Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

   2024        02          02                                  2023/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунчимэгийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД:0261/,

Шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ҮД:1019/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Жөд холбогдох 2303 00454 0385 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баяр болор эрдэнэ” ХХК-д түгээгч борлуулагч ажилтай, ам бүл 6, эх, дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 13 дугаар гудамжны 1127 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Цийн Ж /РД: /.

Хэргийн товч агуулга:

Ц.Ж нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Авто цахилгаан засварын зүүн замд 2023 оны 07 дугаар сарын 04-ний 03 цаг 05 минутын орчим “Nissan Vanette” маркийн 2433 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Баттулгыг дайрч амь нь нас хохирсон,

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолооны үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх.04-08/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх.09-13/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.14-16/,

Жолоочийн Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунчимэгийн өгсөн: “... 1963 он буюу намайг 3 настай байхад миний ээж Цэндсүрэн нь Ховд аймгийн С.Жигжийнх гэдэг айлд намайг өргүүлж тэр айлд очиход Ж.Баттулга гэдэг ахыг тэр айл бас өргөж авсан байсан учир бид 2 өөр өөр айлаас өргүүлж очсон ах дүүс байгаа юм. 2019 онд байх гэж бодож байна. Ковид-19 цар тахлын өмнө манай гэрт нэг удаа ирж уулзаж байсан. Би хэнтэй хаана амьдардаг байсан талаар мэдэх зүйл надад алга байна. Мөнгөгүй болохоороо хааяа над руу залгаж мөнгө асуудаг байсан. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагаас надад хэлж би мэдсэн. Ослын талаар би сайн мэдэхгүй байна. Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөж байсан. Өргөж авсан ээж 1973 онд нас барж тэр цагаас хойш бид 2 бараг харилцаа холбоогүй шахуу болсон. Архи их уудаг манай гэрт хааяа ирнэ, ирэхээрээ тогтсон гэр орон байхгүй, амьдрах газар олдохгүй байна гэж ярьж байгаад хамт амьдаръя гэхээр өөрөө архи уугаад яваад өгчихдөг байсан. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С. Солонгожаргалын өгсөн: “... Би Ж.Баттулгыг танина, бид 2 анх 1980 онд гэр бүл болоод 2004 онд гэр бүлээ цуцлуулсан. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй байсан, том хүүхэд маань 2005 онд нас барсан. Бага хүүхэд минь одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Намайг 2023 оны 02 дугаар сард Орхон аймагт байхад бие муудаад байна гээд залгаад байхаар нь Вокзал дээр ирж уулзаад гутал, хувцас, хоол хүнс өгсөн. Жилд 2-3 удаа уулзаж хоол, хувцас авч өгдөг байсан. Ж.Баттулга надтай хамт амьдарч байхдаа байнга архи уудаг байсан болохоор гэр бүлээ цуцлуулсан. Салснаас хойш хэрхэн яаж амьдарч байгааг нь сайн мэдэхгүй байна. 2005 онд Нараа гэж эмэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа гэж сонсож байсан. Сүүлийн жилүүдэд яг хаана амьдарч байсныг нь сайн мэдэхгүй байна. Эдийн засагч мэргэжилтэй байсан. 1996 он орчимд Цагдаагийн дээд сургуульд нярваар ажиллаж байгаад тэндээс группт гараад дахиж ажиг хөдөлмөр эрхлээгүй гэж бодож байна. Бие дээр нь шивээс байхгүй, унаж тусаад сорвитой л болсон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх.28/,

“Би Ж.Баттулга гэх хүнийг танина. Бид 2 анх 1980 онд гэр бүл болж хамт амьдарч байгаад 1986 онд хоёр тийшээ болж салцгаасан юм. Албан ёсоор 2005 онд бүртгэлээр салсан юм. Одоо бол надад ямар ч хамааралгүй хүн. Уг нь бол бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй юм, тэр хүүхэд Сампил маань 2004 онд нас барчихсан юм. Харин Сүхбат гэх хүүхэд бол Баттулгын өөрийнх нь хүүхэд биш юм, бид 2 салсан байхад би өөр хүнээс хүүхэд олж жирэмсэн болсон байсан, тэгээд яг жинхэнэ аавд нь хэлэхэд жирэмсэн болсон гэдгийг сонсоод хаяад явчихсан юм, тэгээд Баттулга эргээд нийлье гээд, наад хүүхдэд чинь аав хэрэгтэй, би архи дарснаас гарсан гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд хамт амьдарч байхад Сүхбат төрсөн юм, тэгээд Баттулгаар овоглосон юм. Сүхбат нь Баттулгатай ямар ч цусан төрлийн хамаарал байхгүй зүгээр л овоглодог юм. Баттулга гэх хүнийг ч танихгүй, одоо энэ асуудлаар би хүүхдээ Сүхбатыг оролцуулаад баймааргүй байна, цагдаагийн байгууллагаас дуудаад байхаар надад хэцүү байна, би хүүхдээ оролцуулмааргүй байна. Бид хоёр салаад 30 гаран жил болж байна. Одоо энэ асуудлыг сонсоод ирэхээр манай хүүхэд сэтгэл санаагаар унаад байгаа юм, би энэ хэрэгт хүүхдээ огт оролцуулмааргүй байна. Сүхбат нь одоо гадаад Солонгос улсад амьдран ажиллаж байгаа. Тухайн зам тээврийн ослын дараа би өргөмөл дүүтэй нь цагдаа нарыг холбогдуулж өгсөн, тэр хүн л хэрэгт оролцож явна. Тухайн хэргийн хувьд надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.205/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч У.Шинэбаярын өгсөн: “... Ослын талаар мэдэхгүй, цуг байгаагүй, Ц.Ж нь манай байгууллагад борлуулагчаар ажиллаж байсан, борлуулалт хийж дуусаад оройтвол гэр лүүгээ унаж харьж байгаарай гэсэн. Бусдад учирсан хохирлыг буруутай этгээд төлж барагдуулна. Ослын улмаас машинд эвдрэл гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх.32/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 39679877 дугаартай “... Тоёота приус-20” маркийн 91-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, хойд тэнхлэгийн дугуйн ажлын тоормос стандартын шаардлага хангахгүй, зогсохгүй...” гэх дүгнэлт /хх.36-43/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Галбадрахын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2603 дугаартай дүгнэлт /хх.51-60/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1832 дугаартай:

“1. Талийгаачийн цогцост зулайн хуйхны язарсан шарх, бага, тархины аалзан хальсан доорх цус харвалт, эрүү яс, өвчүү зүүн эгэм, цээжний 2 талын олон хавирганы хугарал, хавирганы булчингийн цус хуралт, сээрний 3-р нугалмын үйрч бяцарсан хугарал, голын зөөлөн эдийн цус хуралт, баруун уушгины урагдал, няцрал, үнхэлцэг хальс, баруун бөөрний өөхөн эслэг, ходоодны их махиа дагасан өөхөн эслэгт цус хуралт, элэгний урагдал няцрал, баруун шаант тахилзуур ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, нүүр, хүзүү, цээж, хэвлий, мөчдийн олон тооны зулгаралт, цээж, зүүн тохойн цус гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ.

4. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. Гэмтлүүдийн байрлалаас харахад босоо байрлалд мөргөгдөөд, унасан үед нь автомашины дугуйгаар дайрагдсан байх боломжтой.

6. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна.

7. 2023.07.04-ний 04 цаг 30 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр талийгч нас бараад 3-5 цаг болсон байна.

8. Талийгч нь 4 дүгээр бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх.61-67/,

Химийн шинжилгээний хариу /хх.71/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.88/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.95-97/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх99/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Жийн яллагдагчаар өгсөн: “... Би гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.100/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.102/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх.104/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.105-110/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунчимэгийн хүсэлт /хх.143/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх.146/,

Тээврийн прокурорын газарт яллагдагчийн гаргасан хүсэлт /хх.147/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот /хх.198/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.199-200/,

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх.201/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх.213/,

Үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх.214/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ар гэрийн талаарх баримтууд /шинээр гаргасан 2 хуудас, иргэний эрүүл мэндийн дэвтэр/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Ц.Жийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд, иргэний үнэмлэхийн хуулбар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.124-128, 131, 136, шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Ц.Ж нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Авто цахилгаан засварын зүүн замд 2023 оны 07 дугаар сарын 04-ний 03 цаг 05 минутын орчим “Nissan Vanette” маркийн 2433 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Баттулгыг дайрсны улмаас түүний амь нас хохирсон,

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсгэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолооны үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт. ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт Ц.Жийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг,

 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг,

Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар иргэний өмчлөх эрхийг тус тус баталгаажуулжээ.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хохирогч Х.Баттулгын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зулайн хуйхны язарсан шарх, бага, тархины аалзан хальсан доорх цус харвалт, эрүү яс, өвчүү зүүн эгэм, цээжний 2 талын олон хавирганы хугарал, хавирганы булчингийн цус хуралт, сээрний 3-р нугалмын үйрч бяцарсан хугарал, голын зөөлөн эдийн цус хуралт, баруун уушгины урагдал, няцрал, үнхэлцэг хальс, баруун бөөрний өөхөн эслэг, ходоодны их махиа дагасан өөхөн эслэгт цус хуралт, элэгний урагдал няцрал, баруун шаант тахилзуур ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, нүүр, хүзүү, цээж, хэвлий, мөчдийн олон тооны зулгаралт, цээж, зүүн тохойн цус хуралт” гэмтлийн улмаас нас баржээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдэл байна. Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ц.Жийн холбогдсон дээрх үйлдлүүд нь:

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг,

Мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангажээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Ц.Ж нь хохирогчийн амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ц.Жийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Харин шүүгдэгч Ц.Жийн үйлдсэн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ц.Жийг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

Мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Жөөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунчимэгт олгох тухай дүгнэлтийг улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч гаргасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүн болох нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунчимэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Жөөс жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Ж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Жийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Ц.Жөд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

          Хэргийн шалтгаан нөхцөл, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, Ц.Жийн хувийн болон ар гэрийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүссэн боловч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хохирол огт төлөөгүй зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

          Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ц.Жөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээж,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ж урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Цийн Жийг:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэг,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Жөд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Жөд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Жөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Жөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ж урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунчимэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Жөөс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

 9. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Жийн 5 настай хүү Б овогт Жийн Азжаргал /РД:СГ19290476/, 2 настай охин Б овогт Жийн Мишээлт /РД:СГ22212021/ нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Жөд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР