Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2026/0617

 

Б.З-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/305 дугаартай Б.З-д газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу газар эзэмших эрх олгохыг даалгах, Б.З-ийн газар эзэмших хүсэлт гаргасан газрын байршилд зөвшөөрөлгүйгээр барьсан С.Б-ны 158 м.кв байшин, А.Д-ны 244 м.кв газарт татсан хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа Цэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, өмгөөлөгч Т.Б

Хариуцагч Б.А

Гуравдагч этгээд С.Б, А.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 110/2026/0011/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.З-аас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/305 дугаартай Б.З-д газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу газар эзэмших эрх олгохыг даалгах, Б.З-ийн газар эзэмших хүсэлт гаргасан газрын байршилд зөвшөөрөлгүйгээр барьсан С.Б-ны 158 м.кв байшин, А.Д-ны 244 м.кв газарт татсан хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа Цэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.З-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...3.1. С.Б-ны тухайд К.А гэх иргэнээс газар эзэмших эрхийг шилжүүлж авсан гэж тайлбарласан боловч энэ талаарх гэрээ баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна К.А гэх иргэн өөрт үүсээгүй эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй. Хэдийгээр Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 120 дугаар захирамжид К.А-ны нэр байх боловч хуульд заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор газар эзэмших эрх үүсдэг.

            Мөн иргэн шинээр газар эзэмших хүсэлт гаргахдаа нэн тэргүүнд кадастрын зургийн мэргэжлийн байгууллагаар хийлгэн хавсаргаж, түүний дагуу газар олгох захирамж гарч, түүний дараа эргэлтийн цэг тэмдэгтийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, газрын албаар баталгаажуулдаг.

            Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн газрын даамал газрын байршлыг зааж, тогтоож өгдөг, шийдвэр гаргадаг субъект биш учраас захиргааны актаар олгогдсон хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим үйлчлэхгүй. Итгэл хамгаалах зарчим нь захиргааны актаар олгогдсон хууль ёсны итгэлийг хөндөхгүй байх агуулгатай юм. Харин хувь хүмүүс буюу газрын даамал болон иргэд хоорондын аман тохиролцоо энэ тохиолдолд шүүх үнэлэхгүй.

            Гэтэл энэ тохиолдолд А.Д, С.Б нар нь бусдаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэх тайлбар нь огт үндэслэлгүй. С.Ж-ын эзэмшил газар нь худалдсан гэх газраас нь өөр газар байршилтай нь тогтоогдсон, цаашилбал гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудал тогтоогдож байхад шүүх түүнийг зөвтгөн дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.

            С.Ж-т 2020 оны 120 дугаартай захирамжаар олгогдсон газрын байршил нь газрын мэдээллийн санд баталгаажсан бөгөөд А.Д-ийн хашаалсан огт давхцалгүй, хамааралгүй болох нь баримтаар тогтоогдчихоод байхад түүнийг “системийн алдаа” гэж шүүх дүгнэж байгаа нь огт ойлгомжгүй байна.

            Гэрч газрын даамал С.Б нь “... С.Б-ны байшин байгаа газар нь 2020 онд К.А-д эзэмшүүлсэн газар ..., уг газрыг 2023 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах үед системийн алдаа гарсан...” гэж өөрийн буруутай үйлдлийг хаацайлан худал мэдүүлэг өгснийг шүүх зөвтгөн өөгшүүлсэн нь буруу. Учир нь 2020 онд К.А-д олгогдсон газар мөн бол түүнээс хойш 3-4 жилийн хугацаанд гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь газрын даамлын ажил байсан, газар эзэмшихээр хүсэлт гаргаагүй иргэнд сумын Засаг даргын орлогч газар олгож, түүнийгээ С.Б-д өрөндөө бодож өгсөн гэх үйл баримт илэрмэгц системийн алдаа гарсан гэх худал мэдүүлэг өгсөн байх боломжтой.

            Газар эзэмших эрх олгосон захирамж маргаан бүхий байршилд гарсан бол гэрээ байгуулж, гэрчилгээ олгох процесс нь 6 жилийн хугацаанд хийгдээгүй байх боломжгүй, газрын даамал энэ үүргээ биелүүлэхгүй байсан ч К.А, С.Б-аас хүсэлт, өргөдөл бүртгэгдсэн байх учиртай. Түүгээр ч барахгүй К.А-ийн анх хүсэлт гаргасан байршлын зураг хувийн хэрэгт нь байхгүй, газар эзэмшихээр гаргасан хүсэлт, кадастрын зураг, газраа С.Б-д шилжүүлэх хүсэлт зэрэг ямар ч баримт олдоогүй байдаг.

            Гуравдагч этгээдүүдийн эрх зүйн байдлын хувьд шинээр газар эзэмших хүсэлт гаргаагүй, мөн газар эзэмших эрхийг бусдаас шилжүүлэн авах харилцаа үүсээгүй, дур мэдэн төрийн өмчийн газрыг ашигласан зөрчлөө ийнхүү худал тайлбараар хайцаалан шүүхийг төөрөгдүүлж байгаа нь илэрхий тодорхой байдаг.

            Тодруулбал, “...эхлээд хашаа, байшингаа барьчихвал сумын Засаг даргаас газар олгох талаар шийдвэр гаргахаас аргагүй...” гэх зорилгоор хандаж байсан бөгөөд шүүхэд маргаан үүсмэгц бусдаас худалдан авсан гэх тайлбарыг гаргадаг. Хашаа, байшин барьсан үйл баримт нь нэхэмжлэгч хүсэлт гаргаснаас даруй 1 жилийн дараа байдаг.

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь нийтийн эзэмшлийн газар эсхүл бусдын хүсэлт гаргасан газар давхцуулан дур мэдэн хашаа, байшин барьж улмаар газрыг нь хүчээр булаан авах боломжтой гэх ойлголтыг төрүүлж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтыг эсрэг буюу иргэдийг хаос сэдэлд түлхсэн агуулгатай байх бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

            Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг зөвтгөсөн үндэслэлдээ “...өмнөх Засаг даргын шийдвэрлээгүй асуудлыг дараагийн Засаг дарга шийдвэрлэх боломжгүй...” гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд “...Засаг дарга хэн байхаас үл хамааран төрийн алба тасралтгүй, шуурхай явагдах ёстой, ажил хүлээж авсан бол нэн тэргүүнд шийдвэрлэгдээгүй өргөдөл, хүсэлтийг шийдэх ёстой байсан..., ажлаа хүлээж аваад тухайн үед Б.З-д газар эзэмших эрх олгох захирамж гаргачихсан бол гуравдагч этгээдүүд дураараа авирлан хашаа, байшин барих боломжгүй байсан...” гэх нэхэмжлэгч талын үндэслэлийг огт хүлээж аваагүй.

            Иргэнээс гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй дарагдуулж байсан үйлдлээ “...аймгаас бичиг ирэхэд Б.З-ийн асуудлыг мэдсэн ..., энэ үед нэгэнт бусад иргэд хашаа, байшин барьчихсан байсан учраас татгалзсан хариу өгсөн...” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авсанд гомдолтой байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-д “Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, Цэнгэл сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас нэхэмжлэгч Б.З нь тухайн ондоо газар эзэмших хүсэлт гаргасан байх боловч газрын уг байршилд дээрх байдлаар гуравдагч этгээд С.Б, А.Д нар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар байшин барьж, хашаа татсан буюу маргаан бүхий газрын 158 м.кв газарт С.Б-ны, 244 м газарт А.Д-ны үл хөдлөх хөрөнгө оршдог, уг иргэд тус газарт амьдардаг үйл баримт тогтоогдсон” гэж дүгнэсэн бөгөөд эдгээр хашаа болон байшин 2025 оны хавар баригдаж, 2025 оны 7 сард дууссан талаар гуравдагч этгээдүүд өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан байдаг.

            Тодруулбал, хүсэлт гаргах үед тухайн газар нь хоосон бөгөөд С.Б-ны худалдан авсан гэх 2024 оны 08 сараас ч өмнө Б.З хүсэлтээ гаргасан байдаг.

            Цаашлаад шүүхийн шийдвэрийн 11.1-д “...бусдын үл хөдлөх орших газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэх алдаатай дүгнэлтээ хийсэн бөгөөд иргэнээс гаргасан өргөдлийг тухайн цаг хугацааны бодит байдлыг үнэлж шийдвэрлэх бус дарагдуулж байснаа хожим үүссэн нөхцөлийг үндэслэн татгалзсаныг нь зөвтгөж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Газрын тухай хуулийн 4.1.7 нь газар эзэмших эрхийг үндэслэн дээрх хөрөнгийн өмчлөх эрх үүсэх буюу эзэмших эрх болон өмчлөх эрх нь нэгдмэл байх агуулгыг илэрхийлж байх бөгөөд төрийн өмчийн газарт байшин барьчихвал дагаад газар эзэмших эрх нь автоматаар үүснэ гэх агуулгаа огт өөр юм.

            Үндэслэх нь хэсгийн 11.1-д “...С.Б, А.Д нарт газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гаргаагүй боловч Цэнгэл сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдын үл хөдлөх хөрөнгө орших, сул чөлөөтэй биш газрыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн захиргааны байгууллагын үйл ажиллагаа буруу...” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх замаар өөрийн шийдвэрээ зөвтгөсөн байна.

            Гэтэл 2024 онд төлөвлөгөө батлагдах үед тухайн газарт С.Б, А.Д нарын үл хөдлөх эд хөрөнгө байгаагүй, “...2024 онд худалдан авч 2025 онд хашаа болон байшин барьж эхэлсэн...” гэх тайлбарыг өөрсдөө гаргасаар байхад шүүх тэдний өмнөөс “...төлөвлөгөө батлагдах үед үл хөдлөх эд хөрөнгө байсан... энэ нь иргэдийн өмчлөх эрхийг зөрчихөөр байна” гэх тайлбар гаргаад байгаа нь үндэслэлгүй.

            3.2. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-д “...Цэнгэл сумын Засаг даргаас С.Б, А.Д нарт газар чөлөөлөх мэдэгдэл өгөх үүрэгтэй гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Б.З-д маргаан бүхий газрыг эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй буюу тухайн газрыг эзэмшигч биш тул газрыг чөлөөлөх асуудлаар маргах эрхгүй гэж үзлээ...” гэсэн байх бөгөөд Б.З-г газар чөлөөлүүлэхээр шаардлага гаргах, энэ талаар маргах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

            Газар чөлөөлүүлэх шаардлагын талаар захиргааны хэргийн шүүхийн практик тогтсон байх бөгөөд газар эзэмшигч хэн байхаас үл хамаараад иргэн хүн шаардлага гаргах субьектив эрхтэй байхаар Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн байдаг.

            Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.5-д “Дээрх эрх зүйн хэм хэмжээнд хэнээс шаардлага гаргаснаар газар чөлөөлүүлэх мэдэгдэл гаргахыг тухайлан заагаагүй байгаагаас үзэхэд нэг талаас холбогдох Засаг дарга өөрөө, нөгөө талаас зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа үйл баримтыг мэдсэн хэн бүхэн холбогдох Засаг даргад шаардлага тавих субьектив эрхтэй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч А.Б-ын тухайд дараах хоёр үндэслэлээр субьектив эрх хэрэгжүүлэх этгээд төдийгүй субьектив эрх нь зөрчигдсөн этгээд мөн гэж шүүх үзлээ. Нэгдүгээрт, захиргааны байгууллага /тодруулбал, нийслэлийн Засаг дарга/ өөрийн чиг үүрэгт хамаарах асуудал буюу Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг мэдсэн байх тул уг хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй этгээд мөн гэж үзнэ, хоёрдугаарт, нэхэмжлэгч нь маргаан бүхий газартай ойр байрлах АО тоотод оршин суудаг, маргаан бүхий газраар тодорхой зорилготойгоор явганаар болон унадаг дугуйгаар удаа дараагийн давтамжтайгаар зорчдог болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул субьектив эрх хэрэгжүүлэх этгээд байх төдийгүй субьектив эрх нь зөрчигдсөн этгээд гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна.

            Дээрх шийдвэрт гаргасан гомдлыг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 471 дүгээр магадлалд “Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан төдийгүй “газар чөлөөлүүлэх” талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй байхад шүүхээс захиргааны байгууллагад хуулиар олгосон бүрэн эрхэд халдах үндэслэлгүй учир холбогдох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ” гэж шийдвэрлэсэн.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Б.З-аас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/305 дугаартай Б.З-д газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу газар эзэмших эрх олгохыг даалгах, Б.З-ийн газар эзэмших хүсэлт гаргасан газрын байршилд зөвшөөрөлгүйгээр барьсан С.Б-ны 158 м.кв байшин, А.Д-ны 244 м.кв газарт татсан хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа Цэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Анхан шатны шүүхээс “... бусдын үл хөдлөх хөрөнгө орших газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхээр байна, ... нэхэмжлэгч Б.З нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан журмаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхтэй ч түүний хүсэлт гаргасан 700 м2 газрын 402 м2 талбай бүхий хэсэг нь /158 м2+244 м2/ бусдын үл хөдлөх хөрөнгө барьж, ашиглаж байгаа газартай давхцалтай байна, ... нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар өөр байршил бүхий газраас газар эзэмших боломжтой байхад бусдын үл хөдлөх эд хөрөнгө орших газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх нь ... гуравдагч этгээд С.Б, А.Д нарын эд хөрөнгө эзэмшиж, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцсэнгүй.

2.3. Учир нь гуравдагч этгээд С.Б-ны хувьд түүний байшин барьсан газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжаар К.А-д эзэмшүүлсэн газар бөгөөд тус газрыг 2025 онд С.Б-ээс худалдан авсан гэж тайлбарладаг бол гуравдагч этгээд А.Д-ны хувьд түүний хашаа татсан газар нь тус сумын Засаг даргын 2020 оны А/120 дугаар захирамжаар Б.Ж-т эзэмшүүлсэн байсныг 2023 онд Б.Ж-оос худалдан авсан гэж тус тус тайлбарладаг .

2.4. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан газрын үзлэгийн үеийн схем зургаас үзэхэд нэхэмжлэгч Б.З-ийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны А/120 дугаар захирамжаар иргэн Б.Ж-т эзэмшүүлсэн газартай аливаа байдлаар давхцалгүй, өөр өөр нэгж талбарууд болох нь харагдаж байгаа бол дээр дурдсан захирамжаар иргэн К.А-д эзэмшүүлсэн газар нь чухам хаана байрлаж байгаа, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газартай ямар нэгэн байдлаар давхцалтай эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байна.

2.5. Үүнээс гадна гуравдагч этгээд нарын хэн аль нь газрыг худалдан авсан гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд энэ талаар К.А болон Б.Ж нараас тодруулах зайлшгүй шаардлагатайн зэрэгцээ тэд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хүсэлт, холбогдох баримтыг сумын газрын даамалд гаргаж байсан эсэх, тухайн нэгж талбарын байршлыг тодруулах нь гуравдагч этгээд нарт хамгаалагдах хууль ёсоор үүссэн эрх байгаа эсэх, гуравдагч этгээдүүд газраа эзэмшихдээ хууль зөрчиж, тухайн нэгж талбарт үл хамаарах газарт бүтээн байгуулалт хийж, хашаа барьсан эсэх, чухам захиргааны ямар буруутай үйл ажиллагаа байгаа болохыг дүгнэж, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой.

2.6. Нэгэнт анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ хангалттай биелүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН