| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2018/00109/И |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 34
*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 153/ШШ2018/00174 дугаар шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1,720,600 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие ******* ******* ******* ХХК-ийг төлөөлөн ******* ******* ХХК-ний захирал ажилтай *******тай 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* төвийг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, түүнд хүлээлгэн өгсөн. Тус гэрээгээр нэг сарын түрээсийн төлбөрт 650,000 төгрөг төлөх ба түрээслэгч нь дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, хогны төлбөрийг өөрөө хариуцахаар тохирсон.
Гэтэл ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө барагдуулахгүй байх тул 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тус ******* төвийг ажиллуулаад 2,735,360 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлөхөөр болж гэрээг цуцалсан. Улмаар удаа дараа нэхэж байж 1,000,000 төгрөгийг авсан бөгөөд одоо дулааны төлбөр болох 1,720,600 төгрөгийг төлөхгүй байснаас тус байрны дулааныг тасалсан. Иймд би тус дулааны мөнгийг өөрөө төлсөн.
Иймд *******аас 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 1,720,600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие ******* аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах ******* төвийг 3 жилийн хугацаагаар цайны газар ажиллуулах зориулалтаар ажиллуулахаар түрээсийн гэрээ хийсэн. Дулаан, цахилгааны төлбөр, хогны төлбөрийг түрээсийн төлбөрөөс тусдаа өгөхөөр тохирсон. Гэвч уг ******* төв нь өмнө баар байсан тул орлого муутай, ихэвчлэн согтуу хүмүүс орж ирдэг байсан мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш би эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон. Ингээд тус түрээсийн гэрээг цуцлах болсон. Би тус төвд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 2 сарын түрээсийг бэлнээр 1,300,000 төгрөг өгсөн. Мөн манай эгчээс 450,000 төгрөг, эхнэрээс 300,000 төгрөг, Хаан банкны АТМ-ээс шилжүүлж 960,000 төгрөгийг ******* авсан. Би түрээсэлсэн байрны түлхүүрийг 2016 оны 03 дугаар сард хүлээлгэн өгсөн. Нийт 4 сар 9 хоногийн хугацаанд тус байрыг түрээсэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би түрээсэлсэн хугацааны дулааны төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 153/ШШ2018/00174 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3-д зааснаар хариуцагч *******аас үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн байрны дулааны төлбөр 1,720,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 42,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, хариуцагч *******ын гаргаж өгсөн нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч *******гийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* хоёрын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үйлчилгээний зориулалттай байр түрээсэлсэн байрны дулааны төлбөр 1720600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд үндэслэлээ ”нэхэмжлэгчид би банкаар 960000 төгрөг шилжүүлсэн бэлэн 700000 төгрөг өгсөн, мөн нэхэмжлэгч нь манай эгчээс бас бэлэн мөнгө авдаг байсан, нийт 3 сая гаруй төгрөг төлчихсөн” гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна. Учир нь:
Хэрэгт авагдсан баримтаар талууд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын нутагт байрлах “******* ” төвийг цайны газрын зориулалтаар, сарын 650000 төгрөгийн төлбөртэй, 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулжээ.
Гэрээ байгуулсан өдрөөс хойш 4 сар 9 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр талууд гэрээг цуцалж тооцоо нийлэхэд дулааны төлбөр 1720600 төгрөг гарсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч хариуцагч *******ын эхнэр Ж.Золзаяа гарын үсэг зурсан байна. Мөн хариуцагч ******* нь 4 сарын 9 хоногийн дулааны төлбөр 1720600 төгрөг гарсан, дулааны төлбөрийг түрээслэгч тал буюу хариуцагч төлөхөөр Түрээсийн гэрээгээр тохирсон гэх үйл баримттай маргахгүй байна.
Түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлд “түрээсийн хугацаанд түрээслэгч нь ...дулааны төлбөр 400.0, цэвэр бохир усны төлбөр 52100, цахилгааны төлбөрийг тоолуурын заалтаар төлнө, хогны төлбөрийг тус тус хариуцна” гэж талууд тохиролцсон байна.
Түрээслэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу дулааны төлбөр 1720600 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь “ ” ХХК-нд дулааны төлбөрийг өөрөө төлсөн баримтыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн байна.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 3 сая гаруй төгрөг өгсөн гэх татгалзлаа нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч *******гийн Хаан банкны тоот дансанд 779900 төгрөг шилжүүлсэн 20 ширхэг банкны орлогын мэдүүлэг, “” ОНӨААТҮГ-т 68800 төгрөгийн цэвэр бохир усны мөнгө төлсөн баримт авагдсан байна.
Хариуцагч нь дулааны төлбөрийг ХХК-нд төлсөн эсхүл нэхэмжлэгч *******д өгсөн эсэхээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан заасан “мэтгэлцэх эрхээ” хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “нотлох баримт гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.
Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Харин талууд Түрээсийн гэрээ байгуулснаас хойш 4 сар 9 хоногийн дараа буюу хугацаанаасаа өмнө харилцан тохиролцож гэрээг цуцалсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл” байна гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3-т заасныг баримталсан байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43159 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШШ2018/00174 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3-д зааснаар” гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43159 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР