Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00637

 

 

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00637

Жаргалант сум

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч У.Б нэхэмжлэлтэй, хариуцагч ........ хоршоонд холбогдох, 33,000,000 /гучин гурван сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00714/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Манай гэр бүл 1998 оноос хойш газар тариалан эрхэлж 22 жил төмс хүнсний ногоо, нарийн ногоо тариалж амьдарсан. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төмс, хүнсний ногооны үр тариалдаг Баян алтайн үрс хоршооны дэлгүүрээс Белорусская 85 сортын орой ургацын байнцааны үрийг 1 граммыг 120 төгрөгөөр бодож 300 грамм үрийг 36,000 төгрөгөөр худалдан авсан. Үрийг үрслүүлэн суулгасан боловч байцаа ургаагүй том том навч ургаж гарсан. Мэргэжлийн агрономичид үзүүлэхэд энэ талбайгаас байцаа гарахгүй, энэ төрлийн сортноос байцаа гардаггүй навч чигээрээ байна одоо танайх энэ талбайгаас ургац авахгүй гэж хэлсэн. 0,85 сот талбайд тариалсан 12,000 ширхэг үрсэлгээ суулгасан. 1 ширхэг үрсэлгээнээс дунжаар 3 кг байцаа гэж тооцвол 12,000 ширхэг үрсэлгээнээс 36 тонн байцаа хурааж авна. 1 кг байцааг 1000 төгрөгөөр тооцож борлуулан гэвэл 33 тонн байцаанаас 33,000,000 төгрөг олох ёстой байсан. Иймд шаардлага хангахгүй байцааны үр худалдсан Баян алтайн үрс хоршооноос надад учирсан хохирол 33,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Б үрс хоршоонд холбогдуулан 33,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч У.Б нь Баян алтайн үрс хоршооны захирал О.Батзориг нь байцааны үрээ өөр газраас худалдан авсан гэж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан хүсэлтээ 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч У.Б-гийн  татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч У.Б-гийн нэхэмжлэлтэй Б хоршоонд холбогдох 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 322,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч У.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б хоршоонд холбогдох 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч У.Б-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж 322,950 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    Х.ОТГОНЖАРГАЛ