Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 31

 

 

 

 

Б.Хартхжаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Нарангийн 04-17 тоотод оршин суух, Молхы овогт Бахтиярын Хартхажаагийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Хартхажаа түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/226 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие анх 1997 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажилд орсноос хойш тасралтгүй ажилласан. Би гэрээт харуулчнаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч Б/226 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардаж аваад 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх намайг шүүх хуралдаанд ирээгүй гээд миний нэхэмжлэлийг буцаасан тул би дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.Намайг ажлын байрандаа, үүрэг гүйцэтгэж байх үедээ унтаж байсан гэдэг боловч би унтаагүй, байрнаасаа жаахан удаад гарч ирэхэд намайг унтсан гэж хэлсэн. Иймд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/226 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Б.Хартхажаа нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” 72 дугаартай тушаалаар гэрээт харуулчнаар түр хугацаагаар ажилд томилогдсон. Ангийн захирагчийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 169 дугаартай тушаалаар түүний үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулж, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” 12 дугаартай тушаалаар ажлаас халагдсан. Улмаар Б.Хартхажаа нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” 72 дугаартай тушаалаар гэрээт харуулчнаар түр хугацаагаар ажилд томилогдсон. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ШДО, оператив тасгийн дарга хошууч П.Төрбадрах харуул шалгах үед гэрээт харуулчин Б.Хартхажаа нь унтаж байсныг сануулж, ажлын цаг ашиглалтад анхаарч, үүрэг гүйцэтгэлд анхаарч ажиллахыг сануулж байсан. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13.00 цагийн үед ангийн захирагч хурандаа М.Болдбаатар миний бие 2-р харуулын бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлийг шалгахаар очиход ажлын байран дээрээ унтаж байсан тул харуулыг сольж, гэрээт харуулчин Б.Хартхажааг харуулаас буулгах үүргийг ШДО, оператив тасгийн дарга хошууч П.Төрбадрахад өгсөн. Өгсөн үүргийн дагуу гэрээт харуулчин Б.Хартхажааг гэрээт харуулын дарга М.Рагчаагаар сольж хүлээлцсэн талаар ШДО, оператив тасгийн дарга хошууч П.Төрбадрах надад илтгэсэн. Иймд ангийн “Сахилга дэг журмыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хуралдааны шийдвэр, иргэн Б.Хартхажаагийн ангийн захирагчтай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2000 оны 107 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын энгийн гэрээт харуул, сахиулын ажиллах дүрэм”, ангийн дотоод журмын холбогдох заалтуудыг тус тус үндэслэн гэрээт харуулчин Б.Хартхажаагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.Хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Төрбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Хартхажаа нь удаа дараа зөрчил гаргаж байсан. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 169 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар түүний үндсэн цалинг бууруулах арга хэмжээ авч байсан. Дараа нь дахин зөрчил гаргаж ангийн захирагчийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” тушаалаар ажлаас халагдсан. Энэ маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээт харуулчнаар түр хугацаагаар ажилд томилогдсон.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр харуул шалгах үед гэрээт харуулчин Б.Хартхажаа нь унтаж байсныг сануулж, ажлын цаг ашиглалтад анхаарч, үүрэг гүйцэтгэлд анхаарч ажиллахыг харуулын хуудсаар сануулж байсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ангийн захирагч хурандаа М.Болдбаатар 2-р харуулын бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлийг шалгахаар очиход харуул Б.Хартхажаа нь ажлын байран дээрээ унтаж байсан тул харуулыг сольж, гэрээт харуулчин Б.Хартхажааг харуулаас буулгах үүргийг надад өгсөн тул үүргийн дагуу гэрээт харуулчин Б.Хартхажааг гэрээт харуулын дарга М.Рагчаагаар сольсон. Манай байгууллага нь ажлын онцлогтой. Жанжин штабаас гаргасан дүрэм журам гэж бий. Энэ бүгдийг хангаж ажиллах ёстой. Мөн Б.Хартхажааг ажилд эгүүлэн авсан ч гэсэн тэрээр ажлын байрны шаардлага хангаж ажиллах эсэх нь эргэлзээтэй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаар шийдвэрээр 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/226 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ангийн данс бүртгэлээс хасах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Хартхажааг урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас Б.Хартхажаагийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх нийт 5 сар 27 өдөрт ногдох олговорт 3,342,746 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хартхажаад олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Б.Хартхажаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид үүрэг болгосугай.

4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хартхажаад олгож, мөн хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 3,342,746 төгрөгийн олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 68,433 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Б.Хартхажаагийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ ноцтой зөрчсөн болох нь Сахилга дэг журмыг бэхжүүлэх салбар зөвлөлийн хурал дээр өөрийнхөө ноцтой зөрчил гаргасан тайлбараар нотлогддог. Гэтэл дээрхи нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие тус ангийн штабын даргын орлогч, оператив тасгийн дарга хошууч П.Төрбадрахад нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгосон боловч эвлэрэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох нотлох баримт бүрдүүлэх эрхийг өгөөгүй энэ тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Хартхажаа нь хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан Зэвсэгт хүчний 123 ангийн захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/226 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “ажилтан Б.Хартхажаа нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж тайлбарлажээ.

            Хариуцагчийн давж заалдсан гомдлын хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Хартхажаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “ажилтны 2012, 2013 онд гаргасан сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн тэрээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ажлын байран дээрээ унтаж байсан гэх хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна. 

            Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэгч Б.Хартхажааг 2012, 2013 онд сахилгын зөрчил гаргаж байсныг нотолсон баримтыг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ажлын байран дээрээ унтаж байсан гэх зөрчлийн талаарх баримтыг тус тус шүүхэд гаргаж өгөөгүй байна. Энэ нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан заасан “мэтгэлцэх эрхээ” хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “нотлох баримт гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамжийг талуудад гардуулаагүй, хавтаст хэргийн 8 дугаар хуудаст авагдсан хуулбар тушаалын эх хувийг анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргаж өгснийг нэхэмжлэгч талд танилцуулж гарын үсэг зуруулаагүй” тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх тайлбарыг дүгнэвэл.

            2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б.Хартхажаагийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох хэргийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан байх бөгөөд мөн өдрөө хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материал танилцуулж гарын үсэг зуруулсан байна[1].

            Гэтэл хариуцагчийн төлөөлөгч “2018 оны цэрэг татлагын ажлаар Завхан аймагт томилолтоор явж байгаа учир 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хариуцагч талаас ирүүлсэн[2] тул 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг 153/ШЗ2018/01001 дугаартай шүүгчийн захирамжаар 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна[3].

            Ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж нь хуульд зааснаар гомдол гаргах эрхгүй захирамж тул шүүхээс захирамжийг талуудад гардуулж, гарын үсэг зуруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

            Нэхэмжлэгч Б.Хартхажаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн тушаал нь эх хувь биш хуулбар тушаал байсныг хариуцагч тал 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд уг тушаалын эх хувийг шүүхэд гаргаж өгсөн байна.

Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал уг баримттай анхан шатны шүүх хуралдааны үед танилцсан гэж тайлбарлаж байх тул зөвхөн энэ баримтыг нэхэмжлэгч талд танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, нэхэмжлэгч талын хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                 

М.НЯМБАЯР

 

 


[1] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас