Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2020/00644

 

 

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2020/00644

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ..............тоотод оршин суух Я-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00728/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д. Я миний бие 1961 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын 2 дугаар бригадад төрсөн. 1969 оны 09 дүгээр сард Ховд аймгийн 1 дүгээр дунд сургуульд элсэн орж суралцаад 1977 оны 06 дугаар сард 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Төмөр замын техникумд элсэн суралцаж 1981 оны 06 сард төгссөн. Сургуулиа төгсөөд Тээврийн яамны сайдын 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар тушаалаар Ховд аймгийн тээврийг удирдах газарт 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн засварчнаар ажиллаж байгаад 1982 оны 06 дугаар сарын 23-нд цэргийн албанд татагдаж 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн тээврийг удирдах газарт диспетчерээр ажилд орж ажиллаж байгаад 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс автомеханикчаар, 1996 оноос 2001 он хүртэл хуучнаар тээврийг удирдах газар,авто тээврийн 4 дүгээр баазад, 1992 оноос Аянчин ХК-ийн гүйцэтгэх захирлаа тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон Иймд намайг 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Тээврийг удирдах газарт диспетчер, механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би Улаанбаатар хотод ажилладаг тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Я 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Тээврийг удирдах газарт диспетчер, механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1579 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Тээврийг удирдах газрын 1981 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 179 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 124 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1985 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаартай Түр ажилчин авах тухай тушаалын хуулбар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай Авто тээврийн 4 дүгээр баазын орон тоо цалингийн тухай тушаалын хуулбар /хх-ийн 4-8 дугаар тал/

2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995 оны 7,8 дугаар сар, 1996 оны 1, 2, 6-12 дугаар сарууд, 1997 оны 1-5 дугаар сарууд, 1998 -2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 12 дугаар тал/

3.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Авто тааврийн 4 дүгээр бааз 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Аянчин ХК болж өөрчлөгдсөн тухай лавлагаа /хх-ийн 14 дүгээр тал/

4.гэрч С.Төмөрийн...Би 1981 онд тээврийн техник мэргэжлийн сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн 4 дүгээр баазад жолооч засварчинаар ажилд орсон. 1990 он хүртэл ажилласан. 1990 онд 4 дүгээр бааз 3 хэсэг болж салсан. Богины бааз, ачааны бааз, шатахуун тээврийн бааз гэж 3 хэсэг болсон. Ингэд салахад нь би шатахуун тээврийн бааз руу шилжиж орсон юм. Янь 1981 онд төмөр замын техникумын авто механикийн ангийг төгсөж ирээд Ховд аймгийн 4 дүгээр баазад богины хэсэгт механикчаар ажилд орж байсан. Я бид хоёр хамт төгсөж ирээд Ховд аймгийн 4 дүгээр баазад ажилд орж байсан. Бид хоёр 1982 онд хамт цэрэгт татагдаж байсан. Цэргээс халагдаж ирээд тус 4 дүгээр баазад тарах хүртэл хамт ажилласан...гэх мэдүүлэг,

5.гэрч Д.Цогзолын:... Би 1981 оны 7 сард Ховд аймгийн 4 дүгээр баазад засварчинаар ажилд орж 1 жил ажиллаад жолооч болсон. 1995 он хүртэл Ховд аймгий 4 дүгээр баазад ажилласан юм. Ябид нар 1981 онд хамт ажилд орж байсан. Янь мастер, механик зэрэг ажлыг хийж байсан. Бид хоёр 1981-1991 он хүртэд Ховд аймгийн 4 дүгээр баазад хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт Д-ийн Я-ийг 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл,1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Тээврийг удирдах газарт диспетчер, механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох байдлыг байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Я-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ