Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0621

 

 

 

 

                                                  

"С"

ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч "С" ХХК

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 019 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 159/2026/0009/3

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч "С" ХХК-аас  Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” А/623 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.  Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 0019 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” А/623 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах эрх зүйн дүгнэлтүүд дурдагддаг.

3.2.... Түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд "С" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.А бүртгэлтэй байхад тухайн хүсэлтүүдэд Ц.А гэж гарын үсэг зурж, тамга даран хандсан нь төлөөлөх эрхгүй этгээд захиргааны байгууллагад хүсэлт гаргасан зөрчилтэй байна. Хариуцагч захиргааны байгууллагаас уг хүсэлтийг албан ёсоор хянан шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

3.3..... Шүүхээс захиргааны байгууллагад авагдсан хувийн хэрэгт үзлэг хийхэд захиргааны байгууллагын ажилтны гар бичвэрээр “улсын тэмдэгтийн хураамж дутуу, тусгай зөвшөөрлийн эх хувь байхгүй, 3 жилийн төлбөр төлсөн тооцоо нийлсэн баримт байхгүй, байгаль орчны ажил хамгааллын төлөвлөгөө байхгүй, хийсэн хайгуулын ажлын тайлан байхгүй” гэж материалын бүрдэл дутууг тэмдэглэсэн үйл баримт тогтоогдсон.

3.4. Нэхэмжлэгч нь 2021 онд 49,479 төгрөг, 2022 онд 164,930 төгрөгийг Сангийн яамны тодорхойлолтоор “Улсын тэмдэгтийн хураамж”-нд төлсөн байх ба 2022, 2025 онуудад шилжүүлсэн баримтууд нь мөн тэмдэгтийн хураамжийн зардалд хамаарч байна. Түүнээс биш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр”-ийг 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Сангийн яамны Төрийн сангийн системийн гүйлгээний тодорхойлолт шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.5. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн этгээд байна. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ц.А бүртгэлтэй байхад тухайн хүсэлтүүдэд Ц.А гэж гарын үсэг зурж, дугаар ба огноогүй хүсэлт гаргасан нь эрх зүйн чадамжгүй, төлөөлөх эрхгүй этгээд захиргааны байгууллагад хандсан гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны байгууллага ийм зөрчилтэй хүсэлтийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хууль ёсны дагуу дахин олгуулж, бүрдэл хангаж чадаагүй нь нэхэмжлэгч өөрөө хуульд заасан журам, зарчмыг зөрчсөн үйлдэл юм.

3.6. Нэхэмжлэгч тал “2021, 2022 онуудад төлбөр төлсөн” гэж маргах боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан “Улсын тэмдэгтийн хураамж”, “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр” хоёр нь хууль зүйн агуулга, зориулалтын хувьд огт өөр ойлголтууд болно. Улсын тэмдэгтийн хураамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д тус тус зааснаар төрийн байгууллагаас үйлчилгээ үзүүлсний төлөө төлж буй нэг удаагийн хураамж юм. Харин тусгай зөвшөөрлийн төлбөр нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар тухайн ашигт малтмалын хайгуулын талбайг эзэмшиж, ашиглаж байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр хуульд заасан хувь хэмжээгээр урьдчилан төлөх ёстой төлбөр юм.

3.7. ...Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар нь нэхэмжлэгчийн 2022 онд гаргасан хүсэлтэд албан ёсны хариу өгөлгүй 2025 он хүртэл орхигдуулсан нь Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа мөн бөгөөд шүүх үүнийг зөвтгөхгүй. Гэвч захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагааны шинжтэй алдаа, эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийг Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн гол үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. ... Захиргааны байгууллага хариу өгөхгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан журмын дагуу эс үйлдэхүйн эсрэг гомдол, нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалаагүй, идэвхгүй хандсан байна...

4. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд захиргааны байгууллагад хандсан байна гэх дүгнэлтийн тухайд:

4.1. Хавтаст хэргийн 10 болон 48 дугаар хуудсанд нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаартай ***********хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай албан бичиг байгаа. Энэ албан бичиг нь нэхэмжлэгч байгууллагын албан бланк, нэхэмжлэгч байгууллагын тамга дарагдсан, мөн нэхэмжлэгч компанийн толгой компани болох "Е" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч болох Ц.Аийн гарын үсэг зурагдсан байдаг.

4.2. Ц.Аийг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч болохыг нийтэд илэрхий үйл баримт буюу opendata.burtgel.gov.mn-ээс харах боломжтой. Мөн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх барих дээд удирдлага нь юм.

4.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани албан бичгээр хүсэлт тавьж байхад захиргааны байгууллага огт хариу өгөөгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт хийж байгаа шиг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд хандсан гэж үзэж байгаа тохиолдолд ядаж тийм агуулга бүхий хариу албан бичиг өгөх учиртай. Энэ албан бичгээр бол нэхэмжлэгч байгууллагын хүсэл зориг маш тодорхой харагдах тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хууль бус юм.

5. Хавтаст хэрэгт байгаа гар бичвэрийн тухайд:

5.1. Анхан шатны шүүх хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан гараар бичсэн бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтэд хавсаргах шаардлагатай баримт бичиг дутуу байсан гэж дүгнэсэн.

5.2. Гэвч уг гар бичвэр нь хэн үйлдсэн, хэзээ үйлдсэн, ямар албан тушаалтан бичсэн, ямар зорилгоор үйлдэгдсэн, хэнд зориулсан, ямар баримт бичгийг үндэслэн нь огт тодорхойгүй бичиг байна. Түүнчлэн энэхүү гар бичвэрийг нэхэмжлэгчид албан ёсоор хүргүүлсэн, эсхүл түүний агуулгыг мэдэгдсэн болохыг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.

5.3. Гэтэл анхан шатны шүүх энэхүү гараар бичсэн тодорхой бус тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлт шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүхэлд нь бодитой үнэлэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

6. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухайд:

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэж дүгнэхдээ уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгийг эрх зүйн үндэслэл болгосон байна.

6.2. Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэг нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн аймаг, нийслэлийн Засаг дарга болон хяналт шалгалтын байгууллагад хүргүүлэх мэдээ, тайлан, төлөвлөгөөний агуулга, шаардлагыг зохицуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн талаар ямар нэгэн зохицуулалт агуулаагүй.

6.3. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийхдээ тухайн асуудлыг зохицуулаагүй хуулийн заалтыг иш татаж, хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

6.4. Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалт тусгагдсан бөгөөд энэ хэрэг нь ашиглалтын бус, хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болон хугацааг сунгуулахтай холбоотой маргаан юм. Иймд анхан шатны шүүх төлбөрийн асуудалд холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тодорхойлж, буруу хэрэглэснээс эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

6.5. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга  зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд  зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заахаар хуульчилжээ.

6.6. Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №25 албан бичгээр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан ажлын 10 өдрийн дотор шийдвэрлээгүй төдийгүй уг хүсэлтэд 3 орчим жилийн хугацаанд огт хариу өгөөгүй байна.

6.7. Үүнээс гадна, хариуцагчийн тайлбараар тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дууссан гэж үзэж байгаа боловч уг үндэслэлээр зөвшөөрлийг цуцлах талаар нэхэмжлэгчид хуульд заасан ажлын 10 өдрийн дотор мэдэгдээгүй. Харин зөвхөн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж үзсэн өдрөөс 963 хоногийн дараа сонсох ажиллагаа явуулсан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа юм.

6.8. Хариуцагч захиргааны байгууллага Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд тусгайлан тогтоосон хугацааны шаардлагыг мөрдөөгүй, өөрийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд энэхүү хууль бус эс үйлдэхүй, хугацаа хэтрүүлсэн ажиллагааг хожим явуулсан сонсох ажиллагаагаар нөхөн зөвтгөх боломжгүй гэж үзэж байна.

6.9. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 159/ШШ2026/0019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3. Нэхэмжлэгч "С" ХХК-аас “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Их хөндий” нэртэй газарт орших түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах *********** дугаартай  тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг аймгийн Засаг даргад удаа дараа гаргаж байсан, хүсэлтийг огт шийдвэрлэхгүйгээр шууд хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо хуульд заасан журмыг зөрчсөн, сонсох ажиллагаа хийгээгүй, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасны дагуу 2021 онд 49,000 төгрөг, 2022 онд 167,000 төгрөг тус тус төлсөн байхад анхаараагүй” гэж тодорхойлон маргажээ.

4. Ингэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч ...тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргах ёстой, түүнийг хүлээн авсан  аймгийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэх хуулийн зохицуулалттай.

5. Нэхэмжлэгчийн гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон бол ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, цуцлах болсон үндэслэлийг  заах үүргээ хэрэгжүүлээгүй, бидний гаргасан хүсэлтэд 3 жилийн хугацаанд огт хариу өгөөгүй” гэх гомдлын тухайд:

5.1. Нэхэмжлэгчээс “...бид 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл өгөхөөр очсон боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэсэн шалтгаанаар өргөдөл болон хавсаргасан материалыг хүлээн аваагүй, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд тусгайлан тогтоосон хугацааны шаардлагыг мөрдөөгүй...” гэж тайлбарласан.

5.2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч компанийн “Лицензийн хугацаа сунгуулах” тухай 04 дүгээр сарын 29-ний  өдрийн албан бичгийг 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч бүртгэсэн байх ба 2022 оны аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-ийн дэвтрийн хэзээ, хэрхэн, юуны үндсэн дээр шийдвэрлэсэн хэсэгт “авах боломжгүй” гэж тэмдэглэгдсэн, түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлтэд тусгай зөвшөөрөл, хавсралт, / 3 жилийн төлбөр төлсөн тэмдэглэгээ хийгдсэн байх/ тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан болон төлбөр төлсөн баримтыг хавсаргаж өгсөн болох нь тогтоогдоогүй байна.

5.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар зохицуулсан байх ба харин хуулийн 10 дугаар зүйлд “түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг”, 11 дүгээр зүйлийн 11.2-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг” зохицуулснаас үзэхэд захиргааны байгууллагад  “хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд бүрдэл хангаж гаргаагүйн улмаас хугацаа сунгахаас татгалзах үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлэх ёстой байсан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

5.4. Харин нэхэмжлэгчийн “…захиргааны байгууллага хүсэлтэд албан ёсны хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан, хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг алдагдуулсан” гэх гомдлын хувьд захиргааны байгууллага нэхэмжлэгчийн 2022 оны 05 дугаар сард ирүүлсэн хүсэлтэд хариуг албан ёсоор өгөлгүй 2025 он хүртэл орхигдуулсан нь  Захиргааны ерөнхий хуулийн 24, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн хэдий ч энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэл болохгүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

5.5. Хэрэгт авагдсан баримтаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/119 дүгээр албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах болсон тул сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэж, нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 25/01 дүгээр албан бичгээр сонсох ажиллагаанд тайлбар, санал гаргасан байх тул захиргааны байгууллагын ийнхүү хугацаандаа хариу өгөөгүй эс үйлдэхүйг үндэслэн маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

5.6. Сангийн яамны системээс авсан баримтаар "С" ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 2021 онд 49,000 төгрөг, 2022 онд 167,000 төгрөг тус тус төлсөн  байх бөгөөд харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

5.7. Түүнчлэн "С" ХХК-ийг төлөөлж захирал Ц.Агийн оронд Ц.А гарын үсэг зурж, компанийн тамга дарж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгуулах тухай албан бичгийг 2 удаа хүргүүлэхдээ уг албан бичиг нь огноогүй, дугааргүй байсан зөрчлийн талаар хариуцагч захиргааны байгууллагаас хариу тайлбар гаргаж маргахгүй байх тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

6. Ийнхүү маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/263 дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

 

 

 

ТОГТООХ НЬ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН