| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03561/И |
| Дугаар | 183/ШШ2020/02802 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2020/02802
| 2020 10 16 | 183/ШШ2020/02802 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод оршин суух, Ө овогт Д.Д /рд:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................... тоотод оршин суух, Ц овогт Б.Д /рд:00000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Д миний бие 2004 онд Б.Дтэй танилцаж, хамтран амьдарсан. Бид 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний охин 2007 оны 10 дугаар сарын19-ний өдөр төрсөн. Бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн таагүй нөцөл, маргаантаей амьдарч байгаад сүүлийн хоёр жил тус тусдаа амьдарч байна. Цаашид би Б.Д-тэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, охин Анужинг өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргаж байна” гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:”...Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч миний бие Б.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг асуудлын хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Д, Б.Д нар 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Д.А төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Д.Д, Б.Д нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Анужинг эх Д.Дгийн асрамжид үлдээж, мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Д.Анужинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Д-гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Б.Д хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 217 900 төгрөгөөр тооцож 56 787 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө овогт Д.Д /рд:0000000/, Ц овогт Б.Д /рд:00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д.А-г эх Д.Д-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Анужинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Дгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Д , энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Дд тус тус даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 56 787 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ