| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
2024 01 19 2024/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Хосбаяр даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам
Иргэдийн төлөөлөгч М.Отгонжаргал
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Хохирогч ********
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* овогт ********-ийн **********д холбогдох эрүүгийн 2339000000339 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******** нь ************* тоот хашаанд байрлах ********* ын эзэмшлийн байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн орчим ******** тай ажлын хөлс, мөнгөнөөс шалтгаалан маргалдаж, ******** ыг архинд согтсон, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний зүүн нүд рүү гараараа цохиж, толгой, нүүр хэсэг рүү олон удаа цохиж, зодож ******** ын эрүүл мэндэд зүүн чамархай яс, дух яс, зүүн хоншоор, зүүн хацар, хамар ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймагт ******** тай хамт ажил хийж байгаад 8 дугаар сарын 31-ний өдөр наашаа явсан. Тэнд 10 гаруй хоног ажил хийсэн. Сүхбаатар аймгаас наашаа явж байгаад овоон дээр зогсож, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хамт 1 шил архи уусан. Бид 2 тэр машины дөрвөлжин тэвш шиг битүү юман дотор хоёулаа сууж ирсэн. Би Хэнтийд бууж үлдэнэ гэхэд ******** “ Хамт бууя, би танай аймагт 1 хоночихоод явъя” гэсэн. Бууж үлдээд 2 шил архи аваад ********* ын гэрт очсон. Тэр 2 шил архины 1-ийг нь бүтэн уугаад, 1-ийг нь тал уусан. Ажил хийгээд ядарсан байсан болохоор унтаж амаръя гээд унтсан. Нэлээн унтаж байхад ******** ын хармаанд байсан бид хоёрын ажлын хөлс байхгүй байна гээд ******** намайг сэрээсэн. Унтаж байхад 3 алгадсан. Би унтаж байсан болохоор “Яагаад байгаа юм бэ?” гэж босож ирээд зүүн нүд рүү нь 1 удаа цохисон. Дахиад над руу дайраад байхаар нь би зөрүүлээд чих рүү нь хальт цохисон. Надтай ноцолдож байгаад нэг юманд тээглээд унах шиг болсон. Яг юу, яаж мөргөснийг нь бол мэдээгүй. Харанхуй байсан. Тэгээд маргааш өглөө нь ******** “Нүд ийм болчихсон байна. Хэн намайг цохичихов” гэхээр нь би “Чи өөрөө мэдэж байгаа биз дээ. Би чамайг цохисон биз дээ” гэж хэлсэн. Тэр өдөр бас бид 2 үргэлжлүүлээд ******** ын толгой өвдөөд байна гэхээр нь архи авч уусан. Тэгээд 2-3 хоноод ******** ын бие муудаад ирэхээр нь ********* түргэн дуудаад ********* бас утсаар нь ярьсан юм байна лээ. ******** бид 2 эмнэлэгт очоод цагдаа ирэх учраас мотоциклоос унасан гэж хэлье гээд ярилцчихсан байсан.” гэв.
Хохирогч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед бид нар Сүхбаатар аймгаас ажлаа дуусгаад, наашаа шууд явсан. Энд ирээд хоол идчихээд 2 шил архи аваад ********* ын гэрт очсон. Тэднийд очоод 3 хүнтэй хамт 1 шил архийг нь уугаад, 1 шил архины талыг нь уусан. Бид 2 урд өдөр нь шөнө ажилласан байсан болохоор нойр хүрээд унтсан. Тэгээд шөнө сэрээд миний хармаанд байсан мөнгө байхгүй болчихсон байхаар нь ********* г алгадаж сэрээгээд “мөнгөө яагаад авчихав” гэж хэлсэн. Тийм зүйлээс болж маргалдаад, харилцан зодолдсон. Маргааш өглөө нь би босож ирээд “чи яагаад нүд рүү цохичихоо вэ” гэж найздаа хэлсэн. Миний нүд амархан хавдчихдаг юм. Мөнгө төгрөг яасан гэхэд аваагүй гэсэн. Тэгээд бид хоёр ямар ч мөнгөгүй болоод хамт ажиллаж байсан хүнээсээ 150,000 төгрөг аваад явна гэж бодож байсан. Шөнө ********* тай зодолдохдоо унаж байсан. Юманд цохисон эсэхээ санахгүй байгаа. Цуг уугаад унтахад би бүх зүйлээ мэдэж байсан. 2 хоног хэвтээд, тийм хүнд гэмтчихнэ гэж бодоогүй. Архи уусан юм чинь жоохон хэвтчихэд болно гэж бодсон. 2 өдөр хэвтээд 3 дахь өдөр нь босч ирээд ярьж чадахгүй болчихсон байсан. Эмнэлэг рүү явахад цагдаа ирээд үнэнээ хэлбэл эрүү үүснэ гээд мотоциклоос унасан гэж хэлье гэж бид хоёр тохиролцсон. Би нэг л удаа мэдүүлэг өгсөн. Тэгэхэд би 3 хоног ухаангүй байсан. Норкоз гараагүй байсан. Ямар мэдүүлэг өгснөө санахгүй байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч М.Отгонжаргал шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэв.
Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотод яг тогтсон хаяг байхгүй. Түрээсийн байраар явж, 100 айлын тэнд барилгын хөлсний ажил хийж явдаг юм. Би Сүхбаатар аймагт ажил хийж байгаад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найз ********* ы хамт Хэнтий аймагт 18 цагийн үед ирээд бид хоёр сайн бөө байдаг гээд тэнд үзүүлэх гэж байсан чинь бөө нь Галшар сум руу явсан маргааш ирнэ гэхээр нь аймагт нэг цайны газар орж хоол идээд дэлгүүр орчихоод 2 ширхэг 0,75 литрийн архи аваад ********* ы найзынд очиж, яг тэр найзыг нь хэн гэдгийг сайн санахгүй байна очоод бид нар авсан архиа уугаад хоол унд идчихээд дахиад архи нэмсэн. Яг хэдэн шил архи уусныг санахгүй байна. Тэгээд би нилээн согтчихсон байсан болохоор яг хэдэн цагт унтсанаа ч санахгүй байна. Өглөө сэрэхэд миний зүүн нүд хөхөрсөн, хацар хөхөрч хавдсан. Хамарнаас их хэмжээний цус гарсан байдалтай хувцас цус болчихсон байсан. Тэгээд би ********* руу “яаачив” гэсэн чинь “би чамайг цохисон юм аа. Чи зүгээр байхад урдаас хуцаад байсан шүү дээ” гэж хэлэхээр нь “тэр чинь ямар хамаатай юм, хүний нүүр ийм болгочихсон байх юм” гээд “дэлгүүр хурдан яв, архи аваад ир” гэж би ********* д хэлсэн. Тэгээд би тэр хавиар цусаа арилгаад хувцсаа сольсон. Тухайн өдөр миний бие арай гайгүй байхад тэр өдрөө архи уусан. Тэгээд маргааш өглөө нь болтол миний бие улам муудсан. Босож чадахаа больсон. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө юу болсон талаар ч мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлгийн орон дээр байсан. Би нэгэнт согтсон байсан болохоор яг миний хаана хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. 2014 оноос хойш 100 айл дээр цуг барилгын ажил хийж байгаад танилцсан. Одоог хүртэл найзалж байна. Тухайн үед бие маань гайгүй байсан ба найз маань юм даа гээд цагдаагийн байгууллагад хандаагүй. ********* ы найз лам ********* гэдэг хүн бид нар л байсан. Их олон шил архи уусан юм шиг байна лээ санахгүй байна. Би маш хүнд хагалгаанд орсон. Эмнэлгийн төлбөр мөнгө их гарсан. Найз маань гээд цагдаагийн байгууллагад хандаагүй дээ харамжсаж байна. Гомдолтой байна. Тухайн үед бид гурав гурвуулаа л тэр байшинд унтаад өглөө сэрэхэд бие маань ийм байдалтай сэрсэн. Яагаад ********* зодсон талаар мэдээгүй байна. Бид хоёрт ямар ч муудалцсан зүйл байгаагүй. Тухайн үед би хэт их согтсон байсан учир яасан гэдгийг санахгүй байна...” гэжээ. (хх-ийн 24-27)
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн томилгоот жижүүрийн дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэн гарч байсан юм. Тэгээд ******** нь 10 цагийн үед ирж би үзэх шаардлагатай болоод үзэхэд зүүн нүд хөхөрч хавдсан, дэмийрсэн, орчиндоо харьцаа сул, хаана байгаагаа мэдэхгүй байдалтай байсан. Цуг авч ирсэн согтуу залуугаас “та юу нь вэ, энэ хүн энэ хүн яасан хүн бэ” гэхэд тэр хүн “мотоцикл унасан өөр зүйл мэдэхгүй байна” гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирж регистр, болон хэн гэдгийг нь мэдсэн. Тэгээд томограф болон шинжилгээ авч гэмтлийн эмч дуудаж үзүүлэхэд тасагт хэвтүүлж яаралтай хотоос тархи мэс заслын баг дуудах шаардлагатай гээд тасагт хэвтүүлсэн. Биеийн байдал хүнд, гавал тархины битүү гэмтэлтэй, зулай чамархайн яс цөмөрсөн, хугарал, хатуу хальсанд орох цусан хураа гэх оноштой байна...” гэжээ. (хх-ийн 29-30)
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн ********* тоотод нөхрийн хамт амьдардаг. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед манай нөхрийн найз гээд ********* , ********* хоёр “Qulyu”, “Хараа” гэсэн нэртэй 2 шилтэй архи авчраад нөхөр ********* , ********* сүрэн ах хоёртой хамт манай гэрийн хойд талын байшинд архиа хувааж уугаад нөхөр бид хоёр 08 цагийн үед урд гэртээ орж унтсан. Хойд талын байшинд ********* , ********* , ********* сүрэн нар хоносон. Тэгээд би өглөө 07 цагийн үед хойд байшин руу ороход баруун орон дээр ********* хэвтсэн бөөн цус болсон, нэг нүд нь хөхөрч хавдсан, чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ********* ах “********* бид хоёр хоорондоо муудалцаад би цохисон юм” гэж хэлэхээр нь түргэн дуудаж үзүүл гэхэд ********* гэх хүн “хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд ********* гэх хүн орноос босохгүй 2 өдөр болсон. 09 дүгээр сарын 03-ны өдөр ярьж чадахгүй болсон байхаар нь эмнэлэг дуудна гэхэд ********* ах “мотоциклоос унасан гэж хэлээрэй” гэхэд ********* сүрэн ах эмнэлэг рүү залгаж хэлэхэд би “наадуул чинь нэгнийгээ зодчихоод худлаа хэлээд байна” гэхэд ********* ах утсыг нь булааж аваад салгасан. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаж ********* гэх хүнийг өгсөн. ...Тухайн үед ********* гэх хүн битгий дууд гээд байхаар нь зүгээр юм байх гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. ...********* , ********* сүрэн хоёр өглөө 0,5 граммын архи ууссан байсан. ********* , ********* хоёр манай гэрт ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд 0.75 граммын 2 шилтэй архи уугаад нэлээн согтсон...” гэжээ. (хх-ийн 36-37)
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт ирээд ********* ын гэрт очиж ********* тай хамт архи уугаад 2 хонож байхад 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймагт ажил хийж байгаад ирлээ гээд ********* , ********* гэх залуутай 14 цагийн үед хоёр шилтэй архи авчраад ********* бид дөрөв ********* ын хойд талын байшинд хамт хувааж ууж байгаад ********* ыг эхнэр нь аваад урд гэр рүүгээ орж унтсан. Тэгээд ********* , ********* бид гурав хойд талын байшинд байхад ********* , ********* хоёр мөнгө төгрөгний хэрүүл хийгээд муудаад байхаар нь би ********* ыг эрхээрээ гуядахад миний дээрээс цээж болон нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би удалгүй унтаад өгсөн. Маргааш өглөө нь ********* гэх залуу нүүр амнаас нь их цус гарсан байсан. Тэгээд хоол идэхгүй 2 хоног ус уугаад хэвтээд байсан. Тэгээд өнөө өглөө би эмнэлэг рүү залгаж дуудлага өгөхөд ********* “мотоциклоос унасан гэж хэлээрэй” гэхэд Үүрцайх “та нар нэгийгээ зодсон биз дээ” гэхэд ********* утас булааж аваад салгасан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд ********* ыг аваад явсан. ...Би тухайн өдөр согтоод унтаад өгсөн байсан болохоор сайн мэдэхгүй байна. ...Байшинд ********* , ********* бид гурав унтсан өөр хүн байгаагүй.” гэжээ. (хх-ийн 40-41)
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймагт амьдардаг ихэр 2 охины маань нэг ********* над руу 14 цагийн үед яриад “ах ********* нь мотоциклоос унасан юм уу хүнд зодуулсан юм уу Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт байна гэнэ ээ” гээд учиргүй сонин юм ярьсан. Тэгээд би мөн үү гээд сувилагчийн фейсбүүк хаягаар ярихад ах мөн байсаан гэж хэлсэн. Би нөхрийн хамт Халиун сумаас Говь-Алтай аймгийн төв рүү тухайн үед 15 цагийн үед гараад ... Улаанбаатар хотод 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө ирээд охин Аззаяаг 2 хүүхэдтэй нь Улаанбаатар хотод үлдээгээд хүргэн, нөхрийн хамт Хэнтий аймаг руу 14 цагийн үед гараад орой нь 20 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Хүү маань ирэхэд сэхээн амьдруулах тасагт ухаангүй хагалгаанд орсон эмчилгээтэй байсан. Би түүнээс хойш 3 өдөр дараалан сахиж байна. Одоо аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт шилжин эмчлүүлж байгаа юм. Өдөрт эмчилгээ цаг тухайд нь хийгдээд толгойд нь нийт 3 гуурс тавигдаж, одоогоор 1 гуурс үлдсэн, ухаан орсон боловч яриа нь хааяа ойлгогдохгүй зарим зүйлээ хааяа санаад хааяа санахгүй байгаа. Би ********* гэдэг залууг танихгүй. ********* нь бид нарт мэдэгдэхгүй уудаг юм шиг байна лээ. Бид нар тусдаа хол амьдардаг учир сайн мэдэхгүй байна. Хүүхдээ тэнхэрүүлж авмаар байна. Урьд нь ямар ч өвчин гэж хэлдэггүй байсан хүүхэд шүү дээ. Сайн эмчилгээг нь хийлгэж тэнхрүүлж цаашдаа тахир дутуу болчихвий гэхээс айж байна .” гэжээ. (хх-ийн 43-44)
Шүүгдэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 08 дугаар сарын 13-аас хойш Сүхбаатар аймгийн Уулбаян сум болон Сүхбаатарын төв дээр дотуур байрны гадна талын хашааг шинээр хийгээд тэнд 10-аад хоног ажил хийгээд Хэнтий аймгийн төвд ********* найзтайгаа 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Тэгээд ирээд багын найз ********* ын гэр болох аймгийн төвд Хэрлэн сумын 2 дугаар баг ********* тоотод ирээд ********* , ********* , ********* , тэгээд ********* ын хадам аав бид нар “QUALY” нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Дахиж хэдийг нэмсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд би 22 цагийн үед унтсан байх нэг сэрсэн ********* намайг баруун хацар хэсэг рүү 3 удаа алгадахаар нь би босоод яагаад байгаа пизда вэ гээд зүүн нүд рүү нь нэг удаа гараараа, зүүн чих рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд ********* ын хамраас цус гараад газар хэвтээд өгсөн. Би гайгүй байх гэж бодоод тухайн үед тоогоогүй унтаад өгсөн. Өглөө босоод ********* ыг харсан чинь зүүн нүд нь хөхөрсөн, хамраас нь их хэмжээний цус асгарсан байдалтай байсан. Тэгээд гайгүй болчих байх гэж бодоод эмнэлгийн байгууллагад тухайн үед мэдэгдээгүй. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэлээн бие нь өвдөөд хоол унд идэхгүй юм ярьж чадахгүй байхаар нь эмнэлгийн байгууллагад би өөрөө дуудлага өгч түргэн ирээд бид хоёр хамт эмнэлэг рүү явсан. Би архинаас болоод найзыгаа цохиж зодсондоо харамсаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэжээ. (хх-ийн 82-84)
Гэрч ********* ийн мэдүүлэг (хх-ийн 46-47)
Гэрч ********* ийн мэдүүлэг (хх-ийн 50-51)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 437 дугаартай “...1.******** ын биед зүүн чамархай яс, дух яс, зүүн хоншоор, зүүн хацар, хамар ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс
хамаарна.” гэх дүгнэлт (хх-ийн 55-56)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3102 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамцны зүүн халаасны цахилгаан товч эдэлгээний явцад татаж чангаах хүчний үйлчлэлээр унасан, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон усан цэнхэр өнгийн хөнжилд 230х70мм талбайд эдэлгээний явцад үүссэн урагдалт байна.
2.Дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 63-64)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4181 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбар дээр цус илэрсэн, эдгээрээс илэрсэн цус нь хүний цус байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбараас илэрсэн цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт (хх-ийн 73-74)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-11)
Хүний биед үздэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14)
Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-ийн 18)
******** ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 87, 88, 90, 90)
Хохирогч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын баримтууд (хх-ийн 102-106)
Хохирогч ******** ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 115) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар саарал өнгийн цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цахилгаантай цамц нэг ширхгийг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ********* овогт ********-ийн ********** нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ********* тоот хашаанд байрлах ********* ын эзэмшлийн байшин дотор ******** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар ******** ын зүүн нүд рүү болон толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн чамархай яс, дух яс, зүүн хоншоор, зүүн хацар, хамар ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч ******** ы “...тэгээд би 22 цагийн үед унтсан байх нэг сэрсэн ********* намайг баруун хацар хэсэг рүү 3 удаа алгадахаар нь би босоод яагаад байгаа пизда вэ гээд зүүн нүд рүү нь нэг удаа гараараа, зүүн чих рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд ********* ын хамраас цус гараад газар хэвтээд өгсөн. Би гайгүй байх гэж бодоод тухайн үед тоогоогүй унтаад өгсөн. Өглөө босоод ********* ыг харсан чинь зүүн нүд нь хөхөрсөн, хамраас нь их хэмжээний цус асгарсан байдалтай байсан. Тэгээд гайгүй болчих байх гэж бодоод эмнэлгийн байгууллагад тухайн үед мэдэгдээгүй. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэлээн бие нь өвдөөд хоол унд идэхгүй юм ярьж чадахгүй байхаар нь эмнэлгийн байгууллагад би өөрөө дуудлага өгч түргэн ирээд бид хоёр хамт эмнэлэг рүү явсан. ... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******** ын “...Өглөө сэрэхэд миний зүүн нүд хөхөрсөн, хацар хөхөрч хавдсан. Хамарнаас их хэмжээний цус гарсан байдалтай хувцас цус болчихсон байсан. Тэгээд би ********* руу “яаачив” гэсэн чинь “би чамайг цохисон юм аа. Чи зүгээр байхад урдаас хуцаад байсан шүү дээ” гэж хэлэхээр нь “тэр чинь ямар хамаатай юм, хүний нүүр ийм болгочихсон байх юм” гээд “дэлгүүр хурдан яв, архи аваад ир” гэж би ********* д хэлсэн...” гэх, гэрч ********* гийн “...Тэгээд ********* , ********* бид гурав хойд талын байшинд байхад ********* , ********* хоёр мөнгө төгрөгний хэрүүл хийгээд муудаад байхаар нь би ********* ыг эрхээрээ гуядахад миний дээрээс цээж болон нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би удалгүй унтаад өгсөн. Маргааш өглөө нь ********* гэх залуу нүүр амнаас нь их цус гарсан байсан...” гэх гэрч ********* ийн “...Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн томилгоот жижүүрийн дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэн гарч байсан юм. Тэгээд ******** нь 10 цагийн үед ирж би үзэх шаардлагатай болоод үзэхэд зүүн нүд хөхөрч хавдсан, дэмийрсэн, орчиндоо харьцаа сул, хаана байгаагаа мэдэхгүй байдалтай байсан. Цуг авч ирсэн согтуу залуугаас “та юу нь вэ, энэ хүн энэ хүн яасан хүн бэ” гэхэд тэр хүн “мотоцикл унасан өөр зүйл мэдэхгүй байна” гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирж регистр, болон хэн гэдгийг нь мэдсэн. Тэгээд томограф болон шинжилгээ авч гэмтлийн эмч дуудаж үзүүлэхэд тасагт хэвтүүлж яаралтай хотоос тархи мэс заслын баг дуудах шаардлагатай гээд тасагт хэвтүүлсэн. Биеийн байдал хүнд, гавал тархины битүү гэмтэлтэй, зулай чамархайн яс цөмөрсөн, хугарал, хатуу хальсанд орох цусан хураа гэх оноштой байна...” гэх, гэрч ********* ын “...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед манай нөхрийн найз гээд ********* , ********* хоёр “Qulyu”, “Хараа” гэсэн нэртэй 2 шилтэй архи авчраад нөхөр ********* , ********* сүрэн ах хоёртой хамт манай гэрийн хойд талын байшинд архиа хувааж уугаад нөхөр бид хоёр 08 цагийн үед урд гэртээ орж унтсан. Хойд талын байшинд ********* , ********* , ********* сүрэн нар хоносон. Тэгээд би өглөө 07 цагийн үед хойд байшин руу ороход баруун орон дээр ********* хэвтсэн бөөн цус болсон, нэг нүд нь хөхөрч хавдсан, чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ********* ах “********* бид хоёр хоорондоо муудалцаад би цохисон юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 437 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3102 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4181 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэж хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгох бөгөөд энэхүү хэргийн хохирогчид дээрх шинжүүд тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******** ын “...Өглөө сэрэхэд миний зүүн нүд хөхөрсөн, хацар хөхөрч хавдсан. Хамарнаас их хэмжээний цус гарсан байдалтай хувцас цус болчихсон байсан. Тэгээд би ********* руу “яаачив” гэсэн чинь “би чамайг цохисон юм аа. Чи зүгээр байхад урдаас хуцаад байсан шүү дээ” гэх, гэрч ********* гийн “...Тэгээд ********* , ********* бид гурав хойд талын байшинд байхад ********* , ********* хоёр мөнгө төгрөгний хэрүүл хийгээд муудаад байсан...”, шүүгдэгч ******** ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэгээд би 22 цагийн үед унтсан байх нэг сэрсэн ********* намайг баруун хацар хэсэг рүү 3 удаа алгадахаар нь би босоод яагаад байгаа пизда вэ гээд зүүн нүд рүү нь нэг удаа гараараа, зүүн чих рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд ********* ын хамраас цус гараад газар хэвтээд өгсөн...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо маргалдаж муудалцсан байх бөгөөд хохирогч хүчтэй согтуурсан, өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг шүүгдэгч ******** ухамсарлан мэдэж ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хохирогч ******** ын эрүүл мэндэд шүүгдэгч ******** ы үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 437 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******** д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн тул шүүгдэгч ******** ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч ******** д ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч ******** ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******** ын эрүүл
мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч ******** нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цахилгаантай цамцыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт ********-ийн **********д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч ********* овогт ********-ийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ыг 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ы хөрөнгө, орлого боломжийг харгалзан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг саарал өнгийн цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цахилгаантай цамцыг устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Э.ОДХҮҮ
Б.УУГАНБАЯР