Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0360

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Н***” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.М***, Ц.О***

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Ж***,

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч С.Ч*** нарын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М***, Ц.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***, С.Ч*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Н***” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн “Н***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч “Н***” ХХК анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А/541 дүгээр захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлах нэгж талбарын 186*** дугаар бүхий 100,000 м.кв талбай бүхий газрыг Орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

                 Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/182 дугаар захирамжаар газрын зориулалтыг “Үйлдвэрлэл” болгон өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, газар эзэмших гэрээ байгуулан, 000017042 дугаар бүхий гэрчилгээ олгосон.

                 Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” хэмээн үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч “Н***” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, маргаан бүхий актыг гаргажээ.

                 3.  Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 07/4286 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг авч 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анх тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“...Маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн.

            Учир нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл, албан бичгийн хариуг хүлээн авч тайлбар өгсөөр байхад хариу өгөлгүй, оролцогчийн эрхийг зөрчин, түүнд мэдэгдэлгүй маргаан бүхий актыг гаргасан нь хуулийн зохицуулалтыг зөрсөн.

            Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/541 дугаартай захирамжийн хавсралтын 4 дэх заалтад “дуудлага худалдааны үнэ төлсөн” гэж тайлбар бичигдсэн байхад дахин дуудлага худалдааны анхны үнэ төлөх албан бичиг, мэдэгдэл өгч, дээрх тайлбарыг гаргасаар байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан.

            Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтад дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.М*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаан бүхий захирамж нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “б,г”, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дах заалтуудыг тус тус  үндэслэсэн байдаг. Эдгээр заалтууд нь Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан бөгөөд хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хурлаас гарах шийдвэрийг хэрэгжүүлэх гэсэн зохицуулалт. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар нотлох баримтуудад хөтөлбөр, хурлын шийдвэрийг үндэслэсэн эсэх талаар тайлбар гаргаагүй. Тэгэхээр тухайн заалтуудыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй буюу нэхэмжлэгчид хамааралгүй хуулийн заалтууд гэж үзэж байна. Захирамжид Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2,  33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг тус тус үндэслэсэн байдаг.  Нэхэмжлэгчид хамаарах заалтыг хариуцагч тайлбартаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг үндэслэсэн гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. “Н***” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/541 дугаартай захирамжаар 10 га газрыг эзэмшсэн. Тус захирамжийн хавсралтын 4 дэх заалтад “дуудлага худалдааны үнэ төлсөн” гэж тайлбар хэсэгт бичигдсэн байдаг. Гэтэл захирамж гарахдаа мэдэгдэл өгсөн гэдэг. Мэдэгдэлд дуудлага худалдааны мөнгийг төлөх шаардлагыг тавьсан байдаг. 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, газраа ашиглаагүй гэдэг боловч 2014 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх сансрын зураг авсан. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/182 захирамжаар газрын зориулалтыг өөрчилсөн. “Н***” ХХК нь 2019 онд хүсэлт өгч, орон сууцын зориулалтаар ашиглах боломж байхгүй учир газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрх өгөхийг хүссэн. Ингээд 2020 оны 4 дүгээр сард захирамж гарсан байдаг. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 01102020/011937 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт 2020 оны Засаг даргын  захирамжийг илт хууль бус гэж тайлбарласан. Өнөөдрийн байдлаар тус захирамж хүчин төгөлдөр байгаа юм. Мөн яагаад 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа вэ гэвэл 2020 онд газрын зориулалтыг өөрчилж, шинэ захирамж гарсан учраас Улсын дээд шүүхийн тайлбараар 2 жилийн хугацаа өнгөрч байж, 2 жилийн хугацаа өнгөрсөн эсэх асуудал яригдах юм. 2020 оны 4 дүгээр сард захирамж гарсан учир 2022 оны 4 дүгээр сард хугацаа дуусч, үүнээс хойш газрын гэрчилгээг цуцлах эсэх шийдвэр гарах юм. Мөн тайлбарт биечлэн уулзсан албан мэдэгдэл өгсөн гэдэг. Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 13/531 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12/1857 дугаартай албан бичгийг ирүүлсэн. 2 албан бичгийн мэдэгдэлд “...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй учир төлж барагдуулна уу” гэсэн агуулгатай мэдэгдэл байдаг. Манай компанийн хувьд дуудлага худалдааны анхны үнийг төлөх эсэх асуудлаар тайлбараа хүргүүлсэн. Тус тайлбар нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Компани хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй болон үнийн дүнг хугацаанд нь төлсөн эсэх асуудлаар тайлбар өгөх боломжийг хариуцагч олгоогүй гэж үзэж байна. Захиргаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг ноцтой зөрчсөн. Захирамжид оролцогчийн хамааралгүй асуудлаар мэдэгдэх хуудас өгсөн. Шийдвэр гаргахдаа оролцогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломжийг хангаагүй байна. Газрын зориулалтыг өөрчилсөн учир өөрчилснөөс эхэлж 2 жилийг тооцох ёстой. Газрын төлбөрийг төлөөд явж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан захирамжид нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хүчингүй болгох 2 үндэслэл заасан байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн захирамж гарахдаа 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/182 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох заалтыг хүчингүй болгохоор гарсан байдаг. Мөн энэхүү захирамж нь 2014 оны Засаг даргын захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. 2014-2020 оны асуудал нь хууль, эрх зүйн асуудал байхгүй юм. Орон сууц барих зориулалтаар газрыг ашиглах боломжгүй учир үйлдвэрлэл эрхлэх захирамжийг 2020 оны 4 дүгээр сард гаргасан. 2020 оны 4 дүгээр сараас хойш асуудлыг шүүхэд хэлэлцэх ёстой болохоос үүнээс өмнөх асуудлыг ярих шаардлагагүй юм. Хаягдал цаасыг дахин боловсруулах үйлдвэрлэл байгуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/182 захирамжийг гаргасан. Энэ бол Япон болон Хятадын хөрөнгө оруулалттай томоохон үйлдвэрүүдийг Монгол Улсад байгуулах аж ахуй нэгжүүдийн нэг нь юм. Нэхэмжлэлийн шаардлага зөвхөн компанийн асуудал биш Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйлдвэр байгуулах үе шатандаа явж байгаа юм” гэв.

  1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Н" ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/541 дүгээр захирамжаар эзэмшсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Засаг даргын А/182 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгуулж, зориулалтыг өөрчилсөн байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.3-т "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална” гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол" гэж заасан. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн "Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт" нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийг тооцож гаргасан баримт байх тул хариуцагчийн зүгээс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/369 дугаартай захирамж гарах хүртэлх хугацааны газрын төлбөрийн тооцоог тодорхойлон нотлох баримтаар гарган хүргүүлсэн. Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчилгээг хүчингүй болгох үеийн төлбөрийн тооцоо хамаарах бөгөөд түүнээс хойш төлсөн төлбөрийн баримт нотолгооны ач холбогдолгүй. "Н" ХХК нь 2021 онд жилийн газрын төлбөрт 10,791,144 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 2021 оны 1, 2 дугаар улиралд буюу 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 6,179,038 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд гэрчилгээг хүчингүй болгох үед нийт төлөх төлбөрөөс 6,342,715 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болжээ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Газар эзэмшигчийн үүрэг”-ийг зааж өгсөн ба 35.3-т "Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх"-ийг үүрэг болгосон байна. Харин мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ. Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх", 4.6-д “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх” заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь “газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлтэй байна. Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь 2017 онд 4,400,000 төгрөг, алданги 880,000 төгрөг, 2020 онд 7,284,023 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй зөрчил гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/541 дүгээр захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл 7 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байна.

                 Тус компанийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийг зөрчсөн тул хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад улмаар эзэмших хугацааг 15 жилээр сунгаж, зориулалтыг өөрчлөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/182 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-т зааснаар илт хууль бус захиргааны акт болсон. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-аас илүүгүй байна" гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин энэ хуулийн 33.1.2-т "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..." гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн. Хэдийгээр нэхэмжлэгч нь дуудлага худалдааны үнэ төлөгдсөн гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон боловч санхүүгийн баримтаар нотлоогүй тул үгүйсгэгдэнэ.  Мөн хуулийн 36 дугаар зүйлд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөр зохицуулсан бөгөөд 36.2-т "Дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна" гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан "Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай" А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт "нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг" Нийслэлийн Газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон.

                 Сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгч "Н" ХХК-д дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 13/531 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар тайлбар, саналаа 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 031 дугаартай албан бичгээр ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***-ны тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэхэд “Н***” ХХК нь тус газраа эзэмшиж эхэлснээс буюу 2014 оноос хойш зориулалтын дагуу ашиглаж байгаагүй нь 2014 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны сансрын зургаар нотлогдож байгаа.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх” гэж заасан бөгөөд төлбөрөө хугацаандаа төлөөгүй болох нь тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч нь захиргааны акт гарснаас хойш буюу 2021 оны 9 дүгээр сараас хойш хоёр удаа төлбөр төлсөн байдаг. Тухайн төлбөрийг 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлэхээр “0” төгрөг гэж гараад байгаа юм. Манай зүгээс дараа нь шинэчлээд захиргааны акт гарах хүртэл төлсөн төлбөрөөр тооцоо нийлсэн акт явуулсан байгаа.

Энэ нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлсөн баримтуудыг хасаад захиргааны акт гарах хүртлээ 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны А/369 дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Н***” ХХК-д холбогдох хэсгийг 60 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/369 дүгээр захирамжийг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

                 1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/541 дугаар захирамжаар “Дээд өнгө” ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлж авсан бөгөөд уг захирамжийн хавсралтын 4 дэх заалтад “дуудлага худалдааны анхны үнийг төлсөн” гэж тэмдэглэсэн байхад манай компанийг дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэж мэдэгдэл явуулж улмаар цуцалсан нь хууль бус,

                 2. Бид газраа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар бэлтгэж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр зорилгоор  дүүргийн Засаг даргын 2020 оны А/182 дугаар захирамжаар газрын зориулалтаа өөрчилж шинээр гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Энэ хугацаанаас тооцоход газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх 2 жилийн хугацаа болоогүй байсан,

                 3. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны А/369 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэх ажиллагаагүй хийлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан,

                 4. Дүүргийн Засаг даргын 2020 оны А/182 дугаар захирамжийг илт хууль бус хэмээн тайлбарлаж байх боловч хариуцагчаас эл талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

                 Нэхэмжлэгч “Н***” ХХК анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А/541 дүгээр захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлах нэгж талбарын 186*** дугаар бүхий 100,000 м.кв талбай, “орон сууц” зориулалт бүхий газрыг “Дээд өнгө” ХХК-иас шилжүүлж авснаар маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулан, 000304317 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Дүүргийн Засаг даргын тус захирамжийн хавсралтын 4 дэх заалтад “дуудлага худалдааны анхны үнийг төлсөн” хэмээн тэмдэглэсэн болох нь,

                 Нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөлт болон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргасныг дүүргийн Засаг даргаас хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/182 дугаар захирамжаар газрын зориулалтыг “Үйлдвэрлэл” болгон өөрчилж, газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунган, газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 000017042 дугаар бүхий гэрчилгээ олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Н***” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн огноо бүхий хүсэлтүүд, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны Өргөдөл гомдлын бүртгэл, хяналтын картын маягт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/541 дүгээр, 2020 оны А/182 дугаар захирамжууд болон 2014, 2020 оны газар эзэмшүүлэх тухай гэрээ, 000304317 дугаар болон 000017042 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ болон холбогдох бусад баримтаар,

                 Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий акт болох дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-д заасныг тус тус үндэслэн нийт 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд тухайлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ямар үндэслэлээр цуцалсан болохыг маргаан бүхий захиргааны актын хавсралтад дурдаагүй. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Н***” ХХК-д хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/531 дүгээр албан бичигт “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлийг дурдсан байх боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А/541 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх заалтад “дуудлага худалдааны анхны үнийг төлсөн” хэмээн тэмдэглэсэн нөхцөл байдлыг шалгаж тогтоох ажиллаагааг хийгээгүй.

            Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч***-аас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, Д.Ж***-аас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “дүүргийн Засаг даргын 2020 оны А/182 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан илт хууль бус захиргааны акт” байсан хэмээн тус тус тайлбарлан маргаж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/541 дүгээр болон 2021 оны А/369 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 13/531 дүгээр албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн болон 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноо бүхий хариу тайлбар болон холбогдох бусад баримтаар,

            Нэхэмжлэгчээс 2019 оны байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн агуулга бүхий 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн огноо бүхий газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг шүүхэд нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн бөгөөд “...газраа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар бэлтгэж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр зорилгоор “Мацүзакаяа” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан НЖ/2021/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажиллаж байсан” хэмээн тайлбарлаж байх боловч шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр бодит байдал дээр маргаан бүхий газрыг хашаалсан блокон хашаа нь нурсан, газар дээр үйл ажиллагаа явуулж байсан болон, явуулахаар бэлтгэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, атраараа байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаа бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

            4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлана, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”,  47 дугаар зүйлийн 47.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 49 дүгээр зүйлийн 49.3-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно”, 49.3.1-д “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол” хэмээн,

              Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргана...” хэмээн тус тус хуульчилсан.

                   5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Н***” ХХК-д холбогдох хэсгийг гаргахдаа “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлбөрийг төлөөгүй” гэх нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан үүргийнхээ хүрээнд бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй,

              маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүйхэмээн тодорхойлж байх боловч тухайн газрын төлбөр төлөх үүргийг үүсгэж буй дүүргийн Засаг даргын 2020 оны А/182 дугаар захирамжийг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан илт хууль бус захиргааны акт бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, уг захирамжид үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар тайлбарлаж байгаа нь утга агуулгын хувьд зөрчилтэй.

              Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд өгч буй утга агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй тайлбар, үйл баримтыг зөвтгөх замаар маргаан бүхий үйл баримтыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд эл нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул хариуцагчийг хууль журамд нийцүүлэн маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт шалган тогтоох ажиллагааг дахин явуулж дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 60 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.М