахь хэсэгт заасныг хэрхэн баримталсан юм нөгөө магадлан итгэмжлэгдсэн лаборатори нь гаргасан юм уу? усны хэмжээ тооцоо нь яаж гарсан юм, нэхэмжлэгч байгууллагууд дээр ус бохирдуулсны төлбөрийг авдаг юм уу? энэ асуудлууд дээр санхүүгийн баримтаар хяналт шалгалт хийж байж акт тогтоох ёстой байсан. Зөвхөн усны газрын гаргасан дүгнэлтийг үндэслэж акт тогтоож байгаа нь хуульд нийцэж байгаа юм уу? хэргийн материалаас харахад усны газар, үндэсний хэмжил зүйн газар, байгаль орчны газраас тухайн дүгнэлт гаргасан газрыг итгэмжлэгдсэн газар биш юм дүгнэлт гаргах эрхгүй байгууллага юм гэдгийг тогтоосон. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш юм. Танай хуулийн зөвлөхийн хэлж байгаагаар танайх өөрөө зориудаар гаргасан мэтээр яриад байна. Усны тухай хууль болон ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хэрэгжилтийн туршилт нь Говь-Алтай аймгийн У А аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болоод байна. Улсын хэмжээнд Говь-Алтай аймагт л энэ асуудал яригдаж байна. Хууль хэрэгжилтийн алдаа мөн хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэдэг байгууллагууд нь эрх зүйн салбар хуулиа судлалгүй шууд ерөнхий хуулиасаа аваад хэрэгжүүлж байгаа болохоор төлбөр, акт ногдуулж байгаа байгууллагын эрх ашиг хөндөгдөөд ийм акт тогтоолгоод байна. салбар хуулиа харалгүй ерөнхий хуулиа харчхаад манайх ийм эрхтэй танайх ийм үүрэгтэй гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр энэ хууль тогтоомждоо нийцүүлээд салбар хуулиа давхар харж байж нөхөн ногдуулалтын акт тавих байж. Усны тухай хуулийн 25.2 дахь  хэсгийг зөрчөөд дүгнэлт нь гарсан. Энэ нь өөрөө юу вэ? гэхээр захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5 дахь хэсэгт заасан асуудал яригдаж байна. Усны тухай хуулийн 25.2 дахь хэсгийг зөрчөөд дүгнэлт гаргасан байхад өнөөдөр Татварын байгууллага нь акт тогтоогоод байгаа нь хуульд заасан үндэслэлгүйгээр аж ахуй нэгж байгууллага болон иргэний хууль ёсны эрх ашигт нь халдсан байна. Энэ нь хуулиараа илт хууль бус акт юм. Нэгэнт хуульд заасан үндэслэлгүйгээр байгууллагын эрх ашигт халдсан учраас та нар хууль бусаар энэ байгууллагаас 53,600,000 төгрөгийг төлнө үү гэж шаардах нь хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Сав газарт ус бохирдуулсны төлбөр 36 сая гээд гарсан бол сав газартайгаа хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулаад үүний дараа сав газар нь татварын газар мэдээлэл өгөөд татварын газар нь ус бохирдуулагчаар бүртгэж авснаар өнөөдөр төлөх асуудал яригдах ёстой. Гэтэл энэ ажиллагааг хийхгүй салбар эрх зүйн зохицуулалттай холбоотой хууль хэрэгжилтийн ажиллагаа хэрэгжээгүй байхад шууд манайд эрх нь байгаа гэдэг үүднээс татварын ерөнхий хуулиа хараад бусад хууль тогтоомжид хэрхэн зохицуулсныг харахгүйгээр эрх хэмжээгээр акт, төлбөр тогтоож байна гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй энэ байгууллага төлөх чадваргүй байгаа шүүхийн шийдвэр гарлаа ч гэсэн төлөх чадваргүй байгууллага. Данс битүүмжилнэ гэдэг чинь хуулиараа хориглосон заалт. Тэгэхээр захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулсан ийм захиргааны акт гаргаж байна гэв.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Татварын гаргасан актыг илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны ерөнхий  хуулийн 47 дугаар зүйлийн 1.5, 1.6, 1.7 дахь хэсэгт зааснаар бодит байдалд биелүүлэх боломжгүй хууль бус үндэслэлгүй төлбөр ногдуулсан акт гэж үзэж байна. Энэ акт тухайн байгууллагын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж ажилчдын болон тухайн байгууллагын эрх ашиг хөндөгдөж байна.  Манай үйлчлүүлэгч байгууллага нь удаа дараа энэ актын талаар дээд шатны байгууллагад гомдол мэдээлэл гаргасан хэдий ч  түүний хариуд нь Татварын маргаан таслах комисс нь хөөн хэлэлцэх хугацааг гол үндэслэлээ болгож хариу тайлбарыг өгдөг. Захиргааны акт илт хууль бус болох захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хэдийд ч хандаж болох хугацаагаараа хөөн хэлэлцэх хугацааны асуудал няцаагдаж байна үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт асуултаасаа хариултаа олж авлаа. Энэ маргааны үндэслэл болж байгаа нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоосон гол үндэслэл юу юм бэ? гэхээр 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтийг үндэслээд энэ байгууллагад акт тогтоосон байна. Энэ нь усны тухай хуулийн 25.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүнг үндэслэж  төлбөр ногдуулах акт тавигдсан байна. Байгаль орчны байцаагч нөхөн төлбөр ногдуулж нөхөн төлөлтийн хэмжээг бохирдуулсан салбар хуулийн зохицуулалтаараа зөрчсөн байна. Салбар эрх зүй хууль зөрчсөн байхад татварын хуулиараа нөхөн төлбөрийн акт тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судалж байхад хариуцагч байгууллагын хэлж байгаагаар бид нар энэ салбар хуулийг мэдэхгүй манай байгууллагын цэвэрлэх хэмжээ ямар байгаа стандартын төвшин ямар байгаа гэдэг ийм утгатай хариулт өгч байгаа нь өөрсдөө салбар хуулийн зохицуулалтыг мэдэхгүйгээр татвар ногдуулалт гаргасан байна. Татварын хууль үндсэн хуультайгаа бусад хуультайгаа нийцүүлсэн  хууль тогтоомжийн актаас бүрдэнэ гэсэн. Усны тухай хуулийн тодорхой нэг заалтыг зөрчөөд хариуцагч байгууллага ногдуулалт тогтоосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь усны бохирдуулагч гэж юу юм бэ? усны чанар, стандарт гэж юу юм бэ? гэдгийг үзэлгүй хууль зөрчиж гаргаж ирсэн дүгнэлтийг зөрчиж акт гаргасан гэж үзэж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаар салбар эрх зүйн үндсэн зохицуулалт алдагдсанаас татварын нөхөн ногдуулалт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 4.1.6, 4.1.7 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

 5. Хариуцагч Татварын хэлтсийн дарга Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн аймгийн нутаг дэвсгэрт бохир ус хаягдал цэвэрлэгээ ариутгал үйлчилгээ, тоног төхөөрөмж угсралтын ажиллагаа, ус хуримтлуулан, ариутгаж түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2625385 татвар төлөгчийн дугаартай У-А” Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариу тайлбар хүргүүлэхэд: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ...; мөн хуулийн 41.3-д Татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийж болно...; гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтанд 2021 онд хамруулах төлөвлөгөөний нэгтгэл, “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий албан татвар төлөгчдийн жагсаалтыг 1, 2 дугаар хавсралтаар баталж ирүүлсэн бөгөөд жагсаалтын 16-д 36.67 хувийн эрсдэлтэй У-А” Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газар  төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар ирсэн.

Тус хэлтсийн Хяналт шалгалтын тасгаас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс тухайн байгууллагын 2017-2020 оны татвар төлөлт, ногдуулалт, тайлагналтын байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх 521401027 дугаартай томилолт үүсгэж, шалгалтыг эхлүүлсэн байдаг.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны “У-А” Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газар  нь 2021 оны 74 дугаар тоотоор “Хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүргүүлснээр 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/288 дугаартай албан бичгээр, Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Усны газар 2020 оны хаягдал усны дүгнэлтийг гаргасан нь Татварын ерөнхий газрын Татвар хураалт, арга зүйн газрын мэдээлэлд бүртгэгдэж 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Татварын ерөнхий газрын Татвар хураалт арга зүйн газраас ирүүлсэн бичиг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдан дээрх мэдээлэлд үндэслэн “У-А” Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газраас ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж, хураах чиглэл өгсөн.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.29.”ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээний болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн , аж ахуйн нэгж, байгууллагыг...; 3.1.32.”ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг гэж заасан, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, БОНХАЖ-ын Сайд, Сангийн Сайдын 2015 оны А-299/204 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Хаягдал усны эзэлхүүн, бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцоолох аргачлал”, БОАЖ-ын сайдын 2019 оны А635 тоот тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ыг тус тус үндэслэн Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2020 оны 1,2,3,4-р улирлын байдлаар тооцоолж ус бохирдуулсны төлбөрийг тогтоосон 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны акт илт хууль бус болох үндэслэл шаардлагад нийцээгүй.

Мөн “У-А” Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газрын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад нөхөн ногдуулалтын акт гардуулахдаа татварын улсын байцаагч хуульд заасан  буюу Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд Татвар төлөгчийн эрх..; 2 1.6.татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэр, актын гардан авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах..; 43 дугаар зүйл. Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1 дэх хэсэгт заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно. 47 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, шийдвэрлэх..; 47.1. Татвар төлөгч эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд татварын хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын акт гарсан өдрөөс даруй 4 сар 29 хоногийн хугацааны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Усны газрын дүгнэлтийг дахин гаргуулж ирсэн нь Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг тус тус зөрчсөн.

Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр”-т төлөөгүй тохиолдолд татварын өрд тооцохоор хуульчилсан, хуулийн этгээд, хувь хүнд оногдуулсан акт, шийтгэлийн биелэлтийг хангуулахаар хуульд заасан үүргээ биелүүлж буй татварын улсын байцаагчийн татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь төрийн албаны хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулж байна.

Иймд “У А”Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн  газрын ус бохирдуулсны төлбөрт 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ногдуулсан татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  У А аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хүсэлтийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаартай усны газрын дүгнэлт байгаа. Энэ дүгнэлт нь ус бохирдуулсны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан төлбөр төлөгч нь тухайн байгаль орчинд хаягдал ус бохирдуулсан бол төлбөрийг дараа улирлын эхэн сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө гэж төлөх хугацааг нь зааж өгсөн байгаа. Гэтэл энэ байгууллага ус болон хаягдал нийлүүлэх тусгай зөвшөөрлөө авсан байж төлбөрөө төлөөгүй. Манай байгууллагад бол төлбөр татвараа төлөөд явж байх ёстой байтал төлөөгүй. Манай байгууллагад ирсэн усны газрын дүгнэлт нь хуулиараа хүчин төгөлдөр гэж үзэж байна. Ус бохирдуулсаны тухай хууль 2014 оны 05 дугаар сард батлагдаж хэрэгжиж эхэлсэн хууль байгаа. Энэ газрын тусгай зөвшөөрлийг нь авсан байгууллага байгаль орчны итгэмжлэгдсэн талууд яагаад хүсэлт гаргаагүй юм. Энэ бол У А-гийн буруу өнөөдөр аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрлийг нь эзэмшээд ард иргэдийг усаар хангаж, цэвэр бохир усыг гаргадаг үйл ажиллагааг эрхэлж байгаа юм чинь энэ байгууллага нь энэ үүргээ мэдэхгүй байгаа учраас хуулийн хариуцлага ногдуулахгүй байх үндэслэл болохгүй. Өнөөдөр Говь-Алтай аймгийн ******* энэ гаргасан төлбөрийг авах гээд улайраад байгаа юм биш. Энэ чинь яг ус бохирдуулсны тухай хуулийн 7.3 дахь хэсэгт зааснаар энэ төлбөрийн орлогыг чинь байгаль орчны санд төвлөрүүлдэг ба усны нөөцийг хамгаалах, хяналт шинжилгээ хийх, нөхөн сэргээлт авах хэмжээнд зарцуулдаг. 50-иас доошгүй хувийг нь ус бохирдуулсны шинэчлэлт засвар хийгдэхэд зарцуулагддаг. Тэгэхээр энэ төлбөрийн мөнгө чинь манай байгууллагын санд хадгалагддаг зүйл биш гэдгийг хэлмээр байна.

Татварын ерөнхий хуулийн 26 дахь хэсэгт татвар төлөгчийг бүртгэх нийтлэг журмыг зааж өгсөн. Тус хуулийн 26.5 дахь хэсэгт татвар төлөгчийн цахим санд бүртгэлтэй мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч нь хариуцна. Энэ үүргийнхээ дагуу татварын хэлтэст бүртгүүлэх ёстой. Энэ мэдэгдлийг манай татварын байцаагч н.Б нь тухайн байгууллагын хариуцаж буй албан тушаалтанд нь мэдэгдсэн байдаг энийг бас нотлох баримтад хавсаргаж өгсөн байгаа. Энэ хуулийн 26.3, 26.4 дэх хэсэгт татвар төлөгчдийн үнэн зөв мэдээллийг бид нар хөндлөнгийн мэдээлэлд тулгуурлаад татвар төлөгчид мэдэгдсэн. Энэ хугацаандаа татвар төлөгч өөрөө баталгаажуулж бүртгүүлээгүй бол татварын хяналт шалгалтаар оруулах үндэслэл болно гэж заасан. Тэгэхээр энэ байгууллага нь бүртгэлийн мэдээллээ өөрөө хариуцах үүрэгтэй. 04 дүгээр сарын 23-нд гэрчилгээ аваагүй байсан гэдэг тайлбарыг хэлж байна. тэр гэрчилгээ авалгүй 3 сарын хугацаанд юу хийж байсан юм бэ? тухайн үед хариу мэдэгдээд ерөнхий газраас ийм хөндлөнгийн  газраас ийм төлбөрийг төлнө үү гэсэн байхад юу хийж байсан бэ? Татварын ерөнхий хуульд зааж өгсөн эрх нь байж байгаа татварын маргаан хөнгөлөлт тогтоох тухайн гэрчилгээг акт гарсан өдрөөс өмнө авч ирээд өгөх олон боломж байсан. Акт тавих өдрөөс захиргааны хуульд заасан болон татварын ерөнхий хуульд заасан хугацаа нь дууссаны дараа энэ байдал нь гарч байгаад нэг талаас захиргааны газрын хэрэгжүүлэгч агентлаг аж ахуй нэгжүүдийн хариуцлагагүй байдлыг илтгэж байна. Ус бохирдуулсны төлбөрийг төлөх ёстой. Үүнээс болоод байгаль орчин, ард иргэдийн ундны усанд ямар сөрөг нөлөөл үзүүлэхийг мэдэхгүй байна. Ус бохирдуулсан бол төлбөрөө төлөөд тухайн хуулийн 7.3 дахь хэсэгт заасан усны нөөц бололцоог сайжруулах арга хэмжээг аваад цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн хэрэгцээг хангаж байвал хэрэгтэй. Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ганцхан тусгай зөвшөөрөл эзэмшсэн байгууллага байж энэ тал дээр хариуцлагатай хандмаар байна гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  У А-г 2017-2020 оныг дуустал татварын ногдуулалт, төлөлт зэрэг дээр хяналт шалгалт хийгдсэн байгаа. Тухайн хяналт шалгалт хийж байх хугацаанд Усны газраас ирсэн дүгнэлтийг үндэслэж  ус бохирдуулсны төлбөрийг төлөөгүй байгаа нь тогтоогдож байсан учраас энэ нөхөн ногдуулалтын актыг гаргасан. Мөн ус бохирдуулсны төлбөр дээр нэмээд алданги, хүү зэргээс хамаарч  23,687,200  төгрөгийн төлбөр гарсан ба үлдсэн 1,200,000 төгрөг нь өөр зөрчлөөс хамаарч гарсан байгаа. Хөнгөлөлт чөлөөлөлтийг хуульчлаад өгсөн байгаа боловч бид нар хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг бид мэдэхгүй. Ус бохирдуулсны төлбөрийг хуулиндаа заагаад өгсөн хэмжээгээр төлбөрийг гаргадаг. Хаягдал ус цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд цэвэрлэсэн нь тогтоогдож байгаа  цэвэрлэх байгууламжид суурилан ашигласан өдрөөс 3 жилийн хугацаагаар гэж зааж өгсөн. Хөнгөлөх чөлөөлөх байгууллагуудын жагсаалтад дурдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагууд хамаардаг. Тэр жагсаалтад байгаа байгууллагуудыг хөнгөлөх чөлөөлөх боловч манайд албан ёсоор жагсаалт ирээгүй учраас бид хөнгөлөх чөлөөлөх асуудлыг өөрсдөө дур мэдэж хийдэггүй гэв.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  У А нь Татварын ерөнхий газраас 2021 оны 04 дүгээр сарын  15-ны А/41 дугаартай Татварын ерөнхий газрын тушаалаар тухайн жилд эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалт ирсэн ба даргын тушаалын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийх томилолт үүсгээд бид бүхэн томилолтын дагуу хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын явцад тухайн байгууллагад холбогдуулан гаргасан ус бохирдуулсны төлбөр нь Татварын ерөнхий газрын хураалт арга зүйн газраас дамжин ирээд энэ ус бохирдуулсны төлбөртэй хамааралтай  биелэлтийг хангуулах үүрэг даалгавар ирсэн. Энэ дүгнэлт маань өөрөө 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гарсан ба манай байгууллагад 21-ний өдөр ирээд тухайн татвар төлөгч байгууллагад мэдэгдсэн. Хяналт шалгалтын явцад тухайн татвар төлөгчтэй хамааралтай бүхий л төрлийн татварыг шалгаж гарсан татваруудыг нь нэгтгэдэг. Тухайн үед ус бохирдуулсантай холбоотой дүгнэлт ирсэн байсан ба энэ дүгнэлтэд үндэслээд төлбөрийг төлүүлээд төлсөн эсэхийг нь хяналт шалгалтын явцад шалгадаг бөгөөд энэ хугацаандаа төлөөгүй тайлагнаагүй байсан. Энэ төлбөрийг ногдуулахдаа хөнгөлөх чөлөөлөх асуудлыг нь тусгаж өгсөн байсан. Ус бохирдуулсны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Засгийн газрын 2019 оны 310 дугаар тогтоолын хавсралттай батлагдсан ус бохирдуулсны хөнгөлөх аж ахуй нэгж байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журмын дагуу, ус бохирдуулсны тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт зөвхөн ашиг олох зорилгоор ус рашааны нөхцөлийг ашиглан хаягдал ус гаргаж байгаа тохиолдолд төлбөр төлөхөөр заасан ба ашиг орлого олох зорилгогүй гэр бүл өрхийн хэрэгцээнд хэрэглэсэн бохир ус гэдэг дээр 4,255,280  төгрөгийг чөлөөлж өгсөн байна. Ус бохирдуулсны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг болон, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан 106 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ус бохирдуулсны төлбөрт төлөх 1,675,000 төгрөгийг ногдуулж өгнө гэсэн хирнээ чөлөөлөлтөд нь цуг орсон байна. Манай Татварын байгууллагын зүгээс хяналт шалгалт хийгээд эрсдэлтэй татвар төлөгч гэж үзээд тухайн 2021 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөнд орж ирээд татвар төлөгч нь хэсэгчилсэн нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрсөн ба ус бохирдуулсны тайлангаа өгөөгүй, төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөхгүй байгаа гэж үзээд ерөнхий хуулийн 21.2  дахь хэсгийг бариад энэ төлбөрийг төлөх ёстой тухайн хяналт шалгалтын хугацаанд төлөөгүй, тайлагнаагүй байна гэж үзээд энэ нөхөн ногдуулалтын актыг гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

9. “У А” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Говь-Алтай аймгийн *******т холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын акт, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 55,447,500.46 төгрөгийн татварын өрийг төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Энэ нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36,472,282.92, төгрөгийн нөхөн ногдуулалт, 14,588,913.17 төгрөгийн торгууль, 2,626,004.37 төгрөгийн алданги нийт 53,687,200.46 төгрөгийн төлбөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан болно. /Хэргийн 2 дугаар хавтасны 34-36 дахь талд/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

10. Хэргийн үйл баримтын талаар:

10.1. “У А” үйлдвэрийн газраас 2020 оны хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 74 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хүргүүлсэн байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 118 дахь талд/

10.2. Усны газраас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 58 дугаартай Хаягдал усны дүгнэлт гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 16-ны 01/288 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид болон Говь-Алтай аймгийн *******, Х н-З голын сав газрын захиргаанд тус тус хүргүүлжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 63-67 дахь талд/

10.3. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс ажлын 12 өдрийн хугацаанд татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 55,447,500.46 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тогтоожээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 69-74 дэх талд/

10.4. Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын акттай нэхэмжлэгч үйлдвэрийн газрын захирал Э.Э, нягтлан бодогч Г.Д нар танилцан зөвшөөрч гарын үсэг зуржээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 75 дахь талд/

10.5. “У А”үйлдвэрийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 247 дугаар албан бичгээр /Хэргийн 1 дүгээр хавтасны 32 дахь талд/ хаягдал усны дүгнэлтийг дахин гаргуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хандсан байна. Үүний дагуу Усны газраас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 107 дугаартай дүгнэлт дахин гаргаж хүргүүлжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 78-82 дахь талд/

10.6. “У А”үйлдвэрийн газар нөхөн ногдуулалтын актаас 6,781,492 төгрөгийг буюу Усны газраас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 107 дугаартай дүгнэлтэд заасан хаягдал усны хэмжээгээр төлбөр төлжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 247 дахь талд/, /Хэргийн 2 дугаар хавтасны 3 дахь талд/

 11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.1. Нэхэмжлэгчээс: 1. Нийт олборлосон усны хэмжээгээр хаягдал усны дүгнэлтийг гаргасан, 2. Хөнгөлөлт эдлэх аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн хэрэглээг хасалт хийлгүйгээр тооцсон, 3. Итгэмжлэгдээгүй лабораторийн дүгнэлтийг үндэслэсэн учир илт хууль бус акт гэж маргадаг.

11.2. Хариуцагчаас: 1.Татварын ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийх аж ахуй нэгжид хамаарсан учир хяналт шалгалт хийсэн, 2. Усны газраас ирүүлсэн дүгнэлтэд үндэслэн акт тавьсан, 3. Бид дүгнэлтэд заагаагүй учир хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шийдэх боломжгүй гэж тус тус маргадаг.

         11.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заасан бөгөөд маргаан бүхий акт нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан нөхцөл үүсгээгүй байна. Учир нь: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д “"татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг;”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.”  гэж тус тус заасан байна.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24.-т "хаягдал ус" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг;, 3.1.32.-т "ус бохирдуулсны төлбөр" гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;, 3.1.29."ус бохирдуулагч" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ойлгохоор хуульчилсан.

Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн ус бохирдуулсаны төлбөрийг тооцох үзүүлэлтийг батлах, хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар  нэмэлт өөрчлөлт орж, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Нэхэмжлэгч нь “Бохир ус хаягдал цэвэрлэгээ ариутгалын үйлчилгээ” эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, үүний дагуу цэвэр усыг татан түгээж, бохир ус татан зайлуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлөөр нотлогдож байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 119-122 дахь талд/

Иймээс нэхэмжлэгчийн “манай байгууллага ус бохирдуулагч биш” гэсэн тайлбар үндэслэлгүй. Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө.” гэж заасан байх тул хуульд заасан төлбөр төлөх үүргийг “хууль бус үйлдэл эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан” гэж дүгнэх үндэслэлгүй байна.

11.4. Нэхэмжлэгчийн 2020 оны хаягдал усны хэмжээг Есөнбулаг сумын байгаль орчны улсын байцаагч 436708.7м3  гэж баталгаажуулсан байдаг. /Хэргийн 1 дүгээр хавтасны 137 дахь талд/

 Мөн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаар тушаалд нийт ашиглах усны хэмжээг 500000 м3 гэж тогтоосон байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 194 дэх талд/

Түүнчлэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын газрын 2020 оны 21 дугаартай Ус ашиглуулах дүгнэлтэд 500000 м3 ус ашиглахаар туссан байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 124-125 дахь талд/

 Үүнээс харвал нийт олборлосон цэвэр усны хэмжээгээр хаягдал усны дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй байна.

Татварын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, судлаагүй байх боловч энэ нь актыг илт хууль бус гэж үзэх нөхцлийг бүрдүүлэхгүй. Тодруулбал, хууль тогтоомжийг буруу хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхдээ процессын алдаа гаргасан, хуульд заасан хөнгөлөлтийг эдлүүлээгүй зэрэг нь тухайн актыг илт хууль бус гэж нөхцөлд хамаарахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нөхөн ногдуулалтын актаас 6,781,492 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн болох нь Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн шүүхээс хийсэн үзлэгээр нотлогддог. /Хэргийн 1 дүгээр хавтасны 247 дахь талд/, /Хэргийн 2 дугаар хавтасны 3 дахь талд/

Энэ нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч тухайн төрлийн татвар төлөгч мөн болохыг тогтоож байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх тохиолдлыг нөхцөлдүүлэхгүй юм.   

         11.5. Нэхэмжлэгчээс Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Ус бохирдуулагч нь бохирдуулах бодисыг хаягдал усны стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийг хоёроос тав дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж, бохирдуулах бодис бүрээр тогтооно. гэж заасан тул итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээг үндэслэн акт тогтоох байсан гэж маргадаг.

 Хэдийгээр Говь-Алтай аймгийн У, ц у, орчны шинжилгээний төвийн Б о-ы шинжилгээний лаборатори итгэмжлэгдээгүй боловч нэхэмжлэгч өөрөө орон нутагт ажиллаж байгаа энэхүү лабораториор шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулахаар Усны газарт хүргүүлсэн нь түүний илгээсэн албан бичгээр нотлогддог.

Мөн “У А”үйлдвэрийн газар нь хаягдал усаа механик аргаар буюу энгийн тунгаагуурын аргаар шүүж байгальд хаядаг бөгөөд хаягдал усыг цэвэршүүлэх технологигүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогддог.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн 2020 оны хаягдал усны хэмжээг Есөнбулаг сумын байгаль орчны улсын байцаагч 436708.7м3  гэж баталгаажуулсан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

Түүнчлэн Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 316 дугаар тогтоолоор “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээ тогтоох журам”-ыг батлан гаргасан байх бөгөөд уг журмын 2.2-т Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг Сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны албатай хамтран улирал бүр шинэчлэн гаргаж, харьяалах Татварын албанд хүргүүлнэ., 4.2-т Энэ журмын 2.2-т заасан жагсаалтад хамаарах аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал усны чанар, найрлагад мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бөгөөд хаягдал усны чанар, найрлага стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд энэ тухай мэдээллийг харьяалах Сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд мэдэгдэнэ., 4.3-т Энэ журмын 4.2-т заасан шалгалтаар хаягдал усны чанар, найрлага нь стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдсон аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн хяналтын байгууллага зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагад Усны тухай хуулийн 25.2-т заасны дагуу улсын байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг 2-5 дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж ногдуулна. гэж тус тус заажээ. Тодруулбал, Сав газрын захиргаанаас төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээр гаргасан жагсаалтад хамаарч байгаа аж ахуйн нэгжийн хаягдал усанд тавих хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт гэж дүгнэхээр байна.

2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө.” гэж заасан атал нэхэмжлэгч өөрийн үүргээ хэрэгжүүлэлгүй 2021 оны 06 дугаар сар хүрсэн, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгээгүй нь тухайн төрлийн татварыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ. 7.2-т Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:, 7.2.10-т ус бохирдуулсны төлбөр, Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна  гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт илт хууль бус байх нөхцөл нь хуульд заагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байхыг ойлгохоор байна.  Дээр дурдсанаар Татварын ерөнхий хууль, Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуульд нэхэмжлэгч төлбөр төлөгч байхаар заагдсан тул илт хууль бус байх тохиолдол үүсэхгүй байна.

11.6. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно: 36.2.1.татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй;” гэж заасан байх бөгөөд нэгэнт тайлагнаж тооцоогүй татварыг өөрт байгаа мэдээлэлд тулгуурлан акт тогтоожээ.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. гэж зааснаар Усны газраас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны 01/288 дугаар албан бичгээр хариуцагч Говь-Алтай аймгийн *******т хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 58 дугаартай “Хаягдал усны дүгнэлт”-ийг үндэслэн акт тогтоосон байна.

Мөн Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50 шоометрээс их, эсхүл энэ хуулийн 10.1.12-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно.” гэж зааснаар “У А”үйлдвэрийн газар нь хоногт 50 шоометрээс их ус зайлуулах хүчин чадалтай үйлдвэрийн газар тул энэ дүгнэлтийг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргахаар хуульчилсан байна.

11.7. Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан ус бохирдуулсаны төлбөрөөс чөлөөлөх нөхцөлд нэхэмжлэгч хамаарахгүй байна.

Харин уг төлбөрөөс хөнгөлөх талаар хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т  Хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно. гэж заасан байна.

Нэхэмжлэгч хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэх чиг үүрэг бүхий үйлдвэрийн газар мөн боловч одоогийн технологи нь хаягдал усыг цэвэршүүлэх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгч төлбөрөөс хөнгөлөгдөх нөхцөлийг хангахгүй байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 316 дугаар тогтоолоор “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээ тогтоох журам”-ыг батлан гаргасан байх бөгөөд уг журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг Сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны албатай хамтран улирал бүр шинэчлэн гаргаж, харьяалах Татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн үйл ажиллагааны хүрээнд хамрагддаг төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөнгөлөх жагсаалтыг З г-Х нуурын сав газрын захиргаанаас татварын албанд гаргаж хүргүүлээгүй байна. Энэ нь З г-Х нуурын сав газрын захиргааны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа тул хариуцагчийг хөнгөлөлт эдлүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна. /Хэргийн1 дүгээр хавтасны 99 дэх талд/ 

11.8. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актын үндэслэл болсон Усны газраас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 58 дугаартай “Хаягдал усны дүгнэлт”-ийг мөн газраас өөрчилж дахин дүгнэлт гаргаж өгсөн тул түүнийг баримтлах ёстой. Энэ талаар Усны газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 01/386 дугаар албан бичиг, шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна гэж тайлбар гаргадаг.

Шүүхэд Усны газраас ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/386 дугаар албан бичигт /Хэргийн 1 дүгээр хавтасны 139 дэх талд/ дурдсанаар ““У А”үйлдвэрийн гарын 74 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт, холбогдох материал ирүүлсэнийг  үндэслэн Есөнбулаг сумын байгаль орчны улсын байцаагчийн баталгаажуулсан хаягдал усны хэмжээгээр тогтоосон актыг үндэслэн манай газраас 2021 оны 58 дугаар дүгнэлтийг хүргүүлсэн. Гэтэл У А ОНӨААТҮГ-аас 2021 оны 247 дугаар албан бичгээр хаягдал усны хэмжээг буруу тогтоож хүргүүлсэн тул дүгнэлтийг дахин гаргаж өгөх хүсэлт ирүүлсэнийг судалж үзэж дээрх журмын 2.6.3-т зааснаар ..... дахин тогтоож 2021 оны 107 дугаар дүгнэлтийг хүргүүлсэн” гэжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 65 болон 79 дэх талд/ 

Усны газрын 2021 оны 58 дугаар дүгнэлт, 2021 оны 107 дугаар дүгнэлтэд лабораторийн шинжилгээний дүнг нэгэн адил хэрэглэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс сүүлийн гаргасан 2021 оны 107 дугаар дүгнэлт үндэстэй гэж төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа нь “итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээг үндэслээгүй тул маргаан бүхий акт илт хууль бус” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй нийцэхгүй байна.

Түүнчлэн Усны газар “дүгнэлтийг дахин гаргасан, өмнөх дүгнэлт хүчингүй” гэсэн тайлбар гаргасан боловч дээр дурдсанаар энэ байгууллага дүгнэлтээ хүчингүй болгоогүй байна. Дээрх хаягдал усны дүгнэлтүүдэд үндэслэл болгон заасан эрх зүйн актууд ч нэгэн адил байгаа болно. /Хэргийн1 дүгээр хавтасны 65 болон 79 дэх талд/ 

11.9. Нэхэмжлэгч нь “... улсын төсвөөс татаас авдаггүй, иргэн аж ахуй нэгжээс бохир ус зайлуулсаны төлбөр авдаг, бохирдуулсаны төлбөр авдаггүй учир орлого багатай энэ төлбөрийг төлөх санхүүгийн боломж байхгүй тул маргаан бүхий акт хэрэгжихгүй энэ үүднээсээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн нөхцөлийг үүсгэж байна.” гэж тайлбарладаг.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” байх тохиолдол нь “... хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй” гэсэн эрх зүйн зарчимд нийцээгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэгчийн санхүүгийн байдал, улсын төсвөөс татаас авдаггүй гэх үндэслэлээр тодорхой төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх, төлөхгүй байх зэрэг нөхцөл хуульчлагдаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан нөхцөлийг үүсгэхгүй байна.

11.10. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-т “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар;”, 82.1-т “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно:82.1.1төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, 82.1.2төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар, 84 дүгээр зүйлийн 84.1.1Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн; гэсэн заалтыг үндэслэл болгосон байна.

 Татварын улсын байцаагч нь төлөөгүй татварыг нөхөн ногдуулах, торгох, алданги тооцох эрхтэй байх бөгөөд ийнхүү ногдуулахдаа баримталбал зохих хувь хэмжээг тодорхойлон заасан заалтыг дурдсан байгааг үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй юм. Мөн актын үндэслэлийн зарим зүйл заалт нь нөхөн ногдуулалтын актын маргаагүй хэсэгтэй холбоотой байна. 

 Харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 гэж заасан боловч 1 дэх заалт уу 2 дахь заалт уу гэдэг нь тодорхойгүй байгааг тэмдэглэв.

 12. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2,  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан “У А”орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас Говь-Алтай аймгийн *******т холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаартай Нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36,472,282.92, төгрөгийн нөхөн ногдуулалт, 14,588,913.17 төгрөгийн торгууль, 2,626,004.37 төгрөгийн алданги, нийт 53,687,200.46 төгрөгийн төлбөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ч.ОЮУНСҮРЭН