Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Хонгорзул

Улсын яллагч Г.Ганцэцэг

Шүүгдэгч А.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1975 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар  баг, Замын 3-1 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн  сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн  98.1 дэх  хэсэгт зааснаар  251 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  22 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 төгрөгийн торгох ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  87 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигин дархан хүүд овогт Алтан-Очирын Ганцэцэгт /РД:ЕЭ75100861/ холбогдох эрүүгийн  2420000000005 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Ганцэцэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ганцэцэг нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын Үүд сум 3 дугаар баг, Замын 3-1 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Бум-Эрдэнэтэй тухайн үед үүсэн нөхцөл байдлын улмаас  маргаж, муудалцан улмаар түүний цээж, зүүн гарын  шуу  хэсэгт хутгаар зүсэж, биед өвчүүний дээд талд, шууны дотор талд болон доод талд, зүүн шууны дотор дээд талд болон доод талд, шууны гадна доод талд шарх  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

 

Хохирогч Ц.Бум-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “Би 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр эхнэр Ганцэцэгтэй гэртэй хоёулхнаа байсан. Тэгээд би тэр өдөр эхнэр Ганцэцэгтэй 0.5 литрийн Хараа архи авч хувааж уусан бөгөөд архиа ууж байх үед Ганцэцэгтэй маргалдсан, тэгтэл Ганцэцэг уурандаа шүүгээнээс хоолны хутга аваад миний цээжний хэсэгт нэг удаа зүүн гарын шууны хэсэгт 3 удаа зүссэн. Тэгээд би гарын шуугаа даавуугаар боох гээд байж байтал. Манай хүргэн Мөнхсүх манай гэрт орж ирсэн тухайн үед манай эхнэр Ганцэцэг гартаа хутга бариад сууж байсан. Тэгээд би гараа боож цусаа тогтоогоод унтаад өгсөн. Тухайн үед манай гэрт манай эхнэр бид хоёр хоёулхнаа байсан өөр хүн байгаагүй харин сүүлд манай хүргэн Мөнхсүх гэрт орж ирсэн.. Эхнэр бид хоёр архи ууж байгаад жижиг сажиг хэрүүлээс болоод маргалдсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Манай эхнэр Ганцэцэг миний цээжний хэсэгт нэг удаа зүүн шууны хэсэгт 3 удаа гэрт байдаг жижиг хутгаар зүссэн. Би тухайн үед Ганцэцэгийн биед нэг ч удаа хүрч халдаагүй Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Ц.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 12 дугаар сарын 08- 09-ний үед багийн засаг Дунгармаа танай ах Бум-Эрдэнэ эхнэртэйгээ маргалдаад хутгалуулсан сурагтай байна шүү гэж хэлсэн тэгээд би Бум-Эрдэнэ ахынхаа гэрт очтол Бум-Эрдэнэ ах цус нөж болчихсон унтаж байхаар нь буцаад гараад ирсэн тэгээд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өглөө Бум-Эрдэнэ ах эхнэр Ганцэцэгтэй хамт гэрт ороод ирсэн тэгээд би Ганцэцэг гэх хүнийг явж бай бид нар ах дүү нараараа ярих юм байна гэж хэлээд явуулчхаад ахыгаа авч үлдээд юу болсон талаар асуугаад шарх сорвийг нь үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай ах Бум-Эрдэнэ надад хэлэхдээ эхнэр Ганцэцэг миний цээж болон шууны хэсэгт хутгалсан гэж хэлсэн. Тухайн хэрэг болох үед Ганцэцэг Бум-Эрдэнэ нар хоёулхнаа байсан гэсэн бөгөөд сүүлд Мөнхсүх гэрт орж ирсэн гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч Б.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 3 дугаар хэсэг 40-3 тоотод эхнэрийн хамт амьдардаг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр би эхнэрийн төрсөн ах болох Бум-Эрдэний хамт өөрийнхөө хашааны хаалгыг гагнасан бөгөөд тухайн үедээ бид хоёр 0.33 литрийн Хараа архи хувааж уусан тэгээд бага зэрэг согтсон мөн гадаа харанхуй болсон учир бид хоёр гагнуур хийхээ больсон. Тэгээд байж байтал Бум-Эрдэнэ ахын эхнэр Ганцэцэг ирээд Бум-Эрдэнэ, Ганцэцэг хоёр гэртээ харина гээд явсан бөгөөд би гэртээ ойролцоогоор 2 цаг орчим амарч байгаад тэр хоёрын араас Бум-Эрдэнэ ахын гэрт очтол Ганцэцэг эгч цонхны хажуу талд байх сандал дээр суучихсан хоёр гараараа нэг жижиг заазуур урдаа барьчихсан ойртвол ална шүү гээд сууж байсан тухайн үед Бум-Эрдэнэ ах Ганцэцэг эгчийн урд талд гарын шууны хэсгээс нь цус гарчихсан зайл гэж хэлээд зогсож байсан тэгээд би шууд очоод тэр хоёрыг тайвшруулж Ганцэцэг эгчийн гарт байсан заазуурыг аваад газарт тавиад Бум-Эрдэнэ ахыг хойд талын орон дээр хэвтүүлээд тэр хоёрт хандан та хоёр битгий ингэж маргалдаад бай одоо сайхан унтаж амарцгаа гэж хэлээд гараад явсан. Би ямар учраас Бум-Эрдэнэ ахын гараас цус гарсан талаар мэдэхгүй хараагүй. Харин би дотроо бодохдоо Ганцэцэг эгчийн гартаа барьсан байсан заазуураараа зүссэн байх гэж бодсон. Тухайн үед Ганцэцэг эгч гартаа заазуур бариад сууж байсан ямар нэгэн байдлаар зодуулж нүдүүлсэн зүйл байгаагүй. Намайг Бум-Эрдэнэ ахын гэрт байх үед тэр хоёр хоорондоо огт маргалдаагүй бие биеийнхээ биед хүрч халдаагүй би тэр хоёрыг тайвшруулж Бум- Эрдэнэ ахыг орон дээр нь хэвтүүлээд гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/003 дугаартай “1 1. Ц.Бум-Эрдэнийн биед өвчүүний дээд талд, зүүн шууны дотор дээд талд болон доод талд, зүүн шууны гадна доод талд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-38/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-44/

Гэрч Ш.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр урьдын адил айл өрхүүдээрээ эргэж тойроод явж байгаад архины хамааралтай гэр бүл буюу Бум-Эрдэнэ, Ганцэцэг нарын гэрээр орсон тэгтэл тэдний гэрт Бум-Эрдэнэ, Ганцэцэг нар согтуу байсан бөгөөд Бум- Эрдэний биеийн шууны хэсгээс цус гарчихсан орон дээрээ хэвтэж байсан эхнэр Ганцэцэг нь зуухныхаа урд талд сууж байсан тэгээд би алив хаана яасан юм бэ эмчид үзүүлсэн юм уу гэж асуутал үзүүлээгүй би зүгээр гээд надад харуулахгүй байсан тэгээд миний гар утас дуугараад би гараад явсан. Бум-Эрдэнэ надад хэн тэгсэн талаараа хэлэхгүй байсан бөгөөд тэгтэл эхнэр Ганцэцэг нь би наадхыг чинь заазуурдсан юмаа гэж хэлж байсан. Тухайн үед Ганцэцэг эгч их согтуу байсан бөгөөд ямар нэгэн байдлаар зодуулж зохиулсан зүйл анзаарагдаагүй. Намайг Бум-Эрдэний гэрт байх үед тэр хоёр хоорондоо огт маргалдаагүй бие биеийнхээ биед хүрч халдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/

            Шинжээч эмч П.Гаваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ц.Бум-Эрдэний биед үүсэн байх шарх нь Ганцэцэгийн гартаа барьсан байсан хутганд Ц.Бум-Эрдэнэ хүрсний улмаас үүсэх боломжтой шарх байна. Учир нь уг шарх нь Ганцэцэг болон Бум-Эрдэний нарын хэн хэнийх нь биеийн хүчний үйлчлэлээр хурц эрмэгтэй зүйлд хүрснээр үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91/

Дорноговь аймгийн  сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-98/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч А.Ганцэцэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Ганцэцэг нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй  боловч хохирогч Э.Бум-Эрдэнэ нь хохирол нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Ганцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 / хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг  болон эд мөрийн баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин дархан хүүд овогт Алтан-Очирын Ганцэцэгийг /РД:ЕЭ75100861/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Боржигин дархан хүүд овогт Алтан-Очирын Ганцэцэгийг 2 /хоёр/ сарын хугацаагаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Ганцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганцэцэг нь 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ганцэцэгийг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                                            

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД