| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0075/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/93 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/93
2024 01 31 2024/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч, хохирогч Г.М,
шүүгдэгч, хохирогч Б.Б,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н, Г.М, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох эрүүгийн 2311 01343 1100 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
3. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н, Г.М нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” дэлгүүрийн хойно байрлах 2 давхар нийтийн байранд хоорондоо маргалдаж , хохирогч Б.Бийг нийтийн байранд хэрүүл маргаан хийлээ гэх шаардлага тавьсны төлөө түүний амьдардаг өрөөнд нь орж Д.Н нь түүний хоолойг оймсоор боож хөдөлгөөнгүй барьж байх үед нь Г.М нь нүүрэн тус газар нь гараараа болон шаазан аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А" дэлгүүрийн хойно байрлах 2 давхар нийтийн байранд Г.М, Д.Н нарыг хэрүүл маргаан хийлээ гэж шаардлага тавьж, улмаар хоорондоо маргалдаж хохирогч Г.Мын толгойн тус газар нь гараараа болон тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...архи уусан байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Г.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...архи уусан байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Эрүүгийн 2311 01343 1100 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, .............................. дэлгүүрийн хойно байрлах 2 давхар нийтийн байрны 1 давхар 2 тоотод байрлах гэртээ амраад байж байсан. Тэгээд би тухайн өдрийн 20 цаг 40 минутын орчим 12 давхарт миний танихгүй 2 эрэгтэй хүн муудалцаад чанга чимээ гаргаад байсан юм. Тэгэхээр нь би 2 давхарт гараад тухайн 2 залуугийн өрөөнд ороод "энэ нийтийн байр, битгий хэрүүл маргаан хийгээд бай, битгий муудалцаарай" гэж хэлээд гараад явсан. Тэгээд өөрийнхөө өрөөнд орж ирээд сууж байтал гаднаас нөгөө маргалдаж байсан 2 залуугийн нэг болох шар царайтай 165 см өндөртэй нэг залуу нь орж ирээд миний хажууд суугаад "ахаа яасан бэ, юу болсон бэ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "ахын дүү ийм муухай зан гаргаж болохгүй шүү" гэж хэлсэн. Тэгээд сууж байтал дараа нь нөгөө залуу нь манай өрөөнд орж ирээд шууд үгийн зөрөөгүй "чи бид 2-ын хооронд юм хэлдэг хэн бэ, чамайг би алнаа гээд намайг сууж байсан газар хүрч ирээд миний нүүрэн тус хэсгийн дух хавьцаа тухайн залуу зүүн гараараа хүчтэй нэг удаа цохисон. Тэгтэл эхэнд орж ирсэн залуу хажууд байсан оймсоор миний хоолойг шууд боогоод хойш таттал дараагийн орж ирсэн залуу шаазан бариултай том аягаар миний зүүн нүд, хөмсөг хавьцаа шууд хүчтэй хагартал цохисон тэгээд "нэг мөсөн алчих уу" гэсэн чинь оймсоор боож байсан залуу "тэгье" гэж хэлтэл намайг цохисон залуу нь "сайн барьж бай одоо шууд алчхая" гээд дахин дайрсан тул өөрөөсөө салгаад шууд байрнаас гарч ирээд цагдаа дуудсан юм. Тухайн 2 залуу нь нилээн согтуу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,
Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би эхнэр Бийн хамт амьдардаг. Эхнэр маань бие муутай группд байдаг. Өчигдөр буюу 2023 оны 6 сарын 22-ны өдөр эхнэрийг Сэлэнгэ явуулаад Д.Н бид хоёр дэлгүүрээс нэг шил Хараа архи аваад түүнийгээ нийтийн байрны 2 давхарт 6 тоот өрөөндөө ууцгаасан. Үүний дараа дахин хоёр шил архи цувуулж авч уусан. Бид хоёрыг архи ууж байхад нэг танихгүй хүн орж ирээд "чимээгүй байцгаа та хоёр хоорондоо маргалдаад байгаа юм уу" гэсэн. Би "тийм юм байхгүй" гэсэн эргээд гараад явсан. Нэг мэдсэн чинь Д.Н байхгүй болчихоор нь хайсан чинь 1 давхрын нөгөө гэрт орж ирээд байсан ахын өрөөнд орчихсон нөгөө хүнтэй юм яриад сууж байсан. Тэр хүнд би "Та ах хүү хүн зүгээр байхад өдөж байж гай болов" гэсэн чинь шууд босож ирээд баруун талын нүд рүү баруун гараараа нэг удаа, толгой руу 2-3 удаа шаагаад авсан. Миний биед Б.Б тоосгоор цохисон, гэрээс гараад бид 2 нилээн муудалцаад хоорондоо барьцалдаж аваад зодолдсон.." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Шүүгдэгч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тиймээ бид 2 харилцан зодолдсон. Би 1 давхрын Б.Бийн гэрт ороход Д.Н дүү Б.Бтэй сууж байсан. ...Д.Н гэнэт Б.Бийн араас хөдөлгөөнгүй болгоод бариад өгөхөөр нь хажууд байсан аягаар Б.Бийг 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-р тал/,
Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…би 1 давхрын Б.Б ахтай юм яриад сууж байтал гаднаас М ах орж ирсэн. ...Тэгээд би Б.Б ахыг араас нь хойш чиглэлтэй хоёр гараараа цээж рүүгээ наагаад, нөгөө ахын гарыг хамаад таттал М ах хажууд байсан шилэн аягаар Б.Б ахыг 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-р тал/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М намайг түрээсийн байранд шилэн аягаар цохисон. Би цус нөжтэйгөө холилдоод гараад гүйтэл араас гарч ирж ахиад намайг цохих гээд оролдоод байхаар нь би нүүр рүү нь 1-2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 155-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8162 дугаартай: "Б.Бийн биед духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун хацар, зүүн зовхи, хацар, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8191 дугаартай "...Г.Мын биед баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн гарын долоовор хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г.Мнь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс нийт 96,000 төгрөгийн зардал бүхий тусламж үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2956 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Бөөс гаргуулж, Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 48,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 48,000 төгрөгийн зардал бүхий үйлчилгээг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 161,000 төгрөгийн зардал бүхий тусламжийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тус тус авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2957 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 48,000 төгрөгийн зардал бүхий үйлчилгээг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс, 161,000 төгрөгийн зардал бүхий тусламжийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тус тус авсан байх тул нийт 209,000 төгрөгийн үйлчилгээний зардлыг яллагдагч Г.М, Д.Н нараас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ............................... дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2956 дугаартай, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2957 дугаартай албан бичгүүд /хх-ийн 75-78-р тал/,
Шүүгдэгч Г.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97-р тал/,
Шүүгдэгч Г.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р тал/,
Шүүгдэгч Д.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103-р тал/,
Шүүгдэгч Д.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал/,
Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90-р тал/,
Шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Д.Н, Г.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Д.Н, Г.М нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” дэлгүүрийн хойно байрлах 2 давхар нийтийн байранд хоорондоо маргалдаж, хохирогч Б.Бийг нийтийн байранд хэрүүл маргаан хийлээ гэх шаардлага тавьсны төлөө түүний амьдардаг өрөөнд нь орж Д.Н нь түүний хоолойг оймсоор боож хөдөлгөөнгүй барьж байх үед нь Г.М нь нүүрэн тус газар нь гараараа болон шаазан аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгэхээр нь би 2 давхарт гараад тухайн 2 залуугийн өрөөнд ороод "энэ нийтийн байр, битгий хэрүүл маргаан хийгээд бай, битгий муудалцаарай" гэж хэлээд гараад явсан. Тэгээд өөрийнхөө өрөөнд орж ирээд сууж байтал гаднаас нөгөө маргалдаж байсан 2 залуугийн нэг болох шар царайтай 165 см өндөртэй нэг залуу нь орж ирээд миний хажууд суугаад "ахаа яасан бэ, юу болсон бэ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "ахын дүү ийм муухай зан гаргаж болохгүй шүү" гэж хэлсэн. Тэгээд сууж байтал дараа нь нөгөө залуу нь манай өрөөнд орж ирээд шууд үгийн зөрөөгүй "чи бид 2-ын хооронд юм хэлдэг хэн бэ, чамайг би алнаа гээд намайг сууж байсан газар хүрч ирээд миний нүүрэн тус хэсгийн дух хавьцаа тухайн залуу зүүн гараараа хүчтэй нэг удаа цохисон. Тэгтэл эхэнд орж ирсэн залуу хажууд байсан оймсоор миний хоолойг шууд боогоод хойш таттал дараагийн орж ирсэн залуу шаазан бариултай том аягаар миний зүүн нүд, хөмсөг хавьцаа шууд хүчтэй хагартал цохисон тэгээд "нэг мөсөн алчих уу" гэсэн чинь оймсоор боож байсан залуу "тэгье" гэж хэлтэл намайг цохисон залуу нь "сайн барьж бай одоо шууд алчхая" гээд дахин дайрсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,
иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б.Б нь 2023 оны 6 сарын 06-ны өдөр 48,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 48,000 төгрөгийн зардал бүхий үйлчилгээг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 161,000 төгрөгийн зардал бүхий тусламжийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тус тус авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2957 дугаартай албан бичгээр тогтоогдож тогтоогдож байна. Гэвч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 48,000 төгрөгийн зардал бүхий үйлчилгээг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс, 161,000 төгрөгийн зардал бүхий тусламжийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тус тус авсан байх тул нийт 209,000 төгрөгийн үйлчилгээний зардлыг яллагдагч Г.М, Д.Н нараас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ............................... дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2956 дугаартай, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2957 дугаартай албан бичгүүд /хх-ийн 75-78-р тал/,
шүүгдэгч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тиймээ бид 2 харилцан зодолдсон. Би 1 давхрын Б.Бийн гэрт ороход Д.Н дүү Б.Бтэй сууж байсан. ...Д.Н гэнэт Б.Бийн араас хөдөлгөөнгүй болгоод бариад өгөхөөр нь хажууд байсан аягаар Б.Бийг 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-р тал/,
шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…би 1 давхрын Б.Б ахтай юм яриад сууж байтал гаднаас М ах орж ирсэн. ...Тэгээд би Б.Б ахыг араас нь хойш чиглэлтэй хоёр гараараа цээж рүүгээ наагаад, нөгөө ахын гарыг хамаад таттал М ах хажууд байсан шилэн аягаа хартал Б.Б ахыг 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8162 дугаартай: "Б.Бийн биед духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун хацар, зүүн зовхи, хацар, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2. Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А" дэлгүүрийн хойно байрлах 2 давхар нийтийн байранд Г.М, Д.Н нарыг хэрүүл маргаан хийлээ гэж шаардлага тавьж, улмаар хоорондоо маргалдаж хохирогч Г.Мын толгойн тус газар нь гараараа болон тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "…Өчигдөр буюу 2023 оны 6 сарын 22-ны өдөр эхнэрийг Сэлэнгэ явуулаад Д.Н бид хоёр дэлгүүрээс нэг шил Хараа архи аваад түүнийгээ нийтийн байрны 2 давхарт 6 тоот өрөөндөө ууцгаасан. Үүний дараа дахин хоёр шил архи цувуулж оруулж ирж уусан. Бид хоёрыг архи ууж байхад нэг танихгүй хүн орж ирээд "чимээгүй байцгаа та хоёр хоорондоо маргалдаад байгаа юмуу" гэсэн. Би "тийм юм байхгүй" гэсэн эргээд гараад явсан. Нэг мэдсэн чинь Д.Н байхгүй болчихоор нь хайсан чинь 1 давхрын нөгөө гэрт орж ирээд байсан ахын өрөөнд орчихсон нөгөө хүнтэй юм яриад сууж байсан. Тэр хүнд би "Та ах хүү хүн зүгээр байхад өдөж байж гай болов" гэсэн чинь шууд босож ирээд баруун талын нүд рүү баруун гараараа нэг удаа, толгой руу 2-3 удаа шаагаад авсан. Миний биед Б.Б тоосгоор цохисон, гэрээс гараад бид 2 нилээн муудалцаад хоорондоо барьцалдаж аваад зодолдсон.." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8191 дугаартай "...Г.Мын биед баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн гарын долоовор хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/,
иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г.Мнь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс нийт 96,000 төгрөгийн зардал бүхий тусламж үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2956 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Бөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ............................... дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2956 дугаартай, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04/2957 дугаартай албан бичгүүд /хх-ийн 75-78-р тал/,
шүүгдэгч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тиймээ бид 2 харилцан зодолдсон. Би 1 давхрын Б.Бийн гэрт ороход Д.Н дүү Б.Бтэй сууж байсан. ...Д.Н гэнэт Б.Бийн араас хөдөлгөөнгүй болгоод бариад өгөхөөр нь хажууд байсан аягаар Б.Бийг 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-р тал/,
шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…би 1 давхрын Б.Б ахтай юм яриад сууж байтал гаднаас М ах орж ирсэн. ...Тэгээд би Б.Б ахыг араас нь хойш чиглэлтэй хоёр гараараа цээж рүүгээ наагаад, нөгөө ахын гарыг хамаад таттал М ах хажууд байсан шилэн аягаа хартал Б.Б ахыг 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-р тал/,
гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Д.Н, Г.М нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Д.Н нь хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарлан хориглож, Г.М нь аягаар хохирогчийн нүүрэн хэсэгт нь санаатай цохиж Б.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Мын толгой хэсэгт тоосго болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн ерөнхий тодорхойлолтод, мөн хуулийн тусгай ангид тухайлан заасан гэмт хэрэг мөн болох хууль зүйн ойлголтод хамаарч байна.
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд шүүгдэгч Д.Н, Г.М нарын үйлдлийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч Д.Н, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй ба прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч Г.М баримтаар 150.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.М, шүүгдэгч Д.Н нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Г.М, Б.Б нарын эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрүүдийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөөс 96,000 төгрөг, шүүгдэгч Д.Нгаас 104,500 төгрөг, шүүгдэгч Г.М 104,500 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “1009 00020 0080” дугаар дансанд төлүүлэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Н, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх” санал гаргасан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Д.Нгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.М, Б.Б нарт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг тус тус 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Д.Н, Г.М нарт “нийтийн байранд чимээ шуугиан битгий гаргаарай, хоорондоо битгий муудалцаарай” гэх зүй ёсны шаардлага тавихад шүүгдэгч Д.Н, Г.М нарын хувьд нийтээр тогтоосон зан суртахууны хэм хэмжээг зөрчиж, зүй ёсны шаардлага тавьсан хохирогч Б.Бийн шаардлагыг эсэргүүцэн бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Бийн хувьд бусдад зодуулж эрхээ зөрчүүлсэн асуудлаа зохих байгууллагаар нь шалгуулах ёстой байтал өширхөж хариу авах байдлаар мөн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бөд тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн бага төрөл, хэмжээгээр, харин гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдлээ хэрэгжүүлсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Нд тухайн зүйл хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр, шүүгдэгч Г.М нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаа байдал болон хохирогчийн гоо сайхан болох нүүрэнд шаазан аягаар цохиж гэмтэл учруулсан зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож шүүгдэгч Д.Нгаас их буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоож шийдвэрлэх нь шударга ёс, гэм буруугийн зарчимд нийцнэ.
3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б, Д.Н, Г.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.М, шүүгдэгч Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.Н, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Н, Г.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Н, Г.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөөс 96,000 төгрөг, шүүгдэгч Д.Нгаас 104,500 төгрөг, шүүгдэгч Г.М 104,500 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “......................” дугаар дансанд төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.
7. Шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.Н, шүүгдэгч Г.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Н, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР