Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

Д.Нямцоожийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00291 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-8 тоотод оршин суух, эмэгтэй, Авгас овогт Дамдинжавын Нямцоожийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

            Хүсэлтийн агуулга: “...Би ар гэрийн гачигдлаар би 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч аав, ээж нарын хамт мал маллаж байгаад 1991 онд гэр бүл болж тусдаа гарсан. Миний хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа учраас шүүхээр тогтоолгохыг хүсч байна. Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1982 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Миний эгчийг Хишигтогтох, ээжийн нэрийг Дашжав гэдэг....Миний ах сургуулиа төгсөөд шүүхийн харгалзагч хийж байсан. Нэгдэлд ажиллаагүй гэжээ.

.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 153/ШШ2018/00291 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Авгас овогт Дамдинжавын Нямцоожийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШЗ2018/00972 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлт гаргагч Д.Нямцоожийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр миний ажиллаж байсан байдлыг бүрэн тогтоолгүй орхигдуулсанд гомдолтой байна. Миний бие 4 дүгээр анги төгсөөд ар гэрийн  гачигдалын улмаас сургуулиас гарч эцэг эхийн хамт мал маллан амьдарч байсан. Социализмын үед хүн бүр хөдөлмөрлөх ёстой гэсэн зарчим хэрэгждэг байсан ба 7 дугаар анги төгссөн хүүхдүүд мал аж ахуйд гарч 15 насанд хүрмэгц нэгдлийн гишүүн болж хөдөлмөрөө тооцуулдаг хатуу зарчимтай байсан. Миний бие 1982 оноос эхлэн нэгдлийн гишүүнээр элсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн нэгдүгээр бригадад эцэг эхийн хамт бог мал маллаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Д.Нямцоож нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

            Анхан шатны шүүх түүний хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг нь “хөдөлмөрийн нас буюу 16 насанд хүрээгүй” гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Гэтэл Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар малчнаар ажилласан хугацааг 15 наснаас эхлэн тооцохоор хуульчилжээ.

            Мөн “Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан “Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар малчнаар ажилласан хугацааг 15 наснаас эхлэн тооцохоор зохицуулсан байна.

            Иймд Д.Нямцоожийн 1982 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож, түүний хүсэлтээс 1982 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг “хөдөлмөрийн нас буюу 15 нас хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00291 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Авгас овогт Дамдинжавын Нямцоожийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Авгас овогт Дамдинжавын Нямцоожийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1982 оны 4 дүгээр сарын 29-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож, 1982 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж”, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д заасныг баримтлан хүсэлт гаргагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнийг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР