Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр

шүүгдэгч Т.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Бэсүд овогт Төртогтохын Хүрэлбаатарт холбогдох 2431000000013 дугаартай, 175/2024/0040/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Болд төмөр Ерөө гол” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 06 дугаар баг 01 дүгээр хэсэг 097 тоотод оршин суух, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд ургийн овогт Төртогтохын Хүрэлбаатар, Регистрийн дугаар: МА78101815

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Т.Хүрэлбаатар нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 ^ цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг үйл ажиллагаа явуулдаг “Л паб” нэртэй караокед согтуурсан үедээ Б.Шунхлайтай үл ялих зүйлээс маргалдаж түүний баруун нүдний зовхи шарх, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун, зуун мөр, цээж, баруун бугалаг, зүүн бугалаг, доод уруулын доод хэсэгт цус хуралт, духанд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 ^ цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг үйл ажиллагаа явуулдаг “Л паб” нэртэй караокед согтуурсан үедээ Б.Шунхлайтай үл ялих зүйлээс маргалдаж түүний баруун нүдний зовхи шарх, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун, зуун мөр, цээж, баруун бугалаг, зүүн бугалаг, доод уруулын доод хэсэгт цус хуралт, духанд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хүрэлбаатар өгсөн: “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна энэ алдаагаа дахиж давтахгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч       Б.Шунхлай нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Уурхайд хамт ажилладаг Даваадорж, Хүрэлбаатар, Бат-Эрдэнэ, Баярсайхан, Бадрал, мөн миний бие нийт зургуулаа Сэлэнгэ аймаг 7  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Л паб нэртэй газарт орсон. Тухайн пабын 5 номерын өрөөнд сууж 2 шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи мөн ундаа авсан. Дуулж хуурдаад архиа уугаад архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн юу ч санахгүй байна. ...Би анх мэдүүлэг өгөхдөө биеийн байдал муу байсны улмаас сайн мэдүүлэг өгч чадаагүй мөн одоо бол болсон асуудлыг дэлгэрэнгүй биш ч гэсэн тодорхой хэмжээнд санаж байна. Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой хамт гарсан ажлын хүмүүстэйгээ дуулж хуурдаж байгаад Хүрэлбаатартай маргалдсан юм. Тэгээд би харилцан зодолдсон гэж бодож байна гэхдээ хэн түрүүлж цохисныг санахгүй байна юу ч гэсэн Хүрэлбаатар миний нүүр болон нүд хэсэг рүү цохисон тэгээд зодооныг Бадрал Даваадорж нар салгасан байх гэж бодож. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бүдэг бадаг санаж байна тэгээд гарч яваад эмнэлэгт сэрсэн юм.

Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 10, 12-р хуудас/

Гэрч Ш.Даваадоржийн “...Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар 30-ны өдөр хамт ажилладаг Шунхлай, Бат-Эрдэнэ, Бадрал, Хүрэлбаатар , Баярсайхан мөн миний бие нийт 6 хүн баяраа тэмдэглэх гэж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг Л паб нэртэй караокед орсон юм. Бид 1 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архинаас хоёрыг авсан тэгээд би нэлээн эрт согтсон, манай хэд дахиад нэмж архи авсан юм байна лээ. Тэгээд дуулж хуурдаад байж байтал Шунхлай миний ярьж байсан үгийг зөрж яриад байсан. Би ерөнхийдөө хариуцаж гарч байсан юм тэгээд гараад шууд харьцгаан гэж хэлэхэд үгүй гараад буудал ороод нэмж ууна гэх мэт миний хэлсэн үгнүүдийг зөрж яриад байсан. Тэгээд Шунхлайг зөрж яриад байхаар нь би үглэсэн юм чи одоо залуу хүүхэд байхад яах гээд байгаа юм гэж хэлсэн. Энэ үйл явдлаас хойш би ерөнхийдөө санахгүй байгаа. Би Хүрэлбаатарт бас үг хэлснээ санаж байна Шунхлай би чи дуулна гээд Хүрэлбаатар тэр 2 жаахан маргалдаад байсан үүнээс Хар цааш сайн мэдэхгүй байна. Хамт гарсан Бадралаас өчигдөр юу болсон талаар асуухад би таныг гэрт чинь хүргэж өгсөн тэгээд зодоон болсон талаар ярьсан Хүрэлбаатар Шунхлайг бөгжтэй гараараа цохисон юм шиг байна лээ та бол зодоон болохоос өмнө түрүүлээд тасарчихсан гэж хэлсэн миний санаж байгаа бодит ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р хуудас/

Гэрч    Т.Энхтөгсийн “...Би юу болсон талаар мэднэ. Тухайн үед би тус 300 пабынхаа тамхины өрөөнд тамхи татаад зогсож байсан юм гэтэл 5 дугаар өрөөний паар тамхины өрөөний паар холбоотой нэг юм гэтэл паар доргисон тэгэхээр нь 5 дугаар өрөөнд зодоон болж байна гэж бодоод үүдийг нь нээхэд цагаан ягаан өнгө холилдсон сорочиктой нэг ах нэг хүний цээж хэсэг дээр дарчихсан нүүр лүү хэд хэд цохисон бас өвдгөөрөө толгой руу нь цохисон тэгэхэд нэг ах нь зодолдоорой зодолдоорой гээд байсан би салгах гэхэд нэг намайг зүгээрээ явж бай гэж хэлсэн тэгэхээр нь би шууд захирал руугаа 5 дугаар өрөөр үү хурдан очоорой гэж хэлсэн. Тэгээд захирал хамт 5 дугаар өрөө рүү дахин ороход бөөндөө бөөгнөрсөн байдалтай түүний хамгийн доод талд зодолдсон хоёр хүн байсан. Хамгийн анх доор зодуулж байсан ахын нүднээс нь цус гарчихсан шал бас цус болчихсон байсан бусад хүний нүүр ам ил харагдах хэсэг нь зүгээр байсан. Тэр өрөөнд дан эрэгтэйчүүд орсон шүү чих тавин байгаарай хоорондоо зодолдож асуудал тарьж магадгүй шүү гэж хэлсэн.'’ гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч    Б.Нарантуяагийн“...Би мэднэ. Тухайн 5 дугаар өрөөнд 2023 оны 12 дугаар сарын 30-ны 18 цагийн нэг залуу ирээд 5 дугаар өрөөг захиалсан юм. Тэгээд 5 дугаар өрөөнд нийтдээ 6 залуу орсон. Би зөөгч нартаа 5 дугаар өрөөнд дан эрэгтэйчүүд орсон шүү хоорондоо хэрүүл маргаан үүсгэж магадгүй шүү гэж үүрэг өгсөн. Тэгтэл 22 цаг 30 минутын үед манай зөөгч өрөөд 5 дугаар өрөө рүү ороорой гэж хэлэхэд би шууд зодоон болсон юм байна гэж ойлгоод очиход өрөөнд дээр дээрээсээ давхарласан багшралдсан байдалтай байсан нэг нэгээр хойш татаад өрөөнөөс гаргахад манай зөөгчийн хэлсэн зодолдсон хоёр эрэгтэй хамгийн доор нь байсан эрэгтэйн нүднээс цус гоожсон байсан. Бусад залуучуудын нүүр ам ил харагдах хэсэг хэвийн байсан. Тэгээд би шууд тараах арга хэмжээ авсан бүгдийг нь өрөөнөөс гаргахад 4 залуу гарч 2 залуу үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Гэрч Ө.Бадралын “...Өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамт ажилладаг Бат-Эрдэнэ, Даваадорж, Баярсайхан, Шунхлай, Хүрэлбаатар мөн миний бие гээд нийт 6 хүн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Л паб караоке орсон. Бид хэд дундаасаа 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргаад 2 шил 1 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи мөн хоол караокены 2 цаг авсан. Би өөрийнхөө хувийн зүгээс дахиад нэг шил 1 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи авсан. Тэгээд дуулж хуурдаад байж байтал Шунхлай ах Даваадорж ах 2 хоорондоо ажил ярьж маргалдаж эхэлсэн бас Шунхлай ах Даваадорж ахыг шээс гэх мэт ёс бус хэллэгээр хараасан тэгэхэд Хүрэлбаатар ах Шунхлай болио хөгшин хүнийг яах гээд байгаа юм гэхэд Шунхлай ах үгэнд оролгүй ширээний урд зогсоод Даваадоржийг босоод ир үзье шээс минь гэхэд Хүрэлбаатар болио чи яах гээд байгаа юм гээд хажууд нь очсон тэгтэл Хүрэлбаатар ах Шунхлай ах 2 хоорондоо барьцалдаад ноцолдож эхэлсэн тэгээд хамт газарт унаад өгсөн би Даваадорж ахыг барьж байсан болохоор хоорондоо цохилцсон барьсан зүйлийг сайн анзаарч харж чадаагүй. Тэгээд Хүрэлбаатар, Шунхлай хоёрыг нийлж салгаад бөөндөө гараад бүгд тарцгаасан. Харин караокены өрөөнд Бат-Эрдэнэ, Хүрэлбаатар, Баярсайхан нар өрөөнд үлдсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг./хх-ийн 16, 18-19-р хуудас/

Сэлэнгэ          аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 03 өдөр гаргасан 30 дугаартай дүгнэлтэд:

-“Б.Шунхлай-н биед баруун нүдний зовхи шарх, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун, зуун мөр, цээж, баруун бугалаг, зүүн бугалаг, доод уруулын доод хэсэгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

-Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Б.Шунхлайгийн биед тогтоогдсон баруун нүдний зовхи шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 35-36-р хуудас/

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн №6998 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Эд зүйл баримт бичиг гомдол, мэдээлэл, хураан авсан тэмдэглэл /ХХ 02 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай /хх 04 дүгээр хуудас/,

Дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07 дугаар хуудас/,

Хохирогч Б.Шунхлайгийн өгсөн  мэдүүлэг /хх-ийн 09-12 дугаар хуудас/,

Гэрч Ш.Даваадоржийн мэдүүлэг, /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Т.Энхтөгсийн мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Б.Нарантуяагийн мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч Ө.Бадралын мэдүүлэг, /хх-ийн 16,18-19-р хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатар 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг үйл ажиллагаа явуулдаг “Л паб” нэртэй караокед согтуурсан үедээ Б.Шунхлайтай үл ялих зүйлээс маргалдаж түүний баруун нүдний зовхи шарх, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун, зуун мөр, цээж, баруун бугалаг, зүүн бугалаг, доод уруулын доод хэсэгт цус хуралт, духанд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Шунхлайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид энэ гэмтийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын архины зохисгүй, хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэргийн хамт хадгалах, шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Төртогтохын Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Шунхлай нь цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Т.Хүрэлбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэргийн хамт хадгалах, шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ