| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2024/0016/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/15 |
| Огноо | 2024-02-16 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга М.Энхцэцэг
Улсын яллагч Г.Ганцэцэг
Шүүгдэгч Ц.Зоригтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын Үүд сум 2 дугаар баг, Оренталын 1-4 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь
Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 960.000 төгрөгийн торгох ял,
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан,
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял, өмнөх Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, 5 сар 14 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Цэнд-Очирын Зоригтбаатар /МБ90112518/-т холбогдох эрүүгийн 2320001860004 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Зоригтбаатарт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Зоригтбаатар нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн байрны 1 давхарт байрлах коридорын хэсэгт хууль сахиулагч буюу Дорноговь аймгийн Замын Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч Б.Өлзийбаярын эрүүлжүүлэх байр руу орж, согтуурал шалгах багаж үлээлгэх шаардлага тавихад түүнийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан дүрэмт хувцсаар боож, биед хүзүүний урд хэсэгт цус хуралт гэмтэл учруулсан, мөн зууралдах, хавирч унагаах үйлдэл хийсний улмаас дүрэмт хувцсыг урж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
Хохирогч Б.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 24 цагийн томилгоотой албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд тухайн өдрийн 20 цагийн орчим Замын-Үүд сумын 1 дүгээр баг захиргааны 14 дүгээр байрны гадаа хүмүүс маргалдаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тухайн дуудлагад цагдаагийн ахлах ахлагч Батхишиг, дэд ахлагч Хос-Эрдэнэ нарыг явуулсан. Удалгүй тухайн хоёр алба хаагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 иргэнийг тус цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны үүдэнд авч ирсэн. Түд удалгүй эрүүлжүүлэх байрны үүдэнд хүмүүс орилох чимээнээр би буугаад очтол ахлах ахлагч Батхишигтэй иргэн Төмөр-Очир хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан миний бие тухайн Төмөрбаатар, Зоригтбаатар нарт хууль тайлбарлаж өгөөд согтуурал хэмжигч багаж үлээлгэж эрүүлжүүлэх саатуулах байр руу оруулах гэсэн боловч тухайн 2 иргэн бид хоёр ийшээ чинь орохгүй та нар чаддаг юм бол оруулаарай гэж хэлээд бие биеийгээ тэвэрчхээд орохгүй байсан. Тухайн үед би Зоригтбаатарт хандан та хоёрын согтолтын зэргийг чинь шалгах хэрэгтэй байна гэж хэлтэл Зоригтбаатар миний албаны дүрэм хувцасны хоолой хэсгээс заамдан авч намайг газарт унагаах гэж оролдох үед хажууд байсан хүмүүс салгасан бөгөөд тэр үед Зоригтбаатар намайг хөлөөрөө нэг удаа хавирсан. Тэгээд байж байтал тухайн өдрийн ёс журмын эргүүл болох ахлах мөрдөгч Лхамдорж ахмад орж ирж асуудлын шийдвэрлэсэн. Төмөрбаатар миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учруулаагүй харин Зоригтбаатар намайг заамдах үед миний хүзүү улайж зулгарсан байсан мөн миний албаны дүрэмт хувцасны суга хэсэгт урагдсан байса” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/ Ц.Зоригтбаатар миний дүрэмт хувцасны сугыг урсан бөгөөд тухайн хувцсаа оёдолчин дээр авч очин оёулж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 183/
Гэрч Л.Лхамдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өлзийбаяр тухайн залууд хууль ёсны шаардлага тавьж эрүүлжүүлэх байр луу ор гэж хэлтэл тухайн залуу цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тухайн үед би юу болоод байгаа талаар Өлзийбаяраас асуутал Өлзийбаяр надад хандан энэ залуу миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж миний хоолойноос боож намайг хавирч унагаах гэж оролдсон мөн миний албаны дүрэмт хувцасны сугыг ингэж урсан гээд надад сугаа өргөж урагдсан хэсгээ харуулсан. Тэгээд би тухайн залууд хууль ёсны шаардлага тавьж эрүүлжүүлэх саатуулах байранд оруулсан. ...Намайг өрөөнөөс бууж очих үед Өлзийбаяр надад хандан энэ Зоригтбаатар гэх залуу намайг боосон гээд хүзүүгээ үзүүлэхэд хүзүүн улайсан байсан. Мөн дүрэмт хувцасных нь суга урагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч Э.Хос-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Батхишиг бид хоёр Төмөр-Очир, Зоригтбаатар нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн бөгөөд тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч Өлзийбаяр тухайн хоёр иргэнд хууль зүйн зөвлөгөө өгөөд явуулах гэсэн боловч Зоригтбаатар гэх иргэн Өлзийбаярын үгийг үл тоон гар утсаа оролдоод хүн рүү залгаад тэнд орилж чарлаад байсан. Тэгтэл Өлзийбаяр, Зоригтбаатарыг бие хянах чадваргүй байна гээд согтуурал хэмжигч багаж үлээлгэн эрүүлжүүлэх саатуулах байранд оруулах гэсэн боловч Зоригтбаатар согтуурал хэмжигч багаж үлээхгүй эрүүлжүүлэх байранд орохгүй гээд Өлзийбаярыг барьж аван заамдаж боож хавирч унагаах гэж хөлөө Өлзийбаярын хөл рүү өшиглөсөн мөн зууралдаж байх хугацаандаа Өлзийбаярын албаны хувцсыг урсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Б.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөрдөгч Өлзийбаяр тухайн хоёр иргэнд хууль зүйн зөвлөгөө өгөөд явуулах гэсэн боловч Зоригтбаатар гэх иргэн Өлзийбаярын үгийг өөдөөс нь элдвээр орилж чарлаад байсан. Тэгтэл Өлзийбаяр, Зоригтбаатарыг бие хянах чадваргүй байна гээд согтуурал хэмжигч багаж үлээлгэн эрүүлжүүлэх саатуулах байранд оруулах гэсэн боловч Зоригтбаатар согтуурал хэмжигч багаж үлээхгүй эрүүлжүүлэх байранд орохгүй гээд Өлзийбаярыг барьж аван заамдаж боож хавирч унагаах гэж хөлөө Өлзийбаярын хөл рүү өшиглөсөн мөн зууралдаж байх хугацаандаа Өлзийбаярын албаны хувцсыг урсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/
Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04/226 дугаартай “1. Б.Өлзийбаярын хүзүүний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
5. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/
Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03107 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгтэй цамцны баруун, зүүн суга хэсэгт 7,5см болон 13см-н хэмжээтэй гэмтэлтэй байна.
2. Хар хөх өнгтэй цамцны баруун суга хэсэгт 7,5см хэмжээтэй, зүүн суга хэсэгт 13см хэмжээтэй гэмтэл нь урагдалт оёдол оёосоороо сэмэрсэн оёдлын утаснуудтай, байгаа нь татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан урагдалт байна гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31/
Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 11 сарын 09-ний өдрийн ТАҮ-023/8221 “ Цагдаагийн дүрэмт хувцас сэргээн засах хөлс 20,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-39/
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-51/
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-57/
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-65/
Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-69/
Шүүгдэгч Ц.Зоригтбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/
Гэрч Ц.Төмөр-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Зоригтбаатар согтуурхаад тэрүүгээр орилж чарлаад байсан тэгтэл тухайн үед байсан нэг жижиг биетэй цагдаа манай дүүд чимээгүй бай гээд шаардлага тавьтал Зоригтбаатар их согтуу байсан учир цагдаа нарыг үгэнд орохгүй байгаад байсан тэгтэл цагдаа нар манай дүү Зоригтбаатарыг биеэ удирдан жолоодох чадваргүй байна гээд согтуурал шалгах багаж үлээлгэн эрүүлжүүлэхээр болсон. Тэр үед Зоригтбаатар согтуурал хэмжигч үлээхгүй эрүүлжүүлэх байранд орохгүй гэж хэлээд орилоод эсэргүүцэл үзүүлээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 11 сарын 05-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо /хх-ийн 153/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.Зоригтбаатар үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Зоригтбаатар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Б.Өлзийбаярын цамцыг оёулж өгсөн, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг болон эд мөрийн баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Очирын Зоригтбаатар /МБ90112518/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Очирын Зоригтбаатарыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Зоригтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Зоригтбаатар нь 2,700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Зоригтбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД