Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/001

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Хохирогч: С., түүний өмгөөлөгч Л.Бор,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000237 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* ургийн овогт ******* *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 09 сарын 19-ний өдрийн орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт *******тай үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, түүний толгойн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, заазуурдаж эрүүл мэндэд духны хуйхны зүсэгдсэн шарх, баруун чамархайн хуйх, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

   1. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр би 2 цаг хичээл орж байгаад сүүлийн 5 цагийн чөлөөг сургуулийн менежер болох Түмэнжаргал гэх хүнээс авч ******* болон Хоовон ахыг дуудаж машинаар нь элс  татсан бөгөөд өдөр 16 цагийн үед эхнэр аймаг явчихсан байсан тул би хүүхдээ цэцэрлэгээс нь 17 цагийн үед очиж аваад гэртээ ирсэн. Дараа нь би гэртээ байж байтал 18 цагийн үед Давил гэх манай дүү манай гэрт ирсэн бөгөөд бид, 2 ширхэг Нийслэл нэртэй 2.5 литртэй пиво хувааж уучхаад хэсэг юм ярьж байгаад манай хойд гэр луү явсан. Тэгээд бид 2 манай хойд гэрт очоод би хүүхдээ хажуу талын айлын хашааны айл буюу ах Даваагийн гэрт үлдээж Давилын хамт хоёулаа манай хойд гэрт орж Нийслэл гэх нэртэй 2.5 литртэй пиво ахиж хувааж уугаад байж байтал манай гэрт Агар гэх нэртэй 0.5 граммтай дундуур архи байхаар нь Давилын хамт хувааж уучхаад бид 2 адуу мал яриад сууж байсан. Тэр үед би нэлээн согтсон байсан, тэгээд Давил бид 2 бага зэрэг маргалдаж байсан талаар санаж байна, мөн тухайн үед яг юу болсон талаар санахгүй байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Би учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, мөн гаргасан үйлдлийнхээ гэм бурууг ойлгож байна, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг/ хх-ийн 71 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Харин Миний зүгээс Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний ор хөнжлийн мөнгө гэж 200,000 төгрөг авсан. Тэгээд эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1,280,000 төгрөгийг төлсөн. Мөн шатахууны зардалд 340,000 төгрөг өгсөн. Эдгээр төлбөрүүд орсон гэв.

3. Хохирогч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... би гэртээ ирээд байж байтал нэг танихгүй дугаар залгаад ороод ирсэн. Тэгсэн чинь Багаа багш байсан. Тэгснээ “чи тийм том болчихсон юм уу, чамайг ална пизда минь, манайд хүрээд ир эсвэл би гэрт чинь яваад очих уу” гээд байсан. Тэгснээ удалгүй “за за тоглосон юм, манайд хүрээд ир, чамтай ярих яриа байна” гэсэн. Тэгээд би гэрт нь очсон. Тэгсэн чинь надад “100 ширхэг блокийн хэрэг байна, чамд байгаа гэсэн, худалдаж авъя” гэхээр нь би “тэр 100 блокийг би мэдэхгүй, аав ээж мэднэ” гэсэн. Тэгээд нэг 2.5 литрийн хэмжээтэй сэрүүн нэртэй пиво гаргаж ирээд бид хоёр уугаад байж байтал гаднаас Хоовон ах орж ирсэн. Тэгээд бид гурав тэр пивыг хувааж ууж дуусгаад байж байтал Хоовон ах нэг ширхэг 2.5 литрийн хэмжээтэй сэрүүн нэртэй пиво гаргаж ирсэн. Тэгээд тэрийг уугаад байж байтал миний төрсөн ах Гомбосүрэн орж ирээд надаас мотоциклынхоо түлхүүрийг аваад явсан. Тэгээд бид гурав пиво ууж дуусгасан. Тэгээд байж байтал Багаа багш “манай гэрт очиж тарвага шарж идье” гэсэн. Тэгээд Багаа багш бид хоёр хүүхдийг нь аваад замаараа Сэджав ахын дэлгүүрээр ороод нэг ширхэг 2.5 литрийн хэмжээтэй сэрүүн нэртэй пиво авсан. Тэгээд Багаа багшийн аавын гэрт нь очоод хажуу талын хашаанд байх Багаа багшийн ах Даваагийн гэрээс түлхүүрийг нь авсан. Тэгээд бид хоёр тэр пивоо хувааж уугаад дуусгасан. Би явах гэтэл “намайг байж бай” гээд байсан. Тэгээд ширээн доогуураа байсан талдаа орсон Агар нэртэй архийг бид хоёр нэг нэг татаад дуусгасан. Тэгээд морь яриад сууж байсан. Тэгээд морь ярьж байгаад нөгөө 100 ширхэг блокийг ярьж байтал ширээгээ цохиод уурлаад босоод ирсэн. Тэгснээ намайг гэрийнхээ баруун талын орон дээр унагаагаад толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд шургуулгаасаа заазуур аваад над руу нэг далайхаар нь би бултсан чинь дахиж далайгаад миний толгойны орой хэсэг рүү заазуурдчихсан. Тэгсэн чинь миний нүүр рүү цус урсаад ороод ирсэн. Тэгээд над руу дахиад заазуурдах гээд дайраад байхаар нь зугтаж гараад хашааных нь араар нь даваад Хумбаан гэх айл гэрэлтэй байхаар нь гэр рүү орсон. Ороод Гомбосүрэн ах руу залгаж би Хумбаан ахынд байна. Намайг Багаа багш заазуурдчихлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал эмнэлгийн хүмүүс ирээд намайг эмнэлэг авч явсан. Багаа багш бид хоёр хоёулхнаа байсан. Миний толгойн орой хэсэг зүсэгдсэн гэмтэл учирсан...гэх мэдүүлэг/хх-ийн 07-08 /,

....Би гомдолтой байна. Би зүгээр байсан бол өвөл отрын мал маллаад 8 сая төгрөг олох боломжтой байсан. Би одоо 8 сая төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 12/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С. мэдүүлэхдээ: 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянлиг сумынхаа урд хургаа хариулаад явж байсан. Эхнэр хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд явсан. Тэгсэн эхнэр миний утас руу залгаад Багаа багш чиний дугаарыг асуугаад байна гэж хэлсэн. Тэгсэн удалгүй танихгүй дугаараас “Чамайг ална, пиздаа, чи тийм том болчихсон юм уу гээд хэлсэн. Би хэн бэ юу ярьж байна вэ гэж асуухад тоглосон юм. Бага ах нь байна. Хүрээд ир гэж хэлсэн. Би ******* ахынд гэрт очиход нэг том пиво гаргаад ирсэн. Тэгсэн дахин удалгүй “Хоовон” гэх ах ирж өврөөсөө нэг том пиво гаргаад ирсэн. Бид уугаад сууж байхдаа 100 блок болон морины талаар ярьсан. 100 блокоо зарчих гэж хэлэхэд нь манай аав ээж мэднэ. Би мэдэхгүй талаар хэлсэн. Тэгсэн ******* ах манай аавынд очиж тарваганы боодог хийж идье гээд явах замдаа дахин нэг том пиво авсан. Ахынхан гэрээс түлхүүр авч ороод пиво уусан. Тарваганы боодог хийж идэх үү гэж асуухад оройтчихлоо дараа больё гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр удаа дараалан залгаж, хүүхэд уурлаад байна гэж уурласан. Би гэр лүүгээ явах гээд босох гэхэд намайг сууж бай гээд явуулаагүй. Бид нөгөө пиво хувааж уугаад дууссан. Тэгсэн “Агар” нэртэй шилтэй архины тал байхаар нь нэг нэг хундагыг уугаад дууссан. Би 100 блокоо зарахгүй гэж хэлэхэд “Чамд байшгүй юм байгаа биш” гээд ширээгээ хоёр цохиж авсан. Тэгсэн намайг орон дээр дарж аваад 3-4 удаа толгой хэсэг рүү цохисон. Цохиж байхад нь толгой манарсан. Тэгсэн шургуулгаас заазуур гаргаж ирээд над руу далайхад цохилтоос нь бултахад миний гарыг зүссэн. Хоёр удаагаа цохихоос далайсан чинь миний толгойн зулай хэсэгт заазуур зоогдсон. Би маш их манарсан байдалтайгаар толгой хэсэг рүү гараа явуулахад цус гарсан байсан. Тэгсэн миний хоолой хэсэгт заазуураа тулгасан байсан. Би заазууртай гарыг нь түлхэх үед заазуур унасан. *******г цааш нь түлхчхээд гараад зугтаасан. Би хашаагийн давж гараад манарсан байдалтай гэрэлтэй айл бараадаж мөлхөж орсон. Тэр айлын хүмүүст учир байдлаа хэлж би хүнд заазуурдуулчихлаа надаас битгий айгаарай гэж хэлэхэд намайг гэртээ оруулсан. Би гар утсаар нь ах руу ярьсан. Тэгээд л ухаан алдаж ойчсон. Эмч нар ирсэн гэв. Шатахууны зардал 115,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн мөнгөнөөс бусдаар 2,258,000 төгрөгийг шүүгдэгч өгсөн гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... С. нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,288,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би С.ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 1,288,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 /,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 18:00 цагийн үед Давилын гэрт яваад очиход эхнэр нь Багаа багш буюу ******* дуудаад явчихсан гэхээр нь би Багаа багшийн гэрт очсон. Очиход Багаа багшийнд Багаа хүүхдийн хамт мөн Хоовон, Давил нар нь байсан бөгөөд манай дүү гэрт нь арц хүж асаачихсан ном уншаад дуусаж байгаа бололтой байхаар нь би орж мотоциклийн түлхүүрээ авчхаад гараад явсан. Орой 22:00 цагийн үед би Түвшиндүүрэнбаяр гэх айлд Нямжаргалын хамт бензин авах гээд очтол Нямжаргалын утас руу Давил залгаад “ахаа энэ Багаа багш намайг зодоод аллаа, та хурдан хүрээд ир” гэхээр нь би Нямжаргалын хамт Багаа багшийн хойд хашаанд байдаг гэрт нь очиход Багаа багш хажуу талын хашаанаасаа гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь би “Давил хаана байна” гэж асуухад Багаа багшийн нүүр нь цус болчихсон намайг заамдаад авахаар нь би цааш нь түлхэж унагачхаад байж байтал Хумбаа гэх хүний авгай Нямжаргал руу залгаж “Давил манайд байна” гэхээр нь Нямжаргалын хамт Хумбаа гэх айл руу шууд явсан бөгөөд гэрт нь ороод харахад Давилын толгой цус болчихсон байхаар нь би эмч дуудах гээд эмнэлэг явсан. Толгой хэсэгтээ шархтай байсан, мөн уг шархнаас нь цус гараад нүүр, дээлийнх нь энгэр хэсэг нь цус болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

7. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тус өдөр 23:00 цагийн орчим би гэртээ унтах гээд орондоо орох гээд байж байтал гаднаас манай хүү Доржбат орж гүйгээд ороод ирсэн. Тэгээд манай хүү надад “манайд Давил ах ороод ирлээ, цус нь тогтохооргүй аймар их гоожиж байна” гэсэн. Тэгээд би хүүгийнхээ гэр лүү ортол Давил буюу ын толгойноос нь цус гоожчихсон байдалтай байсан. Тэгээд би эмнэлгийн эмч рүү залгаад “энд нэг ийм байдалтай хүн хүрээд ирлээ, чи эмч рүүгээ хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Дорждэрэм эмч, Наранхүү сувилагч хоёр хүрч ирсэн. Тэгээд эмнэлэг рүү авч явсан......гэх мэдүүлэг /хх-ийн 25 /,

8. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тус өдөр 22:00 цагийн орчим ойрын дуудлага ирсэн. Тэгээд би сувилагч Наранхүүгийн хамт ******* сумын 4-р багт байх Цагаанаа гэх айлд очсон. Очтол нүүр ам, хувцас хунар нь тэр чигтээ цус болчихсон танигдахааргүй болчихсон хүн байсан. Тэгээд би тэр айлд бага насны 2 хүүхэд, хөгшин настай хүн байсан болохоор шууд эмнэлэг рүү авч ирсэн. Эмнэлэгт авч ирээд шархыг нь цэгцэлж үсийг нь хусаж оёдол тавьсан. буюу нь өөрөө унаж татдаг архаг хууч өвчтэй байсан ба шарх цэвэрлэж оёх явцад 2 удаа ухаан алдсан. Шархны гүн нь 0.8-1 мм-ийн гүнтэй, урт нь 10 гаруй см урттай байсан. Шарх дээр нь 12 оёдол тавьсан. Тэгээд эмчилгээ хийлгэж хоносон. Тэгээд өвчтөний биеийн байдал тогтворжсон. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Намайг Багаа багш буюу ******* заазуурдчихсан гэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 27 /,

9. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тус өдөр би жижүүрт гарч байтал 22:00 цагийн орчим эмч над руу залгаад “ эгчийн хүүгийн гэрт хүн цус алдаж байна. Жижүүр эмчдээ хэлээд яаралтай очоорой” гэж хэлсэн. Тэгээд би Дорждэрэм эмчтэй хамт тус газар очиход нүүр ам нь тэр чигтээ цус болчихсон хүн байсныг эмнэлэг дээрээ авчирч эмчилгээ хийсэн. Тэр цус алдаж байсан хүн нь Давил буюу байсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Давил буюу С.ын толгойн орой хэсэг зүсэгдсэн байсан өөр гэмтэл байхгүй байх шиг байсан. Давил буюу С. Багаа багш намайг заазуурдчихлаа гээд орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..... Тухайн өдөр 20:00 цагийн орчим би гэртээ байж байтал гаднаас Багаа, Давил, Багаагийн охин Болор-Эрдэнэ гурав орж ирсэн. Багаа, Давил хоёрыг орж ирэхэд тэр хоёроос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Орж ирээд хадам аавын гэрийн түлхүүрийг надаас аваад гарсан. Гарахдаа чи Болор-Эрдэнийг авчхаарай гэсэн. Манай хашаа хадам аавын хашаатай хамар хашаа байдаг. Тэгээд би араас нь ороод Болор-Эрдэнийг аваад гэртээ орж ирсэн. Тэгээд юу болсныг мэдээгүй. Багаа, Давил хоёр л байсан өөр хүн байгаагүй. Давил буюу С. тухайн үед зүгээр байсан. Намайг ороход гаагүй байх шиг байсан. ямар ч байсан биеэ авч явах чадвартай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 426 дугаартай шинжээчийн:

1.2.3. С.ын биед духны хуйхны зүсэгдсэн шарх, баруун чамархайн хуйх, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл, хамрын таславчийн цөмөрсөн хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.

4. Дээрх духны хуйхны зүсэгдсэн шарх, баруун чамархайн хуйх, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал шинэ гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамрын таславчийн цөмөрсөн хуучин хугарал гэмтэл нь хэзээ ямар хугацаанд, ямар шалтгааны улмаас үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Дээрх духны хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн, баруун чамархайн хуйх, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл, хамрын таславчийн цөмөрсөн хуучин хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

6. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

7. Дээрх духны хуйхны зүсэгдсэн шарх шинэ, хамрын таславчийн хуучин хугарал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Дээрх бусад баруун чамархайн хуйх, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал шинэ гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..гэх дүгнэлт /хх-ийн 37-38 /

12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн:

..1. Урьд гаргасан 426 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Нэмэлтээр ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Тархины тодосгогч бодисгүй СРТомограммыг уншуулахад “баруун нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл тогтоогдож байх бөгөөд эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна.

4. С.ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...гэх дүгнэлт болон  шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43-45/, шүүгдэгч *******гийн хувийн байдал /хх-ийн46-51/, хохирогчийн өмгөөлөгч 4 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгч 12 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь  2023 оны 09 сарын 19-ний өдрийн орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтуурсан үедээ *******тай дахин архидан согтуурч үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, түүний толгойн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, мөн заазуурдаж эрүүл мэндэд духны хуйхны зүсэгдсэн шарх, баруун чамархайн хуйх, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч *******ын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг, гэрч *******, *******, *******, *******, нарын мэдүүлэг, шинжээчийн 426, 05 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь архидан согтуурч хохирогч *******ыг гэртээ дуудаж дахин архидах явцдаа түүнтэй маргалдаж түүнийг зодож улмаар заазуураар түүний толгой хуйх хэсэгт заазуурдаж зүссэн бөгөөд уг гэмт хэргийг зэвсэг буюу заазуур ашиглаж үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С. нь замын зардал 115.000 төгрөг нэхэмжилж бусад эмчилгээний зардлыг нөхөн төлсөн талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч *******гийн зүгээс хохирол төлөх талаар завсарлага авахыг хүсэж завсарлага авах хугацаанд замын зардал 115.000 төгрөгийг хохирогч *******т бэлнээр төлсөн талаарх баримтыг ирүүлсэн байна.  

Хохирогч ******* нь эмчилгээний зардал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг хүссэн тул шүүх шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж харин цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч ******* нь уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас 1.288.000 төгрөгийн зардлын эмнэлгийн байгууллагад төлсөн уг зардлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн талаарх төлбөрийн баримтыг гаргаж ирүүлсэн тул  шүүгдэгч ******* Эрүүл мэндийн даатгалын байгууллагад  төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 14 хоног цагдан хоригдсон  хугацааг эдлэх ялаас хасаж тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх заазуур 1 ширхэг, хохирогч *******ын толгойн рентген зургийг бичиж буулгасан СД 1 ширхэгийг тус тус хураан ирүүлсэн бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                             

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г найман зуун  / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 14 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний торгох ялыг таван зуун ерэн / 590 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун ерэн мянган / 590.000 / төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******аас цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан заазуур 1  ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн толгойн  СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ