| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00722/и |
| Дугаар | 153/ШШ2020/00627 |
| Огноо | 2020-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 153/ШШ2020/00627
| 2020 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00627 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ......... тоотод оршин суух, ......... овогт Т-ын А-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00722/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нэхэмжлэгч Т.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд Тухын 3 дугаар хүүхэд болон төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуульд 1978 онд элсэн орж суралцаж байгаад аав, ээждээ туслахын тулд 1981 онд сургуулиас гарсан. 1986 онд нэгдэлд элсэж аав, ээжтэйгээ 1992 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байгаад 1992 оны 12 сард Р.Хуандагтай гэр бүл болж Улаанбураа бригадад тариалан тарьж амьдарсан. Намайг ажиллаж байх үеийн баримт гэвэл 1989 онд эмэгтэйчүүдийн хуралд суугаад халуун сав баярын бичиг авч байснаас өөр баримт байхгүй байгаа. Намайг 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А-г 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1561 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадын 1989 оны 7 дугаар дансны хуулбар /хх-ийн 4,89 дүгээр тал/
2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,/хх-ийн 12 дугаар тал/
3.1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авсан Гэрчилгээ /хх-ийн 14 дүгээр тал
4.1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан Баярын бичиг /хх-ийн 15 дугаар тал/
5.Гэрч Ж.Күлизагийн... Би 16 наснаасаа эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Т.А нь 3 билүү 4 дүгээр анги төгссөн. Багаасаа эцэг эхийн хамт Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Т.А нь бог мал маллаж байсан. Аы аавыг Тух , ээжийнх нь нэрийг Жангал гэдэг байсан. Тух нь 7 билүү 8 хүүхэдтэй айл байсан. А нь айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Тухын хүүхдүүдээс Дурдубай гэж хүү нь хувиараа бизнес хийдэг хүн байна. А гэж охин нь багш хийдэг. Бусад хүүхдүүд нь бүгд малчин хүмүүс байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
6.Гэрч А.Жавахын... Би 1961 оноос эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилд орж нэгдэл тартал буюу 1990 он хүртэл ажилласан. Т.А нь бага сургууль төгссөн. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт мал маллаж байсныг нь мэднэ. А аавыг Тухын , ээжийнх нь нэрийг Жангал гэдэг байсан. Т.А нь айлын 3 билүү 4 дэх хүүхэд нь байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/
7.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 дүгээр маягтанд Т.А-г 1986 онд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд хоньчин гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 27 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ...... овогт Т-ын А -г 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.А-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ