| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00690/и |
| Дугаар | 153/ШШ2020/00667 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2020/00667
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00667 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багт оршин суух, Б овогт Г-ийн Х-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00690/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Г.Х нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржгон овогт Гүндийн Х миний бие нь 1971 онд Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас бригадад Гүндийн 6 дахь хүүхэд болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад тус сумынхаа найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид 1979 онд элсэн орж суралцаад, 1987 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан бургас бригадад эцэг эхийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэл тарж нэгдлийн суурь дээр байгуулагдсан ХК-д мөн малчнаар ажиллаж байгаад тус компани тарахад хувиараа мал маллаж эхэлсэн. 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ж.Даваатай гэр бүл болсон. Миний бие нөхрийн хамт насаараа мал маллан амьдарч байна.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч цалин хөлс олгож байсан талаарх бичилт хийсэн 70 дугаар данс дээр цалингийн бичилт дутуу мөн хөдөлмөрийн дэзтрээ алга болгосон учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1992-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан тул хүсэлтийнхээ шаардлагыг 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тогтоолоо.
Г.Х намайг 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Хг 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 06 дугаар 17-ны өдрийн 1469 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд нэгдлийн 1987-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-10 дугаар тал/
2.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1992-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 13 дугаар тал/
3.1979-1987 оны Буянт сумын 8 жилийн сургуулийн мантаажийн хуулбар хуулбар /хх-ийн 14 дүгээр тал/
4.Гэрч Ц.Батхүүгийн... Би 1979 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бриагдад малчнаар ажиллаж байсан. Г.Х нь 1987 оны хавар Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуулийг төгсөөд хөдөө гарч малчин болсон. 1991 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Г.Х нь үхэр маллаж байсан. Г.Хгийн аавынх нэрийг Гүнд, ээжийнх нь нэрийг Пагам гэдэг байсан. Аав нь нэгдлийн үхэрчин, ээж нь нэгдлийн саальчин байсан. Х нь айлын 6 дахь хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/
5.Гэрч Т.*******гийн... Би 1973 оноос эхлэн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар нэгдэл тартал ажилласан. Г.Х нь 1987 оны хавар Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуулийг төгсөөд хөдөө гарч малчин болсон. 1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Хгийн эцэг, эхтэй нэг бригадад олон жил сааль сааж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
6.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР маягтын лавлага /хх-ийн 30-31 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б... овогт Г-ийн Х-ийг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ