Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0371

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И*********” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э*********, Н.О*********,

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,

                   Ашигт малтмал, газрын тосны газар,

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Э*********, Д.Л*********,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*********,

Маргааны төрөл: “И*********” ХХК-ийн эзэмшиж байсан XV-********* дүгээр тусгай зөвшөөрлийн 2667.91 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э********* /цахимаар/, Н.О*********, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*********, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “И*********” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9/4366 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “И*********” ХХК-ийн өргөдлийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлуулах тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан ““И*********” ХХК-ийн XV-********* дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, улмаар шүүх хуралдааны явцад “”И*********” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын “Шовгор уул” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-********* дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгах” гэж шаардлагаа тодруулсныг хүлээн авч, уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанид Ховд аймгийн Алтай сумын “Шовгор уул” нэртэй газарт орших 36640.13 гектар талбайд ашигт малтмал хайх XV-********* дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон байна.

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоосон бөгөөд тус тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газартай нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын эрх бүхий XV-********* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайгаас 2667.91 га талбай нь давхацсан байна. 

Дээрх талбайг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 490 дүгээр шийдвэрээр буцаан авч, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ. 

Ашигт малтмалын газрын  Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөр төлөөгүй үндэслэлээр  цуцалсан байна.

  1. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөх олговрыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 дугаар албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар уг ажлын хэсгийг шинэчлэн баталжээ.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас “И*********” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8285 дугаар албан бичгээр улсын тусгай хамгаалалтад авагдсан талбайд нөхөх олговор авах хүсэлтээ баримтын хамт ирүүлэхийг мэдэгджээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх мэдэгдлийн дагуу ирүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газраар шийдвэрлүүлэх, хуулийн тайлбар гаргуулахаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/55, 1/56 дугаар албан бичгүүдээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын дээд шүүхэд тус тус хандахад сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/297 дугаар албан бичгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө шийдвэрлэх боломжгүй талаар, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/252 дугаар албан бичгээр албан ёсны тайлбар гаргах боломжгүй хариуг хүргүүлжээ.

Үүний дараа дахин Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/898 дугаар албан бичгээр хуулийн тайлбар гаргуулахаар Монгол Улсын дээд шүүхэд, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1815 дугаар албан бичгээр нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцоход баримтлах аргачлал, шалгуурыг нарийвчлан зохицуулахыг уламжлахыг хүсэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тус тус хүргүүлсэн байна.

Харин нэхэмжлэгчээс нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21/20 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21/28 дугаар албан бичгүүдээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9/2138 дугаар, 2021 оны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9/3813 дугаар албан бичгүүдээр нөхөх олговор олгох асуудлыг нарийвчлан зохицуулахаар ажиллаж байгаа тул дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг тус тус хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс  дахин 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21/33 дугаар албан бичгээр нөхөх олговор олох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгөхийг хүсэж Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9/4366 дугаар албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэх хүртэл хугацаанд шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгджээ.

  1. Нэхэмжлэгчээс дээрх албан бичгийг эс зөвшөөрч тус шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 8696 дугаар захирамжаар “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 714 дүгээр тогтоолоор хүчингүй болгосны дагуу шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9798 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоожээ.

Нэхэмжлэгчээс дахин 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10200 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцаасныг ханган нэхэмжлэлээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлжээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Монгол Улсын Их Хурал 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 18 дугаар тогтоолыг гаргаж, тухайн тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын талбайтай нэхэмжлэгч “И*********” ХХК-ийн XV-********* дүгээр тусгай зөвшөөрлийн Ховд аймгийн Алтай сумын нутагт Шовгор уул нэртэй газрын 33948.31 гектар талбайгаас 2667.91 гектар талбай давхацсан.

Үүний улмаас тухайн үед хугацаа нь дуусаагүй, хүчин төгөлдөр байсан XV-********* дүгээр тусгай зөвшөөрлийн 2667.91 гектар талбайд нэхэмжлэгч 2012 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасны дагуу УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор тогтоосон улсын тусгай хамгаалалттай газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарах юм.

Монгол Улсын Засгийн газрын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоосон талбайгаас олгох хоёр боломжийн алийг нь ч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зуйлийн 9.1.13 болон 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт байх ба үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд Засгийн газраас нөхөх олговрыг дээрх сонгох боломжийн аль нэг хэлбэрээр олгох шийдвэр гаргасан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газрын шийдвэрийг зохих журмаар хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрыг яагаад энэ хэрэгт хариуцагчаар татсан бэ гэхээр Улсын дээд шүүхийн сүүлд гарсан тайлбарт хэрвээ Монгол Улсын Засгийн газар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх юм бол Ашигт малтмалын тухай хуулийн 11 зүйлийн 11.1.19-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгох үүрэгтэй байгууллага нь Ашигт малтмал, газрын тосны газар байна. Ийм учраас тухайн байгууллагыг хариуцагчаар давхар татсан. 

Шалгуур үзүүлэлтийг хангаагүй бол тусгай зөвшөөрлийг олгохгүй гэдэг хуулийн зохицуулалт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна. 17 аж ахуйн нэгжээс 11 аж ахуйн нэгжийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус гэдгийг тогтоож шүүхийн шийдвэр гарсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийг давхар зөрчөөд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг шүүхийн шийдвэртэй, шийдвэргүй гэдэг байдлаар ялгаварлаад нөхөх олговрын асуудлыг тус тусад нь шийдээд байна. Ашигт малтмал, газрын тосны газраас заримыг нь уламжлаад заримыг нь уламжилдаггүй. Шалгуур үзүүлэлтийн хувьд нотлох баримт шинжлэн судалж байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газар тодохой шалгуур үзүүлэлтийг гаргаад өгсөн гэж ойлгохоор байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь төрийн үүрэг болохоос өөрсдөө энэ асуудлаа шийдээгүй байж танай асуудлыг шийдвэрлэхгүй, хуулиар шийд гэж заасан байхад шалгуур үзүүлэлт байхгүй, улсын хэмжээнд 299 дүгээр тогтоолтой адилхан хэм хэмжээний акт байхгүй гэсэн тайлбар хэлж байгаа нь байж боломгүй юм. Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өөрсдөө ажлаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй байгаагийн илрэл юм. Ашигт малтмалын тухай хуулийн 9 зүйлийн 9.1.13 дахь заалтаар 2 ч удаа асуудлыг шийдсэн. Тухайн шийдвэр хүчин төгөлдөр байна. Ийм учраас энэ хуулийг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ”И*********” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын “Шовгор уул” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-********* дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгаж өгнө үү.” гэв. 

6. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“1/ Ажлын хэсэг ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан аргачлал, шалгуур үзүүлэлтийн төслийг батлуулахаар газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Хүсэлт уламжлах тухай" 1/6250 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлэхэд "Хариу хүргүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2816 дугаар албан бичгээр "Албан бичигт дурдсан аргачлалыг төрийн захиргааны байгууллага батлах нь зүйтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Нөхөх олговор олгох журам болон аргачлалыг батлах эрхийг төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт хуулиар тусгайлан эрх олгоогүй байна. 

2/ Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх", "тусгай хэрэгцээнд авах”, "тусгай зөвшөөрөл олгож болно" гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж, тогтоол батлаад байна.

Ажлын хэсэгт материал ирүүлээд буй 17 аж ахуйн нэгжээс хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй 7 аж ахуйн нэгжийн холбогдох хүсэлт баримт материалыг хуулийн хүрээнд хориглож, хязгаарласан талбайн хил заагтай давхцалтай эсэх, өөр бусад хуулийн этгээдээс тус талбайд хүсэлт ирүүлсэн эсэхийг нягталж Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус үндэслэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжлан хүргүүлээд байна.

*********" ХХК нь дээр дурдсан 17 аж ахуйн нэгжийн нэг мөн бөгөөд тус газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9/4366 дугаар албан бичгээр “Танай компани өөрийн эзэмшиж байсан Ховд аймгийн Алтай сумын нутаг Шовгор уул нэртэй 33948.31 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV- дүгээр тусгай зөвшөөрлийн талбай нь эзэмшиж байх үед УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад газартай 2667.91 гектараар хэсэгчлэн давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу талбай дүйцүүлэн авах хүсэлтийг ирүүлсэн байна. Дээрх ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоход баримтлах нөхөх олговорт тооцох аргачлалыг боловсруулж, уг аргачлалын төслийг Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээний актад тавигддаг шалгуурт нийцүүлэхээр холбогдох дээд шатны төрийн болон шүүхийн байгууллагад хандсан бөгөөд “Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна" гэсэн чиглэлийг ирүүлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт “... Энэхүү аргачлал батлах эрхийг тодорхой эрх бүхий этгээдэд хамааруулах..." саналтай байгааг бичгээр уламжлан ажиллаж байгаа бөгөөд дээрх хууль шинэчлэн батлагдах хуртэл хугацаанд "И*********" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд мөн ирүүлсэн талбайн мэдээллүүдийг Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгээгүй болохыг мэдэгдсэн байна.” гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сүүлийн үеийн нөхцөл байдлын хувьд Улсын Дээд шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 зүйлийн 9.1.13 дахь хэсэгт хууль хэрэглээний талаар тайлбар гаргасан. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, хүсэлтээ ирүүлсэн 11 компанийн нөхөх олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсэг байгуулагдаад процессын ажиллагаа явж байна. Нэгмөр цогцоор шийдэх асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад нөхөх олговрын асуудалд хоёр тал хэлэлцэн тохиролцоход баримтлах шалгуур үзүүлэлт, нөхөн тооцох аргачлалыг батлуулах журмын төсөл боловсруулагдсан, гол нь хуулинд өөрчлөлт оруулахыг хүлээж байна. Ажлын хэсэг тодорхой хэмжээний ажлуудыг хийж байна. Нэхэмжлэгч компанийн хувьд хуулийн үйлчлэлийг хүлээх боломжгүй гэдэг утгаар шүүхэд нээхмжлэл гаргасан байна. Төрийн захиргааны болон төв байгууллага Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газар ч тэр хууль тогтоомжид нийцүүлж нөхөх олговор авах эрхтэй этгээдийн  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны эрхийг хамгаалах хүрээнд ажлууд хийгдээд явж байна. Тодорхой хэмжээний цаг хугацаа орох байх. Мөн тодорхой хэмжээний ажлууд хийгдээд аль болох алдаа дутагдалгүй зүйл хийхийн тулд ажлууд хийгдээд явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг одоогоор хүлээн зөвшөөрөөд явах боломжгүй байна. 

Хууль тогтоомжийн хувьд асуудлууд байна. Үүнийг шийдвэрлэх чиглэлийн дагуу ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд тухайн газар дээр очиж үзэх ч гэдэг юмуу, шинжээч томилж, хөндлөнгийн санхүүгийн баримтаар баталгаажуулах гэдэг ч юмуу ажиллагаанууд хийгдэх байх. Энэ компанийн хувьд яам руу, Засаг дарга руу ийм талбай сонголоо, үүн дээр хэлэлцэн тохиролцоод ажиллагаа явуулахад ямар байна гэдэг санал солилцсон зүйл байхгүй. Бусад компаниуд шиг энэ талбай дээр хэлэлцээр эхлүүлье гэдэг хүсэлт гаргасан зүйл байхгүй.” гэв.

7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“1/ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн журмыг баталж мөрдүүлэх асуудлыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх зохион байгуулалтын ажил тасралтгүй үргэлжилж байна.

2/ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан чиг үүрэг нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал болно.

3/ Захиргааны хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар "И*********” ХХК-ийн ирүүлж байсан хүсэлтүүдтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан нэг ч эс үйлдэхүй баримтаар тогтоогдохгүй байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9/4366 дугаар захиргааны акт гаргахаас татгалзсан албан бичиг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу гаргасан "И*********” ХХК-ийн өргөдлийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлуулах тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны байгууллага, яамнаас өгсөн чиглэлийн дагуу бид ажлаа хийж байгаа. Энэ талаар хариу тайлбартаа дурдсан. Ажлын хэсэг байгуулагдаад 17 аж ахуйн нэгжийн сүүлийн 13 аж ахуйн нэгжийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Аж ахуйн нэгжийг ялгаварласан асуудал бол байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан 7 компанийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирсэний дагуу ажиллаад явж байна. Уламжлахгүй гэдэг буруу ойлголт яваад байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

  1. Монгол Улсын Их Хурал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 25.2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх.” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хамгаалалтад авсан газарт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-********* дүгээр тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн давхацсан бөгөөд хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй байна.
  2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай хэсэгчлэн давхацсан тул нэхэмжлэгчээс нөхөх олговор авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар “И*********” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8285 дугаар албан бичгээр улсын тусгай хамгаалалтад авагдсан талбайд нөхөх олговор авах хүсэлтээ баримтын хамт ирүүлэх талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч холбогдох баримтыг өргөдлийн хамт хүргүүлжээ.

Гэтэл хариуцагчаас “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлан шат дараалсан ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа” гэж тайлбарлаж байгаа ч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “... Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9/4366 дугаар албан бичгээр мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг судлан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговор олгох эсэх асуудлыг шийдвэрлэх байхад шийдвэрлэлгүй харьяа байгууллага руу шилжүүлж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

  1. Ашигт малтмалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 9.1.13.ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгохыг тухайн эрх бүхий этгээдэд үүрэг болгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалсан зохицуулалт байх тул тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговор олгох үүргийг биелүүлэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрээр биш, улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоогдсон талбайгаас “олгож болно” гэж сонгох боломжийг Засгийн газарт олгосон байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нөхөх олговор олгох хүсэлтийг хүлээн авч судлан үзэж Монгол Улсын Засгийн газарт уламжлах, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрлийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар олгож болох байтал энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйгээс “И*********” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрчээ.

Иймд Засгийн газар нь нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоосон талбайгаас олгох 2 боломжийн алийг нь ч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И*********” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ”И*********” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын “Шовгор уул” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-********* дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгасугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 35100 төгрөг, Монгол Улсын Засгийн газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН