Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 32

 

  2017         03           16                                                    32

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд, улсын яллагч Ц.Лхамсүрэн, хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хохирогчийн төлөөлөгч Б.Урантогос, техникийн шинжээч Д.Жавхлан, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жарангийнхан овогт ******* холбогдох эрүүгийн 201611000468  дугаартай хэргийг 2017 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Жарангийнхан овогт Чулуунбаатарын Шүрэнцэцэг, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1988 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эцэг эх, дүү, хүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн "Зангиат"-ын 24 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 7 дугаар багт байрлах 40-р байрны урд талын авто машины зам дээр 65-44 ДОР дугаартай “Аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д  “…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…”, мөн дүрмийн 9.1-д “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, мөн дүрмийн 9.2-д “…жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч *******ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Алтантуяагийн хамт 2016 оны 11 сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 65-44 ДОР улсын дугаартай “АLLION” маркийн авто машинтай Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нийтийн аж ахуй” ХК-ний байрнаас гараад баруунаас зүүн тийш чиглэн 40 дүгээр байрны урд талын төв замаар явж байсан юм. 40 дүгээр байрны /ертөнцийн зүгээр/ урд талын төв замаар зүүн тийш явж байхад эсрэг урсгалын машины араас буюу хойд талаас нэг явган хүн гэнэт гүйж гарч ирсэн. Тэр хүнийг хараад тоормос гишгэхэд миний машины жолоочийн эсрэг талын урд талаар мөргүүлээд газарт унасан. Буугаад харахад мөргүүлсэн хүн дээш харсан байдалтай толгой хэсэг нь зүүн тийш харсан, машины зүүн талын их гэрлийн доор хэвтэж байсан. Тэгээд би тэр даруй эмнэлгийн байгууллагад мэдэгдэж түргэн тусламж дуудсан.

Хохирогч нь архи хэрэглэсэн байсан, явган зорчигчид зам гарах хэсэг байгаагүй, зөрж байгаа машины араас гэнэт гарч ирсэн, би түүнийг 2 м орчим зайнд байхад нь харсан. Эсрэг урсгалд зөрж байгаа машины хөдөлгөөн ихтэй байсан.

Би цагт 20-30 км цагийн хурдтай явж байсан. Тоормос дарсан ч зам нойтон цастай байсан, мөн хурд хэтрүүлээгүй учраас тоормосны мөр гараагүй байх гэж бодож байна. Миний машин замын хөдөлгөөнд оролцох боломжтой, бүрэн бүтэн байсан.

Миний хувьд тоормос дарсан боловч хугацаа бага байсан учраас ослыг зайлуулах арга хэмжээ аваагүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөвшөөрч байна.

Миний зүгээс хохирогчийг аймгийн эмнэлэгт хэвтэж байхад нь өөрийн мөнгөөр эм  тариа, хэрэгтэй зүйлийг авч өгч байсан ба эрүүл мэндийн даатгалд 46080 төгрөг, ламаар явахад 150000 төгрөг, иргэний үнэмлэхний хураамж 5000 төгрөг, хоёр удаа хот явахад 220000 төгрөг, малчинд нь 1 шуудай гурил, 30000 төгрөг, 120000 төгрөг бэлнээр өгсөн. Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд нийт 1700000-гаад мянган төгрөгийн эм тариа, бэлэн мөнгө өгсөн гэж тооцож байгаа. Сая шүүхийн шатанд 1200000 төгрөг бэлнээр өгсөн. Авсан талаар хохирогчийн талаас баримт өгөөгүй Энэ бүгдийг хохирлоос хасаж тооцуулахыг хүсч байна гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Б.Урантогос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний ах ******* нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр машинд мөргүүлж, тархиндаа хүнд гэмтэл авснаар сэхээн амьдруулах тасагт 6 хоног ухаангүй байсан. Аймгийн эмнэлэгт 20 хоног хэвтсэн. Тэгээд Улаанбаатар хотоос гэмтлийн эмч нар дуудлагаар ирж хагалгаа хийсэн ба тархи гавлын яс нь битүү цууралттай, гавлын яс нь их хэмжээгээр бяцарсан гэмтэлтэй байсан. Манай аймагт тархины нарийн шинжилгээний аппарат байхгүйн улмаас 2016 оны 12 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу шинжилгээ хийлгэхээр эмчийн хамт ээж, эгч, бид авч явсан. Улаанбаатар хотод очиход ахын сэтгэцэд өөрчлөлт орсон байсан учир эмнэлгийн зүгээс “Шар хадны эмнэлэгт ханд” гэсэн зөвлөгөө өгсний дагуу хэд хэдэн удаа “Шар хад”-ны эмнэлэгт очиход хүлээж аваагүй. Яагаад гэхээр тархиндаа хүнд хагалгаа хийлгэсний улмаас тархи нь боолттой, яс нь байхгүй хонхойсон байдалтай байсан. “Шар хад”-ны эмнэлэг хүнд сэтгэцийн өвчтэй хүмүүс байдаг учраас тухайн хүнийг хүлээж аваад бусад хүнд өвчтөнд толгойгоо цохиулж амь насаа алдах, мөн тархины гэмтэл хүндрэх эрсдэл гарч болзошгүй гэсэн. Тиймээс бид ахыгаа асарч гэрээрээ Улаанбаатар хотод 2 сар орчим болсон. Мөнхтайван ах гэмтлийн улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болж, бид нарыг байнга загнах, хашгирах, хутга авч дайрах, элдвээр хэлэх, юу ч хамаагүй идэж ууж, хаа хамаагүй шээж баах, шээсээ өөрөө уух, оргож хаа хамаагүй явах зэргээр маш хүнд байдалтай байсан. Өөрийгөө удирдах чадваргүй, гэр бүлийнхнийгээ ч танихгүй болсон. Улаанбаатар хотод байхдаа бид аргаа ядаад Шүрэнцэцэгтэй холбогдох гэж зөндөө үзсэн. Утсаа авахгүй байхаар нь ажлын газар руу нь хүн явуулж байж нэг удаа ярьсан.

Манай ах Баянтүмэн сумын 1 дүгээр багт эхийгээ асраад, “Улаан үнээний ферм”-д ажилладаг байсан. Ээж маань 80 настай, 2 жилийн өмнө цус харвасан, хэл яриа муутай, хүний асаргаанд байдаг. Бид одоо 2 хүн асарч байна. Эгч маань Улаанбаатар хотоос нөхөр, хүүхдүүдийнхээ хамт ирж асарч байна. Гэтэл биднийг ийм хүнд байдалтай байхад Шүрэнцэцэгийн эцэг эх нь нэг ч ирж уулзаагүй. Анх ахыг сэхээн амьдруулах тасагт байхад Шүрэнцэцэг эргэж тойрдог байсан боловч сүүлдээ ирэхээ больсон. Сүүлд Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гээд “эмчилгээний зардалд нэмэр болооч” гэхэд “Би өмгөөлөгч авсан, өмгөөлөгч битгий мөнгө өгөөрөй” гэж хэлсэн. Энэ үгээ хэд хэдэн удаа хэлсэн.

Өнөөдөр шүүгдэгч энэ хүнийг дайраагүй бол эхийгээ асарч халамжлаад, гэр орныхоо ажлыг хийгээд эрүүл саруул явж байх байсан. Бид нарт Шүрэнцэцэгийн ээж нь “Та нар хүнээ эрүүл болгоод Улаанбаатар хот руу аваад явсан биз дээ” гэж хэлэхэд үнэхээр их гомдсон. Хүн гэдэг талаас нь яагаад харж үзэж болоогүй юм бэ? Шүрэнцэцэг болон түүний гэрийнхэн яаж эдгээр хүмүүст мөнгө өгөхгүй байх вэ л гэсэн бодолтой байснаас биш энэ хүний эмчилгээнд боломж бололцоогоороо туслая гэж огт бодоогүй. Одоогийн байдлаар Мөнхтайван ах Улаанбаатар хотоос ирээд 2 сар болж байна. Тэгэхэд өмссөн гутал, ноосон цамц гээд бүх хувцастайгаа унтаж байна, бараг бөөстөж байгаа. Сэтгэцийнхээ өвчнөөс болоод бид нарт дийлдэхгүй болсон.

Хохирлын хувьд бидний зүгээс нэлээд зардал гаргасан. Бид тэр бүгдийг нэхээгүй. Аймгийн эмнэлэгт хэвтэж байхад өчнөөн зардал гарсан боловч үүнийг бид нэхэмжилсэн хохиролд тооцоогүй. Харин Улаанбаатар хот явж эмчлүүлэх болсонтой холбогдуулж тэр үед гарсан зардлаас заримыг нь л нэхэмжилж байгаа юм. Үүнээс ч илүү мөнгө төгрөг зарцуулсан, ороогүй зүйл олон бий.

Мөрдөн байцаалтын шатанд 3002000 төгрөгийн, шүүхийн шатанд 438343  төгрөгийн хохирлын баримт өгсөн, нийт 3440343 төгрөг нэхэмжилж байна. Энэ нэхэмжлэлд Улаанбаатар хотоос машин хөлсөлж ирсэн бензин тосны зардал 1328166 төгрөг, эм тарианы үнэ 1197600, өдөр дутмын зайлшгүй хэрэглээний хүнс, барааны үнэ 266560 төгрөг,  ажилгүй байсан хугацааны цалинтай адилтгах олговор 648000 төгрөг орж байгаа юм.

Хүний эрүүл мэндийг мөнгөөр хэмжиж болохгүй байх. Энэ ослоос болж ах минь тархины хүнд гэмтэл аваад зогсохгүй, сэтгэцийн өвчтэй болж байнгын асаргаанд орж хохирч байгааг мэдсээр байж хохирогч тал эдгэрсэн мэтээр ярьж, хохирол төлбөр өгөхгүй байсанд харамсаж байна. Бид маш их гомдолтой байна гэв.

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан техникийн шинжээч Д.Жавхлан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч, дэслэгч Б.Пүрэвдорж бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол гаргасан байдаг. Уг бүрэлдэхүүнтэй шинжилгээг би ахлаж бүрэлдэхүүнд ахмад Б.Ууганбаатар, дэслэгч Г.Мөнхтөр нар оролцож дүгнэлтийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр гаргасан. Уг дүгнэлтэд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Лхагвасүрэнгийн анх гаргасан 49 тоот дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн. Учир нь, жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай ба замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв сонгож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүй, хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед хөдөлгөөний хурдыг хасч, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн.

Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах нь ач холбогдолтой юм. Жолооч суурин газарт явах 60 км/цагийн хурдыг хэтрүүлээгүй байж болно. Хүмүүс Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтын “...хөдөлгөөний эрчим...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг...сонгож явна” гэснийг буруугаар ойлгодог. Энэ ослын хувьд бол тухайн осол болсон газрын эсрэг талд автобусны буудал байдаг учраас явган зорчигч нар зам хөндлөн гарах магадлал илүү их байдаг. Мөн хэрэгт холбогдогч мэдүүлэгтээ “эсрэг урсгалд олон машин явж байсан, мөн хүн тээврийн микро автобус байсан, зам цастай нойтон байсан” гэж мэдүүлж байна. Ийм нөхцөлд илүү болгоомжтой хөдөлгөөнд оролцох ба 5, 10 км/цагийн хурдтай ч юм уу, эсвэл бүр зогсоход бэлэн байх хурдыг сонгох боломжтой. Замын хөдөлгөөний дүрмийн  9.1 дэх заалт үүнийг л хэлээд байгаа юм.

Мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байсан. Шүүх хуралдаанд Шүрэнцэцэг хугацаа бага байсан учраас зогсоох арга хэмжээ аваагүй гэдгээ ярьж байна.

            Иймээс явган зорчигч  ******* Замын хөдөлгөөний хууль дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т зааснаар “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн дүрмийн 3.9.в-д зааснаар “Явган зорчигч нь ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай боловч жолооч Шүрэнцэцэг нь “Тоёота Аллион” маркийн 65-44 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний хурдыг зөв сонгож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүй, хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед хөдөлгөөний хурдыг хасч, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн юм гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Д.Төрбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Мөнхтайван нь манай ээжийн төрсөн ах буюу миний нагац ах юм. Мөнхтайван ах ослоос болж ухамсарт оюун санаа нь хэвийн бус болсон, мэдүүлэг өгөх чадваргүй байгаа учраас би хохирогчоор оролцож байна. Одоогоор Мөнхтайван ах ухаан орсон хэдий ч өөрийн ухамсарт ухаан муутай, өөрөө хоол ундаа идэж ууж чадахгүй, бааж шээж чадахгүй, хүн танихгүй, хөдөлгөөн нь огцом түргэн болж догшин авирлах болсон. Өөрөө тэр үйлдлээ хянаж чадахгүй, олон хүний асаргаа шаардлагатай болсон" гэжээ. /хх 33-34/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн автотехникийн шинжээчийн 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 52 тоот дүгнэлтэд:

Хариулт-1 Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Лхагвасүрэнгийн 2016 оны 11 сарын 27-ны өдрийн 49 тоот техникийн шинжээчийн дүгнэлт нь  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариулт-2 Эрүүгийн 201611000468 тоот хэргийн материалыг шинжлэн судлахад тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хөдөлгөөний хурдыг тогтоох боломжгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, /Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах нь ач холбогдолтой/, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан аюулгүй байдлыг хангаж, хурдыг зөв сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй байна. Зохицуулагч а//х Т.Лхагвасүрэн нь дээрх хуулийн заалтуудыг үндэслэн дүгнэлтийг тогтоосон байна гэж үзэж байна.

Хариулт-3 Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн дүрмийн 3.9.в-д “Явган зорчигч нь ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна.

Хариулт-4 Тухайн хэргийн газрын үзлэг, схем зураглалд тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хөдөлгөөний хурдыг тогтоох боломжгүй.

Хариулт-5 Жолооч ******* нь “Тоёота Аллион” маркийн 65-44 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний хурдыг зөв сонгож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүй, хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед хөдөлгөөний хурдыг хасч, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзлээ” гэжээ. /хх 129/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 2 тоот нэмэлт дүгнэлтэд: "1.*******ы биед зүүн зулай, чамархай, хацарт шугаман хугарал, дух, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зүүн зулай, чамархайн хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа, баруун чамархай, зулайн мэс заслын шарх, баруун нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар зүүн зулай, чамархай, хацарт шугаман хугарал, 3.1.3-д зааснаар баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зүүн зулай, чамархайн хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-т зааснаар баруун чамархай, зулайн мэс заслын шарх, баруун нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, цээжинд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5.******* нь сэтгэцийн хэсэгчилсэн тэнэгрэл өвчтэй байна. Энэ нь гавал тархины гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой байна" гэжээ. /хх 124-125/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 сарын 11-ны өдрийн дүгнэлтэд: “1. ******* нь тархины өвчин, гэмтлийн шалтгаант бие хүний ба зан төрхийн өөрчлөлт, тархины гэмтлийн шалтгаант хэсэгчилсэн тэнэгрэл хэмээх сэтгэцийн өвчтэй байна. 2.Уг өвчин нь 2016.11.16-ны өдрийн  автын ослоос үүссэн тархины хүнд гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой байна. 3.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна” гэжээ. /хх 134-137/

 

Гэрч О.Алтантуяа /хх 37-38/, Ж.Доржсүрэн /хх 42-43/, Т.Энхтулга /хх 44/, Н.Мөнхболд /хх 45/, Б.Урантогос /хх 41/, Б.Сумъяа /хх 121-122/, Ч.Шинэцэцэг /хх 35-36/, Ш.Гантуяа /хх 39-40/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 69/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 8/, Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 9/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/,  Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 11/, Шүүгдэгч *******ийн жолоодох эрхийн бүртгэл /хх 12/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 26-27, 29-30/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 878 тоот /хх 52/, 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 109 тоот /хх 56-57/, 2016 оны 11 сарын 16-ний өдрийн 230 тоот /хх 64-66/ дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 2016 оны 11 сарын 27-ны өдрийн 49 тоот дүгнэлт /хх 60/, Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх 93-97/, Хохирогч *******ы өвчний түүх /хх 142-167/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /задгай/, Эд зүйлийн  үнэлгээ /хх 28, 31/, Хохирлын баримтууд /хх 168-170, 174, задгай/, Хохирол төлсөн баримт /задгай/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 40-р байрны урд талд тээврийн хэрэгсэл зорчих зам дээр 65-44 ДОР улсын дугаартай “АLLION” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч *******ыг мөргөж, бие махбодид “зүүн зулай, чамархай, хацарт шугаман хугарал, дух, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зүүн зулай, чамархайн хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа” бүхий хүнд гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Д.Төрбатын мөрдөн байцаалтад өгсөн, хохирогчийн төлөөлөгч Б.Урантогосын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, эдгээрийг давхар нотолсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан гэрч О.Алтантуяа, Ж.Доржсүрэн, Б.Урантогос, Т.Энхтулга, Б.Сумъяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 878 тоот, 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 2 тоот, 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 109 тоот, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 52 тоот, 2016 оны 11 сарын 27-ны өдрийн 49 тоот дүгнэлтүүд, Шинжээч эмч болон техникийн шинжээчийг байцаасан тэмдэглэлүүд, Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Хохирогч *******ы өвчний түүх, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...Уг осол нь жолоочийн зорчих хэсгийн зам дээр болсон. Хохирогч гарцгүй газраар, мөн эсрэг урсгалаас гүйж ирж машинд мөргүүлсэн...Хэргийн газрын үзлэгээр бодит байдлыг нарийвчлан тогтоож чадаагүй учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэж мэтгэлцэж байх боловч уг саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир нь: Тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс шүүгдэгч *******ийг энэ гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тухайлбал, Хэргийн газрын бодит байдлыг нүдээр харсан гэрч О.Алтантуяа “...автобусны буудлын харалдаа явж байхад хойд талаасаа нэг хүн  зөрсөн машины араас гарч ирэн замын голд зогссон...Энэ үед ч Шүрэнцэцэг харсан бололтой тэр хүнийг хараад тоормосоо гишгэхэд тухайн хүн урдуур ороод мөргүүлсэн. Тэр хүнийг 2 метр орчим зайнаас харсан...машины хөдөлгөөн их байсан...Шүрэнцэцэг 20-30 км/цагийн хурдтай явж байсан...” /хх 37-38/ гэж, гэрч Н.Мөнхболд “...зам дээр цасан бүрхүүл үүссэн, нойтон, хальтиргаатай байсан...жолооч Шүрэнцэцэг нь аюул осол бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас болон хөдөлгөөний хурд нь тоормосны мөр үүсэх хэмжээний яваагүйгээс тоормосны мөр үлдээгүй байж болно...” /хх 45-46/ гэж, Техникийн шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ ослын хувьд бол тухайн осол болсон газрын эсрэг талд автобусны буудал байдаг учраас явган зорчигч нар зам хөндлөн гарах магадлал илүү их байдаг. Мөн хэрэгт холбогдогч эсрэг урсгалд олон машин явж байсан, хүн тээврийн микро автобус явж байсан, зам цастай нойтон байсан гэж мэдүүлж байна. Ийм нөхцөлд жолооч илүү болгоомжтой хөдөлгөөнд оролцох ба 5, 10 км/цагийн хурдтай ч юм уу, эсвэл бүр зогсоход бэлэн байх хурдыг сонгох шаардлагатай байсан. Замын хөдөлгөөний дүрмийн  9.1 дэх заалт үүнийг л хэлээд байгаа юм. Мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж, шүүгдэгч ******* сэжигтнээр “...эсрэг урсгалын машины араас нэг явган хүн гэнэт гүйж гарч ирсэн. Тэр хүнийг хараад тоормос дарсан...хэрэг болдог газрын хойд талд автобусны буудал байсан...машины араас дөнгөж гарч ирэхийг нь хараад би машинаа зогсоох арга хэмжээ авсан...” /хх 78/ гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг,

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Осол болсон газар ямар нэгэн тоормосны ул мөр байхгүй, зам нь цас хөлдөн тогтсон, хальтиргаатай, зарим газар цасгүй...үзэгдэх орчин хэвийн байв...” /хх 3-4/ гэж, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...урд гупер цуурсан, гопуд хонхойсон...” /хх 10/ гэж, техникийн шинжээчийн дүгнэлтэд “...Жолооч ******* нь...хөдөлгөөний хурдыг зөв сонгож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүй, хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед хөдөлгөөний хурдыг хасч, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзлээ...” . /хх 129/ гэх дүгнэлт зэргээр жолооч ******* нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан  хэдий ч хөдөлгөөнд оролцохдоо зам хальтиргаатай, эсрэг урсгалд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй, мөн тээврийн хэрэгслийн зогсоол бүхий газар буюу  хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдыг тохируулж сонгож явж чадаагүйн улмаас зам хөндлөн гарч явсан зорчигч *******ыг мөргөж, түүнд хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзнэ.

 

Энэ талаар гарсан техникийн шинжээчийн болон хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх удаа дараагийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна гэж шүүх үнэлэв.

 

Түүнчлэн хохирогч *******ы биед учирсан гэмтэл, гэм хорын хохирол нь жолооч *******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй /хх 90/, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн /хх 2, 37, 77-78/ болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, төрсний гэрчилгээ, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.8, 55.1.10-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй ба түүний ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...хохиролд эхлээд 1700000-гаад мянган төгрөгийн эм тариа, бэлэн мөнгө, шүүхийн шатанд 1200000 төгрөг бэлнээр өгсөн. Эдгээрийг хохирогчийн нэхэмжлэлээс хасаж тооцуулахыг хүсэж байна...” гэж, хохирогчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар “...Хохиролд нийт 3440343 төгрөг нэхэмжилж байна. Энэ хохиролд сүүлд Улаанбаатар хотод эмчлүүлсэн зардал орж байгаа. Дорнод аймагт эмчлүүлэхэд нэлээдгүй зардал гарсан ч энэ нэхэмжлэлд огт оруулаагүй юм. Иймээс шүүгдэгчийн зүгээс 1700000-гаад төгрөг өгсөн гэх тооцоог мэдэхгүй байна, хасч тооцохыг зөвшөөрөхгүй...” гэж мэдүүлжээ.

Хохирогчийн төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд 3002000 төгрөгийн 143 ш /хх 175/, шүүхийн шатанд 438343 төгрөгийн 37 ш /задгай/ нотлох баримт /хх 91-92, 98-109,168-170, задгай/, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хохирогч *******ы эмчилгээний зардалд хохирол төлсөн талаарх нотлох баримт 5 ширхэг /задгай/-ийг шүүхийн шатанд тус тус ирүүлсэн байна. Хохирогчийн төлөөлөгч шүүгдэгчээс гэм хорын хохиролд нийт 3440343 төгрөг нэхэмжилж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулж нотлох баримтыг хянаж дүгнэхэд: Хохирогчийн төлөөлөгчийн 3440343 төгрөгийн нэхэмжлэлээс замын зардлын 759500 төгрөг, эмчилгээний төлбөрийн 814163 төгрөг, нийт 1573663 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн төлөөлөгчид олгох үндэстэй байна.

Хохирогчийн төлөөлөгчийн хохиролтой холбогдох бусад нотлох баримтууд нь нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй /баримтаар давхар нотлогдоогүй (билл), хохирогчид зориулагдсан эсэх, хохирогч урьд өмнө ажилгүй байсан эсэх нь тодорхойгүй/ баримтаар шийдвэрлэх боломжгүй тул 1866680 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхивол зохино.

Мөн шүүгдэгч нь гэм хорын хохиролд 1700000-гаад +1200000 төгрөг төлсөн гэх боловч 1700000-гаад төгрөгийн эм тариа, эд зүйл өгснөө нотлох баримтаар нотлож чадаагүй байх ба мөн хохирогчийн төлөөлөгч энэ хэмжээний хохирол авсан эсэх талаарх тооцоог мэдэхгүй, нэхэмжлэлээс хасч тооцуулахыг зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгчийн шүүхэд ирүүлсэн хохирол төлсөн талаарх нотлох баримтаас хохирогч *******ы эрүүл мэндийн даатгалд 46080 төгрөг, хохирогчийн төрсөн эгч Б.Сумъяад 120000 төгрөг, хохирогчийн төлөөлөгч Б.Урантогост 1200000 төгрөг, нийт 1366080 төгрөг төлсөн нь нотлогдож байх тул хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжлэлээс хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Харин 120800 төгрөг, 388500 төгрөг, нийт 509300 төгрөгөөр эм тариаг хохирогчид зарлагын баримтаар авч өгсөн гэх боловч энэ эм тариа хохирогчид хүрсэн эсэх нь нотлогдохгүй байна.

Иймд нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн төлөөлөгчид олговол зохих 1573663 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 1366080 төгрөгийг хасч шүүгдэгчээс 207583 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Б.Урантогост олгох нь зүйтэй.

Зам тээврийн осолд холбогдсон “ALLION” маркийн 65-44 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн өмч болох нь гэрч Ш.Гантуяа /хх 39-40/, Дорнод аймгийн Авто тээврийн төвийн лавлагаа /хх 83/ зэргээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн толгойн компьютер томографын зураг 4 ширхэг, СD 2 ширхэг, рентген зураг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэгийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй, гэм хор арилаагүй байх тул түүний эзэмшлээс "АLLION" маркийн 65-44 ДОР улсын дугаартай автомашин, "SAMSUNG GALAXY J7" маркийн гар утас битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг хэвээр үлдээх, баримт бичгээр шүүхэд ирүүлсэн ¹723623 дугаартай жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Жарангийнхан овогт ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-д зааснаар ялтан *******ээс гэм хорын хохиролд нийт 207583 /хоёр зуун долоон мянга таван зуун наян гурав/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн Нарлагийн 1-25 тоотод оршин суух, хохирогчийн төлөөлөгч Хөх хөтигин тайжууд овогт Балчингийн Урантогос /ЖЮ 70121800/-т олгож,  1866720  /нэг сая найман зуун жаран зургаан мянга долоон зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хохирогчийн төлөөлөгч Б.Урантогост мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн толгойн компьютер томографын зураг 4 ширхэг, СD 2 ширхэг, рентген зураг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, амбультороор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигчид буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан *******ийн эзэмшлээс "ALLION" маркийн 65-44 ДОР улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн, "SAMSUNG GALAXY J7" маркийн гар утас битүүмжилсэн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбарыг нэн даруй, №723623 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Ү.ОДГЭРЭЛ