| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2020/0103/Э |
| Дугаар | 468 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 468
2020 4 16 2020/ДШМ/468
У.Бөд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Уранбайгаль,
насанд хүрээгүй хохирогч Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа,
шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн У.Бөд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ё овгийн Угийн Б, 1987 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ЗЮ87061279/;
У.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Баянцээл” худалдааны төвийн замд Д.Бгийн эзэмшлийн “...” загварын ...УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай эрэгтэй А.А, 16 настай эмэгтэй Б.Б, 16 настай эрэгтэй Б.Б нарыг мөргөж, Б.Б, А.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Бийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: У.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ё овогт Угийн Бийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар У.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар У.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаад 6.500.000 төгрөг, Т.Батаад 500.000 төгрөг, Г.Гэрэлтцолмонд 4.390.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн У.Бийн №1176022 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа, Т.Батаа, Г.Гэрэлтцолмон нар нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарт учирсан гэмт хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3 дахь заалтыг зөрчин хохирогч нарын биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж, ар гэрийнхэн болон хохирогч нараас уучлалт гуйж байна. Би ам бүл дөрвүүлээ, 5 настай хүү, 8 сартай охины хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүн 2 бага насны хүүхдээ харан гэртээ ажилгүй байдаг. Миний бие шоронд хоригдох хугацаандаа маш их гэмшиж, ухаарч байна. Цаашдаа ар гэрээ тэжээн, хохирогч нарын цаашид гарсан зардал мөнгийг барагдуулахаа чин санаанаасаа илэрхийлж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Б нь осол гаргасан даруйдаа өөрийн гар утсаар эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Гэм буруугийн шүүх хуралдаанаас гаргасан хохирлын үлдэгдэл мөнгийг төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт нийт 11.390.000 төгрөг төлж барагдуулсан. У.Б нь гэмт хэрэг үйлдсэн үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нараас уучлалт гуйж байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх, хохирогчтой эвлэрэх хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж байсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй, хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. У.Бийн хувийн байдлын хувьд 8 сартай охин, 5 настай хүү, эхнэртэйгээ хамт амьдарч, сантехник засварын тогтсон ажилтай, байнгын оршин суух хаягтай, найз нөхөд болон ажлын хамт олны дунд нэр хүндтэй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт учруулсан цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсан бөгөөд төлөх чадвартай гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүүхэд өнөөдрийн байдлаар 2 өвдөгтөө хагалгаа хийлгэхээр байна. Хагалгаанд шаардлагатай шөрмөс захиалагдсан байгаа. Миний хүүхэд хоёр хөлгүй болсон. У.Бийн эхнэр “хагалгааны чинь төлбөр, хүүхдийг чинь босгох тал дээр бүх анхаарлаа төвлөрүүлнэ” гэсэн болохоор би хүсэлт бичсэн. Надад хагалгааны мөнгө хэрэгтэй байна. Хүүхдээ эмчлүүлмээр байна. У.Бөөс Б.Бийг хөл дээр нь босгож өгөх болно гэдэг үгийг сонсмоор байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч давуу эрхтэй. Жолооч явган хүний гарц дөхөхөд хурдаа сааруулах, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэлгүй зам тээврийн осол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч нарын эмчилгээний зардлыг төлсөн болон цаашид гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч шүүх шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч У.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18.50 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Баянцээл” худалдааны төвийн замд Д.Бгийн эзэмшлийн “...” загварын ...УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай эрэгтэй А.А, 16 настай эмэгтэй Б.Б, 16 настай эрэгтэй Б.Б нарыг автомашинаар мөргөж, хохирогч Б.Бийн эрүүл мэндэд дух ясны хугарал, зүүн ухархайн дээд хана, баруун гайморовын хөндийн дотор ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нэг шүдний хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зүүн хөмсөг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, баруун өвдөгний зулгаралт бүхий хүнд гэмтэл, хохирогч А.Агийн эрүүл мэндэд суурь ясны их далавчны хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, бүсэлхий, баруун шилбэ, баруун сарвуунд зулгаралт бүхий хүнд гэмтэл, иргэний нэхэмжлэгч Б.Бийн эрүүл мэндэд тархи доргилт, сарвуунд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, цээж өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Б.Бийн “...Б.Б, А.А бид гурав “Баянцээл” төвийн харалдаа явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн. ...” гэх /1хх 26-28/,
насанд хүрээгүй хохирогч А.Агийн “...Тухайн өдөр “Баянцээл” төвийн баруун талын явган хүний гарцаар зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байхад гэнэт зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр урд талаас машины гэрэл гарч ирж байсныг санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Б.Б, Б.Б бид гурав цугтаа зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн. ...” гэх /1хх 31-32/,
насанд хүрээгүй хохирогч Б.Бийн “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А.А, Б.Б бид гурав Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Баянцээл” төвийн замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад зүүн гар талаас нэг машин хурдтай гарч ирээд бид гурвыг мөргөсөн. Бид гурав ар араасаа цувраад алхаж байсан. Би урд, миний ард Б.Б, түүний ард А.А алхаж явсан. ...” гэх /1хх 35/,
насанд хүрээгүй гэрч У.Сарангэрэлийн “...Тэгээд би эргэж хараад явах гэтэл ард чанга чимээ гарахаар нь эргээд харахад хүн машинд мөргүүлсэн байсан. Тэгээд харахад Б.Б газар өнхрөөд унаж байсан. Тэр үед замын 1, 2 дугаар эгнээний машинууд зогсчихсон зам тавьж өгсөн байсан. Тэгэхээр нь би гүйгээд очиход манай гурван найз машинд мөргүүлсэн байсан. ...” гэх /1хх 48/,
шүүгдэгч У.Бийн “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн замд урдаасаа хойшоо чиглэлтэй, “...” загварын 61-17УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад явган хүнийг гарцаар зүүнээс баруун чиглэлтэй гарч байсан гурван хүүхдийг мөргөж гэмтээсэн. Би тухайн үед зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээс 3 дугаар эгнээ рүү шилжих үедээ зам гарч байсан хүүхдүүдийг мөргөсөн. ...” гэх /1хх 177-178/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “...1. Б.Бийн биед дух ясны хугарал, зүүн ухархайн дээд хана, баруун гайморовын хөндийн дотор ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нэг шүдний хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зүүн хөмсөг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 12122 дугаартай /1хх 53/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “...1. А.Агийн биед суурь ясны их далавчны хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, бүсэлхий, баруун шилбэ, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 12121 дугаартай /1хх 64/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...1. Б.Бийн биед тархи доргилт, сарвуунд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, цээж өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэх 12164 дугаартай /1хх 76/ шинжээчийн дүгнэлтүүд,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...1. “...” загварын 61-17УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан У.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Б, А.А, Б.Б нар нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэх 545 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 100-101/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч У.Бийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч У.Бийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.
Харин давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батаа, Н.Болормаа, Б.Гэрэлтцолмон нараас: “...У.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө бүрэн илэрхийлсэн тул гомдол, саналгүй. Түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтүүдийг бичгээр ирүүлсэн, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч У.Бийн зүгээс насанд хүрээгүй хохирогч нарын гэм хорын хохиролд нэмж 2.900.000 төгрөгийг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Т.Батаад 500.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаад 1.500.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Агийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлтцолмонд 900.000 төгрөгийг тус тус гэм хорын хохиролд төлснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч У.Б болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан нь шүүх заавал хэрэглэх хуулийн зохицуулалт биш бөгөөд харин гэмт хэрэг үйлсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь “Хууль ёсны зарчим”-ыг хангах, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх “Шударга ёсны зарчим”-ыг хангах шаардлагад тус тус нийцэх учиртай.
Мөн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг харгалзан шүүгдэгч У.Б болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах замаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...У.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Угийн Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ