| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00564/и |
| Дугаар | 153/ШШ2020/00626 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 153/ШШ2020/00626
| 2020 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00626 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар .............. багт оршин суух, .............овогт -ын Т-ийн нэхэмжлэлтай ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00564/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, гэрч Ц.Алтантогос нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Т нь Ховд аймгийн ******* суманд 1967 онд төрсөн. 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгссөн. Илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад нэгдэл тартал бог мал малласан. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дэвтрээ гээгдүүлсэн, мөн ажиллаж байх үеийн хөдөлмөрийн хөлс аав Жамбын нэр дээр бичигдэж байсан учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон. Иймд намайг 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Т нь 1967 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Эцэг *******, эх ******* нарын хамт амьдардаг юм билээ. 1983 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар 1989 оныг дуустал ажилласан юм билээ. Хөдөлмөр хөлс 70 дугаар данс нь аав Жамбын нэр дээр гарч ирээд байгаа юм. Иймд Ж.Т-ийг 1983 оны 6 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Ж.Т нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 602 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадын 1989 оны 70 дугаар дансын хуулбар / хх-ийн 5, 10 дугаар тал/
2.Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 864 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 дүгээр маягтад Ж.Т-ийг тусгай дунд боловсролтой кассчин, 1988 онд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн хаг хэсэгт хоньчин гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр тал/
3.Гэрч Н.Оюунбилэгийн:... Би 1981-1987 онуудад Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байгаад Ховд аймгийн төв рүү нөхөр Сонитөртэй гэр бүл болж аймгийн төв рүү шилжиж ирсэн. Ж.Т Ховд аймгийн ******* сумын сургуулийг төгсөөд Завхан аймгийн худалдааны ТМС-ийг төгсөж ирээд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилласан. Сургууль төгсөж ирээд ажил олдохгүй байна гээд мал маллаж байгаад нэгдэл нийгэм тараад тэр чигтээ малчин болсон. Одоо ч гэсэн малаа маллаад амьдарч байна. Ж.Т нь бог мал малладаг байсан. Ж.Тийн аавыг *******, ээжийнх нь нэрийг ******* гэдэг байсан. Ж.Т нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Ж.Т нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд ТМС-ийг 1985 онд төгсөж ирсэн. Ирээд хөдөө малчин болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
4.2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШЗ2020/01923 дугаартай Үзлэг хийх тухай шүүгчийн захирамжаар Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасагт хадгалагдаж байгаа Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн даргын 1983,1985,1986,1987,1989 онуудын тушаалуудаас Ж.Т-т холбогдох баримт олдоогүй болно. /
5.Гэрч Ц.Алтантогосын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Т-ийг 1987 оноос хойш танина. 1987 онд би малчин байсан. Т нь 1987 онд мал малладаг байсан. 1987 оноос өмнө юу хийж байсныг нь мэдэхгүй. 1987 онд би эхнэртэйгээ танилцах гээд явж байхдаа Т-ийг мэддэг болсон. Т нь Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд 1989 оныг дуустал хонь малладаг байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь энэ хэсэгт холбогдох баримт хэрэгт авагдаагүй болно.
Нэхэмжлэгч Ж.Т-ийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ....... овогт Ж-ын Т- ийг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ