Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.А,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г-ийн Д-т холбогдох 2417000000006 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19 оны 01 дүгээр сарын 10-нд Т аймгийн А суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, У гэх газар оршин суух хаягтай, одоо Г аймгийн С сумын  дугаар баг, Ш тоот хашаанд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2... оны ... дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шаны шүүхийн 20... оны ... дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Ц овогт Г-ийн Д /РД: ТИ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ш-н 117 тоот хашаан дотор байрлах монгол гэр дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.А-гийн “...өмнөх эхнэрийнхээ зээлийг чи төлөх гэлээ” гэсэн үгэнд дургүйцэн, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүр хэсэгт гараараа цохих, толгой хэсэгт модон сандлаар 2-3 удаа цохих зэргээр зодож, биед нь толгойн зүүн дагз чамархайн заагаар шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000006 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй. Хохирогч хохирол нэхэмжлээгүй. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Архи дарс дахиж уухгүй. Одоо Атай хамт амьдарч байгаа. Бид хоёр эвлэрсэн. Би одоо ‘’Сүмбэр буянт” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байгаа. Тухайн өдөр манайд банкны ажилтнууд орж ирсэн. Би өмнөх эхнэрээсээ салаад бараг 5 жил болчихсон. Тэр хүн банкнаас зээл аваад түүнийгээ төлөөгүй яваад өгсөн. Тэр зээлийг төл гэж надаас нэхэж ирсэн. Тэгээд эхнэр уурлаад маргалдсан. Тухайн үед бид хоёр архи уусан байсан гэв.

2. Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Д гэдэг хүнтэй 2021 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа юм. Манай хамтран амьдрагч Д нилээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сард ОХУ-н Улаан-Үүд гэх газар архинаас гарах эмчилгээнд яваад 1 хоночихоод хүрээд ирсэн. Тухайн эмчилгээнд явж ирснээсээ хойш түүний зан араншин нь өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд архи уусан үедээ ямар нэгэн байдлаар агсам тавих гээд намайг элдэв бусаар харааж загнаад байдаг болсон. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал Д 16 цагийн орчим архи уусан байдалтай гэрт орж ирээд миний хоол хийх гэж байсан махыг гэрээс гаргаж нохойд шидэж өгөөд байхаар нь би уурлаад гэрээсээ гарч яваад хамаатны дүү Д-ийн гэрт очоод хоёр хоночихсон юм. Тэгтэл 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д миний гар утас руу залгаад чи хаана байгаа юм, би яваад очье, миний шинэ жилийг тэмдэглэж өгье гээд байхаар нь би байсан газраа хэлээд өгчихсөн юм. Тэгтэл Д миний байсан газар хүрч ирээд намайг аваад манай бэр С, А нарын хамт Green House рестораны караокед орж 2 цаг гаран дуу дуулцгаасан. Мөн тэндээ 0.5 литрийн савлагаатай цэнхэр өнгөтэй шар айраг 9 ширхэг, 0.33 литрийн савлагаатай Экс нэртэй архи, ногоон шилтэй архи 1 ширхэг зэргийг хувааж уусан. Тэндээсээ 19 цаг өнгөрч байхад Д, А эгч бид нар манай гэр буюу Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 117 тоотод ирээд унтацгаасан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өглөө босоод иртэл Д надаас А-ийн дугаарыг аваад түүн рүү яриад шар тайлах юм байна уу гээд яриад байсан. Тэгтэл нөгөөх нь байгаа гэсэн юм шиг байна лээ. Тэгээд Д намайг дагуулаад А-ийн гэрт нь очоод тэндээ А, Д, Ү бид нар нийлээд 0.33 литрийн савлагаатай Хараа нэртэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд манай гэрт өдрийн 13 цагт ирээд Ү 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи авч өгөхөөр нь түүнийг нь А, Д, Ү бид нар хувааж уусан. Удалгүй Ү яваад өгсөн. А эгч согтоод манай гэрийн зүүн талын орон дээр унтаад өгсөн. Хамтран амьдрагч Д-ын хамт гэртээ байж байтал өдрийн 16 цаг өнгөрч байхад манай гэрт Хаан банкнаас хүмүүс ирээд Д-аас өрөө төл гээд байсан. Тухайн үед Д бид хоёр Хаан банкинд 4 сая гаруй төгрөгийн өртэй бөгөөд бид түүнийгээ хамтран зээлж авсан. Сард 239 000 төгрөг төлдөг байсан юм. Би бодохдоо түүнийг нэхэж байгаа юм байна гэж бодсон чинь Д-ын өмнө сууж байсан эхнэрийнх нь тавьсан 980 000 төгрөгийн өр нэхэгдэж эхэлсэн. Тэгээд банкны хүмүүс гарахаар нь би Д-аас бид хоёрын зээлсэн мөнгө л нэхэгдэж байгаа биздээ гэсэн чинь Д манай өмнөх эхнэрийн тавьсан өр нэхэгдэж байна гэхээр нь би түүнд хандан чи өөрийнхөө 239 000 төгрөгийг төлж чадахгүй байж юун хүний мөнгө төлөх гээд байгаа юм гэж хэлтэл гэнэт уурлаад босож ирээд намайг гэрийн баруун орон дээр сууж байхад гэрт байсан модон сандал аваад түүгээрээ миний толгой орчим 2 удаа орчим цохисон. Тэр үед миний толгойноос цус гараад эхэлсэн. Тэгтэл дахиад гараараа миний баруун талын нүд орчим нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад манай гэрийн хойно байдаг Ч ахын гэрт нь гүйгээд ортол Д миний араас хөөж орж ирээд над руу дайраад байх үед Ч ах чи болиоч, наад хүний толгойноос цус гараад байна шүү дээ гэж хэлтэл Д тэдний гэрээс гараад явсан. ....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

3. Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би гэрт нь ороод баруун талын орон дээр хэвтэж байтал Д Хаан банкнаас өр шир нэхэгдэж ирлээ гэж ярьж байтал түүний эхнэр А танай өмнөх эхнэрийн чинь өр юм байгаа биз, юугаараа төлдөг юм бэ, өмнөх эхнэр чинь л төлөх юм байгаа биз гэж хэлтэл Д уурлаж босож А-г гэрийн зүүн хойно сандал дээр сууж байхад нь түүнийг гараараа толгой, нүүр орчим 1 удаа цохиж унагаагаад модон сандалаар толгой орчим нь 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө баруун талын хавирга орчим нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би Д-ыг болиулах гэтэл надад дийлдэхгүй байсан бөгөөд тэр үед нь А-гийн толгойноос цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

4. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал гаднаас А өдрийн 11-12 цагийн үед ирээд банкнаас хүмүүс ирж байгаа гэнэ гэх зүйл ярьж байсан бөгөөд манай гэрт жаахан сууж байгаад гараад явсан. Би тэр үед гэртээ ганцаараа байсан. Тэгээд гэртээ байж байтал А манай гэрт орж ирсэн бөгөөд түүний толгойноос цус гарчихсан байдалтай Б намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгтэл түүний хойноос Д орж ирээд А-г галын дэгээ төмрөөр цохих гээд байхаар нь би түүнийг боль гэж хэлээд цохиулаагүй. Тэгээд А цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

5. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай хүү одоогоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 117 тоотод хамтран амьдрагч А-гийн хамт амьдарч байгаа. Манай хүү сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа. Архи уусан үедээ надад ямар нэгэн ааш зан гаргадаггүй. Харин архи уугаагүй үедээ хүнд тусархуу хүнээс юм харамлахгүй ажилсаг хүүхэд байгаа юм. Ер нь бол их л сайхан сэтгэлтэй хүний төлөө л гэсэн хүн байгаа юм. Хүнтэй найзархуу хэнтэй ч найзалж нөхөрлөөд туслаад явчихдаг. Өөрт байгаа зүйлээ хүнээс харамлахгүй хуваагаад хэрэглэдэг хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- М.А-гийн биед толгойн зүүн дагз, чамархайн загаар шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шаны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-73 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Г.Д-т холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 117 тоот хашаан дотор байрлах монгол гэр дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.А-гийн “өмнөх эхнэрийнхээ зээлийг чи төлөх гэлээ” гэсэн үгэнд дургүйцэн, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүр хэсэгт гараараа цохих, толгой хэсэгт модон сандлаар 2-3 удаа цохих зэргээр зодож, биед нь толгойн зүүн дагз чамархайн заагаар шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт дээр маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 117 тоот хашаан дотор байрлах монгол гэр дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч М.А-гийн “өмнөх эхнэрийнхээ зээлийг чи төлөх гэлээ” гэсэн үгэнд дургүйцэн, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүр хэсэгт гараараа цохих, толгой хэсэгт модон сандлаар 2-3 удаа цохих зэргээр зодож, биед нь толгойн зүүн дагз чамархайн заагаар шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч М.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч М.А-гийн нүүр хэсэгт гараараа цохих, толгой хэсэгт модон сандлаар 2-3 удаа цохих зэргээр зодож, биед нь толгойн зүүн дагз чамархайн заагаар шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.А, гэрч Б.Э, Ч.А нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч М.А нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Г.Д-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Г.Д нь хувийн байдлын тухайд урьд нь 2 удаа эрүүгийн харицлага хүлээж байсан, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 3 /гурав/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см өндөр, 16.5 см өргөн, 5,16 килограмм жинтэй гар хийцийн модон сандал 1 ширхэгийг устгуулахаар Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 3 /гурав/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй         

 5. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см өндөр, 16.5 см өргөн, 5,16 килограмм жинтэй гар хийцийн модон сандал 1 ширхэгийг устгуулахаар Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ