| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/13 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн*******-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч*******
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн******* Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн*******-Үүд сумын 3 дугаар баг,******* тоотод оршин суух, Цэцгэн бууз цайны газар туслах тогооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,**************************** холбогдох эрүүгийн 2320001710159 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ичинхорлоо нь Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт кассын нярваар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа ашиглаж эмчилгээний төлбөр, ор хоногийн төлбөр зэрэг хураамж авах ажлыг хариуцан ажиллахдаа улсын төсөвт бүрэн гүйцэд төвлөрүүлэхгүйгээр 2022 оны 12 дугаар 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 02-ны өдрийн хооронд нийт 5,567,210 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2022 оны 12 сарын 01-ний өдөр няравын ажилд томилогдож 678,000 төгрөг цалинжсан. Тухайн үед шинжилгээ оношилгоо, ор хоногийн мөнгийг бэлнээр авч, төрийн санд тушаадаг байсан. Бэлэн мөнгө авсан тохиолдолд 3 хувь баримт үйлдэж, нэг нь эмчид, нэг нь надад, нэг нь нөгөө хүнд үлддэг байсан юм. Бэлэн мөнгө авсан үед банк орж амжихгүй бол маргааш нь тушаадаг байсан, тэгээд бэлэн мөнгө байхаар хувьдаа зарцуулах боломжтой байсан. Гэр рүүгээ явах замдаа боорцог талхнаас авхуулаад хэрэглэчихдэг. Бага, багаар хэрэглэсээр байгаад ийм байдалд орчихлоо, гэмшиж байна. Нийтдээ 5,567,410 төгрөгийн хохирол учирснаас 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо 1,567,210 төгрөгийг төлж барагдуулна. Тооллого хийж гаргасан дутагдалтай маргах зүйл байхгүй. Миний тооцоотой таарч байгаа. Миний үйлдлийг зүйлчилсэн зүйл ангид байгаа хариуцлагыг ойлгож мэдсэн байгаа. Би Цэцгэн бууз хоолны газарт туслах тогоочоор ажилд орсон, сарын цалинг 1,400,000 төгрөгөөр тохирсон. Иймд хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/
Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн 2023 оны 10 сарын 12-ны өдрийн Цагдаагийн хэлтэст гаргасан *******г шалгуулах тухай 412 тоот албан бичиг /хх-ийн 04/
Иргэний нэхэмжлэгч М.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн асрагчаар ажиллаж байсан Ичинхорлоог 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/275 дугаартай тушаалаар бэлэн мөнгөний няраваар томилсон,******* нь хэвтэн эмчлүүлэгчдийн ор хоногийн төлбөр, төлбөртэй эмчилгээнүүдийн төлбөрийг бэлэн авч тухайн өдөртөө нэгдсэн эмнэлэг байгууллагын дансанд тушаах үүрэгтэй ажил хийж байгаад 2023 оны 05 дугаар сарын сүүлчээр захиргааны чөлөө авахгүйгээр ажлаа 2 хоног тасалсан учир 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/141 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.*******гийн ажлыг хүлээлцэх явцад бэлэн мөнгөний дутагдал гарсан талаар*******той холбогдоход "ойрын хугацаанд нөхрийнхөө цалингийн зээл аваад төлнөө, мөнгө дутааснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн боловч одоо болтол байгууллагыг хохиролгүй болгох ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан учир 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/30 дугаартай тушаалаар*******гийн ажлыг хүлээлцэх кассын орлогын баримтыг тоолох комисс томилогдож 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл кассын орлогын баримтыг шүүж үзэхэд 5.567.210 төгрөгийг дутаасан нь тогтоосон акт гарсан, тухайн актын дагуу*******д 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5.567.210 төгрөгийг төлж барагдуулах талаар албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлийг хүний нөөцийн мэргэжилтэн Г.Дашдаваа нь биечлэн гардуулж өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх буюу урьд оны хувьд ямар нэгэн өр төлбөр гараагүй, 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш*******г ажлаас гарах хүртэл бол ямар нэгэн тооллого хийгээгүй, 6 сарын хугацаанд дутаасан гэх 5.567.210 төгрөгийг кассын тооллого тооллогын комиссын гаргасан, кассын баримт материалын тооллого дээрээс тодорхой харагдана.*******-Үүд сумын нэгдсэн эмнэлэг байгууллагад 5.567.210 төгрөгийн хохирол учирсан тул тухайн мөнгийг эмнэлгийн данс болох 100061420001 гэх дансанд хүлээн авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09/
Дорноговь аймгийн*******-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 12 сарын 08-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 17-19/
Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 09 сарын 04-ны өдрийн “Бэлэн мөнгөний няравын баримт материалд тооллого явуулах тухай” А/30 тоот тушаалын хуулбар /хх-ийн 25/
Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн “*******д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” Б/141 тоот тушаалын хуулбар /хх-ийн 26/
Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 12 сарын 01-ний өдрийн “ Цэвэгсүрэнгийн Ичинхорлоогийн тушаалыг өөрчлөн няравын ажилд томилох тухай” Б/275 тоот тушаалын хуулбар /хх-ийн 27/
Шүүгдэгч*******гийн хариуцан ажиллаж байсан үеийн кассын баримт материалын тооллогоор 5,567,210 төгрөг дутагдуулсан гэсэн тооллого явуулсан баримт /хх-ийн 31/
Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /хх-ийн 32-52/
Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлэг******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 53-56/
Албан тушаалын тодорхойлолтын маягт /хх-ийн 57-59/
Шүүгдэгч*******гийн хаан банкны депозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-86/
Шүүгдэгч*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87/
Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 90/
Шүүгдэгч Ч.Ичинхорлоо 4,000,000 төгрөгийг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ичинхорлоо нь Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт кассын нярваар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа ашиглаж оношилгоо, эмчилгээний болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн ор хоногийн төлбөрийг бэлэн мөнгөний баримтаар авч, төрийн санд бүрэн гүйцэд төвлөрүүлэхгүйгээр 2022 оны 12 дугаар 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 02-ны өдрийн хооронд нийт 5,567,210 төгрөгийг дутагдуулсан, хувьдаа хэрэглэсэн үйл баримт болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “ Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч*******гийн үйлдэл нь мөн хуулийн “ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт байх 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “ хөрөнгө завших” гэмт хэрэгт хамаарч байна.
Энэ гэмт хэрэг нь албан тушаал эрхэлж байгаа этгээд тухайн албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан эд зүйл, хөрөнгийг хууль бусаар олж авах, өөрийн өмчлөлдөө оруулсан, буцааж өгөхгүй байх шинжээр хангагдах бөгөөд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан өөрийн үйлдлийн хохирол хор уршгийг мэдсээр байж, түүнд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.
Иймд шүүгдэгч*******гийн Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт нярвын ажилд ажиллаж байхдаа эмчилгээ, оношилгоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн ор хоногийн мөнгийг хувьдаа авч хэрэглэж 5,567,210 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж үндэслэлтэй байна.
Шүүгдэгч******* нь дээрх хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч М.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 09 сарын 04-ны өдрийн “Бэлэн мөнгөний нярвын баримт материалд тооллого явуулах тухай” А/30 тоот тушаалын хуулбар, Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн “*******д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” Б/141 тоот тушаалын хуулбар, Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 12 сарын 01-ний өдрийн “ Цэвэгсүрэнгийн Ичинхорлоогийн тушаалыг өөрчлөн нярвын ажилд томилох тухай” Б/275 тоот тушаалын хуулбар, шүүгдэгч*******гийн хариуцан ажиллаж байсан үеийн кассын баримт материалын тооллогоор 5,567,210 төгрөг дутагдуулсан гэсэн тооллого явуулсан баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь ажилд томилогдсон хугацаанаас хойш буюу 2022 оны 12 дугаар 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 02-ны өдрийн хооронд эмчилгээ, оношилгоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн ор хоногийн мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн үйлдэл нь нотлогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг хангаж байхад прокуророос энэ талаар яллах дүгнэлтэд дүгнээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана“ гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэж, шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт үйлдсэн гэж үзэж, хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байна.
Иймд шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 4,000,000 төгрөгийг төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 93/ тогтоогдож байх ба хохирлын үлдэгдэл 1,567,210 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ ” шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж, хохирлоос нөхөн төлсөн байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрхэлсэн тодорхой ажилтай, орлого олдог гэдгээ илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ичинхорлоог 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх” гэсэн дүгнэлтийг,
иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “байгууллагад учруулсан хохирлоос 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо үлдэгдэл 1,567,210 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа, ажил хийдэг тогтсон орлоготой гэсэн учраас ял шийтгэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэхэд манай зүгээс татгалзахгүй” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч******* шүүх хуралдаанд “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлгийг тус, тус гаргасан болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг баримтлан, мөн түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч************** Ичинхорлоо*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Цэвэгсүрэнгийн Ичинхорлоог 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч*******гоос 1,567,210 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн*******-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч******* нь 10,000,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД