| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0547/З |
| Дугаар | 221/МА2026/0644 |
| Огноо | 2026-09-10 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0644
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “И” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын Тосны компанийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08, 2026 оны 03 дугаар сарын газар манай 17-ны өдрийн 10 дугаар өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0644 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч Ч.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0547/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “И” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан "Ашигт малтмал, газрын Тосны компанийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08, 2026 оны 03 дугаар сарын газар манай 17-ны өдрийн 10 дугаар өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах"-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0644 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "И" ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “И” ХХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК- аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “И” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Тусгай зөвшөөрлийн талаар:
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Хүрэндэл нэртэй, 2554.17 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- 019085 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр "И" ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах", мөн хуулийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу "И" ХХК-ийн дээрх талбай бүхий ХВ-019085 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 651 дүгээр шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ мөн хуулийн 22.1.1-т "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; "22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;" 22.1.4-т "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
Гэтэл "И” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-019085 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө ирүүлэх үүргээ биелүүлж ажиллаагүй, хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн байна.
"И” ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцээд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу "хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэсэн хуулийн зохицуулалттай.
Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “И" ХХК-ийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтан хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0320 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “И” ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн байна.
Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0644 дугаар шийдвэрээр "И” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгасугай гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Учир нь: Нэхэмжлэгч компанийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Өргөдөл гаргах тухай" 10 дугаартай 4 хуудас бүхий албан бичгийн хариуг тус газрын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 1/2369 тоот албан бичгээр "... Иймд өргөдөлд дурдсан танай компанийн эзэмшиж байсан ХВ-019085 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, дахин олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна." гэж хүргүүлж байсан байна.
"И” ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй байна. Ашигт малтмалын хайгуулын ХВ-019085 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэж байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож байгаа нөхцөлд Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гардаггүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох дотоод хяналтын хуудсыг үндэслэн кадастрын системд дуусгавар болсныг бүртгэдэг. Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын ХВ-019085 дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгохдоо хуулиар тусгай эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргаж байхыг мэдэгддэг.
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж заасан. Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын ХВ-019085 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө хуульд заасан өргөдөл гаргаагүй нь баримтаар тогтоогдож байхад Төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т "Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно." 92 дугаар зүйлийн 92.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй", 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана." 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. "94.2-т "Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд дээр дурдсан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж" шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Энэхүү хэргийн тухайд өмнө нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр хэд хэдэн шийдвэр, магадлал байна. Тухайлбал: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр “И” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг, Хүрэн дэл нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх ХV-019085 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийг сэргээж, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгчээс энэхүү магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 451 дүгээр тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзжээ.
5. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08, 18-ны өдрүүдийн 13, 14 дүгээр захирамжуудаар “И” ХХК-аас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргүүдийн 2021 оны Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоон, иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг дарга тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320 дугаар шийдвэрээр “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “И” ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосон” байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 879 дүгээр тогтоолоор ... “И” ХХК-аас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газарт тус компаниас 2021 оны 09 дүгээр сарын 28, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл хүргүүлж байсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 320 дугаар шийдвэрээр тогтоогдсон гэх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 459 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 536 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан.
8. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
8.1 Тодруулбал, “И” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч төрийн захиргааны байгууллагад гаргасан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
8.2 Хэдийгээр тухайн өргөдөл нь бүрдэл дутуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй байсан нь тогтоогдож байгаа боловч тухайн цаг үед уг төлөвлөгөөг хавсаргах боломжгүй байсан буюу ковид-19 цар тахлын улмаас 2021 онд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт бүх нийтийн хөл хорио тогтоон, иргэдийн аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт хүчин төгөлдөр үйлчилж байсантай холбоотой болох нь тогтоогджээ.
8.3 Энэхүү маргааны тухайд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08, 18-ны өдрүүдийн 13, 14 дүгээр захирамжуудаар “И” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан үзэх явцад хариуцагч тал болох Сайхандулаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, мөн сумын Засаг дарга нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
9. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн эрх бөгөөд энэ хүрээнд гаргасан өргөдлийг хариуцагч төрийн захиргааны байгууллага хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэлгүй.
9.1 Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан хугацаанд гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хүлээн авахгүй байх эрхгүй. Аливаа этгээдээс гаргасан өргөдлийг шийдвэрлэх нь төрийн захиргааны байгууллагын хуульд заасан үүрэг юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч “И” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Дээрх шаардлагын тухайд хэн аль нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0644 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР