| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч Э.Д түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржхандаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000009 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Монгол Фү Ёоу Хуа Фөнг ресистант материал” ХХК-нд төмөр бэлтгэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ............. дугаар баг, Зараагийн ............ тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан гэх, З овогт Э-ын Д /РД:................../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед эхлээд намайг хоёр удаа цохиод авсан. Тэгээд би зөрүүлээд цохисон. Хадам аавтайгаа ер нь таарамж муутай байдаг гэв.
2. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ буюу Сүмбэр сумын 2 дугаар баг Рэгцэгийн 1-101 тоотод Т, У, Д нартай хамт он гаргачихаад унтахаар 02 цаг өнгөрч байхад жижиг өрөө рүүгээ орсон. Тухайн үед шинэ он гарсан байсан болохоор би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгтэл манай эхнэр Т намайг унтаач гээд загнахаар нь би Ттай хэрэлдсэн. Тэгээд миний уур хүрээд гэрээс гарахаар үүдний өрөөнд хувцасаа өмсөөд цүнхээ үүрээд гарах гэж байтал манай хүргэн Д ирээд манай ээжийг яагаад загнаад байгаа юм гээд миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиод авсан, мөн цээж рүү хөлөөрөө өшиглөөд намайг газар унахад чирж гэрээс гаргасан. Д намайг гэрээс гаргахад 03 цаг өнгөрч байсан байх. Гэрээс гараад би хашааны баруун урд буланд явж чадахгүй хэвтэж байтал дахин Д ирээд миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д бид 2 эвлэрч учраа олсон, эмчилгээний зардалд гарсан мөнгө төгрөг байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-13 хуудас/
3. Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...тэгээд би жижиг өрөөндөө унтахаар ороо засаж байтал О надаас пиво нэхээд байсан. Тэгэхээр нь байсан пивыг чи өдөр уугаад дуусгачихсан шүү дээ гэтэл худлаа ярь пиво байгаа, гаргаад ир гээд намайг унтуулахгүй байсан. Би хэсэг зуур зүйрмэглээд унтчихсан байсан чинь О миний хөнжлөөс татаад пиво нэхсээр байсан. Мөн тухайн үед Д, У хоёр 1 сартай охиноо өвөртлөөд унтаж байхаар нь охиноо ээждээ өгчих гээд би хүүхэд өвөртлөөд унтаж байсан. Багцаагаар 04 цагийн үед байх О жижиг өрөөнөөс гарч ирээд миний хөнжлийг татаад байсан. Тэгтэл манай хүргэн Д хүүе аав наана чинь хүүхэд унтаж байна ш дээ гэхэд О би та нарыг бүгдийг нь алчихаад явна гэсэн. Тэгснээ О эхэлж Дийн нүүр хэсэгт 2 удаа цохиод авах шиг болсон, мөн цээж хэсэгт нь гараар цохисон байх. Хариуд нь Д Октябрийн нүүрлүү 2 удаа гараараа цохисон бөгөөд Октябрийн хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 дугаар хуудас/
4. Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар дүгнэлтэнд:
Б.О-ийн биед толгойн зүүн чамархай дагзны заагаар хуйхан дор цус хуралт, баруун нүдний зовхинд, зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд, эрүүний баруун дунд хэсэгт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Толгойд зүүн чамархай, дагзны заагаар хуйхан дор цус хуралт гэмтлүүд нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд, эрүүний баруун дунд хэсэгт баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 28-29 хуудас/
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 51, 54-58 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рэгцэгийн 1-101 тоотод хадам аав болох Б.О-ийг “шөнийн цагаар нялх хүүхэл унтаж байхад хэрүүл маргаан үүсгэж, хэл үгээр доромжиллоо” гэх шалтгаанаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Э.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дийн өгсөн мэдүүлэг, хохирогч Б.О, гэрч С.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Мөн шүүгдэгч Э.Д нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Э.Д нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Э.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 500 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Э.Д нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Дид эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасанчлан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Дийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч Б.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Э-ын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дид оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ