| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0020/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Л-д холбогдох 2416000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д үйлдвэрийн оператор ажилтай гэх, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт ***** хот *********** дүүрэг ***-р хороо ***** тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ИГ************* регистрийн дугаартай, А овогт М-н Л.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ***** тоотод хохирогч Д.Т-г зодож, биед нь дээд уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч М.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид гурав 2 шил архи, 5 пиво аваад ууж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Д.Т ах эхнэр С руугаа юм яриад байсан. Тэгээд юунаас болсноо санахгүй байна, Д.Т ах миний нүүр лүү цохихоор нь би буцаагаад мөргөөд зодолдоод байж байсан чинь хажуу айлын Д гэх залуу орж ирээд салгаад тэгээд цагдаа дуудсан... Тухайн үед Д.Тийн бие махбодод гэмтэл учирсан байсан. Уруул хэсгээс цус гарсан байсан. Тухайн гэмтлийг би толгойгоороо мөргөж учруулсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 43 дугаар хуудас/
2. Хохирогч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө хөдөө яваад буцаад 17 цагт хөдөөнөөс ирээд гэртээ ороод байж байсан чинь Л 1 шил 0,75 литртэй архи мөн 2 ширхэг лаазтай пиво аваад манай гэрт орж ирсэн. Л С бид 3 архи, пиво хувааж уугаад бараг дуусаж байхад Л согтоод “...надаа 100.000 төгрөг өгчих би буудалд хономоор байна...” гэхээр нь “...надад мөнгө байхгүй...” гэж хэлсэн. Л “...дүүгээсээ мөнгө харамлаад байгаа юм уу...” гэж хэлээд хажууд ирж суугаад хөлөөрөө нэг уруул руу өшиглөөд баруун нүд рүү гараараа цохьчихоод босож яваад үүдэнд байсан газын хошуу авч ирээд толгой руу цохисон... Толгой хагарсан, уруул сэтэрсэн, тухайн гэмтлийг Л учруулсан... Би хэрэгтэй холбоотой сэтгэл санааны хохирлоо авна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/
3. Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө яваад ирсэн чинь манай гэрт Л нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи, 2 ширхэг лаазтай пиво авч ирсэн. Л, Д.Т хоёр 0,75 литртэй архийг ууж дуусгасан, тухайн үед надад нэг лаазтай пиво өгсөн. Би гадаа гараад түлш оруулаад ирэхэд манай нөхөр Д.Т-н уруулаас цус гарсан толгой нь хагарсан нүд нь хөхөрсөн байхаар нь би хажууд байдаг дүүгийн гэрт орж хэлээд нойлын цаас аваад нөхөр Д.Т-н цусыг тогтоогоод байж байсан чинь манай дүүгийн эхнэр Алтантуяа орж ирээд цагдаа дуудсан... Д.Т Л намайг өшиглөсөн гэж хэлсэн намайг гэрээс гарахад тэр хоёроос өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/
4. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 34 дугаартай “...Д.Т-н биед дээд уруулд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно... Дээрх гэмтлүүдээс дээд уруулд үүссэн шарх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, “...Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...” гэх агуулга бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон ДЗ******* регистрийн дугаартай Д* овогтой Д.Т-н сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн ...” гэх агуулга бүхий Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ авагдсан байна.
Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5(тав) дахин нэмэгдүүлснээс 12,99(арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ.
Иймд Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгийг 5(тав) дахин нэмэгдүүлж хохирогч Д.Т-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Л-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА