Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

 

 

 

 

 

2024         02          14                                     2024/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Д.Аззаяа,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *******дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо ...........” 57а-1602 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

........ овогт Б.О /РД:********/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.О нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шунхлай шатахуун түгээх станцын зүүн талын уулзвар дээр Б.Б-той “гарцан дээр машинаа зогсоолоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хөлөөрөө хавсарч газарт унагаж, эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дахь хуудас/,

- Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн талд байрлах Шунхлай шатахуун түгээх станцын зүүн талын уулзвар дээр машиндаа бензин авах гээд колонкод оочирлоод зогсож байхад миний талын буюу жолоочийн талын хаалганы цонхыг нэг залуу цохиод та нар яахаараа ингэж гарц хаагаад зогсдог юм би наад руу чинь оръё чи наанаасаа холд пизда минь гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би машинаа хөдөлгөөгүй. Тэгсэн чинь тэр залуу миний машины хаалгыг онгойлгоод намайг холд гээд байхаар нь би түүнд хандаж одоо нэг машины араас орлоо чи миний машины араар тойроод орчих гэсэн чинь үгүй холд гээд тэрэн дээрээсээ болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Би тухайн үед машинаасаа буухад тэр залуу миний машин руу ухас хийгээд суух гэхээр нь би татаж болиулсан чинь тэр залуу намайг пизда минь гэх зэргээр хэл амаар доромжлоод бид хоёр барилцаж авсан. Тэгсэн чинь тэр залуу намайг хавсраад газар унагаасан. Би засмал зам дээр дагзаараа савж унасан. Тухайн үед босох гэсэн боловч нүд харанхуйлаад толгой эргээд байсан. Тэгээд харсан чинь намайг унагаасан залуу машиндаа суугаад машинаа хөдөлгөөд явах гэж байхад нь би босож очоод чи хүн зодчихоод явах гэлээ цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгээд зогсож байгаад ар дагзнаас халуу дүүгээд явчихаар нь гараараа тэмтрээд үзсэн чинь миний толгойны дагз хэсгээс цус гараад доошоо урссан байсан. Тэр үед л толгойгоо хагарснаа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь хуудас/,

- Гэрч М.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 09-ний орой ойролцоогоор 22 цагийн үед гэж бодож байна. Өгөөмөр зах болон өргөтгөл хоёрын голд машин дотроо түгжрээд зогсож байтал манай Шунхлай шатахуун түгээх станцын үүдэн дээр цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа гарч ирээд цайвар цэнхэр өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч руу хэрүүл хийгээд байх шиг байсан яг юу гэж хэлж байгаа нь сонсогдоогүй би ойролцоогоор 200 метрийн цаанаас харж байсан. Тэгтэл Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж ирээд нөгөө Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг түлхсэн чинь тухайн жолооч нь түлхүүлээд буцаж очоод гараа далайгаад ирэх үед нь хөлөөрөө хавирах шиг болсон тэгсэн чинь нөгөө жолооч газар савж унасан. Тэгээд би түгжрээнээс гараад яваад очсон чинь Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь манай үеэл ах О байсан бөгөөд нөгөө жолоочийнх нь толгой нь хагарсан цус гарсан байдалтай ахын машинд ороод сууж байсан. Тэгээд ахаас юу болсон талаар асуусан чинь үл ялих зүйлээс болж маргалдаад ийм юм болчихлоо гэхээр нь би цагдаа дуудсан. 103-т болохоор О ах өөрөө дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар тэр хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.Б.Бийн биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дэх хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дэх хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 79 дэх хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 81 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б нь гэм хорын хохирол болох 200,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 208,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.О-д оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Б.О-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ