| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00705/и |
| Дугаар | 153/ШШ2020/00666 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2020/00666
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00666 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ...........багт оршин суух, Б овогт Г-ийн О-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00705/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Г.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт Гончигийн О миний бие нь 1960 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад тус сумынхаа найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1968 онд элсэн орж суралцаад, 1976 онд наймдугаар ангиа төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Ой, агнуурын аж ахуйн ангид ажиллаж байгаад 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цэргийн албанд татагдаад, 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд эргэн Ховд аймгийн Ой, агнуурын аж ахуйн ангид ажиллаж байгаад 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд Жук машины жолоочоор ажиллаж эхэлсэн. 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Жук машины жолоочоор ажиллаж байгаад машин эвдэрсэний улмаас Хиаман цехэд утагчаар түр нэг жил ажиллаж байгаад 1985 оны 6 дугаар сараас эхлэн дахин ГАЗ машины жолоочоор ажиллаж эхэлсэн. 1990 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад УАЗ 469 машины жолоочоор ажиллаад өгөөч гэсэн учраас УАЗ 469 машины жолоочоор сэлгэн ажиллаж эхэлсэн ба 1994 оныг дуустал ажилласан. Миний бие 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тасралтгүй ажиллаж байсан ба тухайн үед машин эвдэрсэн тохиолдолд түр өөр ажилд сэлгэн ажилладаг байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн мөн ажилд орсон, гарсан тушаалын зарим нь архивын тасгаас олдохгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ПЮ60072071 регистрийн дугаартай, Боржигон овогт Гончигийн О намайг Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Хиаман цехэд 1984 оны 6 дугаар сарын 01- ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл утагчаар, Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О-ыг 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 04 дүгээр 03-ны өдрийн 1085 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай Ажилд авах ба шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1988 оны 2 дугаар улирлын шагналт цалинг олгосон тооцоо баримтын хуулбар /хх-ийн 5-8 дугаар хуудас/
2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оноос 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулаагүй талаархи Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаартай албан бичиг, /хх-ийн 11 дүгээр хуудас/
3 .Г.О нь Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан тухай Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3452 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архив-ын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 12 дугаар хуудас/
4.Гэрч Ж.Цэнджавын ... Би 1971 оны 07 дугаар сарын эхлэн Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 04 дүгээр сарыг хүртэл ажилласан. 1978 оны 04 дүгээр сараас хойш Ховд аймгийн Худалдаа бэлтгэл, нийтийн хоолны трестед ерөнхий ахлах нягтлан бодогчоор 1994 он дуустал ажилласан. Намайг Ховд аймгийн Худалдаа бэлтгэл, нийтийн хоолны трестед ажиллаж байх үед Г.О нь манайд жолооч, ачигч зэрэг ажлуудыг хийж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
5. Гэрч Х.Лхамцэдэнгийн ... Би 16 настайгаасаа Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестед ачигчаар ажилд орж 1989 оныг дуустал ажиллаад гарсан. Намайг ажиллаж байх үед Г.О цаг үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Харин нэхэмжлэгч нь 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолооч, утагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч энэ хэсэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Гончигийн О /ПЮ60072071/-ийг 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолооч, утагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ