Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 2024         02          05                                       2024/ШЦТ/139

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч *******түүний орчуулагч Н.Бямбасүрэн, өмгөөлөгч С.Соронзонболд /ҮД:2741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “...” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох 2302 00361 0408 дугаартай 4 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-й гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Ривер Вилла” хотхоны 8/1-230 тоотод түр оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Хэргийн товч агуулга:      

БНХАУ-ын иргэн *******нь “Гуо хуй олон улсын тээвэр” ГХО ХХК-ийн удирдах буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2021 онд 1326 даатгуулагч, 2022 онд 2510 даатгуулагч, 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 1874 даатгуулагчийн нийт 2.467.322.196 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 619.480.548 төгрөгийн,

“Их борзон говь” ГХО ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа 2022 онд 300 даатгуулагч, 2023 оны 07 дугаар сарын байдлаар 672 даатгуулагчийн нийт 530.639.449 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 143.798.757 төгрөгийн,

“Галба Ус” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа 2022 онд 61 даатгуулагч, 2023 оны 07 дугаар сарын байдлаар 504 даатгуулагчийн нийт 461.003.396 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 115.250.849 төгрөгийн, нийт 878.530.154 төгрөгийн буюу их хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлж Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

БНХАУ-ын иргэн *******нь “Гуо хуй олон улсын тээвэр” ГХО ХХК-ийн удирдах буюу гүйцэтгэх ирлаар ажиллаж байх хугацаандаа 2021 онд 1326 даатгуулагч, 2022 онд 2510 даатгуулагч, 2023 оны 4 дүгээр сарын байдлаар 1874 даатгуулагчийн нийт 2.467,322,196 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 619.480.548 төгрөгийн,

“Их борзон говь” ГХО ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа 2022 онд 300 даатгуулагч, 2023 оны 07 дугаар сарын байдлаар 672 даатгуулагчийн нийт 530.639.449 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 143.798.757 төгрөгийн,

“Галба Ус” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа 2022 онд 61 даатгуулагч, 2023 оны 07 дугаар сарын байдлаар 504 даатгуулагчийн нийт 461,003,396 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 115.250.849 төгрөгийн, нийт 878.530.154 төгрөгийн буюу их хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлж Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Болдын илтгэх хуудас /хх.1.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Нармандахын өгсөн: “Миний бие цагдаагийн байгууллагаас хохирогч, иргэний нэхэмжлэгч тогтоож өгнө үү гэсэн албан бичгийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзулын шийдвэрээр тус хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцохоор болсон. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Гуо Хуй олон улсын тээвэр", “Их борзон говь”, “Галба Ус” ХХК-иудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн асуудалд хяналт шалгалт хийлгэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Л.Ариунтулга, Г.Батболд нарыг шинжээчээр томилж тус 3 компанийн 2021-2023 оны баримтуудад шалгалтыг хийж шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтээр “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 2021 онд 35.775.000 төгрөг, 2022 онд 288.291.330 төгрөг, 2023 онд 295.414.218 төгрөг нийт 619.480.548 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан, “Их борзон говь” ХХК нь 2022 онд 11.138.895 төгрөг, 2023 онд 132.659.862 төгрөг нийт 143.798.757 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан, “Галба Ус” ХХК нь 2022 онд 3.989.445 төгрөг, 2023 онд 111.261.404 төгрөг нийт 115.250.849 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан байна.

Миний хувьд шинжээчийн дүгнэлтээр гарсан нийгмийн даатгалын даатгалын шимтгэлээс зайлсхийсэн дүн буюу “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 2021-2023 онуудын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болох 2.467.322.196 төгрөгт дутуу тооцсон шимтгэл болох 619.480.548 төгрөг, “Их борзон говь” ХХК нь 2022-2023 онуудын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болох 530.639.449 төгрөгт дутуу тооцсон шимтгэл болох 143,798,757 төгрөг, “Галба Ус” ХХК нь 2022-2023 онуудын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болох 461.003.396 төгрөгт дутуу тооцсон шимтгэл болох 115.250.849 төгрөгийг тус 3 компанийг тухайн үед удирдаж байсан удирдлагаас нэхэмжилж байна. Нийт 878.530.154 /найман зуун далан найман сая таван зуун гучин мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг/-ийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.1.137-139/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Л.Ариунтулгын өгсөн: “... Миний бие Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Г.Батболдын хамт Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн шинжээч томилох тогтоолын хүрээнд “Гуо Хуй олон улсын тээвэр”, “Их борзон говь”, “Галба ус” ХХК-иудын санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн шалгалт хийж Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Тус компаниудын санхүүгийн баримтын шалгалтаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 2020 оны 12 дугаар сараас, “Их борзон говь” ХХК нь 2022 оны 01 дүгээр сараас, “Галба Ус” ХХК нь 2022 оны 11 дүгээр сараас нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлж, тооцоо нийлж шимтгэл төлж эхэлсэн...Тус дүгнэлтийн хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо Хуй олон улсын тээвэр” XXК нь 2021 оноос 2023 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагын шимтгэл төлөлтийн цахим системд нийт 5971 даатгуулагч хамрагдсан. Үүнээс давхардсан тоогоор 1200 даатгуулагчийн 2.467.322.196 төгрөгийн цалингийн сан түүнтэй адилтгах орлогоос 619.480.548 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож, системд тайлагнасан,

“Их борзон говь” ХХК нь 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 07 дугаар cap хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагын шимтгэл төлөлтийн цахим системд нийт 972 даатгуулагчийн шимтгэл төлснөөс 87 даатгуулагчтай холбоотой 530.639.449 төгрөгийн цалингийн сангаас 143.798.757 төгрөгийн шимтгэлийг дутуу тооцож, системд тайлагнасан,

“Галба ус” ХХК нь 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 07 дугаар cap хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагын шимтгэл төлөлтийн цахим системд нийт 565 даатгуулагчийн шимтгэл төлж тайлагнаснаас 53 даатгуулагчтай холбоотой 461.003.396 төгрөгийн цалингийн сангаас 115.250.849 төгрөгийн шимтгэлийг дутуу тооцож, системд тайлагнасан, Энэ нь өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгжүүд нь өөрийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулан худал мэдүүлсэн байна. Нийт даатгуулагчийн хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа тухайн аж ахуйн нэгжүүд нь салбарын дундаж буюу Засгийн газар, үйлдвэрчний холбоо, Монгол Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг оролцож Авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрийн дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр цалин хөлс олгохоор гэрээлж нийгмийн даатгалын шимтгэлийг төлж тайлагнасан байсан. Энэ нь санхүүгийн анхан шатны баримтаар тухайн даатгуулагчид иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан зүйл заалтаар даатгуулагч тухайн ажилтантайгаа нүүрс тээвэрлэх даалгаврын гэрээ байгуулан ажиллаж, гэрээний үндсэн дээр олсон орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцоохгүй, хүн амын орлогын албан татвар буюу 10 хувийг тооцож татварын байгууллагад тайлагнаж татвар төлж ажилласан байна. Даалгаврын гэрээ байгуулснаараа тухай аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёсгүй гэсэн ойлголт биш юм. Нэг даатгуулагч дээр хөдөлмөрийн гэрээ, даалгаврын гэрээ /хөлсөөр ажиллах гэрээ болон даалгаврын гэрээ/ гэх 2 гэрээг байгуулсан байдаг.

Дээрх хуулийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасан ажил олгогч ажилтны хоорондын харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно, хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн шинжийг агуулж байгаа тул нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл тооцож ажиллах ёстой байсан. Тухайн даатгуулагчид буюу жолооч нар нь бүгд тээвэрт явсан нь манай байгууллагад гаргаж өгсөн холбогдох баримтын дагуу тогтоогдсон.

Шалгалтын явцад тухайн 3 компанийн ажилтнуудад нүүрс тээвэрлэх гэрээний дагуу тонн тутамд үнэлсэн юанийн дүнгээр нийт тээвэрлэсэн тоонд олгосон юанийг тухайн үеийн төгрөгийн ханшаар хөрвүүлж татварт тооцож ажилтны гарт олгосон мөнгөн дүнгийн жагсаалт гарч ирсэн. Үүний дагуу тус 3 байгууллага дээр дээрх жагсаалтыг он тус бүр дээр дахин гаргуулахаар шаардсаны дагуу манай байгууллагад гаргаж ирүүлсэн. Дээрх жагсаалтаар шинжээчийн дүгнэлтэд гарсан зөрчлийн 619.480.548 төгрөг, 143.798.757 төгрөг, 115.250.849 төгрөг дүнг гаргасан. Тэгэхээр тус гаргасан дүн нь тус байгууллагаас өөрсдөөс нь гаргаж өгсөн баримтад тулгуурлаж гаргасан дүн байгаа юм. Мөн Аж ахуйн нэгж буюу Шимтгэл төлөгч байгууллага нь хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад “Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, баталсан салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдөж ажиллаагүй байна. Мөн дүгнэлтэд тусгасан бусад хуулийн заалтыг зөрчсөн байна. “Гуо Хуй олон улсын тээвэр”, “Их борзон говь”, “Галба ус” ХХК-иудын нийгмийн даатгалын шалгалт нь 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд хийгдсэн шалгалт юм. “Их борзон говь”, “Галба ус” ХХК-иудын тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сараас эхэлж хийгдсэн байдаг. “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сараас өмнөх нийгмийн даатгалын асуудал нь шинжээчид ирсэн санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байсан. Харин тус байгууллагаас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны зөрчлийн дүнг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Харин тус компани 2021 онд 35.775.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн нь 2022 онд тус байгууллагын 2021 оны санхүүгийн баримтад татварын байгууллагаас хяналт шалгалт хийж эрх бүхий албан тушаалтан улсын байцаагчийн акт тогтоосон. Дээрх актад бусдаар ажил гүйцэтгүүлсэн хөлс буюу 132.500.000 төгрөгөөс ХАОАТ суутгаагүйг тогтоосон байна. Энэхүү 132.500.000 төгрөгийн орлогоос нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан орлого мөн тул нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнаагүй зөрчил илэрсэн. “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******н фэн тао гэх хүн нь тус компанийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр томилогдсон байдаг ба тус шалгалтыг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд хийсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тус 2022 онд хамаарах 288.291.330 төгрөг 2023 онд хамаарах 295.414.218 төгрөг нь тус хүнд хамаарахаар байна.” гэх мэдүүлэг /хх.1.153-155/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Нямтогтохын өгсөн: “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь жолооч болон бусад үндсэн ажилчидтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байсан. Намайг 2022 оны 01 дүгээр сард ажилд ороход мөн хөдөлмөрийн гэрээ байгуулж байгуулаагүй. Би Туо Хуй олон улсын тээвэр” ХХК-д 3.000.000 төгрөгийн цалинтай ажиллахаар ажилд орсон. Намайг анх ажилд ороход миний авч байгаа цалингаас нийгмийн даатгал төлнө гэж байсан боловч 800.000 төгрөгөөс нийгмийн даатгал төлдөг байсан. Жолооч нар сард дунджаар 22-24 орчим сая төгрөгийн цалин авдаг байсан боловч, нийгмийн даатгал 600.000 төгрөгөөр төлдөг байсан. Миний хувьд нийгмийн даатгал яагаад 600.000 төгрөгөөр төлөгдөж байгаа талаар нягтлан Ринчиндолгороос асууж тодруулахад бүх ажилчид тэгж төлдөг талаар хэлсэн. Компанийн удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу олгож байна гэж хэлсэн... Миний хувьд "Гуо Хуй олон улсын тээвэр" ХХК-ийн данснаас cap бүр 653.000 төгрөг авдаг байсан. Харин бусад цалин нь компанийн захирал болон нягтлангийн хувийн данснаас ордог байсан. “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-ийн захирлаар БНХАУ-ын иргэн "Yang Fingtao" гэх хүн ажиллаж байсан, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Харин нягтлангаар Ринчиндолгор гэх эмэгтэй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.124/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Нямсүрэнгийн өгсөн: “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь жолооч болон бусад үндсэн ажилчидтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байсан. Миний зүгээс бүх ажилчдыг ажилд томилсон тушаал гаргуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг ажлыг хийх гэхээр манай компани нь гэрээ байгуулдаггүй талаар удирдлагууд нь хэлдэг байсан. Хуульчаас гэрээ гарахаар бүх ажилчидтай гэрээ байгуулна гэж хэлдэг байсан боловч, намайг ажиллах хугацаанд “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь нэг ч хүнтэй гэрээ байгуулаагүй. Миний хувьд “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-д 4.000 юанийн цалинтай ажилд орсон боловч 800.000 төгрөгөөр нийгмийн даатгал төлсөн байсан. Энэ талаараа 2023 оны 01 дүгээр сард мэдсэн. Тэгээд нягтланд нийгмийн даатгал багаар төлөгдөж байгаа талаар хэлэхэд манай компани ингэж төлдөг гэж хэлсэн. Намайг ажиллах хугацаанд шинээр орсон ажилчид эхний сарын нийгмийн даатгал төлөгдөхгүй байгаа талаар гомдол гаргадаг байсан боловч, энэ асуудлын удирдлагад танилцуулахад компанийн зүгээс туршилтын хугацаанд нийгмийн даатгал төлдөггүй талаар нягтлан Ринчиндолгор хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.126/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батмөнхийн өгсөн: “Би анх ажилд орохдоо үндсэн цалин 600.000 төгрөгийн гэрээ байгуулж байсан санаж байна. “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-д ажиллаж байхдаа ойролцоогоор 9 удаа тээвэрт явсан байдаг. Анх намайг ажилд орох үед нэг удаа ачаа тээвэрт явахад 10-15 сая төгрөг байсан. Би эхний 2 удаа тээвэрт явахдаа тус бүр 15 сая төгрөг авч байсан боловч сүүлдээ 10 сая, 5 сая, 2,5 сая төгрөг болж тээврийн хөлс буурсан... Би компаниас үндсэн цалин болох 600.000 төгрөгийг авч байгаагүй. Харин БНХАУ руу тээвэр хийсэн хөлсөө 5042319975 дугаарын дансаар авдаг байсан. Тухайн үед "Гуо Хуй олон улсын тээвэр" ХХК-ийн тээвэр хариуцсан менежер Оргил гэх Монгол залуу миний дансны дугаарыг авч мөнгө шилжүүлдэг байсан. Тээвэрт явсан үед 1-2 хоногийн дараа мөнгө дансанд цалин гэсэн утгаар ордог байсан...” гэх мэдүүлэг /хх.1.119-120/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнхтулгын өгсөн: “Би 2016-2022 онд Автобус 1 дүгээр баазад жолоочоор ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сараас "Гуо Хуй олон улсын тээвэр" ХХК-д тээврийн жолоочоор ажилд орсон. Ажилд ороод шууд Өмнөговь аймаг руу явсан. Жолооч нартай үндсэн цалин гэж 630.000 төгрөгөөр гэрээ хийсэн боловч тухайн цалингаа өгч байгаагүй... Намайг ажилд орох үед тус компани нь 70 гаруй жолоочтой байсан. Миний хувьд тус компанид 7 cap ажилласан бөгөөд цалин хөлсний асуудлаас болж 2023 оны 05 дугаар сард ажлаасаа гарсан.. .Би ажилд орохдоо “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч надад өгч байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд 1 удаагийн хил гарч тээвэр хийх үед тухайн ачааны /нүүрс/ 13 хувиар цалин тооцохоор гэрээ хийж байсан. Мөн жолооч нартай үндсэн цалин гэж 630.000 төгрөгөөр гэрээ хийсэн боловч тухайн цалингаа өгч байгаагүй. Миний хувьд 7 cap ажиллах хугацаанд 4-5 удаа гэрээ байгуулж байсан, ямар учиртай дээрх гэрээнүүдийг байгуулж байсан талаар мэдэхгүй байна. Асуухаар өмнөх гэрээ хүчингүй болсон дахин гэрээ байгуулна гэдэг байсан. Анх Улаанбаатар хотод төв оффист хүний нөөцийн ажилтан Содгэрэлтэй гэрээ байгуулж байсан. Өмнөговь аймагт Гуа Дан суа гэх хятад хүн гэрээ байгуулдаг байсан, орчуулагч нь Соёлт гэж Өвөр монгол хүн байсан...Би компаниас үндсэн цалин болох 600.000 төгрөгийг авч байгаагүй. Харин БНХАУ руу тээвэр хийсэн хөлсөө өөрийн Хаан банкны 5042983449 дугаарын дансаар авдаг байсан. Тээвэрт явсан үед 1-2 хоногийн дараа мөнгө дансанд "Гуо Хуй цалин" гэсэн утгаар ордог байсан...” гэх мэдүүлэг /хх.1.129-130/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ринчиндолгорын өгсөн: “Миний бие “Гуо Хуй Олон улсын тээвэр" ХХК-нд 2021 оноос...нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байна... “Гуо Хуй Олон улсын тээвэр” ХХК нь Хаан банкны 5070548185 тоот төгрөгийн, 5070548196 тоот Юанийн данстай ба орлогууд нь энэ данснууд руу ордог... мөн тус компаниуд нь тус тусдаа цалингийн данстай ба “Гуо Хуй Олон улсын тээвэр” ХХК Хаан банканд 5070868081 тоот ... данстай ба тус данснуудаас ажилчдын цалин болон тээврийн хөлсийг олгодог болно... Даалгаврын гэрээг хувь хүн орлого олж байгаа учраас хувь хүний орлогын албан татвар болох 10 хувийг байгууллагуудын зүгээс төлдөг... “Гуо Хуй Олон улсын тээвэр” ХХК нь сард ойролцоогоор 35.0 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг ... улсад төлдөг...” гэх мэдүүлэг /хх.1.75-76/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ринчиндолгорын өгсөн: “Би “Галба-Ус” ХХК- ийг 2013 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд цэвэр усны үйлдвэр барих зорилгоор анх байгуулсан. Тэгээд хөрөнгө оруулалтын асуудлаас болж үйл ажиллагаа явуулж чадаагүй. Би 2021 оны намар байх Хятад улсын иргэн Wan Yongjun гэх хүнтэй ажил хэргийн шугамаар танилцсан. Тухайн үед Wan Yongjun нь Гуо Хуй олон улсын тээвэр ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Гэхдээ би тус компанид бол ажиллаж байгаагүй. Wan Yongjun нь надаас ойр зуурын заавар зөвлөгөө авдаг байсан гэж ойлгож болно. Wan Yongjun нь 2022 онд байх надтай тээврийн чиглэлээр хамтран ажиллая гэж санал тавьсныг би зөвшөөрсөн. Удалгүй Wan Yongjun нь эрүүл мэндийн шалтгаанаар Хятад Улс руу буцсаны дараа Галба Ус ХХК-ийн эрхийг шилжүүлээд өгөөч, тус компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл оруулж ирнэ гэсэн утгатай зүйл ярьсан. Надаас “Галба Ус” ХХК-ийн эрхийг шилжүүлэх талаар хэд хэдэн удаа гуйсны дараа би зөвшөөрч компанийн эрхийг 2022 оны 09 дүгээр сард Toy Хуй олон улсын тээвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шу Хүй болон орчуулагч Содгэрэл нартай нотариат дээр эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Улмаар уг компани 100 хувь Toy Хуй олон улсын тээвэр” ХХК-ийн нэр дээр шилжсэн. Би Шу Хүй гэх хүнийг Wan Yongjun-ны оронд ажиллаж байгаа том дарга гэж ойлгоод байгаа юм. Шу Хүй гэх хүнтэй бол гэрээ хийснээс өөрөөр бол уулзаж харилцаж байгаагүй. Компанийн эрхийг шилжүүлэхдээ ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй. Wan Yongjun-ыг Монголд ирсний дараа хамтран ажиллах бодолтой байна. Би эрх шилжүүлснээс хойш тус компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх.1.91-94/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Чингэлийн өгсөн: “... “Их борзон говь” ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй X тайлантай компани байсан. Би өөрөө бол уг компаниар огт үйл ажиллагаа явуулаагүй. Би Өвөр монгол найзаараа дамжуулж Хятад Улсын иргэн Wan Yongjun гэх хүнтэй 2020 онд танилцсан. Тэр үед Wan Yongjun нь Toy Хуй олон улсын тээвэр” ХХК-ийг байгуулж үйл ажиллагаа явуулахаар ирсэн байсан. Wan Yongjun нь тухайн үед өөр нэг компани байгуулна гэж ярьж байсныг би сонсоод өөрийнхөө компанийг тус хүнд шилжүүлсэн. Шилжүүлэхдээ ямар нэгэн төлбөр аваагүй, бэлэглэлийн шугамаар өгсөн. Цаашид тус хүнтэй хамтран ажиллахад нэмэр болох байх гэж бодсон. Wan Yongjun нь 2022 оны 08 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар Хятад Улс руу буцсан. Тус хүнийг явсны дараа компанийн удирдлагууд солигдож уг хүнтэй холбоо тасарсан...” гэх мэдүүлэг /хх.1.99-102/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цолбаатарын өгсөн: ““...“Toy Хуй олон улсын тээвэр”, “Их борзон говь” ХХК нь нэг байгууллага гэж ойлгож байгаа, Цагаан хад суурьшлын бүсэд нэг хашаанд хамт үйл ажиллагаа явуулдаг. Миний үндсэн ажил бол нүүрс тээвэрт явж байгаа жолооч нарыг тээвэрт гаргаж буцаан кемп дээр байрлуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Тус 2 компанийн нүүрс тээврийн жолооч нар нь даалгаврын гэрээ байгуулж нүүрс тээвэрт явдаг. Жолооч нэг удаагийн нүүрс тээврийн рейсенд тухайн үеийнхээ цалингийн хэмжээг нь харж хийдэг, жолооч бүр тээвэрт явах болгондоо даалгаврын гэрээ байгуулдаг. Би даалгаврын гэрээнд жолооч нараар гарын үсэг зуруулж авдаг...” гэх мэдүүлэг /хх.1.103-109/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Өнөболдын өгсөн: “... Би зарын дагуу “Галба Ус” ХХК-д 2022 оны 12 дугаар сард жолоочоор ажилд орсон. Тэгээд 2 хоногийн дараа Өмнөговийн цагаан хаданд байх кемп дээр очсон. Би анхны тээвэртээ 2023 оны 01 дүгээр сард Цагаан хаднаас ганц мод хүртэл тээвэр хийсэн санаж байна. Цалингийн хувьд тээвэрлэсэн нүүрсний 18 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг “Галба-Ус” ХХК-с тээврийн төлбөр гэсэн утгатайгаар хийдэг. Тээвэрт сард дунджаар 2-3 удаа явдаг. 18 хувьтай тэнцэх хэмжээний цалин, мөнгийг энэ оны 02-03 дугаар cap хүртэл авсан. Сүүлдээ 13 хувь болсон. Мөн цалинг 2,200,000 мөнгө болгож тэгшилсэн, гэхдээ тэр нь удаагүй ээ. 2023 оны 08 дугаар сараас хойш нэг тээвэр нь 1600 юань буюу 800,000 төгрөг, тус мөнгөнөөс 10 хувийг авдаг /ХАОАТ/ тэгээд гар дээр 750,000 төгрөг хавьцаа цалин авдаг. Энэ оны 08 дугаар сараас хойш цалингаас гадна нэг тээвэрт /рейс/ явах бүрд хоолны мөнгө гэж 100,000 төгрөгийг шилжүүлдэг. Тэрнээс өмнө бол өдрийн 20 мянган төгрөг хоолны мөнгө гэж өгч байсан. Хөдөлмөрийн гэрээ гэж хийдэг, гэрээний нэг хувь гэж өгөөгүй, гарын үсэг зуруулаад л аваад явчихдаг, би хөдөлмөрийн гэрээн дээр нэг удаа л гарын үсэг зурсан, даалгаврын гэрээн дээр тээвэрт гарахаас өмнө гарын үсэг зуруулдаг. *******г ямар учир утгатай гэрээ болох талаар би нарийн зүйлийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.149-150/,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Л.Ариунтулга, Г.Батболд нарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “... Туо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 2021 оноос 2023 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагын шимтгэл төлөлтийн цахим системд нийт 5971 даатгуулагч хамрагдсан. Үүнээс давхардсан тоогоор 1200 даатгуулагчийн 2,467,322,196 төгрөгийн цалингийн сан түүнтэй адилтгах орлогоос 619.480.548 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож, системд тайлагнасан, “Их борзон говь” ХХК нь 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 07 дугаар cap хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагын шимтгэл төлөлтийн цахим системд нийт 972 даатгуулагчийн шимтгэл төлснөөс 87 даатгуулагчтай холбоотой 530.639.449 төгрөгийн цалингийн сангаас 143.798.757 төгрөгийн шимтгэлийг дутуу тооцож, системд тайлагнасан, “Галба ус” ХХК нь 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 07 дугаар cap хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагын шимтгэл төлөлтийн цахим системд нийт 565 даатгуулагчийн шимтгэл төлж тайлагнаснаас 53 даатгуулагчтай холбоотой 461.003.396 төгрөгийн цалингийн сангаас 115.250.849 төгрөгийн шимтгэлийг дутуу тооцож, системд тайлагнасан...” гэх шинжээчийн дүгнэлт /хх.1.180-185/,

“Гуо хуй олон улсын тээвэр ГХО ХХК, “Их борзон говь” ХХК, “Галба ус” ХХК- иудын 2020-2023 онд нийгмийн даатгал төлсөн даатгуулагчийн мэдээлэл /хх.2.206-250, хх.3.1-54/,

"Гуо Хуй Олон улсын тээвэр" ГХО ХХК-ийн Хаан банкны 5070868081 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, "Их борзон говь" ХХК-ийн Хаан банкны 5070901096 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3.110/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.173/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.174/,

Хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.170-172/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

*******нь 878.530.145 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

*******ийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сиди-г уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч *******д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг Сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 878.530.145 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБА*******Р