Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/02751

 

 

 

 

 

 

 

 

                 2020            10             12

                                                 183/ШШ2020/02751

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .......................... өөрийн байранд байрлах, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................................. тоотод байрлах, С ХХК / рд:00000/,

 

           Хариуцагч: ............................... тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, Б овогт Я.Б /рд:0000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Ш овогт Я.С /рд:00000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Г овогт Я.Г /рд:0000000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Ш овогт А.О /рд:0000000000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ........................ тоот оршин суух, 1966 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Б овогт Г.Б /рд:00000000000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ...................... тоот оршин суух, 1993 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Б овогт Б-ийн Б /рд:0000000000/ нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 238 424 516,28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Ц, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Я.Б, хариуцагч, хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Я.Г, хариуцагч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч С ХХК болон Я.С нар нь У-тай 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ1101/00000 дугаар Зээлийн гэрээг байгуулан 75 300 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн Зээлийн барьцааны гэрээгээр эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 81 191 955,10 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 65 687 506,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 903,01 төгрөг, нийт 148 364 364,96 төгрөгийн зөрчил үүссэн. Банкны зүгээс дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах хугацаа, боломжийг олгосон ч тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Иймд зээлдэгч С ХХК, Я.С нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 171 165 296,42 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 65 774 730,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 488, 98 төгрөг, нийт 238 424 516,28 төгрөг гаргуулж, уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд С ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ................................ тоот Ү- 000000000 дугаартай орон сууц, Ү-00000000000 тоот дугаартай 162 тоот орон сууцууд, Г.Б, Б.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ............... /00000/, ....................... тоот Ү-000000000 дугаартай орон сууц, Я.Г А.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун баян уул 15 гудамж, 35 тоот Ү-2201012403 дугаартай амины орон сууц, Я.Г-ийн өмчлөлийн Г-00000000 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй 30 000 000 төгрөгийн тухайд, тус компани өмнө нь Унаас жилийн 27 хувийн хүүтэй зээл авч байсан, уг зээлийн хүүг бууруулахаар ЖДҮ-ийг дэмжих санд хандаж, улмаар жилийн 18.6% хүүтэй зээлийн гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээ байгуулахын тулд өмнөх зээлийн үлдэгдлийг төлж дуусгах ёстой байсан, энэ төлбөрт 16 000 000 төгрөгийг төлсөн, 13 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Хариуцагч Я.С тооцооллын талаар маргаагүй харин тооцоо нийлэх хүсэлт гаргасан гол үндэслэл нь энэхүү 13 сая төгрөгийг хэрхэн яаж авсан талаар байсан, бид тухайн үеийнх нь ажиллаж байсан салбарын захирлыг нь дуудаж Я.С-тай уулзуулсан, зарлагын баримтаа бэлнээр мөнгөө гаргаад, өөрөө аваад явсан талаарх дансны хуулга нь хэрэгт авагдсан. Иймд 30 000 000 төгрөг яасан нь мэдэгдэхгүй алга болсон гэх тайлбар татгалзал үндэслэлгүй байна. Шинээр байгуулсан, 175 сая төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан боловч нөхцөл байдлын улмаас 14 хоногийн дараа зээл олгогдсон нь үнэн, гэвч бид энэ хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхээгүй. Мөн өмнөх зээлийг 2016 оны 3 дугаар  сарын 21-ний өдөр хаасан гэж байгаа боловч өмнөх гэрээ нэгэнт дуусгавар болсон, бид энэ хугацааны хүүг мөн нэхээгүй юм. Зээлийн тооцооллын хүснэгтэд 148 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацаа хэтэрсэн төлөлтийн үнэ. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцалснаар үндсэн зээлийн үлдэгдлийг бүхэлд нь нэхэхэд нэхэмжилж буй үнийн дүн гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний байдлаар 175 300 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн нийт төлбөрийн үлдэгдэл 148 465 364 төгрөг байгаа, үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Хариуцагч Я.С-гийн төлсөн 30 000 000 төгрөгөөс 16 500 000 төгрөг нь төлбөрт тооцогдохгүй, уг мөнгийг хэн авч захиран зарцуулсан нь тодорхойгүй байдал үүссэн. Үүнийг шийдэх зорилгоор талуудад тодорхой хугацаа өгсөн боловч одоогийн байдлаар шийдвэрлэж чадаагүй. Я.С тооцоо нийлсэн. Өөрөө энэ хуралд ирээгүй учраас хэрхэн тооцоо нийлсэн талаар мэдэхгүй байна. Тэрээр надад мөнгө авдаг өдрийн банкны бичлэгийг өөрийн биеэр үзмээр байна гэхэд бид үзсэн танд үзүүлэх шаардлагагүй гэж банкны зүгээс хэлсэн гэж байсан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөнгийг шилжүүлсэн атал 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож нэхэмжилсэн. Энэ зээл бодитоор олгогдоогүй, талууд С ХХК-ийн 2014 онд авсан зээлийг шинэ зээлээр хаах тохиролцоотой байсан. Гэтэл мөнгө шилжүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөө өмнөх зээлийг хаагаагүй, 60 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хаасан байсан. Энэ хооронд 175 000 000 төгрөгийн зээлийн хүү явж л байсан. Ингээд нийт 67 хоногийн хүүд 235 000 000 төгрөгийн хүү 7 817 000 төгрөг, 175 300 000 төгрөгийн зээлийн хүү нь 5 612 000 төгрөг болсон байдаг Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 148 465 364 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэв.

 

Хариуцагч Я.Б, Я.С нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У-ны нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 81 191 955 төгрөгийн үндсэн зээлийн төлбөртэй хэмээн нэхэмжлэлд бичсэн байна. эн зээл 175 300 000 төгрөгөөс 110 541 618,20 төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн зөрүүтэй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Б.Б, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбар болон Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б болон Б.Б бид гэр бүлийн бусад гишүүдийн хамт улсын бүртгэлийн Ү-2204051473 дугаарт бүртгэлтэй Баянзүрх ..................... тоотод байрлах 32,37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцандаа амьдардаг бөгөөд С ХХК-ийн захирал Я.Б-ын хүсэлтээр 3 жилийн хугацаатай У-нд зээлийн барьцаанд тавьсан. Я.Б нь Г.Б миний танил бөгөөд орон сууцыг 3 жилийн хугацаанд банкны барьцаанд тавиулбал ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр барьцаанаас чөлөөлж эргүүлэн өгнө, зээлээ хугацаанд нь төлчих учраас та бүхэнд эрсдэл үүсэхгүй гэж хэлж гуйсан болохоор бид зөвшөөрсөн. Харин С ХХК У-наас хэдэн төгрөгийн зээлийг хэзээ хүлээн авсан талаар бид огт мэдээгүй бөгөөд энэ талаар асуухад зээлээ төлж байгаа гэж Я.Б хэлдэг байсан. С ХХК болон захирал Я.Б түүний эхнэр Я.С нар нь Г.Б Б.Б бид нарыг болон манай гэр бүлийн бусад гишүүдийг маш их хохироон, 2 өрөө орон сууцыг минь банкны барьцаанаас чөлөөлж өгөхгүйгээр нөхцөл байдлыг хүндрүүлж, сэтгэл санаа эд хөрөнгийн асар их дарамт, эрсдэл үүсгэн, хохироож байгаад гомдолтой байна. Мөн биднийг ямар учраас хариуцагчаар татаж, юу нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Г.Б, Б.Б бид нарыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Я.Г, А.О нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бид анх эд хөрөнгөө 3 жилийн хугацаатай тавьсан, гэвч одоо хугацаа нь дуусчихсан учраас энэ хэрэгт хамааралгүй байх. Бид У-наас зээл аваагүй, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.   

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч “Сутайн хишиг” ХХК, Я.Г, Я.С, Я.Б, Г.Б, Б.Б, А.О нарт холбогдуулан 238 424 516 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Монгол банкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу У-ны нийт актив, пассив хөрөнгийг салбар тооцооны төвийн хамт Ханд нэгтгэж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Уны ХХК-ийн эрх залгамжлагчаар Х ХХК-ийг тогтоосон байна. 

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, У болон С ХХК, Я.С нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ1101/160107 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тус банк нь 175 300 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,55, жилийн 18,60 хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.  

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд хариуцагч нар төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн гэрээний зүйлийг хариуцагч нар гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн үйл баримтад маргаагүй.  

 

Харин хариуцагч нь “...уг зээлийг бэлнээр хүлээж аваагүй, өмнөх зээлийг төлөх зорилгоор бага хүүтэй зээлд шилжүүлсэн бодитоор олгогдоогүй зээл, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөнгийг шилжүүлсэн атал 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс зээлийн гэрээ байгуулж, хүү тооцож нэхэмжилсэн, мөн мөнгө шилжүүлсэн өдрөө өмнөх зээлийг хаагаагүй, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хаасан, энэ хугацаанд давхар хүү тооцож байсан” гэж маргасан,

нэхэмжлэгч нь “...тус компани өмнө нь У-наас жилийн 27 хувийн хүүтэй зээл авч байсан, уг зээлийн хүүг бууруулахаар Ж-ийг дэмжих санд хандаж, улмаар жилийн 18.6% хүүтэй зээлийн гэрээг байгуулсан байдаг. Шинээр байгуулсан, 175 300 000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан боловч нөхцөл байдлын улмаас 14 хоногийн дараа зээл олгогдсон нь үнэн, гэвч бид энэ хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхээгүй. Мөн өмнөх зээлийг 2016 оны 3 дугаар  сарын 21-ний өдөр хаасан гэж байгаа боловч өмнөх гэрээ нэгэнт дуусгавар болсон, бид энэ хугацааны хүүг мөн нэхээгүй” гэж тайлбарласан.

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаар зохигчид өмнөх зээлийн гэрээний үүргийг зээлдэгчид ашигтай байдлаар буюу бага хүүтэй зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан, улмаар уг гэрээний зүйл болох 175 300 000 төгрөгийг банк 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон болох нь тогтоогдох боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2016 оны 1 дүгээр сард ашигласан 19 хоногийн хүүд 1 697 288,22 төгрөг шаардахаас ашигласан 4 хоногоор тооцож 357 323,84 төгрөгийг төлүүлсэн, мөн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өмнөх зээлийг хаасан эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй боловч өмнөх гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардаагүй болох нь тус тус тогтоогдох тул хариуцагчийн дээрх тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаар шаардах эрхтэй.

 

Мөн дээрх зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусах боловч хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээ цуцлах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 208 дугаар зүйлийн 208.1, 225 дугаар зүйлийн 225.1, заасантай нийцсэн байна.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг 148 465 364 төгрөгийг өр төлбөртэй гэж бичсэн, үүнийг зөвшөөрнө” гэж тайлбарласан,

нэхэмжлэгч “...зээлийн тооцооллын хүснэгтэд 148 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх буюу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн төлөлтийн үнэ. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцалснаар үндсэн зээлийн үлдэгдлийг бүхэлд нь нэхэхэд нэхэмжилж буй үнийн дүн гарна” гэж тайлбарласан.

 

Хэргийн баримтаас үзвэл, зээлийн тооцоололд 2019 оны 7 дугаар  сарын 26-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөх ёстой зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 148 364 364,96 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тусгасан, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн үлдэгдлийг тусгаагүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Я.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...30 000 000 төгрөгийг дансандаа байршуулсан атал зээлээс хасагдаагүй, 13 000 000 төгрөгийг би аваагүй” гэж мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан дансны зарлагын баримтаар Я.С нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 790 000 төгрөгийг бэлнээр авч, гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...30 000 000 төгрөг байршуулсан байсан, зээл олгох өдрийн байдлаар өмнөх зээл дээр нь тооцогдсон нийт хүү нь 5 сая орчим төгрөг болсон байсан, 16 000 000 төгрөгийг өмнөх зээлдээ төлөөд 13 790 000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ гүйлгээг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн тул 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний үүрэгтэй хамааралгүй” гэх тайлбараас үзвэл маргаж буй мөнгөн дүн нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээс хасагдах боломжгүй байна. /хх184/

 

Иймд шүүх үндсэн зээл 171 165 296,42 төгрөг, зээлийн хүү 65 774 730,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 484 488,98 төгрөг, нийт 238 424 516,28 төгрөгийг хариуцагч С ХХК, Я.С нараас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗБГ1101/00000  тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгчээс С ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204077277 дугаартай ХД-73 байрны 161 тоот, Ү-2204077276 тоот дугаартай 162 тоот орон сууцууд,

Г.Б, Б.Б нараас 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр СХХК, захирал Я.Б-т үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийн дагуу тэдгээрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ....................... тоот Ү-000000 дугаартай орон сууц,

Я.Г, А.О нараас 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С ХХК, захирал Я.Б-т үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийн дагуу Я.Г А.О нарын өмчлөлийн ................... тоот Ү-00000000 дугаартай амины орон сууц, Я.Г-ийн өмчлөлийн Г-0000000000 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалжээ.

 

Хариуцагч нар барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүх энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Я.С-д 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, өмгөөлөгч Ш.Б-ын 000000 дугаарын утсаар тов мэдэгдэхэд цаашид өмгөөлөгчөөр оролцохгүй болсон гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэснийг дурдав.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 420 273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 420 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                            

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С ХХК, Я.С нараас үндсэн зээл 171 165 296,42 төгрөг, зээлийн хүү 65 774 730,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 484 488,98 төгрөг, нийт 238 424 516,28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох СХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-000000000 дугаартай ХД-73 байрны 161 тоот, Ү-00000000 тоот дугаартай 162 тоот орон сууцууд, Г.Б, Б.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ................ тоот Ү-0000000 дугаартай орон сууц, Я.Г А.О нарын өмчлөлийн ................... тоот Ү-00000000 дугаартай амины орон сууц, Я.Гийн өмчлөлийн Г-000000000 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 420 273  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 420 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ