Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 76

 


2017.03.21

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0086/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** овогт *** ***, *** овогт *** *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000004 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.    Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, *** овогт *** ***, *** регистрийн дугаартай,
2.    Монгол Улсын иргэн, ***-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, төрсөн дүү болон түүний эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, *** овогт *** *** *** регистрийн дугаартай

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Ц.***, *** нар нь шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Төмсний бригад гэх газраас 2016 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 1.700.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны гүү хулгайлж иргэн ***д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байсан санагдаж байна. *** намайг гэртээ байж байхад адуундаа яваад ирлээ гээд ганцаараа ороод ирсэн. Тэр үед би өөрийн унааны морио услах гээд ***ийн хамт гол орсон. Тэгээд бид хоёр унаж явж байсан морьдоо усалж байгаад хамт хулгай хийе гэж ярилцаад хамтдаа морьтойгоо Хонгор сумын 2 дугаар баг Төмсний бригад гэх газарт явж байгаад бараан зүсмийн адуунуудтай таараад тухайн адуун дундаас бор, хонгор зүсмийн 2 тооны сувай гүү бугуйлдаж бариад манай гэр лүү аваад явсан. Тэгээд бид хоёр хулгайлж ирсэн 2 тооны адуугаа манай гэрийн малын өвөлжөөн дотор байлгаж байгаад өглөө нь хонгор гүүг нь цохиж унагаад янзлаад мах, арьсыг нь би гэрийнхээ байшингийн үүдний амбаар дотор хадгалсан байсан... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

Шүүгдэгч Ц.***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байсан санагдаж байна. Би тухайн өдөр өөрийн төрсөн дүү ***гийн адуунд явж байгаад буцаж гэр лүүгээ явж байхдаа найз ***ын гэрээр замаараа орсон юм. *** манай хоёрын гэр ойрхон нэг газар байдаг юм. Тэгээд *** бид хоёр хамт унаж байгаа морио усалъя гэж яриад хамт гол руу явсан юм. Ингээд *** бид хоёр хамт морио усалж байхдаа “мал хулгайлъя” гэж ярилцаад Хонгор сумын 2 дугаар баг Төмсний баригад гэх газарт явж байгаад бараан зүсмийн адуунууд таарахаар нь тухайн адуун дундаас бор, хонгор зүсмийн 2 тооны адуу бугуйлдаж барьж аваад хөтлөөд ***ын гэр лүү явсан. Ингээд бид хоёр ***ын гэрийн малын өвөлжөөн дотор хулгайлсан адуугаа хийгээд өглөө нь хонгор зүсмийн сувай гүүг нь цохиж унгаад мах, шийрийг нь ***ын байшингийн амбаар дотор хөлдөөж хадгалсан байсан юм... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн орчимд би адуугаа хураагаад бүртгээд үзсэн чинь манай 2 тооны бор гүү, хонгор гүү алга болчихсон байсан. Манайх нийт 23 тооны адуутай. Тэгээд би адууныхаа мөрийг харсан чинь манай адууг хураагаад, 2 адууг маань морьтой хоёр хүн бугуйлдаж бариад аваад явсан мөр байсан. Тэгээд би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2 адууныхаа мөрийг дагаж явсаар байгаад 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой гэгээ тасрах үеэр ширээ нуруунд нэг айлын хашааны гадна ирсэн. Тэгээд би өөрөө тухайн айлд орохоосоо айгаад цагдаад хандаад цагдаа нар ирээд шалгахад хул гүүг маань янзлаад, бор гүү маань тухайн айлын өвөлжөөнд уяатай байсан. ...Миний хувьд хэргийн газарт очихдоо бор гүүгээ амьдаар нь хүлээгээд авчихсан, харин шулагдсан гэх хонгор гүүнийхээ мах болон бодит хохирлыг тус хэргийн холбогдогч нараас хүлээгээд авчихсан. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Тус хэргийн шүүх хуралдаанд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-10/, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хохирогч ***д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 12/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 14, 24, 31/, Битүүмжилсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 19-20, 28-29, 34-35, 58-59/, 
        
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85, 118/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ***, ***нар  нь шунахайн сэдэлтээр, бүлэглэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Төмсний бригад гэх газраас 2016 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 1.700.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны гүү хулгайлж иргэн ***д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***, ***нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өсгөн мэдүүлэг /хх-ийн 42-43/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-10/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
  Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***, ***нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна. 

Иймд шүүгдэгч ***, ***нарыг шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн “...хэргийн газарт очихдоо бор гүүгээ амьдаар нь хүлээгээд авчихсан, харин шулагдсан гэх хонгор гүүнийхээ мах болон бодит хохирлыг тус хэргийн холбогдогч нараас хүлээгээд авчихсан. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хохирогч ***д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 12/ зэргээр шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.***, *** нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч Ц.***ийн  ялтай байдал нь дууссан, ***ын  ялтай байдал нь өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***, ***нарыг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдал, хохирогчийн хохирол төлбөргүй болсон байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч ***ын өмчлөлийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр халзан зүсмийн морийг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
                                                       ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч *** овогт *** ***, *** овогт *** *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***, ***нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***, ***нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч ***ын өмчлөлийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр халзан зүсмийн морийг хурааж улсын орлого болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар ***, ***нар нь энэ хэрэгт 40 /дөч/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***, ***нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж ***, ***нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн этгээд ***, ***нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг ***, ***нарт сануулсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хар өнгийн хутга, 1 ширхэг бор өнгийн хутга, 1 ширхэг модон иштэй сүх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ***ын өмчлөлийн улаан халзан зүсмийн 800.000 төгрөгийн үнэ бүхий 5 настай 1 ширхэг үхэр, шар алаг зүсмийн 800.000 төгрөгийн үнэ бүхий 6 настай 1 ширхэг үхэр, Ц.***ийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашигласан хөх буурал зүсмийн 7 настай 1 ширхэг бүдүүн морь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***, ***нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тэнсэгдсэн этгээдүүд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.БАТТУЛГА