Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00628

 

 

 

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00628          

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар .............. багт оршин суух, .......овогт Д-ийн Г-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 153/2020/00671/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нэхэмжлэгч Д.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1977 онд Ховд аймгийн 1 дүгээр сургуульд элсэн суралцаад 1987 онд төгссөн. 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн барилгын материалын үйлдвэрийн удирдах ерөнхий газрын харъяа Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт нормчноор ажилласан. 1989 оны 04 дүгээр сард нөхөр Ж.Цагаанцоожтой гэр бүл болж Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл тарах үед миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчноор, 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г-ийг 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчноор, 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1287 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 191 дүгээр тушаалын хуулбар, 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 51 тоот тушаалын хуулбар /хх-ийн 5-7 дугаар тал/

2. Бүрэн дунд боловсролын үнэмэлхний нотариатаар гэрчлүүсэн хуулбар /хх-ийн 17 дугаар тал/

3.Гэрч Ц.*******гийн... Би 1979 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бриагдад малчнаар ажиллаж байсан. Д.Гийг хүүхэд байхаас нь мэднэ. Г нөхөр Цагаанцоожийн хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Д.Г-ийн нөхөр Цагаанцоож нь нэгдлийн адуучин байсан. Эхнэр нь сааль саадаг байсан. Г-ийн аавынх нэрийг Дорьдивсүрэн , ээжийнх нь нэрийг Моогор гэдэг байсан. Г нь айлын том хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

4.Гэрч С.*******ын... Би 1971 онын 5 сараас Ховд аймгийн барилгын материалын үйлвэрийг удирдах газрын харъяа ханын материалын үйлдвэрт слесарь, мастер зэрэг ажлыг үйлдвэр тартал хийж байсан. Д.Г нь 1988 оны хавар 10 дугаар анги төгсөөд манай ханын материалын үйлдвэрт нормчноор ажилд ороод 1989 оны 4 сар хүртэл ажилласан. Гэр бүлтэй болоод манай үйлдвэрээс гарсан санагдаж байна. Тэгээд л түүнээс хойш хөдөө гарч малчин болсон байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар тал/

5.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа

6. Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1989 оны 70 дугаар дансны хуулбар  /шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн баримт/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6,  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ............ Г-ийг 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчноор, 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ