Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00629

 

 

 

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00629

Жаргалант сум

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлтэй, ......... тоотод оршин суух, З....... овогт Д-ийн З-д  холбогдох актын төлбөр 2,953,300 /хоёр сая есэн зуун тавин гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  06 дугаар 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00629/И индекстэй  иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.З нь хөдөө орон нутагт ажилласан хугацааны мөнгөн тэтгэмжийг 2015 оны 06 дугаар сарын 15-нд 3135.3 мянган төгрөгийг олгож тэтгэмж олгох хугацаа болоогүй байхад 2017 оны 02 дугаар сарын 24-нд 1.0 са, 5 дугаар сарын 29-нд 2135.3 төгрөг, бүгд 3135.3 мянган төгрөгийг олгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлэгийн мэргэжилтэн, эмнэлэгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлэгийн мэргэжилтэн, эмнэлэгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэсэн заалтыг зөрчсөн тул акт бичигдсэн. Иймд иргэн Д.З-ээс 2,953,300 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь Д.З-д холбогдуулан актын төлбөр 2,953,300 /хоёр сая есэн зуун тавин гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Болдбаатар, хариуцагч Д.З нар нь дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлийн шаардлага болох 2,935,300 төгрөгөөс Д.З нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 733,825 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 733,825 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 733,825 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 733,825 төгрөгийг тус тус Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт төлөхөөр, Зохигчид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй гэж тохиролцсон эвэлрлийн гэрээг байгуулж ирүүлжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 62,203 /жаран хоёр мянга хоёр зуун гурав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамж 62,203 төгрөгийн тал хувь болох 31,101.5 /гучин нэгэн мянга нэг зуун нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.З-гээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Д.З нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.З-д  холбогдох актын төлбөр 2,953,300 /хоёр сая есэн зуун тавин гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 62,203 /жаран хоёр мянга хоёр зуун гурав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамж 62,203 төгрөгийн тал хувь болох 31,101.5 /гучин нэгэн мянга нэг зуун нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.З-гээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ